| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0756/Э |
| Дугаар | 757 |
| Огноо | 2019-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 757
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Э.Гэрэлмаа,
шүүгдэгч Ц.А ,
хохирогч Э.Амгалантөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.А т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 01279 0838 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ц.А
Холбогдсон хэргийн талаар:
Ц.А нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулангийн 10-421 тоотод Э.Амгалантөртэй эхнэртэйгээ маргалдлаа гэж маргалдан нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй. Хохиролд 500.000 төгрөгийг бэлнээр өгье гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Амгалантөр мэдүүлэхдээ: Ц.А , Ганбаатар хоёр хөдөөнөөс ирэхээр нь би Драгоноос тосч аваад буудалд оруулаад, тэгээд бааранд ороод хоёр шил архи хувааж уучихаад гэртээ ирсэн. Тэгээд маргааш нь Ц.А манай гэрт ирсэн. Манай эхнэр уурлаад архи дарс уулаа гээд бид хоёр маргалдаж байхад Ц.А намайг цохисон. Би шүдээ эмчлүүлэх гэхэд 3.000.000 гаруй төгрөгийн үнэтэй болчихоод эмчлүүлж чадаагүй, тэгээд 500.000 төгрөг өгчих өө хооронд нь бэхлэдэг шүдээ хийлгэчихье гэсэн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Амгалантөрийн өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 09-10 цагийн үед танил Ц.А , Гансүх /85252817/ хоёр тус тусдаа ганц, ганцаараа манай Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 10-421 тоот гэрт ирсэн. Тэд нарыг ирэхэд манай эхнэр Мария бид хоёр байсан. Бид нар 0,75 граммын 2 шил архи уусан. Өдөр 14 цагийн үед байх Мария намайг найзуудаа цуглуулж архи уулаа гэж уурлахаар нь би адилхан уурлаад хэрэлдсэн чинь Ц.А манай эхнэрийг өмөөрөөд чи дуугүй болооч гэхээр нь би Ц.А т чамд ямар хамаатай юм гэсэн чинь Ц.А гараараа миний ам руу 1 удаа цохисон чинь гараад явсан, тэр өдрөөс хойш Ц.А тай уулзаагүй. Ц.А ын гэр нь Булган аймгийн Хангал суманд байдаг гэсэн. Миний үүдэн дээд 1 шүд хугарч ёзоор үлдсэн. Гомдолтой байна, шүдээ хийлгэмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Мариягийн өгсөн: ...Манай гэрт Гансүх, Ц.А , Амгалантөр нар 2 шил 0,75 граммын архи уусан. Ойролцоогоор 12 цагийн үед байх би өчигдөр архи уусан, одоо болоо юм биш үү гэсэн чинь Амгалантөр над руу уурлаад хэд, хэдэн удаа гар далайсан чинь Ц.А намайг өмөөрөөд чи эхнэр рүүгээ дайрлаа чи гээд 1 удаа гараараа Амгалантөрийн ам руу цохисон чинь үүдэн дээд 1 шүд нь дундуураа хугарсан. Амгалантөр хугарсан шүдээ Ц.А т харуулсан чинь Ц.А гараад явсан. Тэрнээс хойш уулзаагүй. Амгалантөр 2 удаа утсаар яриад шүдээ янзлуулаад өг гэсэн чинь одоо хүртэл янзлуулаагүй өгдөг газраа өг гэж хэлсэн байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4123 дугаартай шинжээчийн:
1. Э.Амгалантөрийн биед үүдэн дээд 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл цаг хугацааны хувьд хэдийд учирсан болохыг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Шинжээч эмч Ц.Бадрал гэх дүгнэлт /хх-ийн 12 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ц.А ын: ...Би 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбуланд амьдардаг найз Амгалантөрийн гэрт очиж архи уугаад, улмаар Амгалантөртэй маргалдаж, Амгалантөрийн нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж тухайн гэмтлийг Амгалантөрийн биед учруулсан. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар тал/,
- Шүүгдэгч Ц.А ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 15, 16, 24-29, 30-33 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.А нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулангийн 10-421 тоотод Э.Амгалантөртэй эхнэртэйгээ маргалдлаа гэж маргалдан нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Ц.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Э.Амгалантөр нь хохирол төлбөр төлөгдсөн, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Ц.А т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ц.А нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулангийн 10-421 тоотод Э.Амгалантөртэй эхнэртэйгээ маргалдлаа гэж маргалдан нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Амгалантөр, яллагдагчаар өгсөн Ц.А нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 4123 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Э.Амгалантөр нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй байх тул шүүгдэгч Ц.А ыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гэвч хохирогч Э.Амгалантөр энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлын холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ц.А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.А ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.А т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Хохирогч Э.Амгалантөр нь цаашид гарах гэм хорын хохирлын холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ