Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 228

 

    

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Энхмэнд, шүүгдэгч Л.М, нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Бээс овогт Л.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1910001090160 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27а-74 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Бээс овогт Л.М

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.М нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 05 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27 дугаар байрны 74 тоот хаалгатай орцонд согтуу явах гэлээ гэж Б.Оын нүүр, цээж хэсэг орчим нь цохиж эрүүл мэндэд хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салст, духанд цус хуралт бүхийн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Л.М: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй. Хохирогчид 300,000 төгрөг төлсөн, хүн цохих нь миний буруу, гэм буруугаа ойлгож байна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эгч Эг, дүү Эх нарын хамтаар хадам эгч Эдийн гэрт очиж шинэ жил тэмдэглээд ярилцаж сууж байгаад Эд, Эг, Эх нарыг унтсаны дараа 05 цагийн үед гараад лифтэнд суух гээд зогсож байхад М араас гарч ирээд “яах гээд байгаа юм бэ” гээд миний нүүр рүү цохихоор нь би доош суухад миний хавирга руу хоёр удаа өшиглөөд татаж босгоод гэр рүүгээ дагуулж орсон. ...Тухайн үед бид нар 0,75 литр, 0,5 литрийн архи уусан байсан..." /хх-ийн 7-9, 10-11, 12-13/ гэсэн,

 

Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 00 цаг 40 минутын үед дүү Эх “Эг эгч дуудаж байна” гээд гараад явах үед би ажилтай байсан учраас гэртээ үлдээд нөхөр О хамт явсан. Тэгээд шөнө 06 цаг өнгөрч байхад О гэрт ирэхдээ нүүр нь хавдчихсан, зүүн бөөр өвдөж байна гэж хэлсэн..." /хх-ийн18-19 / гэсэн,

 

Гэрч Д.Эх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 01 цагийн үед эгч Энхтуяа, О нарын хамтаар Мын гэрт ирсэн. Мын гэрт 0,75 литрийн нэг шил архи, 0,75 литрийн шампанск уугаад хоол идэнгээ ярилцаж байгаад 05 цагийн үед унтацгаасан. Намайг өглөө 10 цагийн үед сэрэхэд О ах явчихсан байсан...” /хх-ийн 20-22/ гэсэн,

 

Гэрч Д.Эд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө Эх, Эг, О нар манай гэрт ирээд хоол идэж, ярилцах зуураа 0,75 литрийн хоёр шил архи уучихаад унтацгаасан. Тэгээд өглөө 06 цаг өнгөрч байхад сэрээд том өрөө рүү ороход Эх буйдан дээр, М газар унтаж байхаар нь Оыг асуухад яваад өгчихсөн гэж хэлсэн...” /хх-ийн 23-25/ гэсэн,

 

Гэрч Д.Эг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн О, Эх нарын хамтаар эгч Эдийн гэрт очиж 0,75 литрийн хоёр шил архи, нэг шил оргилуун дарс уучихаад унтацгаасан. ...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 11 цагийн үед Отай уулзахад хоёр нүд нь хөхөрчихсөн байхаар нь юу болсныг асуухад “та нарыг унтсаны дараа, намайг явах гэхэд явуулахгүй гээд М цохисон” гэж хэлсэн...” /хх-ийн 29-30/ гэсэн,

 

Шүүгдэгч Л.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 01 цагийн үед Эх, Эг, О нар манай гэрт ирээд хоол идэж, ярилцах зуураа 0,75 литрийн хоёр шил архи хувааж уучихаад Эх, Эг, Эд нар унтацгаасан. Тэгэхэд О согтуу байж явах гээд байхаар нь би амраад яв гэж хэлсэн боловч О гараад явахаар нь араас нь гараад гэр рүү оруулах гэхэд орохгүй байхаар нь би зүүн гараа татаж, баруун гараараа хоёр нүдний хооронд цохиод уурлаад явуулсан..." /хх-ийн 47-50/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №889 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Оын биед хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салст, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлйн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 37/ гэсэн дүгнэлт,

 

- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-39/,

- Шүүгдэгч Л.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 54-59/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Л.Мт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Л.М нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 05 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27 дугаар байрны 74 тоот хаалгатай орцонд согтуу явах гэлээ гэж Б.Оын эрүүл мэндэд нүүр, цээжинд цохиж эрүүл мэндэд нь хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салст, духанд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Оын “...2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эгч Эг, дүү Эх нарын хамтаар хадам эгч Эдийн гэрт очиж шинэ жил тэмдэглээд ярилцаж сууж байгаад Эд, Эг, Эх нарыг унтсаны дараа 05 цагийн үед гараад лифтэнд суух гээд зогсож байхад М араас гарч ирээд “яах гээд байгаа юм бэ” гээд миний нүүр рүү цохихоор нь би доош суухад миний хавирга руу хоёр удаа өшиглөөд татаж босгоод гэр рүүгээ дагуулж орсон..." /хх-ийн 7-9, 10-11, 12-13/ гэсэн, гэрч Д.Эгийн “...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 11 цагийн үед Отай уулзахад хоёр нүд нь хөхөрчихсөн байхаар нь юу болсныг асуухад “та нарыг унтсаны дараа, намайг явах гэхэд явуулахгүй гээд М цохисон” гэж хэлсэн...” /хх-ийн 29-30/ гэсэн, шүүгдэгч Л.Мын “...2019 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө ...О согтуу байж явах гээд байхаар нь би амраад яв гэж хэлсэн боловч О гараад явахаар нь араас нь гараад гэр рүү оруулах гэхэд орохгүй байхаар нь би зүүн гараа татаж, баруун гараараа хоёр нүдний хооронд цохиод уурлаад явуулсан..." /хх-ийн 47-50/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №889 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Оын биед хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салст, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлйн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 37/ гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-39/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Мын эрүүл мэндэд хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салст, духанд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалтай холбоотой хохиролд 300,000 төгрөг төлсөн, хохирогч Б.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 63/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Шүүгдэгч Л.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Л.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн 1910001090160 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.О гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:                  

 

1. Шүүгдэгч Бээс овогт Л.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Л.Мт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Мт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1910001090160 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.О гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

      

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР