Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 221/2023/0059/З |
Дугаар | 001/ХТ2023/0057 |
Огноо | 2023-09-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2023/0057
Н.Бийн гомдолтой, Монголын
Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн
хариуцлагын хороонд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэрүүн Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Х.Амарбаясгалан
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 221/ШШ2023/0011 дүгээр магадлалтай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан гомдол гаргагч Н.Бийн гомдлоор давж заалдах журмаар хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Н.Б Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргасан.
2. Хэргийн нөхцөл байдал: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/04 дүгээр тогтоолоор: Өмгөөлөгч Б.Дашдоржийг Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй болохыг тогтоож, түүнд холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 221/ШШ2023/0011 дүгээр магадлалаар: Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.5, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2.2-т заасныг үндэслэн иргэн Н.Баас Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхижээ.
4. Гомдол гаргагч Н.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
4.1. “... Н овогтой Б миний бие 2016 онд гарсан 201625031690 дугаар эрүүгийн хавтаст хэрэгт хэлсээр ял эдэлсэн. Уг хэргийн газраас 7 ширхэг хурууны хээг бэхжүүлэн авсан байдаг бөгөөд 4 дугаартай хээ нь тохирч байна гэж гэм буруутайд тооцсон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээ авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасныг ноцтой зөрчсөн.
4.2. Прокурор Б.Уранчимэг нь гэм буруугийн хэлбэрийг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн. Энэ хэрэгт Н.Б намайг яллахын тулд Чингэлтэй дүүргийн шүүгч Г.Б-ийн туслах Г.Н, прокурор Б.У, өмгөөлөгч гэх Б.Д нар зохион байгуулалттайгаар ажиллаж ямар ч хамааралгүй хүнийг гэмт хэрэгтэн болгон ял эдлүүлж, санасан санаандаа хүрч чадсан. Миний мэдэж байгаагаар Г.Н нь ажлаасаа халагдсан. Мөн прокурор Б.У нь прокурорын ажлаа хийхгүй байгаа. Эдгээр хүмүүсийг яагаад ажлаас нь халав. Надад хилс хэрэг тохсон асуудлаар халагдсан бол яагаад хэлмэгдсэн хүнийг нь цагаатгахгүй байгаа юм бол.
4.3. 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр болсон гол шийдвэрлэх шүүх хуралд өмгөөлөгч Б.Д нь “чи өөрөө гомдлоо гарга” гэж хясан боогдуулсан. Би өөрөө хүнээс гуйж гомдлоо бичүүлсэн. Уг гомдолдоо өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаагаа тодорхой бичсэн. Энэ шүүх хуралд намайг оролцуулалгүй өөр этгээдийг оролцуулж асуудлыг шийдсэн байдаг. /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 39.8.1.1/ Шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан. Энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.
4.4. Миний бие 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж, хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Энэ хэргийг Нийслэлийн прокурор М.Очбадрах 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн.
4.5. Хариуцагч Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо “шүүх хуралдаанд Н.Бийг оролцуулаагүй гомдолд дурдсанчлан өөр этгээдийг оролцуулан шүүх хуралдааныг явуулсан гэх асуудлыг тогтоосон үйл баримт байхгүй” үндэслэлээр өмгөөлөгч Б.Д-ийг буруутгах боломжгүй хэмээн дүгнэн маргаан бүхий тогтоолыг гаргасан нь асуудлыг нэг талд гаргаж шийдвэрлэхийг хүсээгүй, илт нөгөө талд үйлчилж, шударга шүүхээр шүүлгэх эрхийг маань зөрчсөн үйлдэл болж байна. Шүүхийн тогтоол, шийдвэр нь шударга, бодит үнэнд нийцсэн, нотлох баримтад тулгуурласан, хараат бус, асуудлыг нэг талд нь гаргаж шийдсэн байх ёстой гэж үзэж байна.
4.6. Иймд МӨХ-ны МХХ-ны 2023.01.12-ны өдрийн МТ/04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд “Гомдол гаргагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй” гэсэн тайлбар гаргав.
ХЯНАВАЛ:
6. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаав.
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна”, 72.2-т “Хуваарийн дагуу томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд түүнийг орлох шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг энэ хуулийн 72.1-д заасан журмаар томилно”, 119 дүгээр зүйлийн 119.4-т “Магадлал хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна ...” гэж тус тус заажээ.
8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 221/ЕШ2023/0963 дугаар захирамжаар Н.Бийн гомдолтой, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч А.Сарангэрэл, шүүгч О.Оюунгэрэл, шүүх хуралдааны даргалагчаас шүүгч Г.Мөнхтулгыг томилогдсныг албажуулжээ[1], Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 221/ЕШ2023/0969 дүгээр захирамжаар тус хэргийн бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч А.Сарангэрэл нь сургалттай болсон тул шүүх бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, шүүгч Г.Билгүүн, О.Оюунгэрэл, даргалагчаар Г.Мөнхтулгыг томилсныг албажуулсан[2]. Үүнээс өөрөөр уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг өөрчилсөн шийдвэр байхгүй байна.
9. Хэрэг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “... шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Билгүүн, О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 221/ШШ2023/0011 дүгээр магадлалын Удиртгал хэсэгт “шүүх бүрэлдэхүүн: Шүүх хуралдаан даргалагч Г.Мөнхтулга, бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн, О.Оюунгэрэл” гэх боловч магадлалын тогтоох хэсэгт даргалагч шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Оюумаа нарын нэр бичигдэж, гарын үсэг зуржээ.
10. Тодруулбал, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажаагүй, уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хууль, журамд заасны дагуу томилогдоогүй шүүгч Д.Оюумаа гарын үсэг зурсан болох нь тогтоогдож байна.
11. Ийнхүү хэргийг хуульд заасан журмын дагуу томилогдоогүй шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.6-д заасан “... шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан” үндэслэлд хамаарах бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдох тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 221/ШШ2023/0011 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ