| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/05890/И |
| Дугаар | 5279 |
| Огноо | 2016-07-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 5279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 2695456 регистрийн дугаартай, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, СББ трейд ХХК өөрийн байранд оршин байх “СББ трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ЦВ71032523 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, 57-13 тоотод оршин суух, /иргэний үнэмлэхийн хаяг: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 16-36 тоот/, Боржигон овогт Чулуунхүүгийн Уранбилэгт холбогдох,
Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 24.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг, Ч.Уранбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани нь Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Toredo cafe-ны эзэн Ч.Уранбилэгийн хүсэлтийн дагуу 2015 ны 3 дугаар сарын 01-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрсдийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн юм. Ч.Уранбилэг нь зээлсэн бүтээгдэхүүний төлбөр 16.000.000 төгрөгийг график гарган дөрвөн сарын хугацаанд төлөх хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан боловч үүргээ биелүүлээгүй юм. Иймд хариуцагч Ч.Уранбилэгийн зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөр 16.000.000 төгрөг, гэрээний алданги 8.000.000 төгрөг нийт 24.000.000 төгрөг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие “СББ трейд” ХХК-иас зээлээр авсан бараа бүтээгдэхүүний үнэ 16.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Эдийн засгийн хямралтай холбоотойгоор үйл ажиллагаа явуулж чадахгүй хаалгаа барьсан намайг олон жил хамтран ажилласныг бодоод алдангиас чөлөөлж өгөхийг хүсэж байна. Алдангийг төлөх ямар ч боломжгүй байна гэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “СББ трейд” ХХК нь хариуцагч Ч.Уранбилэгт холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 24.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зээлээр авсан бараа бүтээгдэхүүний үнэ болох 16.000.000 төгрөгийг зөвшөөрч, алданги болох 8.000.000 төгрөгийг төлөх санхүүгийн боломж байхгүй тул зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
Зохигчдын хооронд 2015 оны 3 дугаар сарын 01-ны өдөр “зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээгээр худалдагч “СББ трейд” ХХК нь гэрээнд заасан бүтээгдэхүүнийг худалдан авагч талын өмчлөх, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх, худалдан авагч Ч.Уранбилэг нь бүтээгдэхүүний төлбөрийг заасан хугацаанд төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлээр худалдах-худалдан авах гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 6-7 дугаар тал/
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагджээ.
Дээрх гэрээний дагуу худалдагч “СББ трейд” ХХК нь бараа бүтээгдэхүүнийг худалдан авагч Ч.Уранбилэгт шилжүүлсэн байх бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 16.000.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үнийг хариуцагч төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, тооцоо нийлсэн актаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч “СББ трейд” ХХК нь хүлээлгэн өгсөн бараа бүтээгдэхүүний үнийг шаардах эрхтэй байна./хх-ийн 8 дугаар тал/
Зохигчдын хооронд байгуудсан гэрээний 6.4-т “худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг төлөх үүрэгтэй” гэж тохиролцжээ.
Нэхэмжлэгч “СББ трейд” ХХК нь 2015 оны 11 дүгээр сараас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд алдангийг тооцож 8.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлахад хариуцагч нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан бараа бүтээгдэхүүний үнэ болох 16.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр 4.000.000 төгрөгөөр 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулах хүсэлтийг гаргаж, түүний хүсэлтийг нэхэмжлэгч хүлээн авч төлбөр төлөх хугацаа олгосон үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг 4 сарын хугацаагаар буюу 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул уг өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл буюу 52 хоногын хугацаанд алдангийг тооцож, алданги 2.496.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Ч.Уранбилэгээс 18.496.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “СББ трейд” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5.504.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Уранбилэгээс 18.496.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “СББ трейд” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.504.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Уранбилэгээс 250.130 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “СББ трейд” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ