Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буурайн Баттөр |
Хэргийн индекс | 142/2023/02002/И |
Дугаар | 207/ма2024/00059 |
Огноо | 2024-06-06 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 207/ма2024/00059
2024 06 06 207/МА2024/00059
М.М нэхэмжлэлтэй,
хариуцагч Д.А, Б.Х нарт
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, шүүгч Б.О, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн *** дугаар танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2024/00512 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: М.М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.А, Б.Х нарт холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 7.480.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Б илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э /цахимаар/, хариуцагч Д.А, хариуцагчийн өмгөөлөгч Н.М, хариуцагч Б.Х ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
М.М нь 2017 оны 7 дугаар сард Б.Х аас 10.000.000 төгрөгийг өөрийн үсчний газарт бараа материал авах зорилгоор аман гэрээгээр зээлж авсан юм. Харин бидний хооронд ямар ч зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй. Би Б.Х д өгөх үлдэгдэл мөнгө болох 7.480.000 төгрөгийг Б.Х ын найз ******* дэлгүүрийн худалдагч Д.А ийн Хаан банкны ********** тоот дансанд шилжүүлж байсан. Учир нь Б.Х нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Д.А ийн хамт ирж би төрийн албан хаагч учраас бусдад мөнгө зээлж, хүүлж болохгүй. Харин манай найз Д.А ийн Хаан банкны дансанд шилжүүлж байгаарай гээд Д.А нь зөвшөөрч надад Хаан банкны ********** дугаартай дансыг өгсөн юм. Түүний дагуу өөрийн Хаан банкны ********** тоот данснаас нийт 23 удаагийн гүйлгээгээр Д.А-ийн Хаан банкны ********** тоот дансанд 7.480.000 төгрөгийг шилжүүлсэн юм. М.М миний хувьд Д.А ийн хувьд ч тэр ямар ч мөнгө төгрөгийн харилцаа өмнө үүсч байгаагүй. Зөвхөн Б.Х ын хүсэлтээр л зээл болон хүүгээ энэ эмэгтэйн дансанд шилжүүлж байсан юм. Би шүүх хуралдаан дээр энэхүү байдлаа хэлсэн... Мөн Б.Х д өр төлбөргүй түүний хүссэнээр найз Д.А-ийн дансанд төлж дуусгасан гэсэн. Шүүх хуралдаан дээр Х Д.А ийг таних уу гэхэд танихгүй, Д.А өөс ямар ч мөнгө авч байгаагүй гэж тайлбар хийсэн. Д.А гэх эмэгтэйг би ийм зүйл хийсэнд үнэхээр гайхаж байна. Д.А нь өөртөө хувьдаа авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн аль эсвэл Б.Х тай нийлж намайг залилсан үгүй бол Б.Х нь намайг залилж шүүхээр дахин шийдвэр гаргуулсан байж болзошгүй байна. Ингээд шүүх бидний хооронд 2017 онд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, Б.Х ыг шаардах эрхтэй гэж үзэн Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №142/ШШ2022/00847 тоот шийдвэр, Орхон аймгийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022.09.15-ны /МА2022/00092 магадлалаар 6.500.000 төгрөгийг М.М надаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Д.А нь надаас авсан буюу миний шилжүүлсэн мөнгө болох нийт 7.480.000 төгрөгийг Б.Х д өгөөгүй, Д.А нь өөртөө хувьдаа авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс би бусдад өр төлбөрт орж хохирч байх тул Д.А-өөс 7.480.000 гаргуулан М.М надад олгож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Давж заалдах шатны шүүх хуралдааны 2022 оны 9 сарын 15-ны өдрийн 115 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд Х асуулт асуусан. Х нэхэмжлэлтэй М холбогдох хэргийн 98 дугаар талд авагдсан байна, та 3.500.000 төгрөгөө ямар байдлаар авсан бэ, түүнийгээ авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юу гэж асуулт асуухад Х М хүнээс зээлээд ажлын байран дээр ирж аваач гэхээр нь би очиж бэлнээр энэ мөнгийг авч байсан гэсэн тайлбар гаргасан. Гэтэл өнөөдрийн тайлбар дээр А орж ирсэн 3.600.000 төгрөгийг энэ үнийн дүнгээс хасчихсан юм шиг 2 өөр тайлбар гаргаад байна. Үгүй ш дээ, ийм байж болохгүй. М гэж хүн чинь хохирч үлдчихээд байна шүү дээ. 10.000.000 төгрөг өгсөн авсанд бид маргаагүй, тэр бол өмнөх хэргийн асуудал. А гэдэг эмэгтэйг мэдэхгүй гэж яагаад худлаа хэлээд байгааг ойлгохгүй байна. А ийн данс буюу Хаан банкны ********** тоот дансыг ч мэдэхгүй гэж байгаа. А орж ирж, энэ нотлох баримтуудаа өгч байж үүрэг гүйцэтгэсэн нь тогтоогдож байна. Ингэж байж тэнд хохироод үлдэж байгаа М гийн эрх ашиг хөндөгдөж байна. Ингэж энэ хүний гаргасан тайлбараар М хохироод үлдсэн учраас энэ нөхцөл байдлуудыг тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо бас асуусан. Та 2019 оны 04 дүгээр сар хүртэл мөнгийг чинь өгөөгүй байхад яагаад шүүхэд хандаагүй юм бэ гэж асуухад өдөр болгон шаардаж очиж байсан гэж хэлж байгаа. Би өөрт нь туслах гэж өгсөн учраас шүүхэд өгөөгүй гэж тайлбарлаж байгаа. Дахиад асуухад та А гэдэг эмэгтэйг таних уу, энэ эмэгтэйн данс руу М гээс 7.200.000 төгрөг шилжүүлсэн байна, тэгэхээр А үндэслэлгүйгээр хөрөнгөжих гээд байна гэж М асуулт тавьсан. Тэгэхэд Х би энэ эмэгтэйг танихгүй, миний найз биш, Мгийн найз, зүгээр дэлгүүрийн худалдагч хүүхэн гэж л мэднэ гэж мэдүүлсэн тайлбар давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 99 дүгээр талд байгаа. Х гэх эмэгтэй маш худалч болох нь эндээс харагдаж байна. Тэгэхээр нэхэмжлээд байгаа нэхэмжлэлийн шаардлага нь энэ эмэгтэй рүү мөнгө орсон гэсэн хангалттай баримт байгаа учраас А гэх эмэгтэйг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж хариуцагчаар татахаас өөр арга байгаагүй. Бид Хыг гэрчээр асуулгая гэсэн боловч нотлох баримтыг үзээд Хыг хариуцагчаар татахаас өөр аргагүй байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Бид дансны хуулгаа нэгд нэгэнгүй гаргаж өгсөн байгаа. Б.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин *******дөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу илэрхий үйл баримттай холбогдолтой баримт түүнийг дахин нотлохгүй гэсэн тайлбар хийж байна. …Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр Х нэхэмжлэлтэй М холбогдох хүчин *******дөр шийдвэртэй хэрэгт хамааралтай, тэнд өгсөн мөнгөний талаар огт дурдаагүй. Энд М.М үүргээ биелүүлсэн буюу Б.Х д өгөх төлбөрөө бүрэн өгч барагдуулсан гэж бодож явсан зүйл нь шүүхээр тогтоогдоогүй. Тухайн шүүх хуралд нотлох баримтаа бүрдүүлээгүй гээд байна, Д.А ийн данс руу шилжүүлж байсан бүх дансны хуулгаа нэхэмжлэлд гаргаж өгсөн байгаа. Би тэр хэрэгт ороогүй, хэрвээ хуралд орсон бол тодруулах байсан. Тэгэхээр шүүхийн хүчин *******дөр шийдвэрт дурдагдсан буюу тэнд тооцоонд орсон зүйлийг энд нэхэмжилж орж ирж тодруулъя гэсэн хүсэлтэй байна. Тэнд бэлнээр авсан гэж Б.Х хэлсэн болохоос биш дансаар авсан баримт гарч ирээд байгаа. Энэ нөхцөл байдлыг тодруулж хэлэх нь зүйтэй байна. Үзлэг хийхэд хариуцагч нэлээн хариуцлагатайгаар юмаа бичдэг юм байна. Огноо болон гэрчийн мэдүүлэг, дансны хуулга хоорондоо таарч тохирч байна. Тэгэхээр энэ хүн Б.Х д бэлэн болон бэлэн бусаар бараа материалаар өгсөн нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Тиймээс Иргэний хуулийн 492.1, 492.1.1.-т зааснаар хариуцагч Д.А өөс 3.090.000 төгрөг, хариуцагч Б.Х аас 4.390.000 төгрөг гаргуулахаар шаардаж байна... гэв.
Хариуцагч Д.А шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие М.М гэх хүнийг хамгийн анх манай дэлгүүрээр орж ирж хааяа худалдан авалт хийдэг байснаар мэднэ. …Түүнээс хойш Б.Х над дээр ганцаараа орж ирэн худалдан авалт хийдэг байсан. 2017 оны 08 сард Б.Х миний дэлгүүрт орж ирэн М.Мгээс их хэмжээний мөнгө авна, чиний дансаар авч болох уу?, эгч нь төрийн албан хаагч болохоор би өөрийнхөө дансаар авч болохгүй байна, оронд нь орж ирсэн мөнгөн дүнгийн үнийн дүнд бараа материал захиж байна гэсэн. Ингээд би М.М ажиллуулдаг үсчний газарт очиход өөрөө хүлээн зөвшөөрч аман гэрээгээр Б.Х ын захиалсан бараа материал авчирч өгөхөөр тохирсон. Ингээд 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 29-н хүртэл 23 удаагийн гүйлгээгээр нийт 7.480.000 төгрөг М.Мгээс орж ирсэн. Б.Х ын анх хэлсэнчлэн бараа материал авч байя гэсний дагуу нийт 24 төрлийн 3.521.000 төгрөгийн барааг 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар хүртэл захиалга хийлгэн хүлээлгэн өөрт нь өгсөн. Үүнээс хойш буюу 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 6-н удаагийн гүйлгээгээр орж ирсэн 4.390.000 төгрөгийг Х Худалдаа хөгжлийн банкны ********** тоот дансанд шилжүүлсэн. Мөн бэлнээр 195.000 төгрөг Б.Х д өгсөн ингээд нийт 8.106.000 өгсөн байна. Иймд М.М нэхээд байгаа 7.480.000 төгрөг, миний Б.Х д өгсөн бараа болон бэлэн бусаар өгсөн 8.106.000 төгрөгийн зөрүү нь 626.000 төгрөг байгаа бөгөөд хэн нь өгөх нь мэдэгдэхгүй одоог хүртэл үлдсэн. Мөн М.М давхар надаас 2017 оны 06 дугаар сараас 2018 оны 9 сар хүртэл хугацаанд нийт 14 төрлийн 783.000 үнийн дүнгийн бараа материал авсан ба өдий хугацаанд мөнгөө өгөөгүй байна. …Б.Х бараа материалаа захиалаад, бүгдээрээ аягүй гоё байна, таалагдаж байна гээд баярлаад авчихаад бүх юмаа авсныхаа дараа бүхэл бүтэн 2023 оны 12 сард нэхэмжлэл ирж 6 жилийн дараа ингэж байгааг би их гайхаж байна... гэв.
Хариуцагч Д.А ийн өмгөөлөгч Н.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Д.А болон М.М нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй, буцааж төлбөр төлөх үүрэг үүсээгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар, А гаргаж өгсөн баримтуудаар ч гэсэн М.Б.М гээс орж ирсэн мөнгийг Б.Х ын хүсэлтийн дагуу түүнд тухай бүрт нь бараа материалаар болон бэлнээр, бэлэн бусаар шилжүүлж өгсөн байна. Хариуцагч Б.Х, нэхэмжлэгч М.М нарын хооронд 2017 онд 10.000.000 төгрөг зээлсэн. Уг 10.000.000 төгрөгийн зээлийн маргаанаас үүдэлтэй 3.500.000 төгрөг авсан, үлдэгдэл 6.500.000 төгрөгийг өгсөн, өгөөгүй, бэлнээр авсан, бэлэн бусаар авсан гэдэг анхны 2022 онд шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр дээр хэлэлцэгдсэн маргаан руу эргэж очоод байгаа. Тэгэхлээр уг асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин *******дөр шийдвэр байгаа гэж үзэж байна. Яагаад гэхээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 23 удаагийн гүйлгээгээр Д.А өд 7.480.000 төгрөг шилжүүлсэн гэж тодорхойлсон. Гэтэл 2022 оны анхан шатны шүүхийн шийдвэр дээр яг өнөөдрийн хэлэлцэж байгаа хэрэг дээр гаргаж өгсөн 23 удаагийн гүйлгээний баримтаа гаргаж өгсөн. Хариуцагч Б.Х ын зүгээс Д.А өөс бараа бүтээгдэхүүн худалдаж авч байсан, хэрэглэж байсан гэдгээ тайлбар дээрээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл бараа материалыг авч байсан юм бол энэ нь 7.480.000 төгрөгт ороогүй шүү, тусдаа төлсөн шүү гэдэг тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, өөрийн татгалзлаа нотолж чадаагүй. Д.А өөс Б.Х-д шилжиж ороод байгаа энэ мөнгөн дүнд Д.А өөс худалдан авсан бараа материалын тооцоог хийсэн нь тусдаа гэдэг нь нотлогдохгүй байна. Дараагийн нэг үндэслэл нь нэхэмжлэгч бол нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үндэслэлгүйгээр хөрөнгөжих Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн гэж тайлбарлаж байна. Гэтэл 492 дугаар зүйлд заасан эрх зүйн маргаантай харилцаа байна гэж үзэх юм бол Д.А бусдаас орж ирсэн хөрөнгийг Б.Х д шилжүүлээгүй, өөрөө олж авсан буюу өөрт нь үлдсэн, хувьдаа хэрэглэсэн, өөрөө олж авсан байдал нотлогдож тогтоогдож байх ёстой. Гэтэл Д.А өөрт нь үлдэх битгий хэл орж ирсэн мөнгийг дансаар, бэлнээр, бэлэн бусаар бараа материалаар Б.Х-д шилжүүлээд өгөөд байгаа, шилжүүлсэн гэдгээ баримтаар нотолж гаргаж өгөөд байгаа юм. Хэрэгт 23 удаагийн гүйлгээ биш 22 удаагийн гүйлгээгээр 7.110.000 төгрөгийг М.М гээс Д.А рүү шилжүүлсэн байна. 7.110.000 төгрөгөөс Төрийн банкны дансаар 540.000 буюу 300.000, 240.000 төгрөгийг шилжүүлсэн гүйлгээ тогтоогдсон гэж үзэж байна. 390.000 төгрөгийн шилжүүлгийн гүйлгээ буюу 270.000, 120.000 төгрөгийн гүйлгээнүүд бас Хаан банкаар шилжигдсэн гэдэг үйл баримт тогтоогдож байна. 3.600.000 төгрөг Худалдаа хөгжлийн дансаар шилжүүлсэн нь тогтоогдож байгаа. Бэлнээр өгсөн 685.000 төгрөгийн тухайд 195.000 төгрөг, 105.000 төгрөг өгсөн гэдэг нь сая дэвтэрт үзлэг хийсэн байдлаар тогтоогдож байна. …Шүүхэд хэргийн оролцогч тайлбар гаргахдаа бодит үнэнд нийцсэн байх ёстой, хариуцагч өөрийнхөө гаргаж байгаа тайлбараа нотлох үүднээс тэмдэглэлийн дэвтэр дээр тусгагдсан цаг хугацаа, бүх зүйлүүдийг дурдсан, энэ нь баримтаар тогтоогдож байна гэж үзэж байгаа. Ийм учраас хариуцагч А ийн зүгээс М төлөх төлбөргүй, ямарваа нэгэн байдлаар эрх зүйн харилцаа үүсээгүй, өөрийнх нь орж ирсэн мөнгийг Хд өгсөн байгаа учраас түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
М.М д Б.Х нь 2017 оны 7 сард 10 сая төгрөг зээлдүүлсэн, уг зээлээс 2018 оны 05 дугаар сарын 25-нд 2.000.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 24-нд 500.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр 19-нд 500.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 01-нд 600.000 төгрөг буюу бүгд 3.600.000 төгрөг нь Д.А өөр дамжиж Б.Х ын Худалдаа хөгжлийн банкны ********** тоот дансанд орж ирсэн, үүнийг хүлээж авсан дээр маргаангүй байна. Харин зээлийн үлдэгдэл 6.500.000 төгрөг төлөгдөөгүй тул 2019 оны 04 дүгээр сарын 12-нд М.М, Б.Х нар үлдэгдэл төлбөр дээрээ зээлийн гэрээ байгуулсан боловч зээл төлөгдөөгүй тул шүүхэд хандаж Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 00847 тоот шийдвэрээр шийдвэрлэгдсэн, энэ шийдвэр давж заалдах шатны шүүхээр баталгаажсан. Одоо энэ талаар эргэж тооцох, авч үзэх асуудал байхгүй, хууль зүйн боломжгүй. М.М нь Б.Х д өгөх зээлээ Д.А өөр дамжуулж төлсөн гэж 2017 оны 9 дүгээр сарын 16-наас 2018 оны 9 дүгээр 29 хүртэл өөрийн Хаан банкны ********** тоот данснаас Д.А ийн Хаан банкны ********** тоот дансанд нийтдээ 7.480.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга ирүүлж энэ мөнгийг Д.А өөс нэхэмжилсэн байна. Д.А шүүхэд тайлбар ирүүлэхдээ дээрх мөнгө М.М гээс орж ирснээс 4.390.000 төгрөгийг Б.Х ын Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн, 3.521.000 төгрөгт нь Б.Х ын захисан бараа материал, хувцас хунар өгч байсны төлбөрт тооцсон гэж тайлбарлажээ. Б.Х-ын хувьд Д.Атэй танил харилцаатай байсан нь үнэн. М.М зээлээс миний Худалдаа хөгжлийн банкаар 3.600.000 төгрөг орж ирснийг тооцоод зээлийн асуудлаа шүүхээр шийдвэрлүүлсэн. Харин Д.А өөс хааяа юм захиж авч байсан боловч нэгд тийм олон төрлийн олон сая төгрөгийн бараа аваагүй, хоёрт би Д.А өөс захиж болон худалдаж авсан барааныхаа тооцоог М.М тооцоонд оруулалгүйгээр хийж байсан. Бэлэн мөнгө ч өгч байсан, дансаар ч барааны мөнгө өгч байсан байх ёстой. Ямар нэгэн дэвтэр надад танилцуулж, баталгаажуулж тооцоо хийж байгаагүй тул түүний хувийн тооцоог би мэдэхгүй. Д.А ийн ********** тоот дансны хуулгыг харахад 2018 оны 05 дугаар сарын 25-наас 2018 оны 9 дүгээр сарын 29 хүртэл М.М зээлд тооцогдох 3.600.000 төгрөгийг надад шилжүүлсэн баримт гаргасан байх ба тэр нь миний ХХБ-ны данстай тохирч байна. Харин 3.600.000 төгрөгийг Д.А шилжүүлсэн нь М.М Б.Х-д өгөх мөнгөнөөс 3.500.000 төгрөгөөр тооцсон байх тул 100.000 төгрөгийн зөрүүтэй байна. Тиймээс 1.100.000 төгрөгийг Б.Х тай холбоотой гэж тооцох боломж байна. 2 дугаарт бэлэн өгсөн 490.000 төгрөгөөс 105.000 төгрөг, 90.000 төгрөгийг бэлэн өгсөн талаар нотлуулахаар Ж гэх хүнийг гэрчээр оруулж ирж, хүний хувийн тэмдэглэлд үзлэг хийлээ. Гэрч бол тухайн гэрчлэх гээд байгаа хүн, он сар өдрийг мэдэхгүй, юуны тухай гэдгийг мэдэхгүй, ямар ч байсан нэг хүнд мөнгө өгөх гэж Д.А надаас авсан гэж хэлж байна. Мөн давхар үзлэг хийлээ. Тэгэхээр 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Мэндээ эгчээс 500.000 төгрөг орж ирсэнээс 90.000 төгрөгийг Б.Х-д өгөв гэсэн тэмдэглэл байна. Гэтэл дансны хуулга дээр 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр М.Мгээс 100.000 төгрөг гэсэн ийм зүйлийг эргэлзээгүй гарцаагүй нотлох баримт гэж үзэх боломжгүй байна. Бэлэн мөнгө өгч байгаа бол авсан гэдэг нь нотлогдож байх ёстой. Барааны фото зургаар өгч байгаа, тэмдэглэлд бичсэн зүйлээр юу нотлох гэж байгаа нь төвөгтэй байна. Энэ хүний ганцаарчилсан тооцоо болохоос биш харилцагчтай хийсэн тооцоо гэж үзэх боломжгүй. Энэ хэрэг дээр М.М гээс Д.А рүү шилжүүлсэн мөнгөнөөс Б.Х тай холбоотой 1.100.000 төгрөг байна. Үүнийг Б.Х д хариуцуулахад буруу байхгүй, бусад мөнгийг Б.Х д холбогдуулах боломжгүй байна... гэв.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2024/00512 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.М хариуцагч Д.А өөс 3.090.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.М хариуцагч Б.Х-аас 4.390.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч М.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134.630 төгрөгийн 49.440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 85.190 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч М.М д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 7.110.000 төгрөгийг Д.А нь М.М гээс хариуцагч Б.Х д бэлэн болон бэлэн бусаар, бараа бүтээгдэхүүн зарж борлуулж бүрэн гүйцэд шилжүүлж өгсөн болох нь тогтоогдож байх тул Б.Х д шилжүүлж өгөх мөнгийг өөртөө авч ашигласан гэх үндэслэлээр 3.090.000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар Д.А өөс буцаан шаардсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Мөн хариуцагч Б.Х аас зээлийн төлбөрт илүү нэхэмжилж авсан мөнгө болох 4.390.000 төгрөгийг буцааж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой хэргийг шүүх шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.М, хариуцагч Б.Х нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаатай холбоотой хэргийг шүүх шийдвэрлэсэн, шүүхийн хүчин *******дөр шийдвэртэй байх тул М.М хариуцагч Б.Х д холбогдуулан гаргасан 4.390.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон ач холбогдол бүхий нотлох баримтуудад хууль зүйн болон бодит үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хариуцагч Д.А нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа М.М шилжүүлсэн мөнгө болох нийт 7.480.000 төгрөгийг өөрийнх нь Хаан банкны дансанд орж ирсэн. Б.Х ын анх хэлсэнчлэн бараа материал авч байя гэсний дагуу нийт 24 удаагийн төрлийн 3.521.000 барааг 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 05 дугаар cap хүртэл захиалга хийлгэн хүлээлгэн өөрт нь буюу Б.Х д өгсөн. Мөн Б.Х д түүний Худалдаа хөгжлийн банкны ********** тоот дансанд 4.390.000 төгрөгийг, бэлнээр 195.000 төгрөг, дансаар болон бараагаар өгч байсан зэрэг нотлох баримтаа тус хэрэгт гаргаж өгсөн. Б.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй хэдий ч Д.А-ийг таньдагаар барахгүй бараа материал авч байсан. Мөн түүнчлэн банкны харилцах дансаар Д.А-өөс мөнгө авч буй нь тогтоогдсон. Б.Х-ын нэхэмжлэлтэй М.М надад хариуцагдах 6.500.000 төгрөг гаргуулж шийдвэрлэгдэж дууссан хэрэгт М.М нь Д.А-ийн Хаан банкны ********** тоот дансанд 7.110.000 төгрөгийг шилжүүлсэн баримтаа гаргаж өгсөн ба, тус шүүх хуралдаан дээр Б.Х-аас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийг таних уу гэхэд танихгүй, би Д.А-өөс ямар ч мөнгө авч байгаагүй гэж тайлбар хийсэн. Энэ тус иргэний хэрэгт нотлогдож тогтоогдсон. Хариуцагч Д.А нь өөрт нь шилжүүлсэн мөнгийг өөрт ашигтай байдлаар бараа болгон хувиргаж Б.Х-д өгч байсан нь хариу тайлбар зэргээс шинээр мэдэж авсан. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №142/ШШ2022/00847 тоот шийдвэр, Орхон аймгийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шуүхийн 2022.09.15-ны 207/МА2022/00092 магадлалаар 6.500.000 /зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг М.М надаас гаргуулан Б.Х-д олгохоор шийдвэрлэж энэхүү хэрэг маргаан дууссан. Иймд анхан шатны шүүх нь иргэний хэрэгт авагдсан нотлох баримтанд хууль ёсны болоод үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэн ИХШХШТХ-ийн 160 дугаар зүйлийн 160.1 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргаж байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №142/ШШ2024/00512 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шүүх хуралдаанд оролцож дэлгэрэнгүй тайлбарлах болно. Өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:
Анхан шатны шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн дүгнэлт эрх зүйн хувьд, хууль хэрэглээний хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Харин Д.А нь Б.Х-д түүний Худалдаа хөгжлийн банкны дансаар 3.600.000 төгрөг, Төрийн банкны дансаар 540.000 төгрөг шилжүүлсэн нь нотлогдсон бөгөөд өөр хүний дансаар 390.000 төгрөг, бэлнээр 685.000 төгрөг, бараа, эд зүйлээр 1.985.000 төгрөгийг Б.Х-д өгсөн нь нотлогдсон гэж дүгнэсэн нь буруу юм. Б.Х-ын хувьд Д.А-өөс хааяа юм захиж авч байсан боловч нэгд хэмжээний хувьд тийм олон төрлийн олон саяын бараа аваагүй, хоёрт би Д.А тэй захиж болон худалдаж авсан барааныхаа тооцоог М.М тооцоонд оруулалгүйгээр хийж байсан. Бэлэн мөнгө ч өгч байсан, дансаар ч барааны мөнгө өгч байсан байх ёстой. Ямар нэгэн дэвтэр надад танилцуулж, баталгаажуулж байгаагүй гэж тайлбарлаж байхад нэг талын тайлбар, хангалтгүй нотолгоогоор дүгнэлт хийсэн нь буруу. Үнэхээр Д.А хохироод байгаа л Б.Х-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж асуудлаа шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй юм. Иймд Д.А, Б.Х нарын хувцас, хунар тооцооны талаарх дүнэлтийг зөвтгөх шаардлагатай гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Д.А-өөс үндэслэлгүй хөрөнгөжсөн 7.480.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Б.Х ыг татаж, хариуцагч Б.Х-аас 4.390.000 төгрөг, хариуцагч Д.А-өөс 3.090.000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.М хариуцагч Д.А-өөс 3.090.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1., 65 дугаар зүйлийн 65.1.6.-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.М хариуцагч Б.Х-аас 4.390.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 847 дугаар шийдвэрээр Б.Х-ын нэхэмжлэлтэй хариуцагч М.М д холбогдох 2017 онд 10.000.000 төгрөгийг зээлж авсан, уг мөнгөнөөс төлөөгүй үлдсэн 6.500.000 төгрөг, алданги 3.250.000 төгрөг, нийт 9.750.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэж, хариуцагч М.М гээс 6.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Х-д олгохоор шийдвэрлэсэн ба хэрэг давах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж хүчин *******дөр болжээ.
Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Д.А-ийн Хаан банкны ********** дугаар данс руу 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд 7.110.000 төгрөгийг Б.Х-д дамжуулж өгөхөөр шилжүүлсэн ба тухайн мөнгөнөөс хариуцагч Д.А хариуцагч Б.Х-д 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Б.Х-ын Худалдаа хөгжлийн банкны ********** дугаар дансаар 3.600.000 төгрөг, Төрийн банкны *********** дугаар дансаар 540.000 төгрөг, өөр хүний Хаан банкны ***********, *********** дугаар дансаар 390.000 төгрөг, нийт дансаар 4.530.000 төгрөгийг шилжүүлсэн, бэлнээр 685.000 төгрөг хүлээлгэн өгч, үлдэх 1.895.000 төгрөгт Б.Х-д өөрийн зарж байсан бараа бүтээгдэхүүнээс өгч нэхэмжлэгч М.М хариуцагч Б.Х-д өгөх мөнгөнөөс суутгаж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж “...Б.Х-д шилжүүлж өгөх мөнгийг өөртөө авч ашигласан гэх үндэслэлээр 3.090.000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д зааснаар Д.А-өөс буцаан шаардсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж...”, мөн хариуцагч Б.Х-аас зээлийн төлбөрт илүү нэхэмжилж авсан мөнгө болох 4,390,000 төгрөгийг буцааж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой хэргийг шүүх шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.М, хариуцагч Б.Х нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаатай холбоотой хэргийг шүүх шийдвэрлэсэн, шүүхийн хүчин *******дөр шийдвэртэй байх тул М.М хариуцагч Б.Х-д холбогдуулан гаргасан 4,390,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна... гэсэн дүгнэлт нь Иргэний хуульд нийцжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь “...шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх..., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-д заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, нэхэмжлэгч тал биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 134.630 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2024/00512 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 134.630 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У
ШҮҮГЧ Б.О
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б