Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 207/ма2024/00055

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 207/МА2024/00055

 

Н.Отгонзулын нэхэмжлэлтэй Ж.Дунгармаад

Холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2023/01665 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Отгонзулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Дунгармаад холбогдох,

Ү-2101009476 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хороолол, 13 дугаар байрны 53 тоотод байрлах 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Отгонзулыг тогтоож өмчлөх эрхийн гэрчилгээг Н.Отгонзулд шилжүүлэн өгөхийг Ж.Дунгармаад даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Н.Отгонзул, Ж.Дунгармаа нарын хооронд байгуулсан 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 0766 дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг гэрээнээс Н.Отгонзул татгалзсаныг баталж, Н.Отгонзулын хууль бус эзэмшлээс Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг 3-13-53 тоот нэг өрөө орон сууцыг чөлөөлж, Н.Отгонзулаас түрээсийн төлбөрт 2,050,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Сангичимаа, хариуцагч Ж.Дунгармаа нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Сангичимаа, М.Мэндбаяр, хариуцагч Ж.Дунгармаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баасанжав, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Отгонзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Н.Отгонзул нь 2021 оны 06 дугаар сарын сүүлээр өөрийн танил М.Лхамсүрэнгээс урьдчилгаа мөнгө өгөөд хувь зээлээр 3-13-53 тоотод байрлах 1 өрөө байр зарах хүн байгаа гэж сонсоод улмаар М.Лхамсүрэн гуайтай хамт Ж.Дунгармаатай уулзсан юм. Гэтэл Ж.Дунгармаа нь өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян- Өндөр сумын Уурхайчин багийн 3-13-53 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг 55.000.000 төгрөгөөр худалдах хүсэлтэй байгаа тухай хэлсэн ба миний хувьд 20.000.000 төгрөг бэлэн байгаа тухай хэлэхэд, тэрээр Ж.Дунгармаа нь 20.000.000 төгрөгөө урьчилаад өгчих, үлдэгдэл мөнгийг 2 жилийн хугацаанд багтаагаад төлж болно гэсэн. Энэ яриа хэлцэл болж байх үед биднийг танилцуулсан М.Лхамсүрэн гуай хамт байсан бөгөөд сонсож байсан юм. Ийнхүү тохиролцоод урьдчилгаа 20.000.000 төгрөг шилжүүлсэнээс 2 хоногийн дараа Ж.Дунгармаа утсаар холбогддон 60.000.000 төгрөг болголоо гэж хэлсэн. Би М.Лхамсүрэн эгчтэй хамт дахин Ж.Дугармаатай уулзаж, ярилцсаны эцэст 58.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болж, 38.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаанд багтаан төлөхөөр болсон. 2021.07.02-ны өдөр түүний эзэмшлийн Хаан банкны 5094100248 дугаартай дансанд 20.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд 2021.07.07-ны өдөр Ж.Дунгармаатай уулзаж бид 2 харилцан тохирлцсоны дагуу бичгээр байр худалдан авах тухай хэлцэл" хийхээр болж Ж.Дунгармаа нь өөрийн гараар уг хэлцлийг бичсэн. Ингэхдээ уг хэлцлээр ....Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-13-53 тоот орон сууцыг нийт 58.000.000 төгрөгөөр худалдан авахаар болж үүний 20.000.000 төгрөгийг төлсөн, харин үлдэгдэл 38.000.000 төгрөгийг 2023.07 сард багтааж 2 жилийн хугацаанд төлөх үүргийг миний бие хүлээсэн. Ийнхүү харилцан тохиролцсоны дагуу миний бие тус орон сууцанд ээж, хүүхдүүдийн хамт өрх толгойлон амьдарч эхэлсэн, одоо ч энэ байрандаа амьдарч байна. Тус орон сууцанд анх нүүж ороход хун амьдрахааргүй байсан тул би 4.000.000 орчим төгрөгөөр засвар хийж нүүж орсон байдаг. Харин дээрх 2 жилийн хугацаанд миний бие байрны болон тогны үнийг төлж байхаар болсон юм. Мөн миний бие 2021 оны гаргаж өгөхөөр 2023.04 дүгээр сард харилцан тохиролцож улсын бүртгэл дээр өмчлөх эрхээ шилжүүлэх зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Ингээд миний бие тохиролцооны дагуу үлдэгдэл төлбөрөө төлөхөөр банкны зээл хөөцөлдөж эхэлсэн ба зээлээ банкнаас авах болоход Ж.Дунгармаа нь байрны үнээ нэмж байна 83 сая төгрөгөөр л зарна гэдэг зүйлийг ярьж эхэлсэн. Орон сууцны үнийг нэмнэ гэж ярьж эхэлсэнээс болж миний бие зээл ч авах боломжгүй, байраа ч шилжүүлэн авах боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна. Иймд Ж.Дунгармаатай бичгээр байгуулсан 2021.07.07-ны өдрийн "Байр худалдан авах тухай хэлцлийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хороолол, 13 дугаар байрны 53 тоот орон сууцыг 38.000.000 төгрөг төлсний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болохыг тогтоолгох, хэлцлээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.Отгонзул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:

Н.Отгонзулын нэхэмжлэлтэй, Ж.Дунгармаад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчээс 2023.04.13-ны өдөр олгосон 399 дугаартай итгэмжлэлийн дагуу түүнийг бүрэн төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус шүүхэд гаргасан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2021.07.07-ны өдрийн Байр худалдан авах тухай хэлцэл-ийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хороолол 13 дугаар байрны 53 тоот орон сууцыг 38.000.000 төгрөг төлсний үндсэн дээр өмчлөх эрхийг шижлүүлэн авах эрхтэй болохыг тогтоолгох, хэлцлээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх тухай шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Отгонзул нь талуудын хэлэлцэн тохиролцож байгуулсан хэлцэл, түүний үндсэн дээр орон сууцны нийт үнийг 63.000.000 төгрөгөөр тооцож хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн 2023.04.03-ны дрийн 0766 бүртгэлийн дугаартай "үл хөдлөх эд хөрөнгө худалдах, хүдалдан авах гэрээ"-г байгуулсан байдаг. Үүний дагуу худалдан авагч Н.Отгонзул нь орон сууцны үнийг бүрэн төлсөн тул үл хөдлөх хөрөнгийн Ү-2101009476 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хороолол, 13 дугаар байрны 53 тоотод байрлах 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгч болох боломжтой болсон. Иймээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Н.Отгонзул, Ж.Дунгармаа нарын хооронд 2021.07.07-ны өдрийн Байр худалдан авах тухай хэлцлийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хороолол, 13 дугаар байрны 53 тоот орон сууцыг 38.000.000 төгрөг төлсний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжлүүлэн авах эрхтэй болохыг тогтоолгох, хэлцлээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх" тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 106.1, 243 дугаар 243.1 -д тус тус зааснаар Ү-2101009476 улсын бүртгэлийн дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хороолол, 13 дугаар байрны 53 тоотод байрлах 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Отгонзулыг тогтоож өмчлөх эрхийн гэрчилгээг Н.Отгонзулд шилжүүлэн өгөхийг Ж.Дунгармаад даалгаж өгнө үү" гэж өөрчилж байна. Нэхэмжлэгчийн хувьд анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 70.200 төгрөг 2 удаа улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн бөгөөд уг өөрчилсөн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөгдсөн болно.

Хариуцагч Ж.Дунгармаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

М.Отгонзулын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Уурхайчин багийн 3-13-53 тоот миний өмчлөлийн орон сууцыг М.Лхамсүрэн гэдэг эмэгтэй хүүхдүүддээ хөлсөлж байсан. 2021 оны зуны эхэн сар байсан. М.Лхамсүрэн над дээр Отгонзул гэдэг эмэгтэйг дагуулж ирсэн. Энэ эмэгтэй төрөөд удаагүй байгаа юм, айлын байр түрээсэлж байсан чинь тухайн айл нь хөөгөөд түрээсийн байр олдохгүй байна гэнэ гээд уулзсан. Тухайн үед Н.Отгонзул гэгч нь би хөлсөлж сууна, та ер нь байраа зарах уу гэж байсан. Би байраа зарж магадгүй гэхэд, би таньд урьдчилгаа 20 сая төгрөг өгье. 2 жилийн дараа банкнаас зээл аваад 38 сая төгрөг өгье гэж гуйсан. Сар бүр 150.000 төгрөгийн түрээсийн төлбөр авна, харин өөрийн хэрэглэж буй ус дулаан цахилгаанаа Н.Отгонзул төлнө гэж тохирсон. 2021 оны 08-р сараас гэр бүлийн маань хүн хорт хавдар өвчин илэрч бид 2 олон шинжилгээ эмчилгээ гэж явж 2022.01.11-нд миний нөхөр нас барж, миний амьдралд хүнд цохилт, хүнд байдал үүссэн. Нөхөр маань ажил хийж, гэр бүлээ тэжээж байсан. Нөхөр нас бараад амьдралын маань байдал хэцүү болж ирсэн. Н.Отгонзулд энэ байдлаа байнга мэдэгдэж, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өсч байгаагаа хэлсэн. Н.Отгонзул ч үүнийг ойлгоод надад нэмэх үнээ хэлчих. Би одоо ажилдаа ороод зээл авах боломжтой гэсэн. Ингээд 2023.04.03-нд 17цаг өнгөрч байхад намайг нотариат дээр хүрээд ир гэсэн. Нотариат одоо ажиллаж байгаа юм уу гэхэд 4-20-р байранд байдаг нотариат ажилладаг юм байна гэсэн. Ингээд нотариат дээр очиж, бид 3-13-53 тоот байрыг худалдах, худалдан авах гэрээг хийж, үнийг 63 сая төгрөгөөр худалдан авч Н.Отгонзул банкны зээл авч 63 сая төгрөгийг 2023.04.28-нд төлнө гэж тохирч гэрээ хийсэн. Тэрнээс хойш урьд нь урьдчилгаанд өгсөн 20 сая төгрөгөө хасаад 43 сая төгрөг төлнө гэдэг тохироо хийгээгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ ханш өссөн тул урд нь тохирсон үнээ нэмэх талаар би түүнд мэдэгдэж байсан юм. Өөрөө ч үүнийг зөвшөөрч байсан юм. Ингээд гэрээ хийсэн 2-3 хоногийн дараа би буруу гэрээ хийлээ гэсэн юм ярьж, дахин нотариат дээр ир гэсэн. Яагаад гэтэл 20 сая төгрөгөө хасуулаад 38 сая төгрөг төлөхөөр хийнэ гэсэн юм хэлэхээр нь ийм юм байхгүй, би зах зээлийн ханшаар нэмэх талаар хэлэхэд зөвшөөрөөд байсан биз дээ. Тийм нөхцлөөр би хийхгүй шүү дээ. Хэрэв үүнийгээ үгүйсгээд зөвшөөрөхгүй бол би түрээсийн мөнгийг чинь 20 сая төгрөгөөс зөрүүг нь тооцоод өгье гэхэд намайг луйварчин, дээрэмчин гэж баахан доромжилсон. Би анх түүний өөрийнхөө хүнд байдлыг яриад хөлс нь гоожсон төрөөд удаагүй нялх биетэй гээд гуйж байх үед хоорондоо амаар тохирсон тохироогоо нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас мөн түүнд өөрийнхөө байр байдал болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өссөн талаар саналаа хэлж, тэрээр зөвшөөрсний үндсэн дээр гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулсан гэж үзэж байгаа. Аливаа гэрээ хэлцэл хийж байгаа хүмүүс харилцан санал солилцож байж тохиролцоонд хүрдэг. Тэгэхээр 2023.04.03-ны өдөр хийсэн гэрээгээ үгүйсгэж байгаа бол би уг гэрээнээсээ татгалзаад түүний өгсөн 20 сая төгрөгнөөс түрээсийн зөрүүгээ хасч тооцоод буцааж хөрөнгөө авъя. Байр үнэд орсон тул зах зээлийнх нь ханш 1 өрөө байр 90-95 сая төгрөгтэй тул би заавал Отгонзулын хүсэл зоригоор хөрөнгөө түүнд зарах албагүй. Отгонзул ҮХЭХ өссөн нөхцөл байдлыг ашиглан 38 сая төгрөг шүүхээр төл гэсэн шийдвэр гаргуудж дундаас нь ашиг олж зарах бодолтой байгаа юм байна гэж үзэж байна. Иймд Уурхайчин багийн 3-13-53 тоот орон сууцыг 38 сая төгрөг төлсөний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болохыг тогтоолгох гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргана гэжээ.

Хариуцагч Ж.Дунгармаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Миний бие Ж.Дунгармаа нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Н.Отгонзулын надтай байгуулсан 3-13-53 тоот үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа тул 3-13-53 тоот 1 өрөө орон сууцыг Н.Отгонзулын эзэмшлээс суллуулах шаардлагыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.Отгонзул сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Н.Отгонзулын нэхэмжлэлтэй, Ж.Дунгармаад холбогдох бичгээр байгуулсан 2021.07.07-ны өдрийн байр худалдан авах тухай хэлцлийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хороолол, 13 дугаар байрны 53 тоот орон сууцыг 38.000.000 төгрөг төлсөний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болохыг тогтоолгох, хэлцлээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус хэрэгт хариуцагчаас гаргасан ... 3-13-53 тоот 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа тул 3-13-53 тоот 1 өрөө орон сууцыг Н.Отгонзулын эзэмшлээс суллуулах... гэх шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна. Үүнд: Ж.Дунгармаа нь өөрийн өмчлөлийн 3-13-53 тоот 1 өрөө орон сууцыг худалдах санал гаргасныг Н.Отгонзул нь хүлээн зөвшөөрч, улмаар талуудын бичгээр 2021.07.07-ны өдөр хүсэл зоригоо тодорхой илэрхийлж, 20.000.000 төгрөг Ж.Дунгармаад төлж үлдэгдэл 38.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон байдаг. Уг төлбөрөө төлөхөөр банкнаас орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулаад ирвэл зээл олгохыг зөвшөөрсөн бөгөөд уг гэрээгээ бичгээр байгуулахыг Н.Отгонзул хүсэхэд Ж.Дунгармаа нь нийт үнийг 63.000.000 төгрөг болгож, урьдчилж төлсөн 20.000.000 төгрөг дээр нэмж 43.000.000 сая төгрөг төлбөл гэрээ бичгээр байгуулахыг зөвшөөрсөн байдаг. Үүний дагуу талууд дахин 2023.04.03-ны өдөр бичгээр гэрээ байгуулсан байдаг. Ийнхүү Ж.Дунгармаа нь 2021 онд бичгээр байгуулсан хэлцлийнхээ хүрээнд Н.Отгонзулаас 2021.07.02-нд 20.000.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сараас хойш 2023 оны 04 сар хүртэлх хугацаанд сар бүр 150.000-250.000 төгрөг, нийт 3.550.000 төгрөгийг хүлээн авсан тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёр. Ж.Дунгармаагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй буюу хэзээний ямар гэрээнээс татгалзаад байгаа нь ойтгомжгүй байна. Тодруулбал талуудын хооронд 2021.07.07-нд Ж.Дунгармаа нь өөрөө гараараа бичсэн гэх "Байр худалдан авах тухай хэлцлийг хийсэн, мөн 2023.04.03-нд худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг бөгөөд эдгээрийн алинаас нь татгалзаад байгаа нь тодорхойгүй байна. Гурав. Ж.Дунгармаагийн хувьд аль ч хэлцлээс татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь гэрээ байгуулах, хэлцэл хийх замаар талуудад үүрэг үүсдэг бөгөөд гэрээ байгуулах үе шатанд ч үүрэг үүсдэг бөгөөд уг үүргээ биелүүлэхээс татгалзах хууль заасан үндэслэлгүй байхгүй юм. Иймээс Ж.Дунгармаагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Дунгармаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэхдээ:

Ж.Дунгармаа би 2021 оны 07 сарын 01-ний өдөр Н.Отгонзулаас 20.000.000 төгрөг аваад Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг 3-13-53 тоот нэг өрөө орон сууцандаа оруулсан. Тухайн үед үлдэгдэл 38.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаанд цувуулж өгөөд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлбөрөө бүрэн барагдуулахаар тохиролцсон ба 2 жилийн хугацаанд сар бүр түрээсийн төлбөрт 150.000 төгрөг төлөхөөр болж бичгээр гэрээ үйлдсэн. Н.Отгонзул нь түрээсийн төлбөрийг 2021 оны 8 сар, 2022 оны 03 сард тус тус 150.000 төгрөг төлөөгүй, 2023 оны 04 сараас хойш өнөөдрийг хүртэл 7 сарын хугацаанд 250.000 төгрөгийг сар бүр төлөөгүй ба нийтдээ 2.050.000 төгрөгийг түрээсэнд төлөх үүрэгтэй. Одоогийн байдлаар Эрдэнэт хотод 1 өрөө орон сууцыг 400.000-500.000 төгрөгийн хооронд түрээслэж байгаа боловч би тохирсон тохирооны дагуу сард 250.000 төгрөгөөр тооцож түрээсэнд нэхэмжилж байна. Н.Отгонзул нь 2 жилийн хугацаанд ямар ч мөнгө төгрөг өгөөгүй, хэрэв цувуулаад 38.000.000 төгрөгөө төлсөн байсан бол өнөөдөр маргаан үүсэхгүй байх байсан, сүүлийн үед мөнгөний ханш хэлбэлзэж төгрөгийн доллартай харьцуулах ханш огцом өссөнөөр орон сууцны үнэ нэмэгдсэн. 2 жилийн өмнө 58.000.000 саяар зарах байсан 1 өрөө орон сууц 80.000.000-95.000.000 төгрөг болтлоо өссөн болохыг бид нар бүгд л мэдэж байгаа, үүнийг шинжээчийн дүгнэлт хүртэл баталсан. Тийм учраас би Н.Отгонзулд орон сууцаа зарахаа больсон, чи 2 жилийн хугацаанд надад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй тул би 20.000.000 төгрөгийг чинь буцаагаад өгье, манай байрыг суллаж өгөхийг шаардсан. Гэтэл Н.Отгонзул нь байрныхаа үнийг нэмсэн үнээр чинь тооцоод авья гэдэг саналаа надад хэлсний дагуу 83.000.000 төгрөгт зарна чи 20.000.000 төгрөг надад өгчихсөн байгаа одоо үлдэгдэл 63.000.000 төгрөгийн зээл аваад өгчихөөд байр авбал ав гэж хэлсний дагуу намайг ажил тарах гэж байхад нотариат дээр хүрээд ир гэж хэлсэн. Би нотариат дээр очоод надад урд нь 20.000.000 төгрөг өгчихсөн байгаа, одоо үлдэгдэл 63.000.000 төгрөг дээр гэрээ хийнэ гэж хэлээд нотариатаар худалдах худалдан авах 0766 тоот гэрээг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Н.Отгонзултай байгуулсан. Гэтэл Н.Отгонзул надад орон сууц худалдаж авсан төлбөрөө 2023 оны 04 сарын 28-ны дотор банкнаас зээл авч өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан боловч уг хугацаандаа төлбөрөө төлөөгүй мөртлөө манай байрны өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болохоо тогтоолгоно, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Миний хувьд Н.Отгонзул 83.000.000 төгрөгөө гүйцээгээд төлчихвөл 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэрчилгээг шилжүүлэхэд бэлэн байсан. Гэтэл Н.Отгонзул өөрөө хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй мөнгөн төлбөрөө өгөөгүй, тэгсэн мөртлөө шүүхэд нэхэмжлэл үндэслэлгүй гаргасан байсан. H.Отгонзул өөрөө хэлцлийнхээ дагуу үүргээ биелүүлээгүй байж шүүх яаж түүнд миний эд хөрөнгийг эзэмших эрхтэй гэж тогтооно гэж бодсон бэ, яагаад хүний эд хөрөнгөнд өөрийн дураар эзэн сууна гэж бодсон бэ гэдэг нь сонин байгаа юм. Иймд би урд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар гаргаж байна. Н.Отгонзул, Ж.Дунгармаа нарын хооронд хийсэн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 0766 дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг гэрээнээс Н.Отгонзул татгалзсаныг баталж, Н.Отгонзулын хууль бус эзэмшлээс Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг 3-13-53 тоот нэг өрөө орон сууцыг чөлөөлж өгнө үү. Н.Отгонзулаас түрээсийн төлбөрт 2.050.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Отгонзул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн, нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Ж.Дунгармаагийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Н.Отгонзул нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан хэлцлээр тохирсоны дагуу сар бүр түрээсийн төлбөр гэх 150.000 төгрөгийг Ж.Дунгармаад тасралтгүй төлж байсан. Ж.Дунгармаа нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа мөртлөө нэхэмжлэгч Н.Отгонзулыг тус хэлцлийн дагуу 150.000 төгрөг сар бүр төлбөр /түрээс/ төлөх гэж үзэж байгаа нь тус хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэж байгаагийн илэрхийлэл юм. Н.Отгонзул нь гэрээнээс огт татгалзаагүй төдийгүй татгалзах хүсэлгүй байгаа. Зохигчдын хооронд байгуулсан өмнөх бүх хэлцлүүд нь Иргэний хуулийн дагуу хүчин төгөлдөр хэлцлүүд бөгөөд нэгэнт хэлцлээр хүлээсэн үүргээ Н.Оттонзул бүрэн биелүүлсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2023/01665 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Отгонзулыг улсын бүртгэлийн Ү-2101009476 дугаарт бүртгэгдсэн, 000502812 тоот гэрчилгээний дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-13-53 тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг хариуцагч Ж.Дунгармаад даалгаж, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Отгонзулаас 2.050.000 төгрөг гаргуулж хариуцагч Ж.Дунгармаад олгож, худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг гэрээнээс Н.Отгонзул татгалзсаныг баталж, нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 690.900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 47.750 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагчаас 140.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Сангичимаа нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Харин зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна гэсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь эд хөрөнгө хөлслөх гэрээ нь эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл болох эд зүйлийг түр хугацаагаар хөлслөгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэхэд чиглэгддэг бол худалдах худалдан авах гэрээ нь худалдан авагчийн өмчлөлд хөрөнгийг бүр мөсөн шилжүүлэхэд чиглэгдсэн байдгаараа ялгаатай. Н.Отгонзул, Ж.Дунгармаа нарын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч сөрөг нэхэмжлэлийг дүгнэхдээ эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн мэтээр агуулгын хувьд илтэд зөрүүтэй дүгнэлт хийсний улмаас Н.Отгонзулаас 2.050.000 төгрөгийг гаргуулан Ж.Дунгармаад олгохоор шийдвэрлэж алдаа гаргасан. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2023/01665 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээлгэхээр гомдол гаргаж байгаа тул гомдлыг шийдвэрлэж өгөхийг хүсье. Давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Ж.Дунгармаа шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Ж.Дунгармаа би 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Н.Отгонзулаас 20.000.000 төгрөг аваад Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-13-53 тоот нэг өрөө орон сууцандаа оруулсан. Тухайн үед үлдэгдэл 38.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаанд олж өгөөд 2023 оны 07 сарын 01-ний өдөр гэхэд төлбөрөө бүрэн барагдуулахаар тохиролцсон ба 2 жилийн хугацаанд cap бүр түрээсийн төлбөрт 150.000 төгрөг төлөхөөр болж бичгээр гэрээ үйлдсэн. Н.Отгонзул нь 2 жилийн хугацаанд ямар ч мөнгө төгрөг өгөөгүй, хэрэв гэрээ байгуулаад 38.000.000 төгрөгөө төлсөн байсан бол өнөөдөр маргаан үүсэхгүй байх байсан, сүүлийн үед мөнгөний ханш хэлбэлзэж төгрөгийн доллартай харьцуулах ханш огцом өссөнөөр орон сууцны үнэ нэмэгдсэн. 2 жилийн өмнө 58.000.000 саяар зарах байсан 1 өрөө орон сууц 80.000.000-95.000.000 төгрөг болтлоо өссөн болохыг шинжээчийн дүгнэлт нотолсон. Тийм учраас би Н.Отгонзулд би орон сууцаа зарахаа больсон, чи 2 жилийн хугацаанд надад ямар нэг мөнгө төгрөг өгөөгүй тул би 20.000.000 төгрөгийг чинь буцаагаад өгье, манай байрыг суллаж өг гэж шаардсан, гэтэл Н.Отгонзул нь байрныхаа мөнгөө аваад танд өгөөд байрыг чинь авья гэдэг саналаа надад хэлсний дагуу би 83.000.000 төгрөгт зарна чи 20.000.000 төгрөг надад өгчихсөн байгаа одоо танаас 63.000.000 төгрөгний зээл аваад өгчихөөд байраа ав гэж хэлсэн. Би 63.000.000 төгрөг дээр гэрээ хийнэ гэж хэлээд нотариатаар худалдах худалдан авах 0766 тоот гэрээг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Н.Отгонзултай байгуулсан. Гэтэл анхан шатны шүүх дээрх бодит байдлыг буруу үнэлж дүгнэн намайг гэрээний 3.3 дугаар зүйлд заасныг зөрчсөнөөс үүдэн Н.Отгонзул худалдан авч буй байрныхаа өмчлөгч болж чадаагүй гэж үндэслэлгүй дүгнэсэн. Би гэрээг зөрчөөгүй бөгөөд гэрээний биелэгдэх хугацаа 2023 оны 04 сарын 28-ны өдөр байхад уг хугацаа дуусахаас өмнө Н.Отгонзул өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргасанаар гэрээ биелэгдэх боломжгүй болсон. Хэрэв дээрх хугацаанд Н.Отгонзул байрны төлбөрт гэрээний 3.1-т зааснаар 63.000.000 төгрөгөө төлчихсөн байсан бол би гэрчилгээг шилжүүлж өгөхөд бэлэн байсан, гэтэл анхан шатны шүүх энэ бодит байдлыг буруу үнэлж дүгнэсэн. 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 0766 дугаартай худалдах худалдан авах гэрээний гол нөхцөл бол Н.Отгонзул орон сууцны төлбөрт үлдэгдэл болох 63.000.000 төгрөгөө 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлөх, 3.4-т зааснаар би төлбөр төлж дууссаны дараа үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгөх ийм л нөхцөл байсан боловч Н.Отгонзул гэрээнээс татгалзаж шүүхэд нэхэмжпэл гаргасан. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх (эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй гэж заасныг анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, тодруулбал улсын бүртгэлд бүртгүүлэх эрх зөвхөн надад биш Н.Отгонзулд ч байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанаар энэ зүйлд заасны дагуу намайг гэрээний 3.3 дахь заалтыг зөрчсөнөөс үүдэн Н.Отгонзул эрхээ эдэлж чадаагүй гэж үндэслэлгүй дүгнэсэн, харин ч эсрэгээрээ н.Отгонзул гэрээнд заасан хугацаандаа мөнгөн өрөө төлж чадаагүйгээс үүдэн би хохирч байгаа юм. Н.Отгонзул бид хоёрын тохиролцсоноор Н.Отгонзул одоо надад 20.000.000 төгрөг өгөх ёстой гэж үзэж байгаад би Н.Отгонзулаас 20.000.000 төгрөгийг авмаар байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2023/01665 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Сангичимаа нар давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Нэгдүгээрт, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан, хариуцагч Ж.Дунгармаа нь өөрийнхоө гараар бичиж, цаасан дээр буулгасан хүсэл зоригийн илэрхийлэл болох 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Байр худалдан авах тухай хэлцэл /хэргийн 4 дэх талд эх хувиар авагдсан/ баримтаар үүргийн хэлцэл хийсэн болох нь хангалттай нотлогддог ба, уг үүргийн хэлцлийн дагуу нэхэмжлэгч Н.Отгонзул нь 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 20.000.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 43.000.000 төгрөгийг тус тус төлж, уг төлбөрийг хариуцагч Ж.Дунгармаа хүлээн авсан талаараа маргаагүй тул уг үүргийн хэлцлийн дагуу анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Н.Отгонзулыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-13-53 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2101009476 дугаарт бүртгэгдсэн 18мкв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосон нь үндэслэлтэй гэж үзнэ. Үүргийн хэлцлээр болон хэрэгт тогтоогдсон үйл баримтаас үзвэл 2021 оны 07 дугаар сараас эхлэн 2023 оны 07 дугаар cap дуусталх 2 жилийн хугацаанд багтааж Н.Отгонзул орон сууцны үлдэгдэл үнийг төлөх үүргийг хүлээсэн бөгөөд уг хэлцлээр хүлээсэн үүргээ Н.Отгонзул нь шүүх хуралдаан болох үе буюу 2023.12.19-ний өдөр гэхэд бүрэн биелүүлсэн нь нотлогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймээс энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж өгнө үү. Хоёрдугаарт, Талуудын хооронд байгуулсан хэлцлээр cap бүр орон сууцны үнийг төлөх үүргийг Н.Отгонзул хүлээгээгүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн гомдол илт үндэслэлгүй байна. Нөгөө талаас хариуцагч нь 2021 оны 07 дугаар сараас хойш 2023 оны 07 дугаар сарын хооронд cap бүр хэсэгчлэн төлөх үүрэг байсан нь үнэн бол нэг ч удаа нэхэж байгаагүй үйл баримт тогтоогдсон ба энэ талаарх нотлох баримт, тайлбар хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзнэ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 26 дугаар зүйлд заасан татгалзаж буй үндэслэлээ хариуцагч өөрөө нотлоогүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Гуравдугаарт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзвэл талууд анх 58 сая төгрөгөөр орон сууц худалдах, худалдан авах үүргийг хэлцлийг байгуулж, хожим нь хариуцагч Ж.Дунгармаагийн хүсэлтээр yr үнийг 5 сая төгрөгөөр нэмэгдүүлж, 63 сая төгрөгөөр гэрээ байгуулсан /хэргийн 6 дахь талд авагдсан/ байдаг. Уг бичгээр авагдсан гэрээнд 83 сая төгрөг болон өмнө төлсөн 20 сая төгрөгийн тухай огт дурьдаагүй байх ба уг нотлох баримтыг шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар дүгнэсэнийг буруутгах үндэслэлгүй төдийгүй энэ талаарх хариуцагчийн татгалзаж буй үндэслэл нотлогдоогүй тул давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, урьдчилсан тэмдэглэл хийлгэх асуудал нь талуудын хооронд байгуулагдсан үүргийн хэлцэлд огт хамааралгүй бөгөөд нэхэмжлэгчид гэрчилгээний эх хувь байхгүй, хариуцагч төлбөрөө төлсөний дараа өгөхөөр тохиролцсон боловч төлбөр бүрэн төлөгдсөн байхад ч уг үүргээ биелүүлээгүй тул аргагүйн эрхэнд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хянан хэлэлцэж шийдвэр гаргаад байгаа билээ. Энэ талаарх гомдол нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг үгүйсгэх үйл баримт биш тул хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Иймээс Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1665 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож гомдолд нэмж тайлбар гаргах болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.Отгонзул нь хариуцагч Ж.Дунгармаад холбогдуулан Ү-2101009476 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар хороолол, 13 дугаар байрны 53 тоотод байрлах 18 м2 талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Отгонзулыг тогтоож өмчлөх эрхийн гэрчилгээг Н.Отгонзулд шилжүүлэн өгөхийг Ж.Дунгармаад даалгах тухай нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Н.Отгонзул хариуцагч Ж.Дунгармаа нарын хооронд байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 0766 дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг гэрээнээс Н.Отгонзул татгалзсаныг баталж, Н.Отгонзулын хууль бус эзэмшлээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-13-53 тоот нэг өрөө орон сууцыг чөлөөлж, Н.Отгонзулаас түрээсийн төлбөрт 2.050.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Отгонзулыг улсын бүртгэлийн Ү-2101009476 дугаарт бүртгэгдсэн, 000502812 тоот гэрчилгээний дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-13-53 тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг хариуцагч Ж.Дунгармаад даалгаж, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Отгонзулаас 2,050,000 төгрөг гаргуулж хариуцагч Ж.Дунгармаад олгож, худалдах, худалдах авах гэрээг хүчинтөгөлдөр бусад тооцуулах, уг гэрээнээс Н.Отгонзул татгалзсаныг баталж, нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Хариуцагч Ж.Дунгармаа нь шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй,үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Хариуцагч Ж.Дунгармаа нь нэхэмжлэгч Н.Отгонзулд холбогдуулан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох, уг гэрээнээс Н.Отгонзул татгалзсаныг батлах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэлээ тодорхойлоогүй, Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлд заасан үр дагавар бий болсон эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь хууль болон хэлбэрийн шаардлага зөрчөөгүй байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй юм... гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

2023 оны 05 дугаар сарын 01 ний өдрийн 2669 дугаар шүүгчийн захирамжаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар хороолол 13 дугаар байрны 53 тоот орон сууцыг битүүмжлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж шийдвэрлэсэн бөгөөд Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 22 ны өдрийн 612 дугаар албан бичгээр тус байрны шилжилт хөдөлгөөнд хориг тавьжээ. Дээрх захирамжийг шийдвэрлээгүй тодорхойгүй орхигдуулжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 47.750 төгрөг, хариуцагч Ж.Дунгармаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 338.400 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2023/01665 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 47.750 төгрөг, хариуцагч Ж.Дунгармаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 338.400 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР