| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0748/Э |
| Дугаар | 749 |
| Огноо | 2019-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 749
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
улсын яллагч Ц.Гантулгабат /томилолтоор,
шүүгдэгч У.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны шинэ танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан У.М д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 01394 0941 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, У.М /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
У.М 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Челси” пабын орчим иргэн Ц.Ууганбаярыг нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.М мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би Ууганбаярын нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Хохиролд 1.379.000 төгрөгийг төлсөн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Ууганбаярын өгсөн: ...02 дугаар сарын 17-ны өдөр найз Тэмүүжинбаатарын хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Челси” пабын орчим явж байтал үл таних 2 залуу найз Тэмүүжинбаатарыг мөрлөсөн. Гэтэл тухайн хоёр залуугийн нэг болох жижиг биетэй, бор хувцастай эрэгтэй “Мөрөө авч яваач” гэж хэлсэн. Тэгээд маргаан эхлээд би салгах гэж байтал 180 орчим см өндөртэй эрэгтэй намайг түрүүлээд цохичихсон. Тэр үед нь миний нүдний шил хагараад уначихсан. Тухайн үед миний баруун нүдний ухархай хэсгээс цус гарчихсан байсан. Гэтэл хажуунаас жижиг биетэй эрэгтэй ирээд бид зууралдаад газар унаж ноцолдсон. Тэр үед том биетэй нь найз Тэмүүжинбаатартай ноцолдож байсан. Тэгээд миний нүднээс их хэмжээний цус гараад байсан учир болиод салсан. Тэр залуучууд бас одоо больё гэж хэлээд эвлэрээд салсан. Гэтэл биеийн байдал муудаад цагдаад хандахаар болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Буян-Ундрахын өгсөн: ...Гэтэл өөдөөс ална шүү гээд нүдний шилтэй эрэгтэй нь над руу гар далайсан. Тэгээд зүгээр байгаарай гээд маргалдаж байтал дахиад гар далайх үед У.М нүдний шилтэй эрэгтэйг нэг удаа нүүрэн тус газарт нь цохисон. Тэгээд тухайн эрэгтэйн нүдний шил газар уначихсан байсан. Тэгээд би яасан бол гэж бодоод ойртоод хартал босч ирээд намайг заамдаж аваад “ална, ямар овоо юм бэ” гээд намайг бариад авсан. Тэгээд би ноцолдоод газар унагаах гэтэл газар унаад би дээр нь гартал намайг үсдээд авсан. Тэгээд би за за одоо больё хөгшөөн, эр хүмүүс байна. Одоо болно гээд татаж босгоод эвлэрээд салсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Тэмүүжинбаатарын өгсөн: ...Гэтэл “Челси” нэртэй пабын орчим явж байтал үл таних хоёр эрэгтэй алхаад ирж байснаа нэг нь намайг мөрлөчихсөн. Тэгээд яагаад байгаа юм бэ гэж хэлэхээр нь уучлаарай гэж хэлтэл танай найз чинь яг яагаад байгаа юм бэ гээд Ууганбаяр руу дайраад байсан. Тэгээд намайг түлхээд маргалдаж эхэлсэн. Ууганбаяр салгах гээд жижиг биетэй эрэгтэйг нь бариад зогсож байсан. Тэгээд би Ууганаа наадахаа орхичих явъя гэж хэлтэл 180 орчим см өндөртэй эрэгтэй нь үг дуугаралгүй Ууганбаярыг ирээд цохиод авсан. Тухайн үед нь Ууганбаярын нүүрнээс нь цус гарчихсан, нүдний шил нь байхгүй болчихсон байсан. Тэгээд би өндөр биетэй эрэгтэйтэй нь барилцаж аваад миний дээр гараад явсан. Гэтэл тэр эрэгтэй за одоо болих уу гэхээр нь больё гээд босгоод иртэл манай найз Ууганбаяр газар хэвтчихсэн, нөгөөх жижиг биетэй залуу манай найз руу алхаж байсан. Би тэр хооронд юу болсон талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2624 дугаартай шинжээчийн:
1. Ц.Ууганбаярын биед тархи доргилт, баруун доод зовхи дотор булан хэсгээр цус хуралт, баруун доод зовхинд шарх, баруун хөмсөгний дээр зулгарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун дээд доод их араа шүдний ирмэг эмтрэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.
3. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ариунзул гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар тал/,
- Шүүгдэгч У.М ийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43, 44, 46 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас У.М ийг 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Челси” пабын орчим иргэн Ц.Ууганбаярыг нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд У.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогчийн нэхэмжилсэн хохирол бүрэн төлөгдсөн, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол саналгүй, нэмж нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байна.
Иймд У.М д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
У.М 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Челси” пабын орчим иргэн Ц.Ууганбаярыг нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Ууганбаяр, гэрч Ш.Буян-Ундрах нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн 2624 дугаартай дүгнэлт, яллагдагчаар өгсөн У.М ийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч У.М ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Ц.Ууганбаяр хохирлын талаарх 1.379.000 төгрөгийн нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлснийг шүүгдэгч У.М төлж барагдуулсан байх тул У.М ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 42, 73 дугаар тал/
Хохирогч Ц.Ууганбаяр энэ гэмтлийн улмаас цаашид эмчлүүлэх шаардлагатай бол холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч У.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч У.М нь хохирогчтой эвлэрсэн, хохирогч Ц.Ууганбаяр гомдол саналгүй гэдгээ бичгээр хүсэлт гаргаж илэрхийлсэн тул У.М д прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.М нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М овогт У.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.М-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У.М д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, У.М нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Ц.Ууганбаяр энэ гэмтлийн улмаас цаашид эмчлүүлэх шаардлагатай бол холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдусгай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол У.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ