Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 16

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Ховд сумын Нийгмийн даатгалын байцаагчид холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Жирэмсний өмнөх болон амаржсаны дараах тэтгэмжийн мөнгө олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэмж 1,856,196 төгрөг олгохыг хариуцагчид даалгах ” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б овогт М миний бие нь 2008 оноос Ховд аймгийн Ховд сумын 12 жилийн дунд сургуулийн байрны жижүүрээр  ажиллаж эхэлсэн. Одоо 9 дэх жилдээ ажиллаж байна. 2016 оны 07 сарын 01-ний өдөр ээлжийн амралтаа авсан бөгөөд 2016 оны 07 сарын 05-нд амаржиж 5 дахь хүүхдээ төрүүлсэн. Жирэмсэн байх хугацаандаа сумын эмчийн байнгын хяналтад байсан бөгөөд миний төрөх хугацааг 2016 оны 09 сарын 02-ны үеэр гэж эмчийн зүгээс үзлэгээр тодорхойлж байсан боловч миний бие 2016 оны 07 дугаар сарын 05-нд амаржсан. Ингээд Ховд сумын Нийгмийн даатгалын байцаагч К.Дүйсенбект хандаж холбогдох бичиг баримтыг бүрдүүлж амаржсаны өмнөх болон дараах тэтгэмжээ авахаар хандсан боловч чамд энэ тэтгэмж олдохгүй юм байна гээд  олгоогүй. Энэ асуудлаар Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газарт хандсан боловч холбогдох материалаа ирүүлээгүй тул хариу өгөх боломжгүй гэсэн хариуг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаартай албан тоотоор Хууль зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулсан өмгөөлөгч Н.Оюунчимэгт ирүүлжээ. Өмгөөлөгч Н.Оюунчимэг нь Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын газарт холбогдох бичиг баримтыг аваачиж үзүүлсэн байдаг.

Иймд М.М миний амаржсаны өмнөх болон дараах тэтгэмжийн мөнгө болох 1,856,196 төгрөгийг гаргуулж олгохыг Ховд аймгийн Ховд сумын Нийгмийн даатгалын байцаагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч, Ховд сумын Нийгмийн даатгалын байцаагч А.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд сумын нийгмийн даатгалын байцаагчийн ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээж авсан. Урьд нь Х.Дүйсенбек ажиллаж байсан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191  дүгээр зүйлийн 191.1, 191.2 дахь хэсэгт зааснаар “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй, 191.2-т Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хангасан даатгуулагч эх, хүүхдээ 196-аас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж тус тус заасан байдаг. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан Эмнэлгийн хуудас олгох журмын 2.5.2-д зааснаар Даатгуулагч жирэмсний эмнэлгийн хуудас авах хугацаанаас өмнө амаржсан тохиолдолд хяналтад авсан эмнэлгийн байгууллага жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг давхардуулан олгож болно, 2.5.1-т Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн нөхцөлд жирэмсний 31-32 долоо хоногтойд хяналт тавьж буй эрүүл мэндийн байгууллага олгоно гэсний дагуу төрөхөөс өмнө хяналтад орж жирэмсний тэтгэмж авах ёстой. Амаржсаны дараа амаржсаны тэтгэмж авахаар тус журмаар зохицуулсан байдаг.

Иргэн М.М нь төрөхөөс өмнө 31-32 долоо хоногт хяналтад ороогүй байж амаржих хүртэл ажилласан, мөн амаржсаны дараа 2016 оны 07 дугаар сарын 25-нд эмнэлгийн хуудас бичүүлсэн байсан тул журмаар олгогдох боломжгүй болно. М.М-тэй утсаар ярихад өөрөө хугацаанд 47 хоног тээж төрүүлсэн, дутуу төрөлт байхгүй, 2016 оны 07 дугаар сарын 05-нд амаржсан гэж хэлсэн болно гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд гаргах хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасан. Учир нь М.М-ийн төрсөн хугацаа нь 2016 оны 07 сарын 05-нд байгаа. Төрсний дараах 2 сарын хугацаа нь 09 сарын 05-нд дуусч байгаа. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулинд заасны дагуу 120 хоногоор тооцоход М.М эрхээ зөрчигдсөнийг мэдэх хуулийн боломжит хугацаа нь 12 сарын 05-ны өдрөөр дуусгавар болж байна. Ховд аймгийн Нийгмийн даатгал, эрүүл мэндийн хэлтсээс хариуг хуулийн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгчийн нэр дээр 2017 оны 01 сарын 04-ний өдрийн албан тоотыг ирүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1-т заасны дагуу М.М нь тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Өөрөөр хэлбэл М.М нь улсад 9 жил тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан болох нь түүний хавтаст хэрэгт өгсөн нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 2 жилийн нотариатын хуулбар болон байгууллагаас нь гаргаж өгсөн цалингийн тодорхойлолтуудаар нотлогдож байгаа. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.М нь хүүхдээ 196 хоногоос дээш буюу 10 сарын хугацаанд тээж төрүүлсэн нь түүний истори болон жирэмсний дараах олгосон листээр нотлогдож байна. Мөн хуулийн 191 зүйлийн 191.2-т заасны дагуу М.М нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу буюу албан ёсоор төлөгч, даатгуулагч болох нь нотлогдож байгаа. Ийм учраас жирэмсний өмнөх болон амаржсаны дараах жирэмсний амралтаа 1 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр бүрэн тогтоолгож авах хууль зүйн үндэслэлтэй байна. Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны А/30 дугаар тушаалаар батлагдсан эмнэлгийн хуудас олгох журамд заасны дагуу жирэмсний төрөх хугацаанаас 60 хоногийн өмнө даатгуулагч эмнэлгийн хуудсыг бичүүлж гаргуулж нийгмийн даатгалд өгнө гэсэн зохицуулалт байхгүй байгаа. Сумын эмнэлэгт хуулинд заасан хугацаанд хяналтад орсон болох нь жирэмсэн эмэгтэйн хөтөч картаар нотлогдож байгаа. Мөн жирэмсэн эмэгтэйн хөтөч карт дээр 7 сарын 2-ны өдөр төрнө гэж эх баригч эмч нь хугацааг тодорхойлсон байгаа.  Өөрөөр хэлбэл эмчийн заасан хугацаанд төрөх эсэх, энэ хугацаанд төрөөгүй асуудал нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй. Мөн боловсролын байгууллагын онцлогоос шалтгаалаад багш ажилчдаа нийтээр нь 7 сарын 01-ний өдрөөс амраадаг. Ээлжийн амралтыг жирэмсний амралтын өмнө олгох уу дараа олгох уу гэдгийг нарийвчлан зохицуулсан хуулийн зохицуулалт байхгүй байгаа. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан ээлжийн амралт бодох тооцох журамд энэ асуудлыг нарийвчилан зохицуулаагүй байдаг. Ээлжийн амралтыг  жирэмсний амралтын дараа, эсвэл амаржсаны дараа ажилласан хугацаанд нь ногдуулан олгож болно гэсэн ерөнхийлсөн зохицуулалт байдаг. Тэгэхээр ажил олгогчийн зүгээс 7 сарын 01-ний өдрөөс ээлжийн амралт олгосон асуудал нь нэхэмжлэгч М.М-ийн жирэмсний 120 хоногийн амралтаа эдлэх эрхийг нь хязгаарлах үндэслэл болохгүй.  Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны А/30 дугаар тушаалын дагуу хяналтаар тогтоосон хугацаанаас өмнө амаржсан тохиолдолд тухайн эмнэлэг нь жирэмсний өмнөх болон дараах эмнэлгийн хуудас буюу листийг давхардуулан олгож болно гэж заасан байдаг. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.М нь Ховд аймгийн Ховд аймгийн Ховд сумын Нийгмийн даатгалын байцаагчид холбогдуулан “Жирэмсний өмнөх болон амаржсаны дараах тэтгэмжийн мөнгө олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэмж 1,856,196 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ховд аймгийн Ховд сумын нийгмийн даатгалын байцаагч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 191 зүйлийн 191.2-т  зааснаар нэхэмжлэгч М-д жирэмсний болон амаржсаны дараах  тэтгэмжийн мөнгө олгохгүй байгаа эс үйлдэхүйг  нь хууль бус гэж үзлээ.

 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191  дүгээр зүйлийн 191.2-т энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хангасан даатгуулагч эх, хүүхдээ 196-аас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч М.М Ховд аймгийн Ховд сумын 12 жилийн сургуулийн дотуур байрны жижүүрээр тасралтгүй 9 дэхь жилдээ  ажиллаж байгаад  2016 оны 07 сарын 01-ний өдөр ээлжийн амралтаа авч 2016 оны 07 сарын 05-ны амаржиж 5 дахь хүүхдээ төрүүлсэн нь гэрч Я.Өмирхан “... М.М нь манай сургуулийн жижүүрээр 9 дэх жилдээ ажиллаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу жирэмсний болон амаржсаны 120 хоног, өөрийнх нь амралт 18 хоног, нийт хэдэн хоног амраад ажилдаа орох ёстойг тооцоолоод амралт олгосон...”, мөн  жирэмсэн байх хугацаандаа Ховд сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч  бага эмч Азинагийн хяналтад байсан нь гэрч О.Азина “... төрөх хүртлээ эмчийн хяналтад байсан, 2016 оны 07 сарын 05-ны өдрийн үүрээр хэвийн төрөлттэй, 40 долоо хоногтой, эмэгтэй хүүхэд төрүүлсэн...” гэрч К.Депутатхан “ .... М.М нь 2017 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан ба 6 сарын цалингаа бүтнээр нь бодуулж авсан, 2016 оны 08 сарын 01-ний өдрөөс жирэмсний амралт авсан....” нарын гэрчийн мэдүүлгүүд  болон хэрэгт авагдсан төрөлтийн түүх зэргээр нотлох баримтуудаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлд  заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн нь нотлогдож байна.

Түүнчлэн  Монгол улсын хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 02 сарын 18-ны өдрийн А/30 тоот тушаалаар баталсан иргэн /даатгуулагч/-д эмнэлэгийн хуудас олгох журмын 2.5.1-д Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн нөхцөлд жирэмсний 31-32 долоо хоногтойд хяналт тавьж буй эрүүл мэндийн байгууллага олгоно  гэжээ.

 Гэтэл М-д хяналт тавьж байсан Ховд аймгийн Ховд сумын эрүүл мэндийн төв жирэмсний эмнэлэгийн хуудас олгоогүй нь гэрч О.Азина “....М.М жирэмсний эмнэлэгийн хуудсаа аваагүй, харин амаржсаныхаа эмнэлгийн хуудсыг 2017 оны 07 сарын 25-ны өдөр бичүүлж авсан....” гэх мэдүүлэг,   гэрч Х.Дүйсенбек  “ .....М.М нь жирэмсний эмнэлэгийн хуудсаа бичүүлж ирээгүй, Монгол улсын хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 02 дугаар сарын 18-ны А/30 тоот тушаалын дагуу М.М нь 60 хоногийн дотор жирэмсний эмнэлгийн хуудсаа бичүүлж аваагүй, мөн жирэмсэн байх хугацаандаа 31-32 долоо хоногийн дотор жирэмсний  эмнэлгийн хуудсаа авчирч өгөөгүй....”, гэрч Б.Базаррагчаа “.... Монгол улсын хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 02 дугаар сарын 18-ны А/30 тоот тушаалын дагуу М.М нь 60 хоногийн дотор жирэмсний эмнэлгийн хуудсаа бичүүлж аваагүй,  мөн жирэмсэн байх хугацаандаа 31-32 долоо хоногийн дотор хуульд заасан хугацаандаа жирэмсний эмнэлгийн хуудсаа авчирч өгөх ёстой байсан, авчирч өгөөгүй’’ гэх мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч М.М-ийн буруутай үйлдэл байхгүй гэж үзэж  Ховд сумын Нийгмийн даатгалын байцаагчид холбогдуулан гаргасан  жирэмсний өмнөх болон амаржсаны дараах тэтгэмжийн мөнгө олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тэтгэмж 1,856,196 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, жирэмсний өмнөх болон амаржсаны дараах тэтгэмжийн мөнгө олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмж 1,856,196 төгрөгийг Ховд аймгийн Ховд сумын нийгмийн даатгалаас  нэхэмжлэгч М.М-д гаргуулан олгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Г.СОНИНБОЛОР