Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 14

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Г-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “М.Г-г Мөнххайрхан сумын Засаг даргаар томилуулахаар тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол гаргахыг даалгасан шийдвэр гаргуулах”, “Мөнххайрхан сумын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаас гаргасан 03 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Г, хариуцагч Я.О, гуравдагч этгээд Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар сумын Засаг даргад бие даан нэр дэвшсэн. Засаг даргад Монгол ардын намын бүлгээс О.Ганболд, Б.Мөнхдорлиг нар нэр дэвшиж, санал хураалт явагдахад О.Ганболд 3 төлөөлөгчийн, Б.Мөнхдорлиг 9 төлөөлөгчийн, миний бие 9 төлөөлөгчийн санал авснаар төлөөлөгчдийн олонхын санал авч чадаагүй тул хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчид дахин санал хураалт явуулахад Б.Мөнхдорлиг 10 төлөөлөгчийн, миний бие 11 төлөөлөгчийн  санал буюу 52,4 хувийн санал авч нэр дэвшигчид талархал илэрхийлээд, тогтоолын төсөл уншиж танилцуулаад, тогтоолын төслийг батлах уу гэхэд Монгол ардын намын төлөөлөгч нар хуралд саад учруулж, маргаан гарсны улмаас хуралдаан тарсан. Мөнххайрхан сумын ИТХ-аас намайг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26,2-т “ Баг, хорооны засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад  тухайн хурал дахь нам эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэсэн хуулийн дагуу Засаг даргаар томилуулахаар санал хүргүүлэх тогтоол гаргахгүй байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Мөнххайрхан сумын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаас гаргасан 03 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.    

Хариуцагч, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Я.О шүүхэд гаргасан тайлбартаа: Мөнххайрхан сумын ИТХ-ын дарга Я.О надад тулгасан шаардлага болох М.Г-г сумын Засаг даргад нэр дэвшүүлэн дээд шатны Засаг даргад өргөн мэдүүлэх тогтоол гаргаж өгөхийг шаардсан утгатай нэхэмжлэлийн эхний хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүний учир гэвэл сумын ИТХ нь 21 төлөөлөгчтэй хамтын шийдвэр гаргадаг нутгийн өөрөө удирдах байгууллага бөгөөд тус сумын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ИТХ-ын ээлжит бус хурлын хуралдааны эцсийн шийдвэр гаргуулах тогтоолын төслийг бүхэлд нь батлуулах санал хураалтаар төлөөлөгч Ч.Жаргалсайхан “би тогтоолын төсөл батлахад гараа өргөөгүй” гэж мэдэгдсэн тул уг тогтоолын төслийг 10 төлөөлөгч дэмжиж, 11 төлөөлөгч татгалзсан санал өгч тогтоол бүхэлдээ батлагдаагүй бөгөөд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.1 дэх заалт, сумын ИТХ-ын хуралдааны байнгын дэгийн 11.1-д зааснаар “Хуралдааны шийдвэрт хуралдааны дарга гарын үсэг зурж ёсчилсноор хуралдааны шийдвэр хүчин төгөлдөр болно” гэсэн заалтуудтай зөрчилдөж байгаа тул батлагдаагүй тогтоолд гарын үсэг зурвал Хурлын дарга миний бие хууль зөрчсөн асуудал болох болно. Нэхэмжлэлд бичигдсэн  3 нэр дэвшигчийн талаарх мэдээлэл, хоёр удаагийн санал хураалтын дүн, тооллогын комиссын 1,2 дугаар тогтоолуудыг хүлээн зөвшөөрч байна. Тооллогын комиссын 2 дугаар тогтоол гарч санал хураалтын дүнгээр иргэн М.Г нь 11 төлөөлөгч буюу 52.4 хувийн санал авсан тул төлөөлөгч нарын өмнө урьж үгийг нь сонссон. М.Г-н нэхэмжлэлд бичсэнээр төлөөлөгчдийн сонгох эрхэнд халдсан, үймүүлж хэл амаар доромжилсон, хуралдааны даргыг дарамталсан ёс бус зүйл гараагүй гэж үзэж байна. Хуралдааны маргааш 14 цагт албан ёсоор хурал зарлагдаагүй уулзаж ярилцах гэсэн боловч МАН-ын төлөөлөгч нар ирээгүй 11 төлөөлөгч ирсэн тогтоолын төсөл батлагдаагүй, хуралдааны шийдвэр албан ёсоор гарсан байсан тул хэлэлцэх асуудал байгаагүй би өөрөө төлөөлөгчийн хувиар хуралд оролцохоос татгалзсан. Мөнххайрхан сумын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ИТХ-ын ээлжит бус хуралдааны Төлөөлөгчдийн олонхын санал авсан иргэн М.Г-г сумын Засаг даргад нэр дэвшүүлэн аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэх тогтоолын төсөл бүхэлдээ батлагдаагүй, сумын ИТХ-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг үндэслэн нэр дэвшигчийн нэхэмжлэлд дурдсанаар тогтоол гаргаж гарын үсэг зурж өгөх боломжгүй хууль зөрчсөн асуудал болно. Мөнххайрхан сумын ИТХ, МАН-ын бүлэгт М.Г нь өөрийнхөө нэрийг нэр дэвшигчээс татсан хувийн өргөдлөө бичиж ирүүлсэн, өргөдөлд тодорхой дурдсанаар Б овогтой Б-г сумын Засаг даргад нэр дэвшихэд зөвшөөрч байна гэж бичсэнийг үндэслээд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 9 цагт сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хийж М.Г-н ирүүлсэн өргөдлийг танилцуулж тус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу түрүүчийн нээлттэй байсан ИТХ-ын ээлжит бус хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үргэлжлүүлэн хийхээр болсон юм. Хурал товлосон өдрөө болж иргэн М.Г ИТХ-д хувийн өргөдлөө ирүүлсэн тул түрүүчийн хуралдааны тогтоолын төсөл хэлэлцэх шаардлагагүй гэж шийдээд сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудал хэлэлцэгдэж МАН-аас Б.Б-н нэрийг дэвшүүлж өөр нэр дэвшигч байгаагүй тул илээр санал хураалт явагдаж 11 төлөөлөгчийн санал авсан. Сумын ИТХ-ын хуралдааны эцсийн шийдвэр болох сумын Засаг даргад нэр дэвшигчийг аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэх тогтоолын төсөл батлуулах санал хураалтаар 11 төлөөлөгч гар өргөж тогтоолын төсөл бүхэлдээ 57.8 хувьтай батлагдсан тул энэ шийдвэрийг аймгийн Засаг даргад өргөн мэдүүлээд байна. Энэ хуралдаанаас гарсан шийдвэр хүчингүй болох эрх зүйн үндэс байхгүй хуулийн хүрээнд явагдсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга Б.Б  шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хурлаар ИТХ-ын даргаар Я.О-г сонгож, сумын Засаг даргаар Б.Б миний биеийг төлөөлөгчдийн олонхын саналаар буюу 61,9 хувийн саналаар сонгож аймгийн Засаг даргад өргөн мэдүүлсэн. Аймгийн Засаг дарга Д.Галсандондог миний материалыг хянуулахаар Авилгатай тэмцэх газарт явуулсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр сумын Засаг даргаар томилсон. Авилгатай тэмцэх газраас хянаж үзээд төрийн албанд ажиллаагүй гэсэн хариу ирсэн учир 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан. 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус сумын ИТХ дахин ээлжит хуралдаан зарлан хуралдаж төлөөлөгчдийн олонхын саналаар дахин сонгож аймгийн Засаг даргад өргөн мэдүүлсэн боловч аймгийн Засаг дарга буцаасан. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дахин сумын ИТХ-ын ээлжит бус хуралдаан хуралдаж сумын Засаг даргад 3 хүний нэрийг дэвшүүлэн 50 хувьдаа хүрээгүй учир олонхын санал авсан Б.Мөнхдорлиг, М.Г нарт дахин санал хураалт явуулснаар Б.Мөнхдорлиг 9 төлөөлөгч, М.Г 11 төлөөлөгчийн санал авсан боловч төлөөлөгчдийн олонхын саналаар тогтоол батлагдаагүй. Миний бие 1995 онд батлагдсан Төрийн албаны хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар заалтаар сумын Засаг даргаар ажиллах эрх зүйн боломжтой эсэх талаар Төрийн албаны зөвлөлөөс тодруулга авахад боломжтой гэсэн хариу ирсэн. М.Г хувийн өргөдлөө гаргасан  учир 2017 оны 01 дүгээр сарын 27-нд ИТХ хуралдан Б.Б миний бие төлөөлөгчдийн 57,9 хувийн саналаар сумын Засаг даргад дахин сонгогдож аймгийн Засаг даргад ИТХ-ын Төлөөлөгчдийн тогтоолыг өргөн мэдүүлснээр 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байна гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Г нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад холбогдуулан “М.Г-г Мөнххайрхан сумын Засаг даргаар томилуулахаар тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол гаргахыг даалгасан шийдвэр гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “Мөнххайрхан сумын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаас гаргасан 03 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1.Нэхэмжлэгч М.Г-н нэхэмжлэлтэй Ховд аймгийн Мөнххайрхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад холбогдуулан гаргасан “М.Г-г Мөнххайрхан сумын Засаг даргаар томилуулахаар тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол гаргахыг даалгасан шийдвэр гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Мөнххайрхан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаар сумын Засаг даргад нэхэмжлэгч М.Г, Монгол ардын намын бүлгээс О.Ганболд, Б.Мөнхдорлиг нарын 3 нэр дэвшигч нэр дэвшсэн. Санал хураалтын дүнд О.Ганболд 3 төлөөлөгчийн, Б.Мөнхдорлиг 9 төлөөлөгчийн, нэхэмжлэгч М.Г-н хувьд 9 төлөөлөгчийн санал авснаар төлөөлөгчдийн олонхын санал авч чадаагүй тул хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчид дахин санал хураалт явуулахад Б.Мөнхдорлиг 10 төлөөлөгчийн, нэхэмжлэгч М.Г 11 төлөөлөгчийн буюу олонхын санал авсан байна. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Мөнххайрхан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоолын төслийг  сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаар  хэлэлцүүлсэн боловч  уг тогтоолын төслийг 10 төлөөлөгч дэмжиж, 11 төлөөлөгч татгалзсан санал өгсөн гэж үзэж тогтоолын төсөл батлагдаагүй Мөнххайрхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдааныг   нээлттэй  үлдээсэн байна.

 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар ‘’хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар батална’’ гэснээр  2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн  Ховд аймгийн Мөнххайрхан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаас тус сумын засаг нэр дэвшүүлэх  тогтоолын төсөл батлагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч М.Г-г Мөнххайрхан сумын Засаг даргад нэр дэвшүүлэх аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэх тогтоолын төсөл  батлагдаагүй болох нь гэрч Ч.Жаргалсайхан “........... гэхдээ хурлаа хаагаагүй, нээлттэй байгаа. Хурал тарсны дараа албан ёсоор гар өргөж тогтоолын төсөл батлаагүй шүү гэдгээ бичгээр илэрхийлж хурлын нарийн бичгийн даргад өгсөн...........”, гэрч Б.Мөнхдорлиг “.........одоо хуралдаан нээлттэй байгаа, хурлыг хаагаагүй байгаа..........”, гэрч О.Бишгарам “....... олонхын саналаар тогтоолын төсөл батлагдаагүй гэж үзэж хурлын тэмдэглэлд тусгаж хурлыг нээлттэй үлдээсэн...........”, гэрч О.Алтансувд “.......хурлын дарга хурал хааж үг хэлээгүй, одоо ч хурал нээлттэй байгаа........”, гэрч Б.Булганчимэг “..... хурлын дарга хурлаа хааж үг хэлээгүй ба хурал нээлттэй үлдсэн...” гэрч Ц.Ганболд “..... ардын намын бүлэг тогтоолын төслийг дэмжихгүй гээд гарсан, хурал нээлттэй үлдсэн....”, гэрч Б.Цогтоо “......тогтоолын төсөл батлагдахгүй хурал завсарласан...”, гэрч У.Хүрэлхуяг “... хурал нээлттэй үлдсэн...”, гэрч Б.Батзаяа “..... маргалдаж байгаад хурлаа хаалгүй тарсан...” нарын гэрчийн мэдүүлгүүд, мөн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.   

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж заажээ.

 Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Мөнххайрхан сумын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус  хуралдаанд  М.Г нь иргэд, төлөөлөгчдийн олонхын санал буюу 50-иас дээш хувийн санал аваагүй болох нь тогтоогдож байна.

Иймд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаас нэхэмжлэгч М.Гг Ховд аймгийн Мөнххайрхан сумын  засаг даргад нэр дэвшүүлэх тогтоолын төсөл батлагдаагүй байхад тус аймгийн  Мөнххайрхан  сумын Засаг даргад томилуулахаар Ховд аймгийн Мөнххайрхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тогтоол гаргахыг   даалгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч  М.Г-н нэхэмжлэлтэй Ховд аймгийн Мөнххайрхан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад холбогдуулан гаргасан “Мөнххайрхан сумын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаас гаргасан 03 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн  тухайд:

  Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Монгол ардын намын бүлэгт нэхэмжлэгч М.Г нь Мөнххайрхан сумын Засаг даргад нэр дэвшүүлэх  нэр дэвшигчээс нэрээ татсан тухай хувийн өргөдөл гаргахдаа  “........Б.Б-г сумын Засаг даргад нэр дэвшихэд зөвшөөрч байна ...............” гэж ирүүлжээ. 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Мөнххайрхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар  нэхэмжлэгч М.Г-н ирүүлсэн өргөдлийг танилцуулан, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн нээлттэй үлдээсэн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хуралдуулах болжээ.  2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Мөнххайрхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаар нэхэмжлэгч М.Г-н сумын Засаг даргад нэр дэвшихээс нэрээ татсан тухай өргөдлийг уншиж танилцуулан Монгол ардын намаас гуравдагч этгээд Б.Б-г Мөнххайрхан сумын Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалт явагдаж 11 төлөөлөгчийн санал авсан байна. Ховд аймгийн Мөнххайрхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаар тус аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргад нэр дэвшигчийг Ховд  аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэх тогтоолын төсөл батлуулах санал хураалтаар 11 төлөөлөгч гар өргөж тогтоолын төсөл  57.8 хувьтай батлагдсан тул Ховд аймгийн Засаг даргад өргөн мэдүүлсэн болох нь гэрч Э.Энхсод “....хурлын дарга Я.О М.Г-н гэх “Б.Б нэрээ дэвшүүлж байгаа бол нэрээ татна” гэсэн агуулгатай хүсэлтийг уншиж өгсөн....”, гэрч О.Бишгарам “....хурлын дарга Я.О  М.Г-н өргөдлийг уншиж танилцуулсан, Монгол ардын намын бүлэг Б.Б-г Засаг даргад нэр дэвшүүлж санал хураахад 57,9 хувийн саналаар Б.Б-г Мөнххайрхан сумын Засаг даргаар томилуулахаар өргөн мэдүүлж тогтоол гаргасан...”, гэрч Ц.Ганболд “... М.Г нь өөрөө нэрээ татаж байгаагаа хүлээн зөвшөөрсөн агуулгатай бичиг ирүүлсэн гэж хурлын дарга Я.О уншиж өгсөн, олонхын саналаар Б.Б-г Засаг даргаар томилуулахаар өргөн мэдүүлэх тогтоолын төслийг баталж шийдвэрлэсэн...” гэрч Б.Батзаяа “.... Г-н хувьд Б.Б-г Засаг даргад нэр дэвших юм бол миний зүгээс гомдол байхгүй гэсэн бичиг бичиж ирүүлснийг хурлын дарга Я.О уншиж танилцуулсан, олонхын саналаар Б-г Засаг даргаар томилуулахаар өргөн мэдүүлэх тогтоол гаргаж баталсан...” нарын гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож байна. Иймд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны баримтлан  М.Г-н  нэхэмжлэлтэй Ховд аймгийн Мөнххайрхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад холбогдуулан гаргасан  “М.Г-г Мөнххайрхан сумын Засаг даргаар томилуулахаар тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол гаргахыг даалгасан шийдвэр гаргуулах”, “Мөнххайрхан сумын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаас гаргасан 03 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан М.Г-н нэхэмжлэлтэй Ховд аймгийн Мөнххайрхан сумын ИргэдийнТөлөөлөгчдийн хурлын даргад холбогдуулан гаргасан  “М.Г-г Мөнххайрхан сумын Засаг даргаар томилуулахаар тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол гаргахыг даалгасан шийдвэр гаргуулах”, “Мөнххайрхан сумын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаас гаргасан 03 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Г.СОНИНБОЛОР