Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 114

 

                                                        Б.А-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 413 дугаар магадлалтай, Б.А-т холбогдох эрүүгийн ___ дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй,  “Б” ХХК-д нягтлан бодогч ажилтай байсан, ам бүл 6, эхнэр, 0-13 насны 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 00 дугаар гудамжны 800 тоотод оршин суух, ял шийтгэлгүй Б овогт Б-ийн А.

Б.А нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г"-ийн 1006 тоотод байрлах “Э” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж компаний албан бичгийн бланк дээр захирал Д.С-ийн гарын үсгийг дуурайлган зурж, тус компанид 6,500,000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан тус компаний эзэмшлийн УНБ улсын дугаартай, “Тоёота Королла" загварын тээврийн хэрэгслийг албан тушаалын байдлаа ашиглан өөрийн нэр дээр шилжүүлэн авч залилсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г”-ын 1006 тоотод байрлах “Э" ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан “Э” ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр барьцааны гэрээ байгуулан, зээл авсан О.Б-ийн зээлийн төлбөр болох 1,228,200 төгрөгийг Хаан банкны  дугаартай өөрийн данс руу шилжүүлэн авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан,

2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г"-ын 901 тоотод байрлах “М” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан тус байгууллагын Хаан банкны  дугаартай данснаас 20,000,000 төгрөгийг Хаан банкны  дугаарын өөрийн дансанд шилжүүлэн завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Б.А-ыг албан тушаалын байдлаа ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан,

мөн албан тушаалын байдлаа ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих,

мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэж 413 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Прокуророос Б.А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй." гэсэн нэмэлт заалт оруулж,

1 дэх заалтад “...Б.А-ыг үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай ...",

2 дахь заалтад “...Шүүгдэгчийн Б.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...”,

4 дэх заалтад  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А-ын эдлэх 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүгдэгч Б.А нь хохирогч О.Б-ийн зээлийн төлбөрийг өөрийн данс руу шилжүүлсэн авсан үйлдэл, мөн “М” ХХК-ийн данснаас мөнгө шилжүүлэн авсан гэх хоёр үйлдлийг анхан шатны шүүхээс завших гэмт хэрэг хэмээн дүгнэж ял шийтгэсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс дээрх хоёр үйлдлийг залилах гэмт хэрэг хэмээн дүгнэж ял шийтгэсэн болно. Өөрөөр хэлбэл Б.А-ын гэмт үйлдлүүдийг хоёр шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэн өөр өөр байдлаар ялгаатай шийдвэрлээд байна. Энэ нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэх хангалттай үндэслэл тул хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахын тулд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү.

Шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн талаар: Анхан болон давж заалдах шүүхүүдийн шийтгэх тогтоол, магадлалаас харахад нийтлэг нэг зүйл байгаа нь шүүгдэгчийг завших, залилах гэмт хэргийн аль алинаар ял шийтгэхдээ хоёуланд нь албан тушаалын байдлаа ашигласан хэмээн хүндрүүлэн зүйлчилсэн байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Б.А нь хохирогч “Э” ХХК, “М” ХХК-ийн аль алинд нь албан тушаалтан байсан гэдгийг нотлон тогтоосон баримт байдаггүй. Бүр эдгээр байгууллагын албан тушаалтан байтугай, энгийн ажилтан байсан гэдгийг ч нотолсон хөдөлмөрийн гэрээ, ажлын байранд томилсон тушаал зэрэг баримт байдаггүй. Хэргийн нөхцөл байдал ийм байхад шүүгдэгчид хүндрүүлэн зүйлчилж ял оногдуулсан байдаг нь залилах гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэх дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хууль хэрэглэсэн гэж дүгнэж байна.

Мөн Дээд шүүхийн албан ёсны тайлбарууд дотор “албан тушаалын байдлаа ашиглах” хэмээх ойлголтыг тайлбарласан байдал дутмаг байна. Цаашид залилах гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэх ойлголтыг практикт нэг мөр зөв ойлгон хэрэглэх шаардлага үүсч байгаа тул албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэх хүндрүүлэх шинжийг дэлгэрэнгүй тайлбарлах зайлшгүй шаардлага үүсээд байгаа болно.

Иймд Б.Ат холбогдох хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хүндрүүлэх шинжгүйгээр залилах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцон ял оногдуулж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.А-т холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд “Э” ХХК, “М” ХХК-ний нягтлангаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж өөрчлөлт оруулсан ба хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүгдэгч Б.А нь “Э” ХХК, “М” ХХК-ний эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан субьект биш ба тухайн аж ахуйн нэгжүүдийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхээ ашиглаж гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байх тул хэргийн зүйлчлэлийг давж заалдах шатны шүүхээс өөрчлөн зөвтгөсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.    

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэв.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5-д зааснаар төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг уг хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулдаг бол эдгээрээс бусад ажилтны хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.

Шүүгдэгч Б.А нь төрийн албан хаагч биш тул түүнд Төрийн албаны тухай хууль үйлчлэхгүй бөгөөд тэрээр “Б” ХХК-ний гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 133 дугаар тушаалаар тус компанид нягтлан бодогчоор 2 сарын хугацаанд түр, мөн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06б дугаар тушаалаар дээрхи албан тушаалд үндсэн ажилтнаар тус тус томилогдож, мөн захирлын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 29б дүгээр тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн (хэргийн 126-128 дахь тал) байх тул түүний дээрхи компанитай холбоотой хөдөлмөрийн харилцааны хувьд 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хурлаар батлагдаж, мөн оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдсөн Хөдөлмөрийн тухай хууль хамааралтай юм.

Хөдөлмөрийн гэрээгээр ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг тохирохоор дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан бол мөн зүйлийн 21.2-т аль нэг тал нь дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй талаар хуульчилж уг гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болохоор энэ зүйлийн 21.7-д зохицуулсан байна.

Ажил олгогч “Б” ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Э болон ажилтан Б.А нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 12 дугаартай хөдөлмөрийн гэрээнд (хэргийн 88-90 дэх тал) Б.А-ын албан тушаалын нэрийг нягтлан, харьяалагдах нэгжийг Санхүүгийн алба гэж тодорхойлж энэхүү гэрээний хавсралт №1 буюу ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг гүйцэтгэхийг зааж, үндсэн цалинг 1,200,000 төгрөгөөр тогтоожээ.

Харин одоогийн байдлаар хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтан дотор “Э” ХХК, “М” ХХК болон Б.А нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эсхүл контракт (Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйл) түүнийг эдгээр аж ахуйн нэгжид тодорхой ажил гүйцэтгүүлэн, үүрэг хүлээлгэхээр ямар нэгэн албан тушаалд томилсон эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй байна.

 “Б” ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 103 тоот албан бичигт (хэргийн 160 дахь тал) “Б овогтой А нь 2018 оны 11 дүгээр сарын ажил үүргийн тодорхойлолтын дагуу “Э” болон “М” ХХК-ний эдийн засагч, нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд цалинг “Б” ХХК-иас олгож байсан нь үнэн болно” гэж дурдсан хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар ажилтан нь өөрийн болон бусад байгууллагад өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх тохиолдолд заавал хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагатай талаар мөн зүйл, хэсэгт заасан  ба Б.А-ын хувьд “Б” ХХК-иас өөр хуулийн этгээдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүйн гадна уг компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ (хэргийн 88-90 дэх тал)-ний 4.2.7-д “...өөрийн ажил үүргийн хуваарьт заагдсан үүргийг өөр байгууллагад давхардуулан гүйцэтгэх, түүнчлэн энэ талаар зэрэгцсэн гэрээ буюу контракт хийхгүй байх” гэж тусгажээ.

Харин хувьцаа эзэмшигч нэгтэй дээрхи гурван аж ахуйн нэгжийн хоёртой нь хөдөлмөрийн гэрээ (контракт) байгуулаагүй, эдгээр хоёр хуулийн этгээдэд тодорхой албан тушаалд томилогдсон шийдвэр гараагүй, энэ хоёр компаний эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр, бичгээр олгосон итгэмжлэлээр албаны бүрэн эрх, чиг үүрэг нь тодорхойлогдоогүй хэдий ч Б.А нь “Э” болон “М” ХХК-ний санхүүгийн үйл ажиллагаанд оролцож байсан нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд Б.А-ын эрх зүйн байдлын талаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, түүнийг дээрхи хоёр хуулийн этгээдийн албан тушаалтан гэж тодорхойлж, үүнтэй холбоотойгоор хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн тогтоосон нь учир дутагдалтай болжээ.

Өмчлөгч болон хууль ёсоор эзэмшигчийг хуурах эсхүл итгэлийг нь эвдэх аргаар тэдгээрийн эзэмшил, өмчлөлд байсан эд хөрөнгө, түүний эрхийг хууль бусаар өөрт шилжүүлэн авах нь залилах гэмт хэргийн үндсэн шинж юм.

Шүүгдэгч Б.А нь “Э” ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 6,500,000 төгрөгийн зээл авах, үүний баталгаанд өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг барьцаалах гэрээнүүдийг байгуулсан (хэргийн 92-94 дэх тал) бөгөөд “Барьцааны гэрээ”-ний 2.2-т зааснаар уг хөдлөх эд хөрөнгийг дээрхи компаний нэр дээр шилжүүлсэн байсныг зээлийн төлбөрийг огт төлөөгүй мөртлөө компаний албан бичгийн маягт өөр дээр нь байсныг ашиглан мөн оны 10 дугаар сарын 16-ны өдөр гүйцэтгэх захирлын гарын үсгийг хуурамчаар зурсан албан бичгийг (хэргийн 114 дэх тал) Автотээврийн үндэсний төвд хүргүүлэн өөрийн нэр дээр буцаан шилжүүлэн авч бусдад борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Харин тэрээр зээлдэгч О.Б-ийн “Н” ХХК-д төлсөн зээлийн төлбөрийн 1,228,200 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авч ашигласан, мөн “М” ХХК-ний Филиппин улс руу сургалтын төлбөрт шилжүүлэх байсан 20,000,000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 17-нд хувийн данс руугаа шилжүүлэн хууль бусаар авсан үйлдлүүдийг анхан шатны шүүх завших гэмт хэрэг гэж үндэслэлтэй дүгнэснийг давж заалдах шатын шүүх залилах гэмт хэрэг гэж үзэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Учир нь Б.А дээрхи хоёр аж ахуйн нэгжтэй хууль ёсоор хөдөлмөрийн харилцаатай байгаагүй хэдий ч тэдгээрийн санхүүгийн үйл ажиллагаанд оролцож байхдаа гадаад төлбөрт шилжүүлэхээр түүнд даалгасан болон зээлийн төлбөрт төлөгдсөн мөнгөн хөрөнгийг хууль бусаар өөртөө авсан нь завших гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Өөрөөр хэлбэл, тэрээр хууль ёсны өмчлөгчийн өгсөн даалгаврыг гүйцэтгэхдээ түүний өмчлөлийн мөнгөн хөрөнгийг өөрийн мэдэлд шилжүүлж ашигласан нь үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, гэрээний буюу гэрээний бус харилцаагаар итгэмжлэл олгогдсон бүрэн эрхийг зөрчих замаар өмчлөгч (эзэмшигч)-ийг төөрөгдүүлэн эд хөрөнгийг хууль бусаар авдаг залилах гэмт хэргийн шинжгүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хоёр шатны шүүх  Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаарх  хэсгийг хангаж, хэргийг бүхэлд нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан болон нөхөн төлүүлэх хохирлын хэм хэмжээ, гэмт үйлдлийн үндсэн шинжийн талаар хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн бөгөөд харин гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг буруу тодорхойлж, хэргийг хүндрүүлэн зүйлчилснийг зөвтгөн, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, шийдэл гаргасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 413 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2.Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулсугай:

2.1.“Прокуророос Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилсүгэй.”;

2.2.“Шүүгдэгч Б овогт Б-ийн А-ыг бусдын эд хөрөнгийг залилсан болон завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.”;

2.3.“Шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 8 (найман) сар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 (нэг) жил 6 (зургаан) сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.”;

2.4.”Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 (хоёр) жил 2 (хоёр) сар хорих ялаар тогтоосугай.”;

2.5.”Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.А-т оногдуулсан 2 (хоёр) жил 2 (хоёр) сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.”.

3.Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоос “...хэргийг бүхэлд нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлүүлэх” гэсэн хэсгийн хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН