Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2019/0640

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Г с” ТББ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “Г с” ТББ-ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: “1. Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 22.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г с” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Увс аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/162 дугаартай захирамжийг хүчингүй болгож,

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х нь “Г” орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж,

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн 2 дахь хэсэг гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж,

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч “Г с” ТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г с” ТББ-д олгож” тус тус шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Г” орон нутгийн хамгаалалттай газар нутгийн агнуурын бүс нутгийн менежментийг Увс аймгийн Засаг даргын захирамжаар холбогдох байгууллагад хариуцуулж шийдвэрлэдэг байх ба уг бүс нутгийг “Гулзат нөхөрлөлүүдийн холбоо” НҮТББ-д хариуцуулан шийдвэрлэсэнтэй холбоотой маргааныг шүүхээс өмнө нь шийдвэрлэж байсан, мөн нэхэмжлэгч “Г с” ТББ нь “Гулзат” орон нутгийн тусгай хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг Увс аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/583 дугаар захирамж болон 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэгч хуулийн этгээд мөн байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Амьтны тухай хуулийн 22.4, 22.5-д зааснаар Г орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт менежментийн эрхийг хэдэн ч төрийн бус байгууллага хэрэгжүүлэх боломжтой ба менежментийн эрхийг ганц “Г с” ТББ хариуцах ёстой гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд нийцээгүй.

Увс аймгийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “Гулзат орон нутгийн “Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо” ТББ-д хариуцуулахаар шийдвэрлэсэн нь “Г с” ТББ-ын ашиг сонирхлыг хөндөөгүй байхад анхан шатны шүүх эрх, ашгийг нь хөндсөн байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад маргаан бүхий захиргааны акт нь “Г с” ТББ-ын ямар эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн тодорхойгүй. Увс аймгийн Засаг дарга Д.Б нь хувийн сонирхлоор Г орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн эрхийг “Г н х” ТББ-д хариуцуулснаас сүргийн бүтцэд ноцтой хохирол учруулж, амьтны тоо толгой цөөрч байна гэх мэтээр нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй зүйлд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байхад шүүх урьд өмнө нь маргааныг шийдвэрлэж байсан гэж хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн агнуурын менежментийн эрхийг “Г н х” ТББ-д 10 жилийн хугацаатай хариуцуулсан аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/162 дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Амьтны тухай хууль болон Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Ховор амьтан агнах, барих, тусгай зөвшөөрөл олгох журам”-ыг үндэслэж гарсан хуульд нийцсэн захирамж гэж үзэж байгаа тул Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар шийдвэрт зохих өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Увс аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/162 дугаар захирамж нь түүний өөрийн бүрэн эрхийн хүрээнд хууль, журамд үндэслэж гарсан захиргааны акт байна.

Гэтэл анхан шатны шүүх “Г с” ТББ-ын нь Г орон нутгийн тусгай хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг Увс аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/583 дугаар захирамж болон 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэгч хуулийн этгээд мөн байна”, “Г орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг “Г н х” НҮТББ-д давхардуулж хариуцуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн явдал нь хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Г орон нутгийн хамгаалалттай газар нутагт менежмент хариуцагчийг давхардуулсан байна гэж үзэх үндэслэлгүй юм. Тухайн газар нутагт менежмент төлөвлөгөөг хэн илүү хэрэгжүүлэх боломжтой вэ гэдгийг судлан үзэж шийдвэрлэх бүрэн эрх хариуцагч буюу Засаг даргад хуулиар олгогдсон байна. Мөн түүнчлэн тухайн бүс нутагт нэг менежмент хариуцагч байх ёстой гэсэн хуулийн шаардлага байхгүй болно.

Маргаан бүхий захиргааны акт гарснаар “Г с” ТББ-ын хуульд заасан ямар эрх ашиг хөндөгдөж болох нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

“Г с” ТББ, “Г н х” НҮТББ аль аль нь ашгийн төлөө бус нийгэмд үйлчилдэг хуулийн этгээд юм. Гэтэл “Г с” ТББ нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа хандахдаа манай байгууллага агнах ёстой аргал, угалзаа агнаж чадахгүй хохирч байна гэсэн тайлбарыг гаргаж шүүхээр маргадаг. Мөн иргэний хэргийн анхан шатны шүүхээр энэ талаарх гэм хорыг хохирлоо нэхэмжилж маргаж байсан.

Энэ байдлаас харахад “Г с” ТББ нь Г орон нутгийн хамгаалалттай газар нутгийг нөхөн сэргээх, ан амьтны тоо толгойг нэмэгдүүлэх, хамгаалах, тухайн бүс нутгийн байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, тухайн бүс нутгийн менежмент төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллах боломжгүй хуулийн этгээд болох нь харагддаг. Гэтэл анхан шатны шүүх энэ байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

Увс аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/162 дугаар захирамжаар Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг “Г н х” төрийн бус байгууллагад 10 жилийн хугацаатай хариуцуулан, тухайн сумын Засаг дарга нартай агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллах, төлөвлөгөөний хэрэгжилтийг жил бүр дүгнэж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газарт үүрэг болгож шийдвэрлэжээ.    

Нэхэмжлэгч “Г с” ТББ нь Г орон нутгийн тусгай хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг Увс аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/583 дугаартай захирамж болон 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр хариуцан ажиллаж байжээ.

Энэхүү тусгай хамгаалалттай газар нутгийн агнуурын бүс нутгийн менежментийг Увс аймгийн Засаг даргын захирамжаар “Г н х” НҮТББ-д хариуцуулан шийдвэрлэсэнтэй холбоотой маргааныг шүүхээс урьд өмнө нь удаа дараа шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан байна.

Гэтэл хариуцагч ийнхүү дахин “Г н х” НҮТББ-д давхардуулан тухайн бүс нутагт менежментийг хариуцуулахаар шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх бөгөөд  “...нутагт нэг менежмент хариуцагч байх ёстой гэсэн хуулийн шаардлага байхгүй болно.” гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

Амьтны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 22 дугаар зүйлийн 22.4-т “Агнуурын амьтны нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, ангийн гаралтай түүхий эд бэлтгэх зорилгоор агнуурын бүс нутгийн тодорхой хэсгийг гэрээний дагуу иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болно” 22.5-д Энэ хуулийн 22.4-т заасан гэрээг зохих бэлтгэл хангуулах зорилгоор эхний ээлжинд нэг жилийн хугацаагаар, цаашид арван жилийн давтамжтайгаар 30 хүртэл жилийн хугацаагаар байгуулж болно.” гэж тус тус заажээ.

Үүнээс үзвэл ан амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглах зорилгоор нэгэнт “Г с” ТББ-тай гэрээ байгуулан ажиллаж байгаа тохиолдолд тухайн гэрээгээ дүгнээгүй, хэрхэн шаардлага хангахгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь нотлогдоогүй байхад давхардуулан тухайн бүс нутагтаа өөр хуулийн этгээдэд гэрээ байгуулах эрх олгож байгаа нь хууль бус, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орихиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                                 Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                                 С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                                 Ц.САЙХАНТУЯА