Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 470

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2016/00477/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам  даргалж, тус шүүхийн хуралдааны "Б" танхимд хийсэн шүүх хуралдаанд 
Хариуцагч: Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдох
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн А-17-05 тоотод оршин суух, Их монгол овогт Чимэдбатын Азжаргалын нэхэмжлэлтэй,
 “ажлаас халагдсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай"  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 
     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Азжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шагдарсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганхуяг, нарийн бичгийн дарга Б.Алтансувд нар оролцов.
                                                                                                                                                                                     
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Азжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ч.Азжаргал миний бие 2005 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 11 дүгээр тушаалаар мал эмнэлэгийн албаны дуудлага, үйлчилгээний жолоочоор томилогдон 11 жил ажилласан юм. Ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Төрмөнх нь өөрөө 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөний дараа байгууллагын зардлыг 10 хувиар хорогдуулж баталсан гэх шалтгаанаар намайг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/12 дугаартай тушаал гарган ажлаас халсан. Намайг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна. Учир нь Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Төрмөнх нь өөрөө ажлаас чөлөөлөгдсөн байж ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Уг тушаалыг үндэслэл нь цалингийн зардал 10 хувиар буурсан гэж байгаа боловч байгууллагын зардлыг 10 хувиар буруулсан болохоос цалингийн зардал 10 хувиар буураагүй юм. Монгол улсын Засгийн газрын 2015 оны 18 дугаар тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуйн газар бүтцийн өөрчлөлтөнд орж Хүнс, хөдөө аж ахуйн сайд манай байгууллагын бүтцийг 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А-18 дугаар тушаалаар баталсан. Батлагдсан бүтцээр миний ажиллаж байсан дуудлага, үйлчилгээний жолоочийн ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа юм. 
Иймд Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал эмнэлэгийн хэлтсийн дуудлага үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Хариуцагч Хэнтий аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Төрмөнх  шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Азжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие тус байгууллагын даргаар ажиллаж байгаад 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газраас томилогдсон ажил хүлээлцэх комисс ирж, үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ц.Батбуянд ажлыг хүлээлгэн өгсөн юм. Аймгийн Засаг даргын ажлаас чөлөөлөх тушаал нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цагт гарсан. Би Ч.Азжаргалыг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 10 хоног хүлээсний эцэст 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 10:00 цагийн үед тушаал гаргаж чөлөөлсөн. Энэ асуудлыг Ч.Азжаргал нь өөрөө мэдэж байгаа. Мөн ажил хүлээлцэх комисс давхар батлана. Орон тооны хувьд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А-18 дугаар тушаалаар мал эмнэлэгийн дуудлага үйлчилгээний жолоочийн орон тоо 2 болж, батлагдаж ирсэн байсан. Харин бид хүмүүсийг ажилтай байлгах үүднээс төсөв санхүүгээ тооцож үзэхэд орон тооны цомхотголд орсон 4 хүний ажлын байрыг он дуустал хадгалах боломжтой байсан учраас газар тариалангийн хэлтсийн инженер Даваажав, захиргаа удирдлагын нярав, жолооч Баяртогоо, үйлчлэгч, цэвэрлэгч Цэрэннадмид, жолооч Ч.Азжаргал нарыг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тусын ажил албан тушаалд нь ажлуулж байгаад дээрх хүмүүсийг ажлаас чөлөөлсөн. Ч.Азжаргал нь өөрөө ар гэрийн амьдрал, зовлон жаргалын талаар ярьж 2016 оны 05 дугаар сар хүртэл ажлуулаач гэж бичгээр хүсэлт гаргасныг нь харгалзан үзэж харилцан тохиролцож, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс түр ажлуулах тушаал гаргаж ажлуулсан юм. Энэ талаар манай байгууллагын хамт олон нотлоно. Мөн Монгол улсын их хурлаас 2016 оны улсын төсвийг батлахдаа бүх байгууллагын цалингийн санг 10 хувиар, зарим орон тоог цөөлөх, урсгал болон үйлчилгээний зардлыг 30-50 хувиар хассан юм. Энэ шийдвэрийн дагуу манай байгууллагын цалингийн сан 10 хувиар, томилолтын зардал 50 хувиар, урсгал зардал 70 хувиар, бичиг хэрэг болон бусад зардал 30 хувиар, тэтгэвэр тэтгэмж 50 хувиар тус тус хасагдаж ирсэн. Ийм учраас Ч.Азжаргалыг цаашид ажлуулах боломжгүй болсон учраас 2016 оны 05 дугаар сард гаргах байсан тушаалыг өөрийнх нь шалгаантай болон огт шалтгаангүй 10 хоног ажил тасалсан байдал зэргийг харгалзан үзэж 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 09:00 цагийн үед тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. (хх-ийн 25 тал) 

Нэхэмжлэгч Ч.Азжаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүнс хөдөө аж ахуйн дарга Ж.Төрмөнх нь 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн. Би намайг ажлаас чөлөөлөх эрх зүйн орчин байхгүй гэж үзэж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1 237 194 төгрөгийг нэхэмжилж байна гэв. (хх-ийн 25 тал)
Нэхэмжлэгч Ч.Азжаргалын өмгөөлөгч Г.Бадамгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Азжаргалын өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар Ч.Азжаргалыг ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан гэж ярьдаг. Гэтэл зөвлөлийн хурлын тэмдэглэл дээр энэ асуудлыг огт яриагүй байдаг. Ч.Азжаргал нь 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус байгууллагад ажилд орсон байдаг. Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 01 тоот тушаалаар мал эмнэлгийн хэлтсийн дуудлага үйлчилгээний жолооч гэсэн орон тоон дээр ажилд томилогдон ажиллаж  байсан. Мөн хөдөлмөрийн гэрээ адил хийгдсэн байдаг. Хамгийн сүүлд байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээгээр мал эмнэлгийн хэлтсийн дуудлага үйлчилгээний жолооч гэсэн орон тоон дээр ажиллаж байгаа нь батлагдаж байдаг. Хариуцагч тал ажлын байрны тодорхойлолт дээр өөр байна гэж маргадаг. Гэтэл хөдөлмөрийн гэрээнд тулгуурлан ажлын байрны тодорхойлолтыг гаргадаг. Үнэхээр ажлын байрны тодорхойлолтод газар тариалангийн хэлтсийн жолооч гэж байгаа юм бол энэ талаар гарсан тушаал нь хаана байна вэ. Гэтэл энэ тушаал байдаггүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй ажил гүйцэтгэхгүй байх талаар заасан байдаг. Ч.Азжаргал нь мал эмнэлгийн хэлтсийн жолоочоор ажиллаж байхад газар тариалангийн хэлтэст ажиллуулах эрх тус байгууллагад байхгүй юм. Мөн эмнэлгийн магадалгаагаар чөлөөтэй байсан тохиолдолд ажил, албан тушаалыг нь хэвээр хадгалах талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дэх хэсэгт ажил албан тушаалыг нь хэвээр хадгалж байгаа албан тушаалтны хөдөлмөрийн гэрээг аж ахуй нэгж, байгууллага татан буугдахаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн энэ заалтыг зөрчсөн байна. Ч.Азжаргал нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг дуустал өвчтэй байсан. Энэ хугацаанд ажлаас чөлөөлөх тушаал гарсан байдаг. Уг тушаалаас харахад ажлаас халагдсаны тэтгэмж олгож гэж бичсэн байдаг. Гэтэл Ч.Азжаргал ажлаас халагдсаны тэтгэмж огт аваагүй. 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/12 тоот тушаал нь  хүчингүй, хууль бус тушаал байна гэж үзэж байна. Иймд уг тушаалыг хүчингүй болгож, Ч.Азжаргалыг Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн дуудлага үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн томилуулах саналтай байна. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэсэн саналтай байна гэв. (хх-ийн 118 тал)
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шагдарсүрэн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ж.Төрмөнх дарга Ч.Азжаргалыг ажлаас чөлөөлөх үедээ өөрөө ажлаасаа чөлөөлөгдөөгүй байсан юм. Мөн 1 237 194 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Азжаргалын ажиллаж байсан жолоочийн орон тоо нь бүтэц орон тооны хувьд батлагдаж ирээгүй юм. Хүнс хөдөө аж ахуйн газрын сайдын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн  А/18 дугаар тушаалаар Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц орон тоог батлахад 4 жолоочийн орон тоо нь 2 болж хасагдаж ирсэн юм. Мөн өөр хоёр гурван ажлын орон тоо хасагдаж ирсэн. Тухайн үед 2015 оны төсөв батлагдаж ирсэн байсан болохоор жолооч Ч.Азжаргалыг ажиллуулж байсан. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хүнс хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Ариунболдын албан тоот ирэхэд 2016 оны төслийн 10 хувиар бууруулсан байсан. Мөн батлагдаагүй орон тоонд хүн ажиллуулахыг хориглосон байсан. Энэ албан тоотын дагуу Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын дэргэдэх  зөвлөл 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж энэ асуулдыг авч хэлэлцээд жолооч Ч.Азжаргал, хүнс газар тариалангийн хэлтсийн хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн Г.Даваажав, захиргаа удирдлагын хэлтсийн нярав, жолооч Б.Баяртогоо нарыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хэрэгжүүлсэн юм. Жолооч Ч.Азжаргал 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Төрмөнхтэй уулзаж 2016 оны 05 дугаар сарыг хүртэл ажиллуулж өгнө үү гэж бичгээр хүсэлт гаргасан байдаг. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/35 тоот тушаалаар жолооч Ч.Азжаргалыг ажлаас чөлөөлж, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/37 тоот тушаалаар Ч.Азжаргалыг түр хугацаагаар жолоочийн ажилд томилсон юм. 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Ч.Азжаргалд ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэх хуудас өгсөн. Ч.Азжаргал 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр даргад өргөдөл бичиж цалинтай чөлөө авсан байсан. 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ч.Азжаргалыг гараа гэмтээсэн гээд түүний эхнэр Цэрэннадмид эмнэлгийн магадалгаа авчирч өгсөн. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл эмнэлгийн магадалгаа авчирч өгч байсан. 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Ч.Азжаргалын эмнэлгийн магадлагааны хугацаа дуусч ажлаас нь чөлөөлсөн юм гэв. (хх-ийн 118 тал)

    Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганхуяг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Төрмөнх 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 00 минутад тушаал гаргаж Л.Шагдарсүрэнд 12 цаг болж байхад өгсөн. Л.Шагдарсүрэн нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 22 цагаас 23 цагийн хооронд Ч.Азжаргалд гардуулсан байдаг. Эмнэлгийн магадалгааны эх хувиас харахад Ч.Азжаргал нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа орох ёстой байсан. Тийм учраас ажлаас чөлөөлөгдсөн хугацаанд ажлаас халсан гэдгийг няцааж байгаа юм. Мөн Ж.Төрмөнх дарга ажлаас чөлөөлөгдсөн үедээ Ч.Азжаргалыг ажлаас чөлөөлөгдсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Ч.Азжаргалын ажиллаж байсан Хүнс хөдөө аж ахуйн газрын хүнс газар тариалангийн хэлтсийн жолоочийн орон тоо 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Хүнс хөдөө аж ахуйн яамны А/18 тоот тушаалаар бүтэц орон тооны цомхтголд орсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аж ахуй нэг болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны орон тоог цөөрүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж заасан байдаг. Ч.Азжаргалын ажиллаж байсан ажлын байрны орон тоо хасагдсан байсан болохоор шууд цомхтголд оруулсан байна. Цэрэнчимэд даргын тушаалаар Ч.Азжаргалыг хүнс газар тариалангийн жолоочоор томилсон байдаг. Мөн 2014, 2015 оны ажлын байрны тодорхойлолт дээр хүнс газар тариалангийн жолоочоор ажиллаж байгаа талаар заасан байдаг.  Ч.Азжаргал нь 2014 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн ажлын байрны тодорхойлолт дээр газар тариалангийн хэлтсийн ажилтан гэдэг нь харагддаг. Мөн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ажлын байрны тодорхойлолт дээр хүнс газар тариалангийн хэлтсийн жолооч гэсэн байдаг. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд мөн адил заасан байдаг. Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Төрмөнх  ажлаас чөлөөлөгдсөн үедээ Ч.Азжаргалыг ажлаас чөлөөлсөн гэдэг нь гэрч Золбоогийн мэдүүлгээр няцаагдаж байна. Тийм учраас Ч.Азжаргалын нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв. (хх-ийн 118 тал)
    Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбаруудыг шинжлэн судлаад                                                         

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Азжаргал нь Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шагдарсүрэн нь Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны А/18 дугаартай тушаалаар манай байгууллагын бүтэц орон тоог батлахад хасагдаж ирсэн. Манай байгууллага 4 жолоочтой байсан боловч 2 орон тоо нь хасагдсан тул нярав, жолооч Баяртогоо, Ч.Азжаргал нарыг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн юм. Ч.Азжаргал нь манай байгууллагын дарга Ж.Төрмөнхтэй зөвшилцөж бичгээр хүсэлт гаргасан тул дарга 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс түр хугацаагаар жолоочоор ажиллуулсан юм. Дарга Ж.Төрмөнх нь хугацаа нь дуусахаар ажлаас нь чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлиийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 Нэхэмжлэгч нь ажлаас халсан ажил олгогчийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/12 дугаартай тушаалыг эс зөвшөөрч тус шүүхэд 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаан дотор байна.

Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж, ахуй нэгж болон Монгол улсын иргэд хоорондын хөдөлмөрийн гэрээ, гэрээний болон түүнээс уламжилсан хөдөлмөрийн бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Энэ тухай мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан: Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болох тодорхой үндэслэлүүдийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 зүйлд тодорхой зааж зохицуулсан ба мөн хуулийн 40.1.1-д заасан аж ахуй нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлахаар заажээ.
Ажил олгогч Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь ажилтан Ч.Азжаргалыг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/35 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан: Орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр, (хх-ийн 38 тал) халсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хууль зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.4-д .....Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэлийг баримтлан ажлаас хална гэж заасан байна. (хх-ийн 8-10 тал)

1. Нэхэмжлэгч Ч.Азжаргал нь 2015 онд Хүнс, хөдөө аж ахуйн газар бүтцийн өөрчлөлтөнд орж манай байгууллагын бүтцийг 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/12 дугаартай тушаалаар баталсан юм. Батлагдсан бүтцээр миний ажиллаж байсан дуудлага үйлчилгээний жолоочийн ажлын байр хэвээр хадгалагдаж байхад намайг ажлаас чөлөөлсөн гэж шүүхэд гомдлын шаардлага гаргаж, шүүх хуралдаанд тайлбар гаргасан боловч шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна. Үүнд:
 а. Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/18 дугаар тушаалын хуулбарт: ... Аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын ерөнхий бүтцийг хавсралтаар баталсугай...гэжээ... хавсралтанд жолооч-2 гэжээ. (хх-ийн 54-55 тал)

б. Гэрч Ш.Наранцэцэгийн: ...төсөв байхгүй. 2016 онд манай байгууллагад 2 жолоочийн орон тоо батлагдсан ирсэн... няравын ажлыг бичиг хэргийн ажилтантайгаа хавсруулж жолооч, техник технологийн ажилтан хоёрыг цомхотгосон гэсэн мэдүүлэг. (хх-ийн 65 тал) 

в. Ж.Төрмөнхийн: ...би орон тоо нь  байхгүй болсон учраас Ч.Азжаргалыг ажлаас халсан юм. Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар орон тоо хасагдсан юм... Ч.Азжаргал ганцаараа цомхотголд хамрагдаагүй. Тухайн үед 4 хүн ажлаас чөлөөлөгдсөн юм. Хүнс хөдөө аж ахуйн сайдын тушаалаар жолооч үйлчлэгч, нярав, инженерийн орон тоо хасагдсан.... орон тоо нь хасагдаж ирсэн гэдгийг Ч.Азжаргал өөрөө мэдэж байгаа... Ч.Азжаргал нь манай ар гэрийн амьдрал хэцүү байна. Намайг түр ч хамаагүй хэдэн сар ажлуулж өгөөч гэсэн учраас түр тушаал гаргаж ажилд авсан юм. Түүнээс биш бүтэц орон тоо нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хасагдсан гэсэн тайлбар. (хх-ийн 60 тал)

г. Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/12 дугаартай тушаалын хуулбарт:.. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалтыг баримтлан... бүтэц орон тоо хасагдсан үндэслэлээр ажилтан Ч.Азжаргалыг жолоочийн ажлаас чөлөөлсүгэй гэжээ.  (хх-ийн 37 тал)

д. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шагдарсүрэнгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар (хх-ийн 27 тал) зэрэг болно.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар ажилтан Ч.Азжаргал нь ажил олгогч Ж.Төрмөнхтэй харилцан тохиролцон зөвшилцөж, бичгээр хүсэлт гаргаж 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс түр хугацаагаар Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт жолоочоор ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
а. Ажилтан Ч.Азжаргалын Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан өргөдөлдөө... тус газарт жолооч ажилтай Ч.Азжаргал миний бие 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дээрх газрын шийдвэрээр ажилгүй болсон тохиолдолд ямар нэгэн гомдол, саналгүй гээд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. (хх-ийн 38 тал)

б. Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/37 дугаартай тушаалын хуулбарт: ... Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 23.3 дахь заалтыг баримтлаж... 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ч.Азжаргалыг жолоочийн ажилд түр хугацаагаар томилсугай гэжээ. (хх-ийн 39 тал)

в. Ж.Төрмөнхийн: ... би Ч.Азжаргалыг орон тоо нь байхгүй болсон учраас ажлаас халсан юм.... Ч.Азжаргал нь манай ар гэрийн амьдрал хэцүү байна. Намайг түр ч хамаагүй хэдэн сар ажлуулж өгөөч гэсэн учраас түр тушаал гаргаж ажилд авсан юм... гэсэн тайлбар... (хх-ийн 60 тал)

г. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шагдарсүрэнгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар. (хх-ийн 27 тал) зэрэг болно.

Ажил олгогч Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь ажилтан Ч.Азжаргалтай харилцан тохиролцон зөвшилцөж Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар түр хугацаатай ажиллуулж байгаад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Мөн ажилтан түүний өмгөөлөгч нь ажил олгогч байгууллага нь Ч.Азжаргалыг өвчтэй байхад ажлаас чөлөөлсөн гэж шүүх хуралдаанд тайлбар өгсөн боловч. Хариуцагчийн талаас өгсөн эмчийн магадлагааны эх хувьд 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд ажлаас чөлөөлөв гэжээ. (хх-ийн 113 тал)

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасныг баримтлан бичгийн нотлох баримтыг үндэслэн ажилтан Ч.Азжаргалыг ажил олгогч байгууллага нь өвчтэй үед нь ажлаас чөлөөлөөгүй байна гэж шүүх үзэв.

Ажилтан ажил олгогч байгууллагын дарга Ж.Төрмөнхийг ажлаас халагдсан үедээ намайг чөлөөлсөн гэж үзсэн боловч ажил олгогч байгууллагын дарга нь тухайн өдөр ажлаа хийж байсан болох нь цагийн бүртгэл, гэрч Б.Золбоогийн шүүхэд өгсөн мэдүүлгээр тогтоогдож, ажлаас халах эрх бүхий ажилтан байсан тул ажилтан Ч. Азжаргалыг ажлаас халсан байна гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 , 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдох, ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлүүлэх тухай Ч.Азжаргалын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,  56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Азжаргал нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.


ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ