Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2017/ДШМ/01

 

Л.Гансүхэд холбогдох эрүүгийн

                                                                  хэргийн тухай         

                                                                                                                                                                   Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч О.Однямаа  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд,

прокурор Б.Одгэрэл,

цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, С.Цэмбэлмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Өлзийбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцалдуламыг оролцуулан,

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж, шүүгч Т.Энхмандах, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2017 оны 02 сарын 07-ны өдрийн 14 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Өлзийбаяр, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, прокурор Б.Одгэрэлийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Л.Гансүхэд холбогдох 201223010069 дугаартай 8 хавтас 2000 хуудас бүхий эрүүгийн хэргийг 2017 оны 02 сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Цагаатгагдсан этгээд: Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1965 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тусгай холбооны консчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уурхайчины 13-09 тоотод оршин суух, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Чоносон овогт Лувсанбалдангийн Гансүх /РД:КЮ65033174/-д Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2017 оны 01 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Л.Гансүх нь 2012 оны 08 дугаар сарын 10-наас 2012 оны 08 дугаар сарын 11-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт орших 38 дугаар байрны ар талд талийгаач Л.Эрхэмбаяртай согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь тоосгоор цохиж гавлын суурь ясны хугарал, тархины няцралын улмаас тархины эд зөөлөрч үхжин, тархины эд хатингаршиж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдал, олон эрхтэний дутагдалд оруулсан гэмтлийг учруулан танхайн сэдэлтээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чоносон овгийн Лувсанбалдангийн Гансүхэд холбогдох эрүүгийн 201223010069 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Шүүгдэгч Л.Гансүх нь нийт 236 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Өлзийбаярын 14.315.000 /арван дөрвөн сая гурван зуун арван таван мянга/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэргийн 2 дугаар хавтасны 183-185 дугаар хуудсанд үдэгдсэн Б.Ариунжаргалын өргөдөл, хэргийн 6 дугаар хавтасны 164-168 дугаар хуудсанд үдэгдсэн Л.Гансүхийг тодорхойлсон ангийн хамт олон болон иргэн Отгон, Болор нарын 2015 оны 09 дүгээр сарын 20, 2015 оны 12 дугаар сарын 22, 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд бичсэн гар бичмэл, Sony гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн 120 минутын 4.7 GB багтаамжтай DVD-1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, DELL маркийн хар өнгийн компьютерийн процессерийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Цагдаагийн Хэлтэст өгч, саарал өнгийн малгай 1 ширхэг, хар өнгийн куртик 1 ширхэг, хөндлөн судалтай ногоон эрээн цамц 1 ширхэг, хул шар өнгийн хагас ханцуйтэй цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн тэлээтэй өмд 1 ширхэг, улаан өнгийн даавуун биеийн тамирын өмд 1 ширхэг, шар өнгийн хагас түрийтэй гутал 1 хос, хар өнгийн оймс 1 хос, цэнхэр алаг өнгийн оймс 1 хос зэргийг тус тус устгахаар, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.2 дахь хэсэгт зааснаар Л.Гансүхэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Өлзийсүрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Гансүх нь миний дүүгийн амь насыг санаатай хохироосон гэдэг нь үнэн. Гэрч Б.Ариунжаргал “...Л.Гансүх Эрхэмээтэй маргалдан заамдан цементэн дээр унагасан. Эрхэмээ босож ирээгүй”, гэрч Н.Нарантуяа “...Б.Ариунжаргалыг явсны дараа бие засах гээд гарахад Л.Гансүх түцний ард зогсож байсан” гэсэн тогтвортой мэдүүлгүүд байсаар байтал шүүх Л.Гансүхийг хэрэг үйлдээгүй гэртээ хоносон гэх хамаатан садан, төрлийн хүмүүс болох Г.Хандсүрэн, Ж.Чулуунбаатар, И.Дагдандорж, Б.Мөнхөө, Дарьмаа нарын мэдүүлгийн үндэслэлгүйгээр үнэлэн хэргийг хэрэгсэхгүй болгосонд туйлын их гомдолтой байна. Тус хэргийг шалгасан мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэт нэг талд үйлчилж байна. Хэрэг үйлдэгдсэнээс хойш 4 жил 6 сарын нүүр үзэж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Л.Гансүх нь ...Л.Эрхэмбаяртай байшингийн талаар маргалдсаны улмаас нүүрэн тус газар тоосгоор цохиж алсан байна гэж дүгнэсэн атлаа цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсгийг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай гэж шийдвэрлэсэн нь өөр хоорондоо харилцан адилгүй зөрүүтэй байдлаар дүгнэсэн, хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг алдагдуулсан гэж үзэж байна. Гэрч Б.Ариунжаргал, Н.Нарантуяа нар нь Л.Гансүхийг байсныг харсан гэх мэдүүлгүүдийг тогтвортой мэдүүлсэн мөн гэрч нарын мэдүүлэг цаг хугацааны хувьд ямар ч эргэлзээ байдаггүй гэтэл шүүх Л.Гансүхийн ар гэр болох хамаатан садан төрлийн хүмүүс болох Г.Хандсүрэн, Ж.Чулуунбаатар, И.Дагдандорж, Б.Мөнхөө, Дарьмаа нарын мэдүүлгийн үнэн зөвийг бодит байдлаас нь хэт гуйвуулан бусдад ял завших нөхцөлийг бүрдүүлсэн. Хүн алсан Л.Гансүхийг гэртээ байсан гэх үндэслэлээр цагаатгасан нь үнэнд нийцэхгүй байна. Б.Ариунжаргал талийгаач Эрхэмээг Л.Гансүх алсан гэдгийг мэдэж, тэдний маргааны үйл баримтуудыг зөв сонссон гэрчилсэн гэж үзэж байна.

Тийм ч учраас хохирогч Л.Өлзийбаяр, Л.Гансүхийн төрсөн эгч Туяацэцэг нарын хоорондоо хийсэн торхны наймааны талаар мэдэхгүй атлаа Б.Ариунжаргал мэдүүлээд байхад анхан шатны шүүх шүүгдэгчийг цагаатгасан тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх боломжоор хангаж өгнө үү гэв.

 

Прокурор Б.Одгэрэл улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Өлзийбаяр /1 дүгээр хавтаст хэргийн 23-р хуудас/, гэрч Н.Нарантуяа /1 дүгээр хавтаст хэргийн 46-р хуудас/, С.Ганбаатар /1 дүгээр хавтаст хэргийн 49-р хуудас/, Б.Ариунжаргал / 2 дугаар хавтаст хэргийн 165-168 хуудас/ нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээчийн №120, №33, №175 дугаартай дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Гэрч Б.Ариунжаргалын “...өндөр Гансүх Эрхэмбаярыг газар унагаад тал тоосго газраас аваад Эрхэмбаярын нүүрэн тус газар 1 удаа цохисон. Эрхэмбаяр газарт хэвтээд үлдсэн” гэх мэдүүлэг гэрч Н.Нарантуяагийн “...2012.08.11-ний өглөө 05 цагийн үед ...өндөр Гансүх ганцаараа зогсож байснаа Ариунжаргалынхаа араас яваад өгсөн” гэх мэдүүлгээр нотлогддог. Мөн нотлох баримтын хэмжээнд үнэлбэл зохих Л.Эрхэмбаяр нас барахын өмнө өөрийг нь зодсон үйл баримтын талаар асуусан асуултад толгой дохиж хариулж байсныг нотолсон бичлэг, гэрч Б.Ариунжаргал, яллагдагч Л.Гансүх нараас авсан полиграфийн шинжилгээний дүгнэлт нь гэрч Б.Ариунжаргалын мэдүүлгийг давхар нотолж байгаа үнэлж болох чухал баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар гэрч, хохирогч нь өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхтэй бөгөөд түүний эх Б.Мөнхөө, дүү Л.Дарьмаа, хадам ах И.Дагдандорж, садан төрөл Ж.Чулуунбаатар нараас шүүх хууль сануулан мэдүүлэг авсан боловч бусад нотлох баримтаар тогтоогдоогүй байхад дээрх мэдүүлгүүдийг үндэслэн зөвхөн цагаатгах талын буюу нэг талыг барьсан дүгнэлт хийсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас Л.Гансүхыг  2012 оны 08 дугаар сарын 10-наас 2012 оны 08 дугаар сарын 11-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт орших 38 дугаар байрны ар талд талийгаач Л.Эрхэмбаяртай согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь тоосгоор цохиж гавлын суурь ясны хугарал, тархины няцралын улмаас тархины эд зөөлөрч үхжин, тархины эд хатингаршиж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдал, олон эрхтэний дутагдалд оруулсан гэмтлийг учруулан танхайн сэдэлтээр санаатай алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Гансүхийг дээрх гэмт хэрэгт гэм буруугүй гэж үзээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн цагаатгах тогтоолыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч, мөн улсын яллагч эс зөвшөөрч “…хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой, ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү‘’ гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж үзвэл:

 

Л.Гансүхийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн ...Би энэ хэргийг огт хийгээгүй. Хэргийн газарт ч байгаагүй. Талийгаач Эрхэмбаяр гэдэг хүнтэй огт уулзаагүй. Намайг таван жил шалгаж хохироож байгаад туйлын гомдолтой байна. Энэ хэргийн талаар анхнаасаа Өлзийбаяр гэдэг хүн гүжирдэж, худлаа яриа зохиож, үүндээ архины хамааралтай Ариунжаргал, амьдралын боломж тааруу Нарантуяа, Мөнхбайгаль, дараа нь Өлзийжаргал нарыг гэрчээр татаж, худлаа гүжирдлэг зохион байгуулсан. Энэ хэрэг гарсан 10-наас 11-нд шилжих шөнө би ээжийндээ хоносон. Намайг ээжийндээ хоноход ээж минь болон Чулуунбаатар гэдэг өвгөн ирж хоносон. Энэ хүмүүс бүгд мэдүүлгээ өгсөн. Нарантуяа ТҮЦ-д сууж байсан гэдэг. Мөнхбайгаль нь байрны урд талд байсан гэдэг. Ариунжаргал нь хойд талд байсан гэж яриад байгаа. Урд талд байсан хүн хойд талд байсныг харж худлаа зүйл ярьсан. Нэг ч үнэн үг байхгүй, худлаа гүжирдлэг зохион байгуулж байна ...гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Ганбаатар мөрдөн байцаалтын шатанд ...Би удалгүй унтаад өгсөн. 2012 оны 08 сарын 11-ний өглөөний 06 цаг 30 минут гэж босоод 41 дүгээр байр руу дүү Энхтөрийн хамт явсан. 41 дүгээр байрны хойд талаасаа 2 дахь орцонд модон рам байсныг авч дүү Энхтөрийн хамт өргөөд гэр рүүгээ буцаж явж байхад өндөр хочтой Гансүх нь 37 дугаар байрны зүүн урд талд таарсан. Гансүх нь би өргөлцөөд өгье гээд орны модон рамыг өргөж, ...Доржоогийнд оруулж өгсөн, ... гэрээс нь гарч хар хочтой Ганбаатарын гэр рүү Гансүх, Энхтөр нарын хамт ороход хар хочтой Ганбаатар нь охиныхоо хамт гэртээ сууж байсан. Гансүх, бид хоёрын араас Нямсүрэн, үүлэн нүдтэй Ганбаатар нар орж ирсэн ...,тэр өдрийн 04 цагийн үед хар хочит Ганбаатар, Ариунжаргал бид 3 хар Ганбаатарын ухаан муутай охин Урантуяаг хайгаад 37 дугаар байранд айлын хаалга тогшоод байж байсан байх. Тэндээсээ хар Ганбаатар бид хоёр Бор-Өндөрийн Цагдаагийн тасаг орсон. Ариунжаргал ч бид хоёртой хамт явсан. Тэндээсээ бид гурав хамт буцаж 37 дугаар байр руу явсан. ... ирэхэд охин нь коридорт архи уусан байдалтай байсан. ... тэгээд л би гэр лүүгээ орсон. Хар Ганбаатар ахын гэрт охин Урантуяа, Ариунжаргал тэр гурав үлдсэн. Ариунжаргал худал хэлж байна. Ариунжаргал л тийм зүйл яриад байгаа болохоос 38 дугаар байрны ард архи ууж, Өндөр Гансүх Эрхэмбаяр нар байшингийн асуудлаас болж маргалдаж талийгаач Эрхэмбаярыг Гансүх тоосгоор нүүрэн тус газар нь цохьсон тийм зүйл тэр шөнө болоогүй ... гэсэн удаа дараагийн тогтвортой, зөрүүгүй мэдүүлгүүд,

 

Хавтас хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон тухайн үед болсон үйл баримтуудаар Л.Гансүх нь талийгаач Эрхэмбаярыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байх бөгөөд тухайн хэргийн гол гэрч болох Б.Ариунжаргал нь ‘’ ... би зарим зүйлийг худлаа мэдүүлсэн юм. Эрхэмбаярын эгч Өлзийбаяр ингэж хэл гэж зааж зааварладаг байсан. Цаасан дээр бичиж өгөөд ингэж ярь гэж зааж өгсөн”, гэсэн “... Гансүх та нар л мэдэж байгаа. Гансүх манай дүүг ийм болгосон. Чи гэрч нь шүү, одоо ингэж хэл гэх зэргээр дарамталдаг байсан”, гэсэн “...Гансүх Эрхэмбаярыг тоосгоор цохьсон асуудал өмнө нь 7 сарын сүүлээр 8 сарын эхээр болсон. Тэрийг л одоо яриулаад байгаа юм. Өлзийбаяр намайг гэртээ хонуулж өнжүүлдэг, гэрээсээ гаргадаггүй байсан”, гэсэн ”...2012 оны 08 дугаар сарын 10-ны шөнө Эрхэмбаяртай тааралдаагүй. 7 дугаар сарын 28-нд уулзсанаас хойш тааралдаагүй. Тэр шөнө Урантуяагийн хамт Доржпаламынд архи уусан. Өлзийбаяраас махаар архи авсан. Ганбаа охиноо гэртээ хоносонгүй гээд загнаад Цагдаад хэлсэн. Гэрт нь очиход бараг өглөө болсон. 07 цагийн үед Гансүх 0.5 граммын Ерөөл архитай орж ирсэн ...”, гэсэн “....Өлзийбаяр эгч өндөр Гансүх зодсон гэдгийг хэлбэл би шагнал, мөнгө төгрөг өгнө гэж хэлдэг байсан. Яг үнэндээ Гансүх Эрхэмбаярыг зодож цохиж байхыг нь би хараа ч үгүй...”, гэсэн “...2012 оны 8 сарын 11-ны шөнө үүрээр Гансүх, Эрхэмбаяр, ногоон Ганбаатар нартай 43 дугаар байрны тоглоомын талбайн орчим уулзсан. Тэгээд 38 дугаар байрны хойд талд очсон. Гансүх Эрхэмбаяр нар байшингаас болж маргалдаад Гансүх Эрхэмбаярын нүүр орчим нь тоосго шиг юмаар цохьсон. Эрхэмбаяр нь тэндээ хэвтээд үлдсэн. Хажууд нь ногоон хочит С.Ганбаатар үлдсэн. Гансүх яваад өгсөн” гэх зэрэг удаа дараагийн олон янзын тогтворгүй, эргэлзээтэй мэдүүлгүүдийг өгдөг.

 

Л.Гансүх нь 2012 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ээжийнхээ гэрт хоносон бөгөөд өглөө 07 цагийн орчим гэрээсээ гарч явсан болох нь гэрч Б.Мөнхөө, И.Дагдандорж, Ж.Чулуунбаатар, Эрдэнэбат, М.Энхбаатар, С.Ганбаатар, Р.Ренчинмядаг, Д.Доржоо, Ч.Нямсүрэн нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

 

           Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Л.Гансүх нь 2012 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт орших 38 дугаар байрны ар талд талийгаач Л.Эрхэмбаяртай согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь тоосгоор цохиж танхайн сэдэлтээр санаатай алсан талаар нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдохгүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл гээд ‘’ ... харин шүүгдэгч Л.Гансүхийг 2012 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 05 цагийн орчимд 38 дугаар байрны ар талд С.Ганбаатар, Л.Эрхэмбаяр, Б.Ариунжаргал нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэхдээ Л.Эрхэмбаяртай байшингийн талаар маргалдсаны улмаас нүүрэн тус газар тоосгоор цохиж алсан байна” гэж хэлэх гэсэн санаагаа дутуу бичиж, орхигдуулсан алдаа гаргасан нь  шүүхээс тухайн хэргийн талаар дахин өөр утга агуулгатай дүгнэлт хийсэн мэтээр харагдахаар болсон байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хууль бус нөлөөнд автсаны улмаас мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй, хохирогч гэрээсээ гараад хэрэг учрал болох хүртэлх хугацаанд хаагуур, хэнтэй, юу хийж явсан зам маршрутыг шалгаж тогтоож чадаагүй, мөн анхан шатны шүүхийн захирамжийн мөрдөн байцаалтад удаа дараа буцаасан заалтуудыг бүрэн дүүрэн биелүүлээгүй, гэрч нараас хуулийн дагуу мэдүүлэг аваагүй, хэргийн газрын үзлэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу явуулж, бэхжүүлээгүй зэргээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн олон алдаа зөрчил байх бөгөөд түүнийг дахин мөрдөн байцаалтын ажиллагаагаар засаж залруулах боломжгүй болгосон байна.

 

Иймд анхан шатны шүүх Л.Гансүхийн үйлдэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дах хэсэгт зааснаар нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдохгүй байна гэсэн дүгнэлт хийж түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хуулийн үндэслэл бүхий байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр цагаатгах тогтоолыг  хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн  өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.ТЭГШСУУРЬ

                                           ШҮҮГЧ                      А.САЙНТӨГС

                                           ШҮҮГЧ                      О.ОДНЯМАА