Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 207/ма2024/00050

 

 

 

 

2024    05        20                                         207/МА2024/00050

       

 

    С.Ж нэхэмжлэлтэй, хариуцагч

   Н.Б холбогдох иргэний

хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, шүүгч Б.О, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн *** дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2024/00436 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.Ж нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Б холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2.697.880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Б ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ж, хариуцагч Н.Б, нарийн бичгийн дарга П.П нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос миний эсрэг нэхэмжлэх гаргахдаа Б.Э гарын үсэг бүхий мөнгөн дүнг ирүүлж Н.Б гарын үсэг бүхий хэсгийг хасаж хуурамч актыг ирүүлсэн болно. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралд Б.Э мэдүүлэг өгөхдөө би С.Ж гэдэг хүнээс 15.000.000 төгрөг зээлсэн юм. Би өөрийнхөө худалдаа хөгжлийн 466001544 дансаараа түүнээс 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөг зээлсэн. Тухайн үед би ажлаасаа халагдсан байсан үе юм. Миний хувьд одоо тус зээлсэн мөнгөнөөсөө барагдуулж эхлээгүй байгаа. 130600150881 дугаартай данс хүлээлцсэн тэмдэглэл дээр Б.Э ээс эргэн төлөх 17.152.040,54 төгрөг гэж бичээд гарын үсэг зурсан нь үнэн. Энэ миний гарын үсэг мөн байна. Миний хувьд Үйлдвэрчний эвлэлийн хороонд ямар ч өр төлбөр байхгүй. С.Ж гэдэг хувь хүнд 15.000.000 төгрөгийн өр байгаа гэж мэдүүлсэн. /Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дугаар тал/ Н.Б нь мөнгө зээлснээ мэдэхгүй гэж мэдүүлсэн боловч хурлын дараа надаас уучлал гуйж намайг үнэнээ хэлбэл ажлаас хална гэсэн юм. Ээлжийн амралтаа авахдаа мөнгийг төлнө гэсэн боловч одоо болтол төлөөгүй байна. Дээрх процессыг сонссон хамт ажилладаг хүмүүс зэмлэхэд дээрх үгийг хэлсэн байдаг. Эрсдлийн сангийн хугацаагүй хадгаламжийн Төрийн банк дахь *********** тоот дансыг анх 2008 онд Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Б.А нээж 2012 онд сонгогдсон Л.Г ажил авахдаа өөрийн нэр дээр шилжүүлж, 2016 онд намайг ажил авахад нягтлан бодогч Ч.П, Б.Э нар санхүү хүлээлцэхдээ С.Ж миний нэр дээр уламжлал болгон шилжүүлсэн байдаг. Энэ дансыг миний бие 45.168.000 төгрөгтэй хүлээн авч 25.174.460,34 төгрөгтэй хүлээлгэн өгсөн. Энэ сангийн хөрөнгө Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд зарцуулагдсан гэж шинжээч дүгнэсэн бөгөөд уламжлагдаж ирснийг тогтоосон юм. Данс миний нэр дээр байсан учир Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 2023/ШУТ/ҮЭ тоот тогтоолоор С.Ж нь Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн Үйлдвэрчний хорооны даргаар ажиллах шатны бичиг баримтгүй гаргасан 14.354.000 төгрөг нийт 55.001.700 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Миний бие 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр өөрийн хаан банкны ************ дансанд дээрх хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд төлсөн 55,001,700 төгрөгийн төлбөрт Б.Э төлөх ёстой 17.152.040 төгрөг, Н.Б 2.697.880 төгрөг төлөгдсөн юм. Иймд Б.Э ээс 17.152.040 төгрөг, Н.Б оос 2.697.880 төгрөг нийт 19.849.920 төгрөгийг гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү. Тушаасан мөнгө, хүүгийн талаар Н.Б мэдэж байсан. Шүүхэд тайлбар өгөхдөө ингээд худлаа яриад байдаг. Миний нүүрийг харахаас санаа зовж байгаа болохоор товлогдсон шүүх хурлуудад ирэхгүй байгаа байх гэж бодож байна. Н.Б нь Б.Э гараар бичиж өгсөн шиг баримтыг Н.Б мөн бичиж өгч байсан, тэр бичсэн хэсгийг Эрдэнэтийн ДЦС-ын Үйлдвэрчний эвлэлийн хороо надад өгөхгүй байгаа. Б.Э, Н.Б нарын зээлсэн мөнгийг хүүгийн хамт нийлүүлээд 19.849.920 төгрөгийг 13060107881 гэсэн эв нэгдлийн данснаас Төрийн банкны зээлийн данс руу 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр бэлэн бусаар зээл төлөв гэсэн утгатай шилжүүлсэн. Тэдэнд зээлийг хамтад нь авч өгсөн. Хэрвээ зээлсэн мөнгө нь хадгаламжийн дансанд байршиж байсан бол хүү ямар хэмжээтэй байх байсан талаар хэлээд хүүг нь бодож өгч байсан. Би тэдэнд хадгаламж барьцаалж зээл авч өгч байна гэж хэлсэн. Би хувиасаа өгсөн бол хяналтын зөвлөлийн даргаас асууж зөвлөлдөхгүй шүү дээ. Би Н.Б авсан зээлийг хувиасаа төлсөн. Миний нэхэмжилсэн 2.697.880 төгрөгийг Н.Б оос гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарагсан С.Ж нэхэмжлэлтэй танилцлаа. Иргэн С.Ж иргэн Н.Б надаас 2,697,880 төгрөг нэхэмжлэж хариуцагчаар татсан байна. Би С.Ж аас 2,697,880 төгрөг аваагүй болно. Иймд С.Ж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2024/00349 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Б оос 2.697.880 /хоёр сая зургаан зуун ерэн долоон мянга найман зуун ная/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ж т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.Ж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58.116 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б оос улсын тэмдэгтийн хураамжид 58.116 /тавин найман мянга нэг зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Жт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

С.Ж нэхэмжлэлтэй иргэн Н.Б миний бие Орхон Аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2024/00436 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Хэрэг хянан шийдвэр ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дүгээр зүйлд хэргийн нотлох баримтын талаар зохицуулсан байх бөгөөд учруулсан бодит гэм хорыг нотлох баримтыг тус хэрэгт хавсрагдаагүй байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дэх хэсэгт “Нотлох баримтыгтухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасан байх бөгөөд бодит гэм хорыг учруулсан эд мөрийн нотлох баримтаар иргэн С. Жамъянжавт учруулсан гэм хорыг нотлох баримтыг хэрэгт хавсрагдаагүй боловч шүүх хуралдааны явцад “Нотлох баримтыг шинжлэн судалсан байдал” шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдээгүй ямарч нотлох баримт байхгүй болно. С.Ж шүүхэд гаргасан тэмдэглэлийн дэвтрээс урж хавсаргасан гар бичмэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн журмыг хэрэгжүүлээгүй бөгөөд нотлох баримтын бүрдүүлбэрт багтсан эд мөрийн баримт байхгүй, шүүх хуралдааны үеэр тодруулж асуугаагүй, шүүх хуралдааны тэмдэглэл дээр тусгагдаагүй, зөвхөн С.Ж ам мэдүүлэгээр иргэн Н.Б намайг гэм бууруутайд тооцож шийдвэрлэсэн байна. Иймд Орхон Аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2024/00436 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож үндсэн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Ж нь хариуцагч Н.Б холбогдуулан зээлийн гэрэээний үүрэгт 2.697.880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.  

Шүүх хэргийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1., 493 дугаар зүйлийн 493.1.-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Боос 2.697.880 /хоёр сая зургаан зуун ерэн долоон мянга найман зуун ная/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Жт олгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч С.Ж 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар томилогдон ажиллаж эхэлсэн байх ба тус хорооны гишүүдийн татварын орлогыг хуримтлуулдаг Эв нэгдлийн сан гэсэн нэртэй Төрийн банк дахь ***********  дугаар хадгаламжийн дансыг уламжлал болгон ирсний дагуу С.Ж нэр дээр тус хадгаламжид байсан 45.168.000 төгрөгийн хамт шилжүүлэн өгчээ.

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг томилох, чөлөөлөх тухай тогтоолоор нэхэмжлэгч С.Жыг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тус хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлж Төрийн банкин дахь дээрх хадгаламжийн дансыг 25.174.460.34 төгрөгийн үлдэгдэлтэй буцаан хүлээн авсан байна.

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны хяналтын зөвлөлөөс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд тус хорооны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр ...Анх төвлөрүүлсэн 45.168.000 төгрөгийн хүүгийн орлогыг 2016 оны 11 дүгээр 09-ний өдрөөс нэмэгдүүлэн тооцож Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь заалтын дагуу хүүгийн орлогын 10 хувийн татварыг хасаад 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар тооцоход 76.743.869.09 төгрөг болж өсөхөөр байжээ. Гэвч тус данснаас орсон гарсан дүнг тооцож, хүлээлгэн өгсөн 25.174.460.34 төгрөгийг хасахад зөрүү дүн 40.647.737.31 төгрөгийн дутагдалтай байна. Иймд энэ хөрөнгийг тус санд буцаан байршуулж, гишүүдийг хохиролгүй болгох... талаар дүгнэжээ.

Орхон аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгаас нэхэмжлэгч С.Ж ыг “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж түүнд итгэмжлэн хариуцуулсан үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн татварын мөнгөнөөс завшиж, хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан шалгасан байх ба мөрдөгчийн тогтоолоор шинжээчээр томилогдсон Бэйкер тилли далайван аудит ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/02-03 дугаартай Шинжээчийн дүгнэлт гаргасан тухай албан бичгээр ирүүлсэн Шинжээчийн дүгнэлтэд ...С.Ж нь өөрийн нэр дээрх Эв нэгдлийн сангийн мөнгөнөөс 21,409,300 төгрөгийг зээл бэлэн бусаар төлсөн гэж гаргасан нь нягтлан бодогч Эрдэнэцэцэг /17,000,000 төгрөг/, хяналтын зөвлөлийн гишүүн Б /3,000,000 төгрөг/ нарт Эв нэгдлийн сангийн мөнгийг барьцаалан авч өгсөн зээл төлөгдөөгүй учраас уг данснаас татаж авсан гэж тайлбарласан боловч, нягтлан бодогч Эрдэнэцэцэг, хяналтын зөвлөлийн гишүүн Б нарт өгсөн нотлох баримт бидэнд ирүүлээгүй учир бид уг мөнгийг С.Ж нэр дээр тооцож байна. Шинжээчийн ажлыг хийх явцад Эв нэгдлийн сангийн 40,647,700 төгрөг, тушаал шийдвэргүй болон анхан шатны баримтгүй гаргасан 14,354,000 төгрөг, нийт 55,001,700 төгрөгийн тооцоотой болохыг тогтоосон байх ба Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Ж ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, тус шүүх 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж 2023/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолоор С.Ж ыг гэм буруутайд тооцон торгох ялаар шийтгэгдсэн байх бөгөөд нь тэрээр уг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 55.001.700 төгрөгийн хохирлыг хохирогчоор тогтоогдсон Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд бүрэн төлсөн байна.  

Нэхэмжлэгч С.Ж нь Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа тус хорооны гишүүдийн татварыг хуримтлуулдаг хадгаламжийн мөнгийг барьцаалан Төрийн банкнаас зээл авч, 2019 оны 09 сард хариуцагч Н.Б 2.000.000 төгрөгийг зээлдүүлсэн, уг зээл 2.000.000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар бодогдсон хүүгийн хамт нийт 2.697.880 төгрөгийг Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хорооны Эв нэгдлийн сангийн *********** дугаар  дансанд хадгалагдаж байсан хадгаламжийн мөнгөнөөс банкинд буцаан төлсөн байх ба нэхэмжлэгч С.Ж нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2.697.880 төгрөгийг Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хороонд төлж барагдуулжээ.

Хариуцагч Н.Б “...шийдвэрийг хүчингүй болгож үндсэн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч гэрч  Б.Э шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгч С.Ж нэхэмжлэл, шүүхэд гаргасан тайлбар, тэмдэглэлийн дэвтэрт ...Н.Б 2.697.880 төгрөг, Эрдэнэцэцэг 17.152.040,54 төгрөг, нийт 19.849.920,54 төгрөг... төлөх талаар бичсэн бичвэр болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хариуцагч Н.Б нь нэхэмжлэгч С.Ж аас 2.000.000 төгрөгийн зээл авсан болох нь тогтоогдож байна.

Харин зохигчдын хооронд зээлийн хүү төлөх талаар гэрээ бичгээр байгуулагдаагүй, хадгаламжийн дансанд байршуулсан төгрөгөөс хүү тооцож нэхэмжлэх үндэслэлгүй байх тул зээлийн хүү болох 697.880 төгрөгийг хасч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Н.Б давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58.116 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2024/00436 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1., 493 дугаар зүйлийн 493.1.-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Боос 2.697.880 /хоёр сая зургаан зуун ерэн долоон мянга найман зуун ная/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ж т олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3.-т зааснаар хариуцагч Н.Б оос 2.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Жт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 697.880 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг “...Н.Б оос 58.116 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Жт олгосугай” гэснийг “...Н.Б оос 46.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Жт олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Н.Б давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58.116 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.У

 

                                                              ШҮҮГЧ                               Б.О

 

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.Б