Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/01645

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 23 210/МА2024/01645

 

 

 

Ч.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/03088 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Н, Д.Д нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 153,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай  иргэний хэргийг хариуцагч Д.Нийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, өмгөөлөгч Ч.О , хариуцагч Д.Н, өмгөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Миний бие хариуцагч Д.Нтой 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Тухайн зээлийн гэрээгээр 85,000,000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, нэг сарын 10 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцон зээлийн гэрээ байгуулсан ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ...... дүүргийн ..... хороо ..... гудамж .... байр ..... тоот, .... тоот зогсоол, 53,62 м.кв талбайтай 3 өрөө байр 15,32 м.кв талбайтай авто зогсоолын хамт барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу мөнгийг зээлдэгч Д.Нид бүрэн шилжүүлсэн.

Хариуцагч Д.Ноос Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 85,000,000 төгрөг, зээлийн хүү 17,000,000 төгрөг, алданги 51,000,000 төгрөг нийт 153,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ. 

  

2. Хариуцагч Д.Нийн тайлбар, татгалзлын агуулга:

Авсан өгснийг би мэдэхгүй. Хамгийн сүүлд 25,000,000 төгрөг Д.Дид өгч байхыг нь би харсан. Яагаад 85,000,000 төгрөг гээд байгааг мэдэхгүй. Дүүдээ тусалъя гэсэн бодолтойгоор дүүдээ тусалсан, гэтэл байраа алдахад хүрчхээд байна. Д.Д өөрөө мэдэж байгаа би юу ч мэдэхгүй байна. 85,000,000 төгрөгийг үнэхээр мэдэхгүй. Надтай хамааралгүй газар ажиллаж байхдаа авсан мөнгө учраас би мэдэхгүй. Нотариат дээр очоод 85,000,000 төгрөг дээр гарын үсэг зурах уу гэж Д.Дтой зөвлөлдсөн. Би зуръя гэж зураагүй гэдгийг нэхэмжлэгч мэдэж байгаа. Шүүхийн шийдвэрээр батлагдсан ч надад хамаагүй гэжээ.

 

3. Хариуцагч Д.Доос бичгээр хариу тайлбар гаргаагүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Д.Ноос 108,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45,000,000 төгрөг, хариуцагч Д.Дид холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын ............ дугаарт бүртгэлтэй, ...... дүүргийн 8 дугаар хороо, .....ын гудамж, 25/1 байр, ..... тоот, .... тоот хаягт байршилтай, 53.62 м.кв талбайтай, орон сууц, 15.32 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 993,150 төгрөгийг улсын орлогод хэвээл үлдээж, хариуцагч Д.Ноос 768,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бөд олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Д.Нийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

1.Д.Н миний дансанд ямар ч мөнгө орж ирээгүй бөгөөд би мөнгийг хүлээж аваагүй болно. Гэтэл шүүхийн шийдвэр дээр зээлдэгч Б.Нид бүрэн шилжүүлэгдсэн гэж бичигдсэн байна. Миний дансанд ямар ч мөнгө ороогүй талаар би шүүх хуралд оролцохдоо хэлсэн.

2. Миний ихэр дүү Д.Д тус зээлийн гэрээг хийж, мөнгө хүлээж авсан гэх бөгөөд жинхэнэ хариуцагч нь тэр учраас түүнээс нарийн ширийн зүйл тодруулж асуулгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

3. Зээлийн гэрээг 2022.06.27-ний өдөр нөхөж хийсэн бөгөөд үүнээс өмнө Д Б нар амаар зээл авахаар тохирч мөнгө өгч авалцсан юм билээ.

Ингэхдээ гэрээ хийж алданги тооцохоор тохироогүй гэж би сонссон. Энэ талаар Д сайн мэдэж байгаа.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.12-ны өдрийн 102/ШШ2024/03088 шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ч.Бөөс хариуцагч Д.Н, Д.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 153,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

3.1 Нэхэмжлэгч Ч.Б нь 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Д.Нтой зээлийн гэрээ байгуулж 85,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 2 /хоёр/ сарын хугацаатай зээлэх,

 

3.2 Талууд үүргийн гүйцэтгэлийг хангахаар Д.Нийн өмчлөлийн ...... дүүрэг, 8 дугаар хороо, .....ын гудамж, .... байр, ..... тоот хаягт байрлах 53.62 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон 15.32 м.кв талбайтай автозогсоолыг барьцаалахаар тохирсон бөгөөд талууд барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх Ч.Б, Д.Н нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн боловч талуудын хооронд байгуулсан гэрээний тохиролцоо, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь анхан шатны шүүх үнэлж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжүүлсэн байх ёстой.  

 

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар нэхэмжлэгч Ч.Б нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 65,000,000 төгрөг, нийт 85,000,000 төгрөгийг Хаан банк дахь .......... тоот дансанд шилжүүлэх үүрэг хүлээжээ.

 

Хэрэгт цугларсан баримтаар Ч.Бийн Хаан банк дахь ............ тоот данснаас 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 40,000,000 төгрөгийг зээлдүүлэв гэсэн утгаар Д.Дийн мөн банкин дахь .......... тоот дансанд шилжүүлсэн бол, үүнээс өмнө буюу 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 15,000,000 төгрөгийг 10 хоног зээлдүүлэх, хүү 500,000 төгрөг гэсэн утгаар, мөн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөгийг зээлдүүлэх гэсэн утгаар тус тус шилжүүлсэн байна.

 

5. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд зохигчдын байгуулсан зээлийн гэрээний дагуу Ч.Б нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг болон 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 25,000,000 төгрөгийг тус тус Д.Нид шилжүүлээгүй байх тул түүнийг гэрээнд заасан 85,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж үзэхгүй.

 

Харин Д.Н нь 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 40,000,000 төгрөгийг хүлээн авах дансыг нэрлэн заасан учир дээрх хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж зааснаар уг 40,000,000 төгрөгийг хүлээн авсанд тооцох бөгөөд Д.Дийн хүлээн авсан 20,000,000 төгрөгийг дээрх зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Өөрөөр хэлбэл, Ч.Б нь 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Д.Нтой байгуулсан зээлийн гэрээний дагуу түүнд 40,000,000 төгрөгийг, үүнээс өмнө Д.Дид 20,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн байна.

 

6. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.

 

Ч.Б, Д.Н нарын байгуулсан зээлийн гэрээнд хүүгийн талаар тохиролцсоноор хариуцагчийн төлбөл зохих үүргийг тооцоход тэрээр 40,000,000 төгрөг, зээлийн хүү 8,000,000 төгрөг /40,000,000x10%=4,000,000x2=8,000,000/, нийт 48,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргийг хүлээх бол, хэдийгээр Ч.Б нь Д.Дид 20,000,000 төгрөгийг ....хүү 500,000 төгрөг гэсэн утгаар шилжүүлсэн боловч үүнийг талуудын хооронд хүү төлөх тохиролцоо хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул Д.Д нь гагцүү 20,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээнэ.

 

Мөн Д.Н нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алдангийг Ч.Бөд төлөх үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээл болон зээлийн хүү нь үндсэн үүрэгт хамаарах учир Д.Н нь гүйцэтгээгүй үүрэг болох 48,000,000 төгрөгөөс алданги тооцож төлөх үүрэг хүлээх ба түүний төлбөл зохих алдангийн хэмжээг тооцвол үндсэн үүргийн 50 хувиас хэтэрч байх тул дээрх хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 24,000,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна /48,000,000x0.5%=240,000x392=94,080,000/.

 

7.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т тус тус зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаарх тайлбараа шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэдэг журамтай.

 

Хариуцагч нь Д.Д нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гардаж авсан боловч хариу тайлбар өгөөгүй, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Иймд, хариуцагч Д.Ноос зээл 40,000,000 түүний хүү 8,000,000 төгрөг, алданги 24,000,000 төгрөг, нийт 72,000,000 төгрөг, хариуцагч Д.Доос 20,000,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Бөд олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/03088 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Ноос 72,000,000 төгрөг, хариуцагч Д.Доос 20,000,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Бөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 61,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Н нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ............ тоот дугаартай ...... дүүрэг, 8 дугаар хороо, .....ын гудамж, .... байр, ..... тоот хаягт байрлах 53.62 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон .... тоот хаягт байрлах 15.32 м.кв талбайтай автозогсоолыг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж,

 

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 993,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ноос 588,150 төгрөг, хариуцагч Д.Доос 257,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Бөд олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Ноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 697,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

 

Б.МАНДАЛБАЯР