Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 207/ма2024/00067

 

 

 

2024     06         13                                          207/МА2024/00067

       

 

   Д.Б нэхэмжлэлтэй, хариуцагч

   Г.Э холбогдох иргэний

хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, шүүгч Б.О, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн *** дугаар танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2024/00501 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Э холбогдох,

Орхон аймаг ******** сум ******** баг ТОС-315 айл хотхоны *** дугаар байрны *** тоот 51.62 м2 талбай бүхий 2 өрөө түрээсийн орон сууцны хамтран эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Б илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Д.Б би нөхөр Г.Э-ай 2017 онд танилцаж, ойр дотно харилцаатай байж, бидний дундаас 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр охин Э.Г мэндэлсэн. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Нөхөр Г.Э гэр бүлээс гадуур харилцааг нэг бус эмэгтэйтэй үүсгэж, сүүлийн 3-4 жилд архи их уудаг болсон. 5 өдөр ажилдаа явна. Амралтын өдрүүдээр байнга архи ууна. Бидний дунд үр хүүхэд, гэр бүлээ хайрлах гэсэн дотно харьцаа байхгүй болоод удаж байна. Одоо амьдарч байгаа байрандаа 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ороод удаагүй хөл хүндтэй болоод охиноо 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрүүлсэн. Охиноо өөрийн асрамжиндаа үлдээж, эцэг Г.Э-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Шүүхэд дараах өргөдлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Бид цаашдаа хамт амьдрахгүй. Түүний хүүхдүүдээ болон надад гаргадаг авир, бидний таарамжгүй харилцаа охины минь хүмүүжилд нөлөөлнө гэж болгоомжлон цаашид хамт амьдрахгүй. Гэр бүлийн тухай хуульд зааснаар 2021 оны 10 дугаар сарын 07 ны өдөр төрсөн охин Э.Г гэх Д.Б миний асрамжинд үлдээж, эцэг Г.Э-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулна уу. Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж бидний амьдарч байгаа Аз хотхонд байрлах ипотекийн зээлтэй, 2 /хоёр/ өрөө байр бий. Нөхөр Г.Э-ын шүүхэд гаргах тайлбартай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх болно. Дээрх шаардлагуудыг гаргаж байх тул хүлээн авч, ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:

Д.Б би Г.Э-ай 2017 оны 12 сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн ба тухайн үед бид хоёр манай ажлын газрын албаны орон сууцанд 2020 оны 10 сарын 04-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан юм. Тэгээд бид хоёр түрээсийн орон сууцанд орохоор бичиг баримтаа бүрдүүлж, сугалаа татахад нь хамтдаа нэрсээ өгч 300 орчим айлаас Г.Э-ын нэр гарч ирсэн тул түрээсийн орон сууцанд орж амьдрах эрхтэй болсон ба тухайн үед 2020 оны 12 сарын 10-ны өдөр орон сууцны түрээсийн гэрээг байгуулах үед би ковидын тусгаарлалтанд сувилагчаар ажиллаж байсан тул Г.Э ээж Г.Ж дагуулж очоод гэрээг байгуулсан юм. Би Медипас /хуучин нэрээр/ эмнэлэгт өдрийн эмчилгээний сувилагчаар ажиллаж байсан ба ковидын тусгаарлалтанд ажиллахаар намайг аймгаас шууд томилж, Сэлэнгэ буудалд байрлаж байсан эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан, тухайн үед бид нар гарч орох эрхгүй тэндээ байрлаж ажиллаж байсан юм. Би Г.Э-аас сална тусдаа амьдарна гэж бодож байгаагүй болохоор ганцаараа гэрээ байгуулчихсан гэхээр нь тоогоогүй юм, гэтэл одоо би охин Гэгээлэнгийн хамт орох оронгүй, амьдрах газаргүй болох нөхцөл байдал үүссэн. Гэтэл сүүлд орон сууцны гэрээг байгуулахдаа өөрийнхөө ээжийг хамтран эзэмшигч гээд байгуулж гарын үсгийг зураад гэрээ байгуулсан байсныг хараад би Г.Э чи гэрээг ганцаараа байгуулсан гэчихээд яагаад ээжийн гарын үсэг байгаа юм бэ гэхэд Г.Э би хамтран эзэмшигч байх ёстой гэхээр нь ээжийн гарын үсгийг дуурайлгаад зурчихсан гэж хэлэхээр нь би түрээсийн гэрээ байгуулдаг хүмүүст очиж хэлэхэд иймэрхүү асуудал зөндөө болж байгаа, бид нар жаахан туршлагагүйдээд, хэн хаана гарын үсэг зурж байгааг сайн анзаараагүй гэж хэлж байсан юм. Тухайн гэрээнд зурсан Г.Ж гэх гарын үсэг бол Г.Э-ын өөрийнх нь бичвэр байна лээ, хадам ээжийн гарын үсэг бол биш гэж би бодож байна. Би түрээсийн орон сууцанд амьдрах эрх олж авахын тулд Г.Э-ай хамт нэг гэр бүл гэж өргөдөл өгч, болзол журмыг нь хангуулан байж түрээсийн байртай болсон мөртлөө өнөөдөр тухайн байранд амьдрах эрхгүй болох гээд байгаа тул нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Г.Э түрээсийн гэрээний хамтран эзэмшигч болох ээж Г.Ж сольж эхнэр Д.Б-ээр солиулахаар мөн би хамтран эзэмшигчээр солиуулахаар хүсэлт гаргасан боловч шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гээд хариу өгөөгүй байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймаг ******** сум ******** баг ТОС-315 айл хотхоны *** дугаар байрны *** тоот 51.62 м2 талбай бүхий 2 өрөө түрээсийн орон сууцны хамтран эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Г.Э надад Д.Б нэхэмжлэл гарган шүүхэд өгсөнд хариу тайлбар гаргаж байна. Д.Б-тэй анх 2018 оны 12 дугаар сард танилцаж, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр охин маань төрсөн юм. Анх Д.Б амьдардаг байранд амьдарч эхэлсэн бөгөөд 2020 онд төрийн байгууллагын ажилтнаар ТОСК-ийн сугалаанд орж Аз хотхонд орсон юм. Намайг архи уудаг, гэр бүлээс гадуурх харилцаатай хэмээн хэлсэн байгаа нь үндэслэлгүй юм. Уул уурхайд сүүлйн гурван жил тасралтгүй ажиллахдаа ихэнх цаг хугацааг ажил дээрээ өнгөрүүлж байдаг. Харин Д.Б гэх эмэгтэй байнга архи ууж, тамхи татдаг, мөн залуучуудтай холбоо хамааралтай байдаг юм. Энэ асуудал хүндэрвэл нотлох баримт бичлэгүүдийг ил гаргаж болно. Уурхайд гэрээсээ хол ажиллаад тураад ирэхэд аяга цай хийж өгсөн удаа гарын таван хуруунд багтахаар цөөхөн юм. Архи дарс би хааяа амарч байх хугацаандаад уулзаад уудаг хэдхэн найзтай тэд нар дээрээ л очиж 1 өдөр уудаг юм. Тэрнээс хэтэрвэл бие маань өвдөн дийлдэггүй. Мөн гэртээ охиныхоо хажууд архи дарс ууж агсам согтуу тавж байсан удаа байхгүй. Хэрүүл болонгуут үргэлж цагдаа дуудаж намайг байнга хөөж туудаг. Цагдаагийн байгууллага хэд хэдэн удаа ирж архи дарс уугаагүй шаардлагагүй хэмээж явсан удаа бий. Анх нийлж байхад архи дарс залуучуудын асуудалтай эмэгтэй байсан юм. Тэр үеэс л би сална даа гэж хэлж ярьсаар байгаад одоог хүрсэн юм. Д.Б талаар хариу тайлбар хийвэл зөндөө зүйлүүд байгаа. Намайг шүүхэд өгч асуудлыг шийдэх гэж байгаа бол би дэмжиж байна. Одоо бидний амьдарч байгаа байр манай нэр дээр байдаг бөгөөд бүх төлбөр тооцоо, эд хогшил, тог, ус СӨХ-ны төлбөр, хоолны төлбөрүүдийг би анхнаасаа бүгдийг нь төлсөөр явж байгаа. Энэ байран дээр нэхэмжлэл гаргасан бол би эсэргүүцэж байна. Охин Э.Г дээр тэтгэмж тогтоолгох нэхэмжлэл дээр шүүх шинжилгээгээр орж тогтоогдвол татгалзах зүйлгүй гэв.

Хариуцагч Г.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Д.Б нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй танилцлаа. Орон сууцны хамтран эзэмшигч мөн болохыг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл: 1. Иргэн Д.Б, Г.Э бид хоёр түрээсийн орон сууцанд хамрагдахаар Орхон аймгийн Засаг даргад хандаж, уг хүсэлтийг хүлээн авч сугалаа сугалахад Г.Э миний нэр гарч ирж, түрээсийн гэрээ байгуулах эрхтэй болсон ба хамтран эзэмшигчээр Д.Бийг оруулах хүсэлтийг гаргасан боловч татгалзаж, гэр бүлийн гишүүн болох миний ээж Г.Ж хамтран эзэмшигч болохыг зөвшөөрсөн. Д.Бийг зөвшөөрөөгүй шалтгаан нь: А.Тухайн түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээлгэхтэй сугалаагаар Г.Э-ын нэр гарч ирсэн, Д.Б нэр гарч ирээгүй, та хоёр гэр бүлийн гишүүн байх шаардлагыг хангаагүй байна гэсэн. Б.Бид хоёр тухайн орон сууцны хамтран эзэмшигч болохыг хүсч нотариатаар байгуулсан хэлцэл хийж холбогдох баримтыг байгууллагад өгсөн боловч мөн зөвшөөрөөгүй. Зөвшөөрөөгүй үндэслэл нь мөн л гэр бүлийн гишүүн биш, анхнаасаа түрээсийн гэрээ байгуулах эрхийг Д.Б аваагүй байна гэх үндэслэлийг зааж зөвшөөрөөгүй. Энэ талаар өөрөө маш сайн мэдэж байгаа бөгөөд Д.Б нэр сугалаагаар гарч ирээгүй учир нь түүнд орон сууцыг хамтран эзэмших эрх үүсээгүй гээд түрээсийн гэрээг хамтран эзэмшигчээр оруулахгүй татгалзсныг мэдэж байгаа. В.Ө хүртэл түрээсийн төлбөрийг би, ээж Г.Ж хамт хариуцан төлж ирсэн бөгөөд Д.Б нэг ч удаа түрээсийн төлбөр төлж байгаагүй. Харин түрээсийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг хүлээсэн намайг үүргээ гүйцэтгэж дуусаад, давуу эрхийн дагуу өмчлөгч болох тохиолдолд хэнийг өмчлөгчөөр оруулах нь таны эрх, бид зөвхөн эрх үүссэн этгээдтэй түрээсийн гэрээг байгуулна, харин эрх үүсээгүй этгээдийг түрээсийн гэрээнд оролцуулах, хариуцлага хүлээлгэх боломжгүй гээд Д.Б нэрийг оруулахыг эрх бүхий байгууллагаас огт зөвшөөрөөгүй ба Орон сууцны түрээслэх журмын дагуу явж байгаа тул хуулийн дагуу таныг өөрчлөх, өөр хүнд гэрээг шилжүүлэх, өөр этгээдийг нэмж хамтран эзэмшигчээр оролцуулах боломжгүй гэж хэлснийг Д.Б мэдэж байгаа. Харин би үүргээ биелүүлэхгүй бол түрээсийн орон сууцыг буцаан авна, авах тохиолдолд түрээсийг буцаан авах эрхгүй билээ. 2. Д.Б бид хоёр хамтран амьдрах боломжгүй болсон нь үнэн. Түрээсийн орон сууцыг эзэмших эрхийг сугалаагаар авах үед Д.Б-тэй хамт амьдарч байсан нь үнэн бөгөөд хамтран амьдарснаар түрээсийн гэрээний үүргийг биелүүлэх эрх үүсээгүй. Энэхүү хамт амьдарсан гэх үндэслэлээр хамтран эзэмшигч мөн болохыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Мөн Д.Б нь түрээсийн гэрээний үүргийг огт хүлээж байгаагүй, биелүүлж ч байгаагүй учир хамтран эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй. Цаашид ч тус тусдаа амьдрах нь тодорхой болсон учир энэхүү Түрээсийн гэрээний хамтран хариуцлага хүлээх, хамтран эзэмшигч этгээд болох боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2024/00501 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Э холбогдуулан гаргасан Орхон аймаг ******** сум ******** баг ТОС-315 айл хотхоны *** дугаар байрны *** тоот 51,62 м2 талбай бүхий 2 өрөө түрээсийн орон сууцны хамтран эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Д.Б би Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 20-ны өдрийн 501 тоот шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Д.Б би Г.Э-ай 2017 оны 12 сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн ба бид хоёр түрээсийн орон сууцанд орохоор бичиг баримтаа бүрдүүлж, 2020 оны 12 сарын 10-ны өдөр орон сууцны түрээсийн гэрээг байгуулах үед би ковидын тусгаарлалтанд сувилагчаар ажиллаж байсан тул Г.Э ээж Г.Ж дагуулж очоод гэрээг байгуулсан юм. Тухайн гэрээнд зурсан Г.Ж гэх гарын үсэг бол Г.Э-ын өөрийнх нь бичвэр байна лээ, хадам ээжийн гарын үсэг бол биш гэж би бодож байна. Би түрээсийн орон сууцанд амьдрах эрх олж авахын тулд Г.Э-ай хамт нэг гэр бүл гэж өргөдөл өгч, болзол журмыг нь хангуулан байж түрээсийн байртай болсон мөртлөө өнөөдөр тухайн байранд амьдрах эрхгүй болох гээд байгаа тул нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Г.Э түрээсийн гэрээний хамтран эзэмшигч болох ээж Г.Ж сольж намайг болгож өөрчлүүлэх хүсэл сонирхолтой байсан ба өөрөө энэ талаар хүсэлт гаргаж байсан нь бид хоёр цаашид энэ байрандаа хамтран амьдрах үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх зорилготой байснаас биш Г.Ж энэ байранд амьдарч байгаагүй, хамтран эзэмших хүсэл сонирхолгүй зөвхөн гэрээнд гарын үсэг зурах өөр хүнгүй байснаас үүдэн гэрээнд түүний гарын үсгийн дууриалган зурсан байдаг. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ зөвхөн Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газартай байгуулсан түрээсийн гэрээнд Г.Э, Г.Ж нар гарын үсэг зурсан нөхцөл байдлыг үнэлж, энэ гэрээг хүчин төгөлдөр, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь бодит байдалд нийцээгүй гэж үзнэ. Учир нь бодит амьдрал дээр Г.Э, Г.Ж нар энэ түрээсиййн байранд хамтдаа амьдрахаар материал бүрдүүлж өгөөгүй бөгөөд би Монгол улсад /дэлхий дахинд/ үүссэн онц байдлын улмаас дайчилгаанд хамрагдсан, гарах ямар ч боломжгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд нийтэд илэрхий байдлыг заавал нотлох шаардлагагүй байсан. Тиймээс Г.Э ээжийнхээ гарын үсгийг дууриалган зурж гэрээг байгуулсан энэ талаар би шүүх хуралдаан дээр хүсэлт санал гаргасан боловч анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэсэн мөртлөө шийдвэртээ намайг гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх бид хоёрыг хамтдаа түрээсийн хөтөлбөрт хамрагдахаар материал бүрдүүлж өгч байсан, хамтран амьдарч байсан зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үндэслэлгүй дүгнэсэн. Учир нь түрээсийн байранд материал бүрдүүлэн сонгогдох эрхийг миний бүрдүүлсэн материал Г.Э-ын бүрдүүлсэн материалтай хавсарч байж нөхцөл шаардлагыг ханган материалыг хүлээн авсан түүнээс биш Г.Э ээжийнхээ хамт материал бүрдүүлсэн бол төлбөрийн чадваргүй гэж үзэж материалыг авахгүй байх байсан. Тухайлбал хавтаст хэргийн 131 дүгээр худаст авагдсан иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах өргөдлийн маягтыг хүлээн авсан хяналтын хуудас-т хүсэлт гаргагч 10 хуудас баримт, хамтран түрээслэгч 7 хуудас баримт өгсөн талаар тодорхой дурдсан байгааг анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүх намайг нотлох баримтаар нотлож чадаагүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир нь би хүсэлт гаргаж түрээсийн байранд хэнээс ямар баримт бүрдүүлсэн болохыг хавтаст хэрэгт авахуулсан, Г.Э өөрийн гараар бичиж өгсөн бичвэрийг өгсөн, би энэ байранд өнөөдрийг хүртэл охиныхоо хамт амьдарч байгаа Г.Э БНСУ явчихсан, гэхдээ одоог хүртэл бид хоёр харилцаа холбоотой байгаа зэргээс дүгнэхэд би маргаан бүхий орон сууцны хамтран эзэмшигч мөн болохыг нотлож чадсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар Г.Э-аас маргаан бүхий 2 өрөө түрээсийн орон сууцны хамтран эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор шаардах эрхгүй гэж үзэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, бодит байдалд үндэслэлтэй дүгнэлт өгч чадаагүй гэж үзэхээр байна. Учир нь дээрх хуулийн заалтын дагуу би Г.Э-аас эд хөрөнгийг бүхэлд нь авья гэж шаардаагүй харин түрээсийн гэрээний дагуу намайг хамтран эзэмшигчээр тогтоож өгөөч гэж шаардлага гаргасан байхад намайг бүхэлд нь авахаар шаардаж байгаа мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Ер нь бол би энэ түрээсийн гэрээний хамтран эзэмшигч мөн гэдгээ нотлуулах гээд байгаа болохоос биш уг байрыг Г.Э-аас эд хөрөнгө гаргуулахаар шаардлага гаргаагүй юм. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 20-ны өдрийн 501 тоот шүүхийн шийдвэрт нэхэмжпэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Г.Э холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаж байгаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагаасаа татгалзаж, Орхон аймгийн  ******** сумын  ******** багийн  ТОС-315 айл хотхоны *** дугаар байрны *** дугаар хаягт байрлах  51.62 м2 талбай бүхий 2 өрөө түрээсийн орон сууцны хамтран эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай  нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Э холбогдуулан гаргасан Орхон аймаг ******** сум Цагаан чулуут баг ТОС-315 айл хотхоны *** дугаар байрны *** тоот 51,62 м2 талбай бүхий 2 өрөө түрээсийн орон сууцны хамтран эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Г.Э нар нь 2017 онд танилцан, 2017 оны 12 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн байх бөгөөд тэд гэрлэлтээ батлуулагүй байна.

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Г.Э нар нь хамтран амьдарч байх хугацаандаа Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөр, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 106 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулсан хөтөлбөрт оролцохоор холбогдох материалуудыг хамтдаа бүрдүүлэн өгчээ.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөр, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 106 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэг талаас Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газар, түүнийг төлөөлж Орон сууцны асуудал хариуцсан мэргэжилтэн О.О /түрээслүүлэгч/, нөгөө талаас Г.Э /түрээслэгч/, Г.Ж /хамтран түрээслэгч/ нар харилцан тохиролцож ЦЧ ТОС-2020/137 дугаартай орон сууцны түрээсийн гэрээг бичгээр байгуулжээ

Тус гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчид Орхон аймгийн ******** сумын  ******** багт байрлалтай “ТОС-315 айл" хотхоны *** дугаар байрны 5 давхрын *** дугаар  51. 62 м 2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг зориулалтын дагуу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай түрээслүүлэхээр, түрээслэгч нь түрээслэн авсан байрыг гэрээнд заасан нөхцөл, зориулалтаар нь ашиглаж, түүний бүрэн бүтэн байдпыг хангаж, түрээсийн төлбөрийг 5 жил (60 сар)-ийн хугацаанд орон сууцны нийт төлбөрийн 30%-с доошгүй хэмжээний мөнгөн дүнг өрхийн орлогод үндэслэн төлбөрийн хуваарилалтын графикийг гаргаж гэрээнд заасан хугацаанд тогтмол төлөх үүргийг хүлээж, талууд гэрээнд гарын үсэг зурж, Орхон аймгийн Засаг дарга С.Б гэрээг батлан гарын үсгээ зурж, тамгаа дарсан байна.

Гэрээнд зааснаар Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газар нь хариуцагч Г.Э-ын эзэмшилд орон сууцыг хүлээлгэн өгч, хариуцагч Г.Э нь гэрээний дагуу төлөх түрээсийн төлбөр болон орон сууцны үнээс нэмэлтээр байршуулах төлбөр, мөн тус орон сууцны хэрэглээний зардал /байр, ус, дулаан, цахилгаан г.м/-ыг гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцан төлж иржээ.

Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газар, түүнийг төлөөлж Орон сууцны асуудал хариуцсан мэргэжилтэн О.О, нөгөө талаас Г.Э, Г.Ж нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан байх ба энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж Г.Э холбогдуулан гаргасан “Орхон аймаг, ******** сум ******** баг 315 айл” хотхоны *** дугаар байрны 5 давхрын *** тоот хаягт баирлах 51.62 м.кв 2 өрөө түрээсийн орон сууцны хамтран эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Б нь “...шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө... “ гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх..., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “ өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, нэхэмжлэгч биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2024/00501 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Д.Б давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.У

 

                   ШҮҮГЧ                                    Б.О

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.Б