Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 298

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.......г суулцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, С......ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С...... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Завхан аймгийн ....... сумын ......... нэгдлийн туслах бригадад туслах ажилчнаар 1983 оны 07-р сараас 1983 оны 12-р сар хүртэл, 1984 оны 01-р сараас 1984 оны 12-р сар хүртэл, 1985 оны 01-р сараас 1985 оны 12-р сар хүртэл, 1989 оны 01-р сараас 1989 оны 12-р сар хүртэл тус тус ажиллаж байсан юм. Дээрх хугацаануудад ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай байна.

Иймд намайг Завхан аймгийн ...... сумын ..... нэгдлийн туслах бригадад 1983 оны 07-р сараас 1985 оны 12-р сар хүртэл, 1989 оны 01-р сараас 1989 оны 12-р сар хүртэл Завхан аймгийн ...... сумын ........ нэгдлийн туслах бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.

Би хөдөө ганц гэрээр эхнэрийн хамт мал малладаг ба надаас өөр мал маллах хүнгүй учир шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр хийж өгөхийг хүсье гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч С.... нь 1983 оны 07 дугаар сарын 01-нээс 1985 оны 12 сар хүртэл, 1989 оны 1 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-н хүртэл Завхан аймгийн ........ сумын ....... нэгдлийн туслах бригадад туслах ажилчнаар ажилллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлсэн бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. 

С... нь Завхан аймгийн .......... сумын ....... нэгдлийн туслах бригадад 1983 оны 07-р сараас 1985 оны 12-р сар хүртэл, 1989 оны 01-р сараас 1989 оны 12-р сар хүртэл тус тус ажиллаж байсан болох нь Завхан аймгийн ......... 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ..... дугаартай лавлагаагаар нотлогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Г........ийн ......... надаас нэг дүү хүн байгаа юм. Надтай хамт ....... сумын туслах үйлдвэр бригадад 1983 оноос 1991 он хүртэл хамт ажиллаж байсан. Намайг цэрэгт ирээд 1 жил болж байхад .......1986 онд над дээр шинэ цэрэн ирж байсан юм. Би 3 жил, ....... 2 жилийн хугацаагаар цэргийн алба хаагаад бид 1988 оны 08-р сарын 28-нд халагдаж ирж байсан юм. Тэгээд мөн оны 09-р сараас хуучин ажиллаж байсан бригаддаа үргэлжлүүлэн ажилласан юм. Бид тухайн үед барилга барих, хашаа хороо засах, мод хийх зэрэг янз бүрийн л ажил хийдэг байсан ... гэсэн мэдүүлэг,

гэрч Х.......ын ...Намайг 1984 онд ....... сумын 8-н жилийн дунд сургуулийг төгсөөд тус сумын ..... нэгдлийн туслах үйлдвэр бригадад ажилчнаар ороход ........ 1983 онд тус бригадад ажилчнаар орчихсон ажиллаж байсан. Бид нар 1986 оны хавар хүртэл ажиллаад ........ 6-р сард цэрэгт явсан юм. 2 жил гаруй цэргийн алба хаагаад халагдаж ирээд 1988 оны 08-р сард буцаад тус нэгдэлдээ үргэлжлүүлэн ажилласан. Хувьчлал явагдах үе буюу 1991 он хүртэл ажилласан. Тухайн үед яг тийм, ийм гэсэн ажил байхгүй, хаана ямар ажил байна түүнийг л хийгээд явцгаадаг байсан... гэсэн мэдүүлэг,

гэрч П.........ын ......... бид нар 1983 оноос 1990 он хүртэл Завхан аймгийн .. сумын ......... нэгдлийн туслах үйлдвэр бригадад хамт ажиллаж байсан юм. Малын хашаа хороо засах, өтөг бууц засах, барилга барих зэрэг янз бүрийн ажил хийдэг байсан. 1990 онд хувьчлал явагдаж тухайн өвлөөс ажилгүй болсон юм... гэсэн мэдүүлгүүдээр С......ын ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116,118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ: 

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ...... .. овогт .........ыг 1983 оны 07 дугаар сарын 10-наас 1985 оны 12 дугаар сарын 31-н хүртэл, 1989 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-н хүртэл Завхан аймгийн ........ сумын ........ нэгдлийн туслах үйлдвэр бригадад ажилчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхийн 2016 оны 06-р сарын 30-ны өдрийн 789 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч С.......ыг улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ