| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0136/э |
| Дугаар | 2019/ШЦТ/139 |
| Огноо | 2019-05-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/139
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгч Х.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Х.Б-д холбогдох 1921003630156 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн … тоотод оршин суух, гавьяа шагналгүй,
Дорнод аймгийн 3 дугаар хэсгийн ардын шүүхийн 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 5 жилийн хорих ялаар,
Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 41 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 210 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2/14 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар 13 хоногийн хорих ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар,
Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Х.Б.
Шүүгдэгч Х.Б нь согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сум 6 дугаар багт байх “Классик” караокены гадаа 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн орчимд эхнэр И.О-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хийсэн хэргийн талаар маргаан байхгүй. Гэм буруугаа ойлгож байгаа. Прокуророос санал болгож байгаа ялыг зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч И.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэртээ хүү Отгонбаярын хамт байхад манай нөхөр Х.Б найз Батаагийн хамт орж ирсэн. Орж ирээд хэлэх хэлэхгүй үгээр намайг доромжилсон. Манай нөхөр маш их согтуу, Батаа нь архи уугаагүй эрүүл байсан. Батаа нь битгий хэрэлдээд бай гээд хориод дийлэхгүй байхаар нь би гэрээсээ гараад явахад нөхөр Х.Б араас хөөсөн. Би зугтсаар байгаад Классик караокены зүүн талд намайг гүйцэж ирээд цохиж зодсон. Тэр үед нэг танихгүй эмэгтэй бид хоёрыг салгахаар нь би цагдаад дуудлага өгсөн. Надад ямар нэг гомдол санал хүсэлт байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. /хх-ийн 7-8 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 308 тоот дүгнэлтэд
1. И.О-ийн биед тархи доргилт, хуйханд орой хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт болон салстын язрал, дээд буйлны цус хуралт, зүүн мөрний үе, зүүн ташааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүдийн тархи доргилт нь дангаараа, бусад гэмтэл нь бүрдэл байдлаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэжээ. /хх-ийн 12 тал/
Х.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Боржигон овогт Х.Б нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сум 6 дугаар багт байх “Классик” караокены гадаа согтуугаар эхнэр И.О-ийг зодож, түүний биед тархи доргилт, хуйханд орой хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт болон салстын язрал, дээд буйлны цус хуралт, зүүн мөрний үе, зүүн ташааны зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч И.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 308 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Х.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Х.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч И.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч тэрээр шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Х.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Б-гийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Х.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Б-гийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ