| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0191/Э |
| Дугаар | 211 |
| Огноо | 2019-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Д.Мөнхцэцэг, шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч А.Ганбат, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О овогт О.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1910001070150 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1957 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, тэтгэвэрт гарсан, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 1-18 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, О овогт О.Д.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 1-18 тоотод өөрийн эхнэр буюу хохирогч Ц.Цг архи уухгүй болтол хашраана гэж галын дэгээ төмрийг зуухны ам руу хийж, халааж байгаад биеийг нь олон удаа хайрч онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч О.Д: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, согтуураад ийм хэрэг хийсэн, эхнэрээсээ уучлалт гуйж эвлэрсэн...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө нөхөр Дгийн хамт хоёр шил архи уучихаад би жижиг өрөөндөө ороод унтаад, манай нөхөр том өрөөнд унтсан. Намайг унтаж байхад миний биеийг гэнэт халуун юмаар түлэхээр нь гайхаад харахад манай нөхөр гартаа галын халуун дэгээ төмөр барьчихсан миний нурууг түлж байсан. Уг төмөр нь маш халуун байсан бөгөөд хиншүү үнэртсэн. Тэгээд яагаад ийм үйлдэл хийж байгаа талаар нөхрөөсөө асуухад “миний зүүдэнд чамайг галын дэгээ төмрөөр түл гэж хэлсэн, тэгээд түлж байна” гэж хэлэхдээ төмрөө зууханд халаагаад дахин миний нуруу, баруун суга, нүүрийг түлсэн. Энэ үед би хашгираад “болиоч ээ, би үхлээш дээ” гэхэд гэнэт “өө сая л ухаан орлоо” гэж хэлээд энэ үйлдлээ зогсоосон...” /хх-ийн 15-17, 18-19/ гэсэн,
Гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Эрдэнэчимэгтэй архи ууж байхад Батцэнд Д гэх хүн дагуулж ирээд танилцуулаад авчирсан архиа хамт ууж байхад О.Д гэх хүний эхнэр нь залгаад байсан. Тэр үед О.Д эхнэр залгаад байна, би ярихгүй, чи ярьчих гэхээр нь би утсыг аваад “танай нөхөр чинь Морингийн 4-133 тоотод архи уучихсан байна, ирээд авчих” гэхэд эхнэр нь ирсэн. Бид нар эхнэртэй нь танилцаад дахин нэг архи аваад ууж байхад Ц нөхрийнхөө хамт гэр рүүгээ явмааргүй байна гээд биеийн гэмтсэн хэсгээ харуулсан. ...Тэгэхээр нь би нөхрийг нь гэрээс гаргаж байгаад цагдаагийн байгууллагад хандсан...” /хх-ийн 24-26/ гэсэн,
Шүүгдэгч О.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 11 цагийн үед 0,5 литрийн хоёр шил архи эхнэртэйгээ хувааж уусан. Тэгээд унтаж байгаад 16 цагийн үед сэрэхэд эхнэр дахин нэг шил архи ууж байхаар нь ...дандаа архи уудаг талаар нь хэлж маргалдсан. Тэгээд миний уур хүрээд эхнэрээ дахиж архи уухгүй болтол нь хашраая гэж бодоод галын дэгээ төмөр халааж хайрмаар санагдсан. Тэгээд галын дэгээ төмрийг халааж байгаад нуруу, дал, бөөр хэсэгт нилээн олон удаа хайрч түлсэн. Тэр үед манай эхнэр дахин архи уухгүй гэхээр нь сайн хашраагаад авья гэж бодоод галын дэгээ төмрийг хоёр дахиа халааж байгаад нуруу хэсэгт дахин хайрч түлсэн...” /хх-ийн 31-33/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №1100 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ц.Цгийн биед цээж, хэвлий, нуруу, бүсэлхий, баруун бугалга, шуу, зүүн бугуй, биеийн нийт гадаргуугийн 4-4,5% хамарсан ЗАБ зэргийн түлэгдэл, баруун тохой зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх түлэгдэл гэмтэл өндөр хэмийн үйлчлэлээр зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учруал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 52/ гэсэн,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 248 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. О.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. О.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. О.Д нь хэрэг үйлдэгдэхээс өмнө, хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.
4. О.Д нь болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгч, хэрэг хариуцах чадвартай байна.
5. О.Дд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна...” гэсэн дүгнэлтүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/,
- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 43/,
- Урьдчилсан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тэмдэглэл /хх-ийн 45-46/,
- Сэжигтнийг баривчилсан тэмдэглэл /хх-ийн 44/,
- Сэжигтнийг сулласан тухай прокурорын тогтоол /хх-ийн 49/,
- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 77/,
- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 80-84/,
- Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 85/,
- Хохирогчийн хүсэлт /хх-ийн 108/,
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Д.Дөлгөөн, Ө.Сүрэнхордож, Б.Галбаатар нарын мэдүүлгүүд /хх-ийн 34-42/,
- Шүүгдэгч О.Дгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 98-99/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, О.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч О.Д нь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингин 1-18 тоотод өөрийн эхнэр буюу хохирогч Ц.Цг архи уухгүй болтол хашраана гэж галын дэгээ төмрийг зуухны ам руу хийж, халааж байгаад биеийг нь олон удаа хайрч онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь цээж, хэвлий, нуруу, бүсэлхий, баруун бугалга, шуу, зүүн бугуй, биеийн нийт гадаргуугийн 4-4,5% хамарсан ЗАБ зэргийн түлэгдэл, баруун тохой зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Цгийн “...2019 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө ...унтаж байхад миний биеийг гэнэт халуун юмаар түlэхээр нь гайхаад харахад манай нөхөр гартаа галын халуун дэгээ төмөр барьчихсан миний нурууг түлж байсан. Уг төмөр нь маш халуун байсан бөгөөд хиншүү үнэртсэн. Тэгээд яагаад ийм үйлдэл хийж байгаа талаар нөхрөөсөө асуухад “миний зүүдэнд чамайг галын дэгээ төмрөөр түл гэж хэлсэн, тэгээд түлж байна” гэж хэлэхдээ төмрөө зууханд халаагаад дахин миний нуруу, баруун суга, нүүрийг түлсэн...” /хх-ийн 15-17, 18-19/ гэсэн, гэрч Э.Дын “...2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ...О.Д гэх хүний эхнэр нь залгаад байсан. Тэр үед О.Д эхнэр залгаад байна, би ярихгүй, чи ярьчих гэхээр нь би утсыг аваад “танай нөхөр чинь Морингийн 4-133 тоотод архи уучихсан байна, ирээд авчих” гэхэд эхнэр нь ирсэн. Бид нар эхнэртэй нь танилцаад дахин нэг архи аваад ууж байхад Ц нөхрийнхөө хамт гэр рүүгээ явмааргүй байна гээд биеийн гэмтсэн хэсгээ харуулсан. ...Тэгэхээр нь би нөхрийг нь гэрээс гаргаж байгаад цагдаагийн байгууллагад хандсан...” /хх-ийн 24-26/ гэсэн, шүүгдэгч О.Дгийн “...2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 11 цагийн үед 0,5 литрийн хоёр шил архи эхнэртэйгээ хувааж уусан. Тэгээд унтаж байгаад 16 цагийн үед сэрэхэд эхнэр дахин нэг шил архи ууж байхаар нь ...дандаа архи уудаг талаар нь хэлж маргалдсан. Тэгээд миний уур хүрээд эхнэрээ дахиж архи уухгүй болтол нь хашраая гэж бодоод галын дэгээ төмөр халааж хайрмаар санагдсан. Тэгээд галын дэгээ төмрийг халааж байгаад нуруу, дал, бөөр хэсэгт нилээн олон удаа хайрч түлсэн. Тэр үед манай эхнэр дахин архи уухгүй гэхээр нь сайн хашраагаад авья гэж бодоод галын дэгээ төмрийг хоёр дахиа халааж байгаад нуруу хэсэгт дахин хайрч түлсэн...” /хх-ийн 31-33/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №1100 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ц.Цгийн биед цээж, хэвлий, нуруу, бүсэлхий, баруун бугалга, шуу, зүүн бугуй, биеийн нийт гадаргуугийн 4-4,5% хамарсан ЗАБ зэргийн түлэгдэл, баруун тохой зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх түлэгдэл гэмтэл өндөр хэмийн үйлчлэлээр зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учруал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 52/ гэсэн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 77/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 80-84/, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “онц харгис хэрцгийгээр”, 2.7-д “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй ...болохыг мэдсээр байж”, 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор,онц харгис хэрцгийгээр гэдэгт “...хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон... зэрэг үйлдлийг хамааруулахаар,
“хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэдгийг бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг гэмт этгээд ухамсарлаж, гэмт хэрэг үйлдэхдээ энэ байдлыг нь ашигласныг,
мөн биеэ хамгаалж чадахгүй гэдэгт “...согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалж, хянах чадваргүй нөхцөл байдлыг мэдсээр байж халдахыг ойлгохоор тус тус хуульчилж, тайлбарлажээ.
Шүүгдэгч, хохирогч нар нь эхнэр, нөхөр бөгөөд дундаасаа хоёр хүүхэдтэй болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдох бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй байх тул шүүгдэгч О.Дгийн өөрийн эхнэрийг их хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай унтаж байхад нь буюу биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж /түүний өөдөөс эсэргүүцэл үзүүлэх боломжгүй, болж байгаа үйл явдлыг мэдэхгүй унтаж байсан/ биед хүч хэрэглэн халдаж, олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “онц харгис хэрцгийгээр”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Цгийн эрүүл мэндэд цээж, хэвлий, нуруу, бүсэлхий, баруун бугалга, шуу, зүүн бугуй, биеийн нийт гадаргуугийн 4-4,5% хамарсан ЗАБ зэргийн түлэгдэл, баруун тохой зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хх-ийн 108/ тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч О.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч О.Дг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 2 хоног баривчлагдсан бөгөөд 1 хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15,000 төгрөгөөр тооцож 30 нэгж буюу 30,000 төгрөгийг /15,000х2=30,000/ түүнд оногдуулсан торгуулийн ялаас хасч тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн 1910001070150 дугаартай хэрэгт хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.Ц гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт О.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Оригийн Дг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дгийн баривчлагдсан 02 /хоёр/ хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож гучин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000 /гучин мянга/ төгрөгийг түүнд оногдуулсан 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялаас хасч 670,000 /зургаан зуун далан мянга/ төгрөгийн торгуулаар ялаар тогтоосугай.
4. Шүүгдэгч О.Дд оногдуулсан 670,000 /зургаан зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн 1910001070150 дугаартай хэрэгт хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.Ц гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР