| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/00681/И |
| Дугаар | 210/МА2024/01670 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2024/01670
2024 08 26 210/МА2024/01670
С.Дгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2024/02224 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: С.Дгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХК-д холбогдох,
Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 40,851,472 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Миний бие Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ Төрийн банкны Хан-Уул дүүргийн Оргил салбараас 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 30,000,000 төгрөгийн цалингийн зээлийг цалингаа барьцаалан авсан. Төрийн банктай барьцаат зээлийн гэрээ байгуулах үед М ХХК-тай цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ мөн байгуулж гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж ирсэн.
Хөдөө аж ахуйг дэмжих сан нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 259 тогтоолоор татан буугдсан. Үүнтэй холбоотой Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/160 тушаал гарч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.
...Иймд, даатгалын нөхөн төлбөрт 27,234,315 төгрөг, алданги 13.617.157 төгрөг нийт 40,851,472 төгрөгийг М ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
... Хөдөө аж ахуйг дэмжих сан нь 2021 оны 12 сар, 2023 оны 2 сард тус тус орон тооны цомхотгол хийх тухай мэдэгдлийг ажиллагсдадаа өгсөн байна. Нэхэмжлэгч нь /нэр бүхий 16 зээлдэгч/ дээр дурдсан үйл баримттай холбоотойгоор Сан татан буугдах, хэлбэрийн хувьд өөрчлөгдөх, орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдөх зэрэг нөхцөл, орчин бүрдсэн буюу эрсдэл үүссэнийг мэдсээр байж даатгуулсан нь Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1-д заасан ноцтой нөхцөл байдлын талаар даатгалын гэрээ байгуулах үед даатгагчид мэдэгдээгүй, мэдээлэх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна.
Иймд, ...нөхөн төлбөр олгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч М ХК-д холбогдох, даатгалын нөхөн төлбөр 40,851,472 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч С.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362,208 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
...Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.7-д ...даатгуулагч ноцтой нөхцөл байдлын талаар заавал мэдээлэх үүргээ биелүүлээгүй нь даатгалын тохиолдол бий болох болон даатгагчаас үүргээ биелүүлэхэд нөлөөлөөгүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй гэж заасан ба С.Д миний бие даатгагчаас үүргээ биелүүлэхэд нөлөөлсөн зүйлгүй ба нөлөөлсөн гэх нотлох баримт хэрэгт байхгүй болно.
Мөн Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.3-т зааснаар Даатгуулагч энэ хуулийн 436.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол даатгагч нь гэрээнээс татгалзах, эсхүл энэ тухай мэдсэнээс хойш 1 сарын дотор гэрээг цуцлах буюу даатгалын хураамжийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг шаардах эрхтэй гэж хуульчилсан байх ба даатгагч өнөөдрийг хүртэл гэрээнээс татгалзсан, цуцлах болон хураамж нэмэгдүүлэхээр ямар нэгэн мэдэгдэл ирүүлсэн, шаардсан зүйлгүй болно.
С.Д миний бие Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасанчлан санаатайгаар хохирол учруулсан, даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн зүйл үгүй билээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийг шаардлагыг хангаж чадаагүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Иймд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 31-ний өдрийн 181/ШШ2024/02224 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагчийн зүгээс боломжтой нөхцөл байдлын хэмжээнд хэргийн үйл баримтын талаарх нотлох баримтыг цуглуулж, хэрэгт хавсаргасан. Тухайн нотлох баримтуудыг шүүхийн журмаар болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргасны дараа хэргийн үйл баримт тодорхой болсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт мэдэгдсэн үйл баримтаа нотолж чадаагүй учраас үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс үүссэн нөхцөл байдлын талаар мэдэгдэж, хэргийн үйл баримтыг хариуцагчид мэдэгдээгүй. Тухайн байгууллагын ямар ажилтан халагдаж, ямар ажилтныг үргэлжлүүлэн ажиллах үйл баримтыг нэхэмжлэгч мэдэж байсан атлаа хариуцагчид мэдэгдээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хэргийн үйл баримтын талаар хариуцагчид мэдэгдсэн талаарх ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч М ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 40,851,472 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. С.Д нь 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Төрийн банк ХК-тай зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг жилийн 13.2 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон ба үүргийн гүйцэтгэлийг хангахаар ирээдүйд авах цалин хөлс болон гэрийн эд хогшил зэргийг барьцаалуулжээ.
3.2. Мөн тэрээр М ХХК-тай даатгалын гэрээ байгуулж, гэрээнд заасан даатгалын тохиолдол үүсвэл учирсан хохирлыг 100 хувь нөхөн төлүүлэхээр тохиролцож, даатгалын хураамжид 360,000 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн боловч гэм хорын улмаас даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхлыг даатгасан гэж буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулна.
Зохигчдын байгуулсан даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1.3-т зааснаар үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгчийн ажил олгогч дампуурах, татан буугдах тохиолдолд үүнийг даатгалын тохиолдол мөн гэж үзэж, улмаар 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар зээлдэгчийн төлөөгүй үлдсэн зээлийн өрийг даатгалын нөхөн төлбөрөөр төлж барагдуулахаар харилцан тохирчээ.
Тодруулбал, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар энэхүү даатгал нь ердийн даатгалын төрөлд хамаарах бөгөөд даатгуулагч С.Д нь гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсны улмаас цалингийн зээлийн төлбөрийг Төрийн банк ХК-д төлж чадахгүй эрсдэл үүсэхэд даатгагч М ХХК нь даатгалын нөхөн төлбөр өгөх үүрэг хүлээсэн байх тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасантай нийцнэ.
4. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Хэрэгт цугларсан баримтаар Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгасан тул тухайн байгууллагын захирлын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/160 тоот тушаалаар ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан буюу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан гэсэн үндэслэлээр цуцалсан байна.
Талууд С.Дгийн ажиллаж байсан ажил олгогч байгууллага болох Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба татан буугдсан болон хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан талаар маргаагүй боловч даатгуулагч түүнийг даатгалын тохиолдол болно гэдгийг мэдэж байсан, тийнхүү мэдэж байсан зүйлийн талаар даатгагчид мэдэгдэх үүргээ зөрчсөн эсэх асуудлаар маргажээ.
5. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
5.1. Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Улсын Их Хуралд өргөн барьсан ба хуулийн төслийн танилцуулгад ...Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.19 дэх заалт буюу Хөдөө аж ахуйг дэмжих сан гэснийг хүчингүй болгох, ... Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК байгуулах зорилгоор хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна гэж,
5.2. Мөн хуулийн төслийг санаачлагч нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны цахим хуудсанд 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хуулийн төслийг байршуулсан бөгөөд төслийн танилцуулгад ... Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хөрөнгийн чадвар доройтож, активын чадвар буурч, эргэлтийн хөрөнгийн хомсдолд орсны улмаас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, үйлдвэрлэлд шаардлагатай дэмжлэгийн нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, цаашид хэвийн үйл ажиллагааг явуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна... гэж,
5.3. Үүнээс өмнө Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 394 тоот тогтоолоор Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийг үүсгэн байгуулсан,
5.4. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, хуулийн 5.3.19, 21 дэх заалт /хөдөө аж ахуйг дэмжих сан/-ыг хүчингүй болгосон,
5.5. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгажээ.
Хэдийгээр С.Д нь Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгаагүй, тийм нөхцөл байдлыг үүсгээгүй /даатгалын тохиолдлыг өөрөө бий болгоогүй/ гэж тайлбарласан нь үндэслэлтэй боловч Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу түүний ажиллаж байсан байгууллагыг татан буулгах тухай мэдээллийг олон нийтэд түгээсэн байх тул энэ талаар мэдээгүй гэх тайлбар үндэслэлгүй.
Нөгөө талаар нэхэмжлэгч нь татан буугдсан байгууллагад удирдах ажил, албан тушаал эрхэлж байсан, түүний ажиллаж байсан байгууллагын дээд шатны байгууллагын цахим хуудсанд 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хуулийн төслийг байршуулсан, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар мэдээлж байсан байх тул мэдээлэлд ойрхон этгээдийн хувьд түүнийг мэдэх боломжгүй байсан гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй байна.
6. Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1-д Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал, түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй гэж заажээ.
Анхан шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдлыг зөв үнэлж, даатгуулагч С.Дг даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох хүчин зүйлийн талаар даатгагч М ХХК-д мэдэгдээгүй, үүнтэй холбоотойгоор даатгагчийн зүгээс гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах, даатгалын хураамжийн хэмжээг ихэсгэх зэрэг нөхцөлийг харилцан тохиролцох боломж хязгаарлагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Тодруулбал, Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.3-д Даатгуулагч энэ хуулийн 436.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол даатгагч нь гэрээнээс татгалзах, эсхүл энэ тухай мэдсэнээс хойш 1 сарын дотор гэрээг цуцлах буюу даатгалын хураамжийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг шаардах эрхтэй. Харин даатгуулагч аюулыг санаатайгаар ихэсгэсэн бол даатгагч гэрээг хэдийд ч цуцалж болно гэж зааснаар даатгагч М ХХК нь энэ тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй.
7. Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 9/4139 тоот албан бичгээр даатгагч М ХХК-д даатгуулагч С.Дд даатгалын нөхөн төлбөрийг олгохыг мэдэгдсэн нь шүүхийн журмаар гэрээний талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд даатгагчаас нөхөн төлбөрийг гаргуулах эсэхийг шийдвэрлэхэд шууд баримтлах нотлох баримт биш тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар даатгагч, даатгуулагч нарын хооронд үүссэн маргааныг тэдгээрийн гомдлоор шийдвэрлэх эрхтэй боловч тухайн байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөнтэй холбоотой талуудын маргааныг шүүх нотлох баримтад үндэслэн өөрийн бүрэн эрхийн хүрээнд хянан шийдвэрлэнэ.
Иймд, анхан шатын шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хуулийг зөв тайлбарлаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2024/02224 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362,208 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Б.МАНДАЛБАЯР