| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0857/Э |
| Дугаар | 855 |
| Огноо | 2019-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 855
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч П.Болормаа,
шүүгдэгч Н.Г ,
хохирогч З.Дашням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.Г од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02046 0919 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Н.Г
Холбогдсон хэргийн талаар:
Н.Г нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэн З.Дашнямыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 24-ний шөнө 01 цагийн үед би “Моника” баарны гадаа зогсож байсан, тэндхийн ажилчин юм. Тэр үед гадна талбай цэвэрлэж байсан. Хохирогч З.Дашнямыг баарны дотроос манай хамгаалагч нар оруулахгүй гаргаж ирсэн. Гадна байгаа хүмүүст оруулж болохгүй шүү гэж хэлээд хамгаалагч буцаад орсон. Би оюутан болохоор тус бааранд амралтын өдрүүдээр ажилладаг юм. Дашням яваад арваад минутын дараа буцаад ирсэн. Би бааранд оруулахгүй гэхэд Дашням эхлээд намайг цохисон. Хүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Баримтаар байгаа хохирлыг ньтөлөхөөр бэлэн мөнгийг нь аваад ирсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Дашням мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 24-ний шөнө нэг хүн хайж явсан юм. Тэгээд “Моника” баар руу орчихоод орохоосоо өмнө хажуугийн баар руу орж хайчихаад дахиад “Моника” руу дахиад орох гэхэд оруулахгүй иргэний үнэмлэхээ шалгуул, чи насанд хүрсэн үү энээ тэрээ гэхээр нь би үнэмлэхээ шалгуулчихаад орох гэхэд оруулахгүй болохоор нь яагаад намайг оруулахгүй байгаа юм гэж би зандрангүй хэлэхэд чи зайл гээд намайг цээж рүү түлхээд тэгээд цохисон. Миний хайж явсан хүн согтуу байсан болохоор бид утсаар ярихдаа ойлголцохгүй байсан. Миний бие баримтаар учирсан 173.000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна. Миний бие зүүн нүдний дээр үүссэн сорвио арилгуулмаар байна. Хамт явж эмнэлэг сорви арилгах лазер эмчилгээний үнэ ханштай танилцмаар байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч З.Дашнямын өгсөн: ...2019 оны 03 дугаар сарын 24-ний шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Баянцээл орчим “Моника” гэх бааранд үйлчлүүлэх гэж очтол насанд хүрсэн үү гэж бааран дотор байсан том биетэй цайвар өнгийн хувцастай эрэгтэй 30 орчим насны залуу жолооны үнэмлэх шалгаад чамайг оруулахгүй зайл гэж хэлээд түлхсэн. Тэгэхээр нь эргэж хараад 2 минутын дараа орох гэтэл гадаа байсан туранхай 175 см орчим өндөртэй залуу түлхээд зохиход ойр байсан тэр баарны ажилчид бололтой залуучууд бөөндөө шаваад дайрсан. Яг тэр үед баарны урд байсан машинаас том биетэй залуу гарч ирээд хавсарч унагаад тэгээд би хэсэг ухаан балартсан. Тэгсэн дүү болох Ундрам салгаж байсан. Тэгээд би холдоод нүүрээ цэвэрлээд эргээд очиход тэр залуучууд байхгүй байсан. Би тэр Банана, Моника гэх баарны үүдэн дээр угтаж аваад оруулдаг залуучууд гэж бодож байна. Миний нүдийг саарал куртиктай, юүдэнтэй малгайтай, маасктай залуу чамайг оруулахгүй цаашаа зайл гэж хэлээд зүүн талын нүд рүү цохисон. Би ГССҮТ-н эмнэлэгт зүүн нүдний давхраандаа оёдол тавиулсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна. Хохирлоо барагдуулж шархаа зөв сайн эмчлүүлмээр байна...
...110.000 төгрөгөөр томографын зураг авахуулсан. Мөн хамгаалагч залуу миний нүд рүү цохиход миний зүүж байсан харааны шил хагарсан харааны шилээ 65.000 төгрөгөөр “Тод” нүдний эмнэлгээр хийлгэсэн. Би “Эхлэл” гээд график дизайны сургалтанд сууж байгаа ба сарын 720.000 төгрөгөөр суралцдаг. Энэ хүнд зодуулсны улмаас сургалтандаа явж чадаагүй төлбөр болох нэг өдрийн 30.000 төгрөгөөр суралцдаг ба би -3.75, -3.25 хэмжээтэй нүдний шилээ 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хийлгэсэн 8 өдөр хичээлдээ явж чадаагүйн төлбөр болох 240.000 төгрөг нэхэмжилж байна.Өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 5-7, 8-10 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Н.Г ын: ...Би хохирогч З.Дашнямын биед халдсанаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч З.Дашням нь анх баар руу согтуу орно гэхээр нь манайх согтуу хүнд үйлчлэхгүй гэж хэлтэл шууд миний нүүр рүү цохихоор нь зодоон эхэлсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3846 дугаартай шинжээчийн:
1. З.Дашнямын биед зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэх дүгнэлт /хх-ийн 15 дугаар тал/,
- Хохирогч З.Дашнямын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, З.Дашнямын сургалтанд хамрагдсан тодорхойлолт, компьютер томографын шинжилгээ хийлгэсэн баримт /хх-ийн 22, 23-26 дугаар тал/,
- Хохирлын баримт /хх-ийн 23, 24, 26 дугаар тал/,
- Шүүгдэгч Н.Г ын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18, 19 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Н.Г нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэн З.Дашнямыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч З.Дашнямын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 3846 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч З.Дашням нь 110.000+8000+65.000=173.000 төгрөгийн хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Н.Г нь шүүхийн шатанд төлсөн байх тул бусдад баримтаар төлөх төлбөргүй байна. /хх-ийн 23, 26, 55 дугаар тал/
Хохирогч З.Дашням нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлүүлэх шаардлагатай бол холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.Г од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Г-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Г од оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч З.Дашням нь цаашид эмчлүүлэх шаардлагатай бол холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Г од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ