Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2024/01677

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 28 210/МА2024/01677

 

 

 

З ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Гандиймаа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/02931 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: З ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.От холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 7,217,725 төгрөг гаргуулах тухай үндсэн болон урамшуулал, дутуу олгосон цалин хөлс, алдангид 13,578,214 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Манай компанид хариуцагч О.О нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн борлуулалтын шинжээчийн ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 17,000,000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасан. Хариуцагч цалингийн зээл авах хүсэлт гаргахдаа байрны урьдчилгаа төлбөрт тус 17,000,000 төгрөгийг банканд урьдчилгаа төлбөр болгон төлөх шаардлагатай гэж тайлбарласан. Компанийн удирдлагын зүгээс даруй шийдвэрлэж, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 17,000,000 төгрөгийг бэлнээр олгож, зээлийн эргэн төлөлтийг хариуцагчийн хүсэлтийн дагуу 6 сараар тохиролцсон. Гэвч хариуцагч О.О нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан бөгөөд нийт цалингийн зээлээс 9,782,275 төгрөгийг төлж, зээлийн үлдэгдэл 7,217,725 төгрөгийг төлж барагдуулаагүй. Манайх хариуцагчийн өөрийнх нь хүсэлтээр буцалтгүй тусламж байдлаар Хаан банк ХК-д баримт өгсөн байдаг. Энэ баримтыг өгөх болсон шалтгаан нь ипотекийн зээлийн өр орлогын харьцаа 45 хувиас хэтэрч болдоггүй, ипотекийн урьдчилгаа төлбөрийг зээлээр бүрдүүлж болдоггүй. Тийм учраас хариуцагчийн хүсэлтийн дагуу тийм албан бичгийг нэг хувь үлдээд өгсөн. Талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн. Гэхдээ Хаан банк ХК-д хариуцагчийн хүсэлтийн дагуу албан бичиг явуулсан. Хариуцагч нь өөрөө 17,000,000 төгрөгийг зээлэх хүсэлтээ гаргасан. Мөн хариуцагч өөрийн данснаас 5 удаагийн зээл төлөв гэсэн гүйлгээний утгатай зээлийн төлөлтүүд хийсэн байдаг. Үүнээс харахад зээлийн харилцааг аль аль талууд мэдэж байсан. Гэвч хариуцагчийн хүсэлтийн дагуу хуурамчаар баримт бичиг үйлдэж өгсөн байхад зээл олгогдоогүй, буцалтгүй тусламж байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

  

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Цалингийн зээл байгаагүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байна. Сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ бол цалингийн зээл байсан гээд хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд байгаа О.Оийн өргөдлийг дурдаад байна. Өргөдлийн агуулгыг сайн харах хэрэгтэй. Өргөдөлд О овогтой О миний бие ...Байгууллагаас 17,000,000 төгрөгийг шийдвэрлэж өгнө үү. Дээрх мөнгийг 6 сарын хугацаанд хуваан төлөх хүсэлтийг минь хүлээж авна уу гэсэн байна. Яагаад 6 сарын хугацаанд төлөх болсон гэвэл бид нар хариу тайлбартаа өмнө нь дурдсан. З ХХК-ийн санхүүгийн албаны дарга н.Байгальмаа гэж хүн байдаг. Энэ хүн өргөдлийг ингээд биччих гээд гуйх маягтай, аргалах маягтай бичүүлсэн. О.О тухайн үедээ сайн ойлгоогүй, ингээд бич гэхээр нь бичсэн. Намайг ажлаасаа гарчих юм болов уу гэж бодоод бичүүлж байна гэж ойлгосон байгаа юм. Мөн яаралтай мөнгөний шаардлага байсан учраас хэлснээр нь бичсэн. З ХХК-д гаргасан өргөдөл өөрөө зээлийн гэрээ биш. Зээлийн гэрээ нь 2 талт гэрээ буюу сайн дурын үндсэн дээр хийгдсэн байх ёстой. Зээлийн гэрээний шалгуур нь зээлийн гэрээг байгуулж байгаа этгээд нь хуулийн этгээд бол зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд байх ёстой. Нэхэмжлэгч компани ийм хуулийн этгээд биш. Сая бид нар өргөмжлөлийг нотлох баримтаар өгсөн. Анхнаасаа энэ компанид ажилд ороход н.Батбаатар захирлын амласан зүйл тэр байсан. Ажил амьдрал ямар байдаг вэ, ийм цалинтай ажилд авъя, цалинг чинь жил бүр өсгөе, дэмжлэг үзүүлье гэсэн. Сүүлд Хаан банк ХК-аас шүүхэд ирүүлсэн нотлох баримт дотор 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 19/180 дугаартай албан бичиг байна. Түүн дээр маш тодорхой дурдсан байна. Бид борлуулалтын шинжээч ажилтан О.От дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн байгаа гэж байна. Энд зээлийн тухай яриагүй. О.Оийн өргөдөл бичиж өгсөн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 5 сарын өмнө Хаан банк ХК-д ийм хүсэлт өгчихсөн байна. Энд зээлийн тухай огт яригдаагүй байна. О.О ч өөрөө зээл авах тухай өргөдөл, хүсэлт өгөөгүй. Анхнаасаа л чамайг дэмжинэ, мөнгө төгрөг байвал туслалцаа үзүүлнэ гээд яриад л явж байсан асуудал. Бид нар н.Байгалмаа гэдэг хүнд маш их гомдолтой байдаг. Яагаад анхнаасаа мөнгө өгсөн юм бэ. Үүнийг анхаарах ёстой. Өгөхгүй байж болох байсан. Байгууллага ажилтандаа цалин хөлс, урамшуулал олгодог хуулийн зохицуулалттай. Тийм цалингийн зээл О.Оээс өөр хүнд өгсөн тохиолдол байдаг юм уу. Ялангуяа Борлуулалтын орлого нь 6 дахин өссөн. Үүнд О.Оийн оруулсан үүрэг оролцоо байсан. Үүнтэй бид маргахгүй гээд хэлчихэж байна. Тэгсэн мөртөө хийсэн ажлынхаа цалин урамшууллыг аваад явж байсан юм гээд байх юм. ...Энэ зээлийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр олгосон гэж байна. Тэр зээл гэдэг ч юм уу, урамшуулал гэдэг ч юм уу энэ мөнгийг авснаас хойш дарамт үүссэн. Энэ байгууллага тухайн мөнгийг яах гэж өгсөн нь ч ойлгомжгүй болсон. Буцаагаад үүнийг төлөөд явсан гэж яриад байна. Төлөхгүй яах юм бэ. Цалин буух болгонд санхүүгийн албаны дарга н.Байгальмаа О рүү утасдаад, мөнгөө өгөөрэй гэдэг. Өгөх үү, байх уу гэдэг нь аягүй эргэлзээтэй асуудал болж байгаа юм. Ажилтан ажил олгогч 2 бие биеийнхээ өмнө итгэлцэл хүлээж ажилладаг. Тэгтэл нөгөө тал нь гэнэт мөнгө авъя гэдэг. 2020 оны 5 сараас эхэлж дарамталж эхэлсэн. Тохиолдол юм уу, эсвэл санаатай юм уу мэдэхгүй О.О жирэмсний амралтаа авъя гэдэг асуудал яригдаж эхэлснээс хойш мөнгөө нэхэж эхэлсэн. Ингээд энэ мөнгийг өгөхөөс өөр аргагүй болсон. Цалингаас чинь суутгалаа гэдэг дарамтад ороод, өгч эхэлсэн. Өгөхдөө бага багаар өгсөн. Энэ нь ямар учиртай юм гэвэл өгмөөргүй байсан. Өөрт нь ашигтай юм шиг дүр үзүүлэх байдлаар өөрт нь хохирлын шийдвэрийг өөрөөр нь бичүүлж авсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Хариуацагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

З ХХК-аас урамшуулал болгон өгсөн 9,500,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухай тодруулъя. З ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний А/0420 дугаартай шийдвэрээр тус компанийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, өөрийн ажил мэргэжилдээ амжилт гаргасан гэж үзэж, компанийн борлуулалтын шинжээч ажилтай надад орон сууцын ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт зориулж, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 17,000,000 төгрөгийг компаниас олгосон. Миний бие 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус компанид борлуулалтын шинжээчээр ажилд орж, үр бүтээлтэй ажиллаж байсны үр дүнд компанийн борлуулалтын орлого 2019-2020 онд 2 дахин өссөн амжилтыг үзүүлсэн. 2019 оны тэргүүний ажилтнаар шалгарч байсан. З ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19/108 дугаартай албан бичгээр борлуулалтын шинжээч ажилтан О.От дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн болно. Иймд дээрх ажилтны 8 хувийн ипотекийн орон сууцын зээлийг судалж, нааштайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн. Мөн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 28/20 дугаартай албан бичгээр бид ажилтныхаа нийгмийн асуудалд тодорхой хэмжээгээр тусалж, дэмжих хүрээнд борлуулалтын шинжээч О.От урьдчилгаа төлбөрийг тодорхой нөхцөлтэйгөөр олгож байгаа нь үнэн болно гэсэн тодорхойлолтыг тус тус Хаан банк ХК-д гаргаж өгсөн байдаг. Гэтэл 2020 оны 02 дугаар сард тус компанийн санхүүгийн албаны дарга н.Байгальмаа намайг хуурч компаниас өгсөн 17,000,000 төгрөгийг 6 сарын дотор төлнө гээд биччих гэхээр нь би итгээд, хэлсэн үгээр нь хүсэлт бичиж өгснийг зээл өгсөн, авсан мэт болгон тус компани шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь бодит үнэнд нийцэхгүй байна. Тухайн үед өөрсдийнх нь илэрхийлж байсан дээрх албан бичиг, байр суурьтай тохирохгүй байна... 2022 онд жирэмсний амралттай байх хугацаанд захирал н.Батбаатар мөн утсаар нэхэх болсноор миний бие дээрх 17,000,000 төгрөгөөс 9,500,0000 төгрөгийг сэтгэл зүйн дарамтад орж, аргагүй эрхэнд компанид буцаан өгсөн. Үүний 2,000,000 төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас олгодог жирэмсний амралтын мөнгөнөөс компани шууд суутгаж авсан нь хууль зөрчиж байгаа юм. ...надад олгосон 17,000,000 төгрөгөөс тус компани 9,500,000 төгрөгийг буцаан авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг зөрчсөн.

З ХХК-аас цалингийн үлдэгдэл 4,078,214 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд ...компани миний цалинг дутуу бодож олгосон тул учрыг нь лавлахад үндсэн цалин 1,800,000 төгрөг дээр нэмэх нь 100,000 төгрөг байсныг надад мэдэгдэлгүй бууруулж, үндсэн цалинг 1,400,000 төгрөг дээр нэмэх нь 100,000 төгрөг болгосон байсныг миний бие эс зөвшөөрч аргагүйн эрхэнд ажлаас гарах өргөдлөө 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгч, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасны дагуу ажил хүлээлцсэн. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажлаа үргэлжлүүлэн хийж, гүйцэтгэж дуусгасан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагчаас өгсөн хариу тайлбарт дурдсанаар нэхэмжлэгч талаас нотлох баримт шүүхэд ирүүлсэн байдаг. Хавтаст хэргийн 68 дугаар хуудсанд хөдөлмөр эрхлэлтийн харьцааг дуусгавар болгох тухай гээд О.О нь хөдөлмөр эрхлэлтийн гэрээг цуцлах тухай хүсэлт гаргасан тул 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэсэн утгатай тушаал байгаа энэ тушаалыг өөрт нь тухайн үед танилцуулаагүй учраас сүүлд нөхөж гаргасан байна гэж хариуцагч тал үзэж байгаа. З ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д заасны дагуу ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг минь өнөөдрийг хүртэл надад өгөөгүй бөгөөд ажилласан хугацааны цалинг ч дутуу бодож, үлдэгдэл 2,718,809 төгрөгийг надад олгоогүй болно. Хавтаст хэргийн 66 дугаар хуудсанд О.Оийн хүүхэд асрах чөлөөний хугацааг дуусгавар болгох тухай гээд 2022 оны 9 сарын 15-ны өдрийн тушаал байгаа. Тушаалын 2 дугаар заалт дээр О.Оийн сарын цалинг 1,500,000 төгрөгөөр бодож олго гэж байгаа юм. 1,500,000 төгрөг болсон гэдгийг шүүхэд өгсөн энэ баримтаас бид нар олж харж байна. Өмнө нь талаар тушаал танилцуулж байгаагүй. Ажилтантай тохиролцохгүйгээр шууд ийм тушаал гаргах эрх байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д энэ хуулийн 104.1-д зааснаар ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцож, ажилтанд нөхөн олгоно гэж заасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалт байдаг. Дээрх олгоогүй цалингийн алданги нь 1,359,405 төгрөг болж байгаа бөгөөд үлдэгдэл цалин дээрээ үүний нэмбэл цалингийн үлдэгдэл 4,078,214 төгрөг болж байна гэж үзэж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 121 дүгээр зүйлийн 121.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус үндэслэн З ХХК-аас урамшуулал болон цалингийн үлдэгдэл нийт 13,578,214 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

... Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлээ гаргахдаа бараг 9,500,000 төгрөгийг бүгдийг нь цалингаас нь татаад авчихсан юм шиг тайлбарлаж байна. Энэ төлөлтийнх 6,000,000 орчим төгрөг нь зээл төлөв гээд О.О өөрийнхөө данснаас шилжүүлсэн байдаг. О.О нь хөдөлмөрийн харилцааг дуусгах хүсэлтийг өөрөө гаргасан. Нэхэмжлэгч байгууллага дандаа сүрдүүлдэг, хөдөлмөрийн эрхийг нь зөрчдөг, дарамталдаг гэсэн зүйлүүдийг ярьж байна. Гэхдээ эдгээр зүйл хэрвээ байсан бол тухайн үед нь хариуцагч яагаад гомдол шаардлагаа гаргаад яваагүй юм. Баримтгүйгээр нэхэмжлэгч байгууллагыг харлуулсан, хуурч мэхэлсэн гээд байна. Хавтас хэргийн нотлох баримтуудаас харах юм бол хариуцагч тал өөрөө ийм баримт бичиг гаргаад өгөөч, ингээд ипотекийн зээл болох гээд байна гэсэн хүсэлтийн дагуу л манайх гаргаж өгсөн. Зээлийн төлбөрт 3,000,000 орчим төгрөгийг цалингаас нь авсан байна. Харин 6,000,000 гаран төгрөгийг хариуцагч өөрөө сайн дурын үндсэн дээр зээл төлөв гээд өөрөө төлчихсөн байна. Цалин хөлсийг олгоогүй гэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар үүнтэй холбоотой маргаан гарсан тохиолдолд 90 хоногийн дотор энэ асуудлаар харьяалагдах газарт нь гомдлоо гаргаад явах ёстой байсан. Хөөн хэлэлцэх хугацаа гэж юм байгаа. Гэнэт нэхэмжлэл гаргаснаас хойш, ажлаасаа гараад 2, 3 жилийн дараа олгоогүй цалин урамшууллаа авъя гэдэг зүйл ярьж болдог юм уу. Тухайн үед ийм урамшуулал байхгүй байна, цалин дутуу байна гээд З ХХК-д хүсэлтээ гаргаад явж байсан юм уу. Өөрөө хөдөлмөрийн харилцаагаа дуусгавар болгосныхоо дараа үндэслэлгүй ийм цалин байсан, үүнийг одоо л мэдэж байна гээд яваад байж болдог юм уу. 9,500,000 төгрөгийн тухайд хэрэгт авагдсан баримтууд, зээлийн төлөлт хийсэн баримтуудаас харахад энэ зээлд төлсөн 9,500,000 төгрөг гэж ойлгож байна. Хариуцагч хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлтээ өөрөө өгсөн. Цалингийн ямар нэгэн үлдэгдэл байхгүй. Тийм учраас алданги тооцогдохгүй. Цалингийн урамшууллаа нэхэмжилж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2.2-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүтэн хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч О.Оээс 7,217,725 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-д олгож, хариуцагч О.Оийн нэхэмжлэгч З ХХК-д холбогдуулан гаргасан 13,578,214 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 440 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 842 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 130 440 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Нэг. Анхан шатны шуух хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. мөн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар:

1.1. Шүүхийн шийдвэрийг үндэслэх хэсгийн 4.1-4.4-т дурдсан үндэслэлд:

...гэж дүгнэхдээ анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчиж, хэт нэг талыг баримталсан, үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд ...Хариуцагчийн зүгээс цалингийн зээл авах тухай хүсэлт гаргахдаа байрны урьдчилгаа төлбөрт 17,000,000 төгрөг шаардлагатай хэмээн тайлбарласан тул компанийн удирдлагын зүгээс даруй шийдвэрлэж 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 17,000,000 төгрөгийг бэлнээр олгон зээлийн эргэн төлөлтийг хариуцагчийн хүсэлтийн дагуу 6 сард хуваан төлөхөөр тохиролцсон. гэж дурдсан нь хариуцагчаас зээлийн гэрээ байгуулах хүсэлт гаргасан мэтээр бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэгчийн 2019.10.04-ний өдрийн 19/180 дугаартай албан бичиг, 2020.02.04-ний өдрийн 28/20 дугаартай албан бичиг, 2020.02.04-ний өдрийн а/04/20 дугаартай О.От байрны урьдчилгаа төлбөр олгох тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2020.02.07-ны өдрийн САС008298 дугаартай Бэлэн мөнгөний зарлагын баримт зэрэг нотлох баримтуудыг хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлж, эдгээр нь хэрэгт авагдсан

Нэхэмжлэгч талаас хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтыг хариуцагчийн хүсэлтээр ХААН банканд гаргаж өгөх зорилгоор нэг хувь үйлдсэн гэж тайлбарладаг боловч энэ нь үндэслэлгүй болохыг анхан шатны шүүх анхаараагүй, нотлох баримтуудыг үнэлээгүй, дүгнэлт хийгээгүй, шийдвэртээ энэ талаар дурдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан болон мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасныг тус тус зөрчсөн.

Тухайлбал:

А. Нэхэмжлэгчийн 2019.10.04-ний өдрийн 19/180 дугаартай албан бичиг нь хариуцагчид ипотекийн орон сууцны зээл авахад нэхэмжлэгчээс тодорхой дэмжлэг үзүүлэхийг зөвшөөрсөн, хүсэл зоригоо илэрхийлжээ.

Нэхэмжлэгч тал хариуцагчид өмнө урамшуулал олгох, дэмжлэг үзүүлэхийг амдаж байсан нь уг баримтаар нотлогдож байхад анхан шатны шүүх уг үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй.

Нэхэмжлэгчийн компанийн дотоод журмын 6.7-д заасны дагуу уг албан бичгийн хоёр хувь үйлдэж, өөрт нэг хувийг хадгалах журамтай /хх-128х/ байгаагаас нэг хувь үйлдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

Б. Нэхэмжлэгчийн 2020.02.04-ний өдрийн 28/20 дугаартай албан бичиг нь нэхэмжлэгчээс өмнөх 2019.10.04-ний өдрийн 19/180 дугаартай албан бичигт дурдсан хүсэл зоригийн илэрхийллээ дахин нотолсон баримт мөн бөгөөд нэг хувь үйлдэгдэх шалтгаан нөхцөлгүй, хүчин төгөлдөр баримт юм.

В. З ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2020.02.04-ний өдрийн а/04/20 дугаартай шийдвэр нь нэхэмжлэгчийн хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр шийдвэр.

Энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчийн Компанийн дүрмийн 2.5, компанийн дотоод журмын 13.9-д заасантай тус тус нийцсэн, хууль ёсны шийдвэр гэж үзнэ.

Г. Нэхэмжлэгч нь 2020.02.07-ны өдрийн САС008298 дугаартай Бэлэн мөнгөний зарлагын баримт-ыг үйлдэж хариуцагчид өгсөн зэрэг хэргийн материалд авагдсан дээрх нотлох баримтууд нь бие даасан үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болох З ХХК-ийн эрх бүхий этгээдийн гаргасан хүчин төгөлдөр шийдвэр, хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

1.2. Шүүхийн шийдвэрийн 4.5-4.9-т дурдсан үндэслэлд:

...гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, хэт нэг талыг барьсан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Тухайлбал, анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан өргөдөл, буцаан төлбөр төлсөн гүйлгээ, төлбөр төлөхдөө зээл төлөлт гэж бичсэн үйл баримтад үндэслэн Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.2-1 зааснаар хариуцагчийн хүсэл зориг илэрхийлэгдсэн гэж дүгнэхдээ нэхэмжлэгчийн 2019.10.04-ний өдрийн 19/180 дугаартай албан бичиг, 2020.02.04-ний өдрийн 28/20 дугаартай албан бичиг, 2020.02.04-ний өдрийн а/04/20 дугаартай О.От байрны урьдчилгаа төлбөр олгох тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2020.02.07-ны өдрийн САС008298 дугаартай Бэлэн мөнгөний зарлагын баримт зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг ямар байдлаар үгүйсгэж байгааг шийдвэртээ дурдаагүй, орхигдуулсан нь шүүхийн шийдвэр учир дутагдалтай, нэг талыг хэт барьсан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

...Түүнчлэн анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар буруу дүгнэсэн. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхдээ зээлийн гэрээний талууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаан дахь ажил олгогч, ажилтан байгаа талаар, захирах, захирагдах үүргийн харилцаатай талуудын хувьд иргэний эрх зүйн тэгш эрх, гэрээ байгуулах чөлөөт байдал хангагдсан эсэх, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн гэж үзэх ямар үндэслэл тогтоогдож байгаа талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнээгүй.

О.Оийн гаргасан өргөдөлд ... Дээрх мөнгийг 6 сарын хугацаанд хуваан төлөх хүсэлтийг минь хүлээн авч тус болно уу ... гэсэн 6 сарын хугацаанд уг мөнгийг буцаан төлөх боломжтой эсэхийг шүүх нягталж шалгаагүй.

...Дээр дурдсан үндэслэлүүдээр ...зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээ хүчин төгөлдөр байна. гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл болно.

...Хариуцагч 2020 оны 10 сараас жирэмсний амралтаа авсан бөгөөд жирэмсний амралтын чөлөөтэй байх үед 2020.11,07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021.01,30-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тал хүчээр хариуцагчийн жирэмсний амралтын тэтгэмжээс суутган авсан ба ажилдаа буцаж орж ажилласан 2022.09.15-11.10-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны цалингаас мөн л 2,718.809.52 төгрөгийг хариуцагчид өгөөгүй суутган авсныг нэхэмжлэгчээс давуу байдлаа ашиглан хариуцагчид үзүүлсэн дарамт гэж үзэхээс өөр аргагүй.

Ажилтны цалингаас зөвшөөрөлгүй суутгал хийсэн нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан Хуульд заасны дагуу ажилтны цалин хөлснөөс суутгал хийх тохиолдолд ажилтанд урьдчилан мэдэгдэн гэснийг шууд зөрчсөн байхад шүүх үүнийг анхаарч үзэлгүйгээр ... Шахалт дарамтаас аргагүй байдалд орж буцаан төлсөн гэх тайлбар нь баримтаар тогтоогдоогүй болно." гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болно.

1.3. Шүүхийн шийдвэрт 4.10-4.13 -т дурдсан үндэслэлд:

...гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан, хэрэгт цугларсан нотлох баримтыг нягтлан үзээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлгүй гарсан.

Нэхэмжлэгч нь 2022.09.15-ны өдрийн Б/149 дугаартай О.Оийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусгавар болгох тухай гэсэн тушаал /хх.66/-ыг хариуцагчид огт танилцуулж байгаагүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд 2023.06.19-ний өдөр нотлох баримт гаргуулах хүсэлт /хх-29/ гаргасны дагуу шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтаас уг тушаалын талаар хариуцагч анх мэдсэн ба тушаалд 2. О.Оийн сарын цалин 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр тооцож олгохыг Санхүүгийн алба /Э.Оюунбилэг/-д зөвшөөрсүгэй. гэсэн байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д Талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж болно гэж заасныг зөрчсөн.

Мөн шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт болох 2022.10.14-ний өдрийн Б/174-2 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал /хх-68/-тай танилцахад 1.Борлуулалтын шинжээч албан тушаалтай О.О нь хөдөлмөр эрхлэлтийн гэрээг цуцлах тухай хүсэлт гаргасан тул 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөр үүрэгт тасалбар болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсугай. гэсэн байх боловч хариуцагчид энэ талаар огт мэдэгдээгүй, шууд удирдлагаас өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу ажилтан нь О.О нь 2022.11.10-ны өдрийг хүртэл ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийж, 10-ны өдөр ажил хүлээлцэх комисст ажлаа хүлээлгэн өгсөн /хх-69/.

Нэхэмжлэгчээс хариуцагчид дээрх тушаалыг огт танилцуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д заасныг зөрчсөн.

Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч тал ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг хариуцагчид өгөөгүй, ажилласан хугацааны ажлын 40 хоногийн цалинг дутуу бодож, үлдэгдэл 2,718,809 төгрөгийг хариуцагчид олгоогүй болохыг шүүх анхаараагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй.

Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн цалингийн хүснэгт гэсэн 2 нүүр баримт /хх-79-80х/-д хариуцагчийн цалинг 1,400,000 төгрөг гэж бичсэн байгаа нь 2019.04.10-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд заасан 1,900,000 төгрөгийн цалинг ажилтны зөвшөөрөлгүйгээр үндэслэлгүйгээр бууруулсан байх бөгөөд тухайн цалингийн хүснэгт-д дурдсан тооцсон цалин гэсэн баганад 333,333.33 төгрөг, авлага гэсэн баганад (277,725) гэж тус тус бичсэн нь ямар үндэслэлтэй болох нь ойлгомжгүй, зөвхөн нэхэмжлэгчийн өөрийн дур зоргоороо бичиж, ажилтны цалин хөлсийг хууль зүйн үндэслэлгүй бууруулах, суутган тооцсон зэрэг нотлох баримтыг анхан шатны шүүх нягтлан шалгалгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргасан нь буруу.

Үүнд ... 4.10. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар хариуцагч О.О нь нийт 9,782,275 төгрөгийг нэхэмжлэгч З ХХК-д буцаан төлсөн болох нь тогтоогдож байх тул гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэснийг зөрчсөн.

Дээрх 2 тушаалыг хуульд заасны дагуу хариуцагчид өмнө танилцуулаагүй, хуулийн дагуу өгөөгүйгээс хариуцагч гомдол гаргах боломжгүй, мэдээгүй, дээрх тушаалуудыг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ сүүлд нөхөж гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн дээрх тушаал шийдвэрүүд, цалин хөлстэй холбоотой нотлох баримтын талаар хуульд хэрхэн нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт хийгээгүй, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага. Хууль зүйн үндэслэлийг анхаараагүй, хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

2.1. ...Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах татгалзлаа нотлох, шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024.07.02-ны өдөр нэхэмжлэгчийн компанийн 2018-2022 оны борлуулалтын тайлан-г нотлох баримтаар гаргуулж, хэргийн материалд хавсаргуулах хүсэлтийг гаргасан.

Шүүх хариуцагч талын гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь хариуцагчийн ажлын үр дүнгийн талаар маргахгүй гэж тайлбарлаж байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэж байна гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 38 дугаар зүйлийн 38.3, 38.8-д заасныг тус тус зөрчсөн.

Нэхэмжлэлд дурдсан маргааны гол зүйл болох нэхэмжлэгчээс хариуцагчид зээл эсвэл урамшуулал болгон 17,000,000 төгрөг шилжүүлэх болсон үндсэн шалтгаан нь хариуцагчийн 2020.02.03-ны гаргасан өргөдөл бус, харин ажилтан О.Оийн 2018-2020 онуудад З ХХК-нд ажиллаж байхдаа оруулсан хөдөлмөрийн үнэ цэнийг тус компани өндрөөр үнэлж шийдвэр гаргасан болохыг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээгүй.

Иймээс нэхэмжлэгчээс гаргуулахыг хүссэн дээрх нотлох баримт хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан.

2.2. Хариуцагч нь 2024.07.02-ны өдөр шүүхэд Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авсан боловч шүүх ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлтэй танилцах хуульд заасан хугацаа авахгүй, хуралдааны явцад тайлбар. татгалзлаа хэлээд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төлбөр, үүрэгтэй харилцан тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлтэй танилцаад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүх үүнийг нягтлан шалгаагүйгээс шүүх учир дутагдалтай дүгнэлт (4.12-4.13) хийж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 72 дугаар зүйлийн 72.2-т заасныг тус тус зөрчсөн.

Хариуцагч нь өөрийн цалин хөлсний талаарх эрх зөрчигдсөнийг дээр дурдсанаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх шатанд цугларсан баримтаас олж мэдсэн байхад нэхэмжлэгчээс хариуцагчид олгоогүй цалин 2,718,809.52 төгрөг, хуульд заасан цалингийн алдангид 1,359,405 төгрөг, нийт цалингийн үлдэгдэл 4,078,214 төгрөгтэй холбоотой гомдлыг хуульд заасан хугацааны дотор гаргаагүй гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр учир дутагдалтай гарсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 болон 154.2.2-т заасан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Дээр дурдсанаар нэг талд хариуцагчийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл ноцтой зөрчигдөж, ажилтан цалин хөлсөөрөө илтэд хохирсон байхад нөгөө талд нэхэмжлэгч нь өөрийн давуу байдлаа ашиглан хууль зөрчин, хууль зүйн үндэслэлгүйгээр хөрөнгөжих хууль бус үр дагаврыг анхан шатны шүүхийн шийдвэрээр үүсгэхээр байгааг давж заалдах шатны шүүхээс анхааран үзэж, сайтар нягтлан, хуулийн хугацаа өнгөрөөгүй болохыг үнэн зөвөөр залруулж өгөхийг хүсье.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/02931 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн маргааны гол үйл баримт болох 2020 оны авлагын тооцоо үүсгэв гэх баримтыг нэхэмжлэгч тал хоёр хувь үйлдсэн бөгөөд нэг баримтыг О.От өгсөн 088298 бэлэн мөнгөний буцалтгүй тусламж гэх баримтаас болж маргаагүй. Хаан банканд хүргүүлсэн албан бичгүүдийг харахад хариуцагчийн дурдсанаар манайхаас дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн ипотекийн 8 хувийн зээлийг судалж өгнө үү гэх агуулгатай албан бичгүүдийг хүргүүлсэн. Учир нь манайхаар буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх байдлаар Хаан банканд хүргүүлсэн нь хариуцагчийн өөрийнхөн хүсэлт юм. Энэ нь ипотекийн зээлийн урьдчилгаа өр авлагын харьцаа 45 хувиас хэтэрч болохгүй учраас зээл гэх байдлаар албан бичгээр хүргүүлбэл хариуцагчийн хүсдэг ипотекийн зээл хангагдах боломжгүй, ийм учраас манайхаас буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлж шийдвэрлэсэн гэх агуулгаар Хаан банканд хүргүүлсэн. Хариуцагч хүсэлтийг 2020 оны 02 дугаар сарын 03-ний өдөр гаргасан. Манайхаас хүсэлтийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бэлэн мөнгө байдлаар зээлийг олгосон. Зээл олгоход 6 сарын хугацаа гэдийг хариуцагч өөрөө гаргасан. Хариуцагчийн сайн дурын үндсэнд зээл төлөв гэх утгатай, өөрийн данснаас 8 удаагийн гүйлгээ хийсэн. Зээлийн хугацаа нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаанд хувааж төлсөн. Үүнд нэхэмжлэгч талаас ямар нэгэн хариу гаргаагүй. Зээлийн гэрээ гэх үндэслэл нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасны дагуу зээл бодитой олгогдсон үүнд талууд маргадаггүй. Мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүсэхэд нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу зээл олгон хувааж төлдөг. Хариуцагч үүнийг цалингаас нь суутгасан мэтээр тайлбарладаг 6,000,000 төгрөгийг хариуцагч өөрийн дансаар зээл төлөв 1,2,3,4, гэх агуулгаар 8 хүртэл дугаарласан гүйлгээний утгатай төлөлт хийсэн байдаг. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтыг эргэлзээгүй байдлаар дүгнэсэн. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад зээл төлсөн 9,500,000 төгрөгийг буцааж нэхэмжилсэн. Зээлийн төлбөрт төлсөн төлбөрийг буцааж төлөх боломжгүйг анхан шатны шүүх хуралд би тайлбарласан. Манай байгууллагаас хариуцагчтай хөдөлмөрийг гэрээ байгуулахад дарамт шахалт үүсгэн байнга дарамталсан зүйл байхгүй. Хариуцагч өөрийн хүсэлтээр 2020 оны 10 дугаар сарын 07 өдөр хүсэлт гаргасныг мөн оны 10 дугаар сарын 14-ний өдөр гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Цалингийн үлдэгдэл 4,000,000 төгрөг гэх агуулгыг ярьдаг ч цалингийн үлдэгдэл байхгүй бөгөөд хариуцагч үүнтэй холбоотой бичгээр мэдэгдэх болон цалин аваагүй үүнийг өг гэх асуудал байхгүй. Шүүх хурал болсон 2024 оны 07 дугаар сарын 02-ний өдөр нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд үндсэн цалин аваагүй гэх тайлбар өгдөг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч О.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,217,725 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, урамшуулал, дутуу олгосон цалин хөлс, алдангид 13,578,214 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. З ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр О.От 17,000,000 төгрөгийг авлагын тооцоо үүсгэв 6 сарын хугацаатай гэсэн утгатай бэлэн мөнгөний зарлагын баримтаар хүлээлгэн өгчээ.

 

Хэдийгээр хариуцагч О.О нь дээрх 17,000,000 төгрөгийг авсан талаар тайлбарласан боловч үүнийг зээл биш, харин ажил олгогч З ХХК нь түүнд сайн ажилласан тул шагнал урамшуулал гэж өгсөн гэсэн тайлбарыг нь үндэслэлгүй хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж зааснаар ажил олгогч нь ажилтанд үндсэн цалингаас гадна шагнал урамшуулал олгож болох хэдий ч энэ нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болохын хувьд гэрээгээр тохирсон байх, аль эсхүл тодорхой байх учиртай.

 

Хэрэгт З ХХК-аас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 17,000,000 төгрөгийг О.От буцалтгүй тусламж гэсэн утгаар олгосон өөр баримт байх тул Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж зааснаар эдгээр нотлох баримтыг бусад баримттай харьцуулан шинжлэн судалж, талуудын жинхэнэ хүсэл зоригийг тодорхойлно.

 

3.2. О.О нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр З ХХК-д хандаж ипотекийн зээл авахад урьдчилгаа төлбөр шаардлагатай байна гэсэн үндэслэлээр 17,000,000 төгрөгийг 6 /зургаа/-н сарын хугацаанд хувааж төлөх нөхцөлтэй тус компаниас авах хүсэлт гаргажээ.

 

Мөн З ХХК-аас 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хаан банк ХК-д хүргүүлсэн албан бичигт дурдсанаар тус компани ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд О.От 17,000,000 төгрөгийг тодорхой нөхцөлтэйгөөр олгож байгаагаа илэрхийлсэн байна.

 

Үүнээс үзвэл З ХХК нь О.От тус 17,000,000 төгрөгийг буцалтгүй тусламж буюу цалин урамшуулал хэлбэрээр өгсөн гэж шууд дүгнэх боломжгүй байна.

 

3.3. Түүнчлэн О.О нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд түүний жирэмсний амралтын олговроос суутгасан 2,000,000 төгрөгийг оролцуулахгүйгээр 8 удаагийн үйлдлээр 7,500,000 төгрөгийг З ХХК-д буцаан төлжээ.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасан.

 

Иймд, хариуцагч О.О нь нэхэмжлэгч З ХХК-аас 17,000,000 төгрөг зээлсэн гэдгээ өөрийн үйлдлээр зээлийг төлж хүлээн зөвшөөрсөн байх тул анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна.

 

4. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан. Талуудын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч О.О нь өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч З ХХК-д 9,782,275 төгрөгийг төлж, үлдэх 7,217,725 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон тул үүнийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөхгүй.

 

Хариуцагч нь жирэмсний амралтын олговроос суутгасан 2,000,000 төгрөгөөс бусад 7,782,275 төгрөгийг өөрийн сайн дурын хүсэл зоригийн дагуу төлөөгүй гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гээд 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч О.О нь дутуу олгосон цалин хөлсний талаар 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, комисс байхгүй бол сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд, хэрэв гурван талт хороо байхгүй тохиолдолд шүүхэд гомдол гаргах ёстой.

 

З ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр О.Отэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, борлуулалтын шинжээчийн ажил, албан тушаалд томилж, түүний сарын үндсэн цалин хөлсийг 1,800,000 төгрөгөөр тохирсон бөгөөд хожим 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр урамшуулалт цалин нэмэгдэж 1,900,000 төгрөг болгосон байна.

 

Зохигчид хөдөлмөрийн гэрээ нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр цуцлагдсан болон О.О нь ажил үүргээ мөн оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар маргаагүй ба З ХХК нь түүнд 2022 оны 09 дүгээр сард 575,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сард 280,000 төгрөгийн цалин хөлс олгожээ.

 

6. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд уг хугацааг эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолдог журамтай.

 

Нэгэнт хариуцагч О.От дээр дурдсанаар нэхэмжлэгч З ХХК-аас 2022 оны 9, 10, 11 дүгээр сард цалин хөлс дутуу олгосон байхад түүний энэ талаар мэдээгүй гэсэн тайлбар үндэслэлгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Иймд, анхан шатны шүүх хариуцагчийг хуулиар тогтоосон гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/02931 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,282 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

 

Б.МАНДАЛБАЯР