| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0198/Э |
| Дугаар | 226 |
| Огноо | 2019-03-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Д.Мөнхцэцэг, шүүгдэгч Б.Б, нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810021440075 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 397 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 320 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 03 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 472 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 05 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт Б.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, оршин суух иргэн Г.Агийн хашаан дотроос задалж тавьсан Тоёота Марк-2 загварын автомашины хроп, цахилгааны утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 330,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө 07 цагийн үед гэрээсээ гарахдаа хашааны хаалгаа дотор талаас нь түгжээд гарсан. Орой 18 цагийн үед гэртээ ирэхэд хашааны явган хүн орох зориулалттай хаалга онгорхой байсан. Тэгээд хашаандаа ороход Тоёота марк-2 загварын тээврийн хэрэгслийн хроп, цахилгааны утас алдагдсан байсан. ...Намайг Тоёота марк-2 загварын машин задалж зардагийг хүмүүс мэддэг болохоор сэлбэгнүүдээ хашаандаа ил өрөөд тавьчихдаг, хүмүүс орж ирээд үзэж байгаад авдаг. Тухайн үед хажуу айлын О гэх эмэгтэйгээс хашаа руу хүн орсон эсэхийг лавлахад Б, Бу хоёр энэ хавиар эргэлдээд байсан гэж хэлсэн. Энэ үед Огийн утас руу Б залгаад надтай ярьсан. Надтай “цагдаад битгийн хэлээч, би юмыг чинь авсан, гурван хоногийн дотор мөнгийг чинь өгье” гэж ярьсан...” /хх-ийн 12-14/ гэсэн,
Гэрч Э.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 11 цагийн үед гэртээ байхад цонхоор утаа орж ирээд байхаар нь юу болсон талаар хүүхдээс асуухад Б ах юм шатаасан гэж хэлсэн. Удалгүй манай хөрш айлын Т ах ирээд хашаанд байсан машины хроп, цахилгааны утас алдагдсан байна, хашаагаар хүн орж гарсан уу гэж асуусан. Удалгүй Б над руу залгаад Т ахтай яриулаад өгөөч гээд байхаар нь утсаа Т ахад өгсөн. Тухайн үед Б Т ахад “Би У байна, таны юмыг би авсан, гурав хоногийн дотор буцаагаад өгнө” гэж хэлсэн. Б ахыг У гэж хочилдог...” /хх-ийн 15/ гэсэн,
Гэрч Н.Бу мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гадуур явж байгаад гэртээ ирэхэд хөрш Б юм шатааж байсан. Юу шатааж байгаа юм бэ гэхэд жаахан хог түүгээд тэрийгээ шатааж байна гэсэн. Нэг цаг орчмын дараа Б намайг дуудахаар нь очиход ганц шил юм уух уу, сая шатаасан юмаа тушаагаад хэдэн төгрөгтэй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд бид хамтдаа хоёр гурав хоног архи уусан. Б надад хулгай хийсэн талаараа хэлээгүй, хог түүсэн л гэж хэлсэн...” /хх-ийн 17/ гэсэн,
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сард гадуур тэнэж яваад 16 цагийн үед гэртээ ирэхэд хүн байхгүй байсан. Гэрийнхэн ирэхийг хүлээх зуур тэр хавиар дэмий сэлгүүцээд явж байхад А ахынх хүнгүй байхаар нь хашаа руу нь орж жижиг хроп, цахилгааны утас аваад зэсийг нь гаргаж авахаар шатааж байхад Бу ирээд юу хийж байгаа юм бэ гэхээр нь төмөр түүгээд тэрийгээ шатааж зэсийг нь гаргаж авах гэж байна гэж хэлсэн. ...Би зэсээ гаргаж аваад төмрийн цэг дээр тушааж 25,000 төгрөгтэй болчихоод Буг гэрээс нь дуудаж гаргаж ирээд хамт архи уусан. ...Хулгай хийсэн өдрөө А ахтай утсаар яриад юмыг нь авсанаа хэлсэн боловч А ах яг одоо авчирч өгөхгүй бол цагдаа дуудлаа гээд байхаар нь айгаад ирээгүй..” /хх-ийн 59-60/ гэсэн мэдүүлгүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-23/,
- Шүүгдэгч Б.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 28-29, 63, 70-76/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдааЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23-4-14 тоотод оршин суух иргэн Г.Агийн хашаан дотроос задалж тавьсан Тоёота Марк-2 загварын автомашины хроп, цахилгааны утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 330,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Агийн “...2018 оны 09 дүгээр сарын 14-ний ...орой 18 цагийн гэртээ ирэхэд хашааны явган хүн орох зориулалттай хаалга онгорхой байсан. Тэгээд хашаандаа ороход Тоёота марк-2 загварын тээврийн хэрэгслийн хроп, цахилгааны утас алдагдсан байсан. ...Огийн утас руу Б залгаад надтай ярьсан. Надтай “цагдаад битгийн хэлээч, би юмыг чинь авсан, гурван хоногийн дотор мөнгийг чинь өгье” гэж ярьсан...” /хх-ийн 12-14/ гэсэн, гэрч Э.Огийн “...2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 11 цагийн үед гэртээ байхад цонхоор утаа орж ирээд байхаар нь юу болсон талаар хүүхдээс асуухад Б ах юм шатаасан гэж хэлсэн. Тухайн үед Б Т ахад “Би У байна, таны юмыг би авсан, гурав хоногийн дотор буцаагаад өгнө” гэж хэлсэн. Б ахыг У гэж хочилдог...” /хх-ийн 15/ гэсэн, гэрч Н.Бугийн “...Гадуур явж байгаад гэртээ ирэхэд хөрш Б юм шатааж байсан. Юу шатааж байгаа юм бэ гэхэд жаахан хог түүгээд тэрийгээ шатааж байна гэсэн. Нэг цаг орчмын дараа Б намайг дуудахаар нь очиход ганц шил юм уух уу, сая шатаасан юмаа тушаагаад хэдэн төгрөгтэй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд бид хамтдаа хоёр гурав хоног архи уусан. Б надад хулгай хийсэн талаараа хэлээгүй, хог түүсэн л гэж хэлсэн...” /хх-ийн 17/ гэсэн, шүүгдэгч Б.Бийн “...2018 оны 09 дүгээр сард гадуур тэнэж яваад 16 цагийн үед гэртээ ирэхэд хүн байхгүй байсан. Гэрийнхэн ирэхийг хүлээх зуур тэр хавиар дэмий сэлгүүцээд явж байхад А ахынх хүнгүй байхаар нь хашаа руу нь орж жижиг хроп, цахилгааны утас аваад зэсийг нь гаргаж авахаар шатааж байхад Бу ирээд юу хийж байгаа юм бэ гэхээр нь төмөр түүгээд тэрийгээ шатааж зэсийг нь гаргаж авах гэж байна гэж хэлсэн. ...Би зэсээ гаргаж аваад төмрийн цэг дээр тушааж 25,000 төгрөгтэй болчихоод Буг гэрээс нь дуудаж гаргаж ирээд хамт архи уусан...” /хх-ийн 59-60/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-23/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Агийн эд хөрөнгөд 330,000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч, хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад сайн дураараа эвлэрч, хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Г.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршгийн хэмжээ, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй хувийн байдлуудыг харгалзан түүнд хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн үндэслэлээр шүүхийн шатнаас буюу 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 2 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 16 цагийг түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн 1810021440075 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.А гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 16 /арван зургаа/ цагийг түүнд оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, түүний биечлэн эдлэх ялыг 284 /хоёр зуун наян дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Бд оногдуулсан 284 /хоёр зуун наян дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн 1810021440075 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.А гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР