Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/144

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгч Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халаг овогт Х.Д-д холбогдох 1921000000150 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн техникч мэргэжилтэй, “...” ОНӨҮГ-т цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын ... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Халаг овогт Х.Д.

 

Шүүгдэгч Х.Д нь Дорнод аймгийн Хэрлэн сум 10 дугаар баг Ялалтын 16-09 тоотод 2019 оны 05 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө иргэн Э.С-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хийсэн хэргийн талаар маргаан байхгүй. Гэм буруугаа ойлгож байгаа. Прокуророос санал болгож байгаа ялыг зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ганчимэгийн нөхөр Х.Д 2 найзтайгаа орж ирээд надад “чи юу гэж худлаа яриад байгаа юм” гэж хэлээд толгойгоороо миний нүүр рүү мөргөж намайг газарт унагаад Сайхнаагийн гэрт орсон. ...Би дараа нь Сайхнаагийн гэрт ороход Х.Д дахин над руу уурлаад чи худал хэлсэн гээд миний нүүр рүү гараараа цохиж намайг газарт унагаасан. Би газраас босч Ганчимэгийн сууж байсан сандлын хажуу талын сандал дээр суухад Х.Д намайг хэл амаар доромжилж байснаа бид нарын ууж байсан 2.5 литрийн шар айргийг өшиглөж миний уруулыг язалсан. Би Х.Дгээс эмчилгээний зардалд 300.000 төгрөг бэлнээр авсан бөгөөд одоо надад түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй ” гэжээ. /хх-ийн 9-10 тал/

 

Гэрч Г.Ганчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... миний нөхөр Х.Д орж ирээд чи яах гээд худлаа хэлээд байгаа юм бэ гээд Э.Сийг нэг удаа алгадсан юм. Нөхөр Х.Д уурлаж шалан дээр байсан бид нарын ууж байсан савтай шар айргийг өшиглөхөд уг шар айраг найз Э.Сийн нүүрэн тус газарт нь оносон. Гараараа уруулаа дарахад уруулнаас нь цус гарч байсан...” гэжээ. /хх-ийн 19 тал/ 

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 318 тоот дүгнэлтэд

            1. Э.С-ийн биед дээд уруулын зулгаралт, дээд уруулын дотор салстын шарх, зүүн завьжны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн /цохих, цохигдох, унах үед/ олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. 

     3. Дээрх нь гэмтлүүдийн нь дээд уруулын дотор салстын шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэжээ. /хх-ийн 27 тал/

 

     Х.Д-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Халаг овогт Х.Д нь 2019 оны 05 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын 16-09 тоотод хохирогч Э.С-ийг зодож, түүний биед дээд уруулын зулгаралт, дотор салстын шарх, зүүн завьжны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүний цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би Э.С-ийн зүүн хацар орчимд 1 удаа алгадахад тэр манай эхнэрийн хажуу талд сандал дээр суусан ба би газарт байсан савтай шар айргийг өшиглөхөд Э.С-ийн нүүрэн тус газарт оносон...” гэх мэдүүлэг, хохирогч Э.С, гэрч Г.Ганчимэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 318 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч Х.Д-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Х.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Х.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч тэрээр шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Д нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Д-гийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

 

1. Шүүгдэгч Халаг овогт Х.Д-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Д-гийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ