Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 207/ма2024/00073

 

 

                                                           

2024     07          25                                           207/МА2023/00073

 

 

 “**************”-ын

Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэхэмжлэлтэй,

хариуцагч “**************”

*******-д холбогдох иргэний хэргийн тухай

 

****** аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Б, шүүгч Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн *** дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

****** аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2024/00769 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “**************”-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “**************” *******-д холбогдох,

“**************” *******, “**************”-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 4 дүгээр бүлгийн 4.2.2 дахь хэсэгт заасны дагуу нийт ажилтнуудад 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс үндсэн ба цаг зэргийн тарифт цалин хөлсийг 10 хувиар нэмэгдүүлэн нөхөн олгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 124.1.-д заасны дагуу цалин хөлсийг олгоогүй, хугацаа хэтэрсэн хоног тутамд цалин хөлсийг 0.3 хувьтай тэнцэх алданги тооцож, нийт 465 ажилтнуудад нөхөн олгохыг “**************” *******-д даалгах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Ш.З, М.Г, хариуцагчийн өмгөөлөгч М.М нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.О илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагчийн өмгөөлөгч М.М, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “**************”-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн талаар:

П.Б миний бие “**************”-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд ҮЭ-ийн гишүүдээ итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй хуулийн этгээд юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3.5, 4 дүгээр зүйлийн 4.1.7, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “**************” *******-ийн захиргаа болон ҮЭ-ийн хорооны хооронд Хамтын гэрээ-г байгуулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүртгүүлсэн. Тус хамтын гэрээний 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт энэхүү гэрээг бүртгүүлсэн өдрөөс эхлэн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд хүчинтэй байхаар заасан. Гэтэл “**************” *******, ‘**************”-ын ҮЭ-ийн Хорооны хороонд байгуулсан Хамтын гэрээ-ний 4 дүгээр бүлгийн 4.2.2 дахь заалтын дагуу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нийт ажилчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх үүргээ ажил олгогч бүрэн биелүүлэхгүй 10 хувиар нэмэгдүүлсэн байна. Иймд Хамтын гэрээний 4 дүгээр бүлгийн 4.2.2-т /2024-01-01-ны өдрөөс 20 хувиар нэмэгдүүлнэ/ гэж заасан тул гэрээний хэрэгжилтийг бүрэн ханган ажиллахыг шаардсан албан тоотыг 2024-02-08-ны өдөр ҮЭ-ийн хорооны зүгээс станцын захиргаанд хүргүүлсэн боловч 2024-02-13-ны өдрийн 03/156 тоот албан бичгээр татгалзсан хариуг ирүүлсэн. Энэ нь “**************” *******-ийн захиргаа хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан үйлдэл юм. Монгол Улсын Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6,1, 6.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т заасан Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй. Уг маргааныг ****** аймгийн *********** сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор хэлэлцүүлэн шийдвэрлэсэн болно. Иймд: “**************” *******, “**************”-ын ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 4 дүгээр бүлгийн 4.2.2 дахь заалтын дагуу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нийт ажилчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх үүргээ ажил олгогч бүрэн биелүүлэхгүй 10 хувиар нэмэгдүүлсэн тул дутуу нэмэгдүүлсэн цалингийн 10 хувийн нэмэгдлийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нийт 465 ажилчдад нөхөж олгохыг “**************” *******-д даалгах, Хамтын гэрээний 4 дүгээр бүлгийн 4.2.2-т /2024-01 -01 -ний өдрөөс 20 хувиар нэмэгдүүлнэ гэж/ заасан тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 124.1-т заасны дагуу цалин хөлсийг олгоогүй хугацаа хэтэрсэн хоног тутамд цалин хөлсний тэг аравны гурван хувтай тэнцэх алданги тооцож, нийт 465 ажилчдад нөхөн олгохыг “**************" *******-д даалгаж өгнө үү” гэж нэхэмжилсэн байна.

Хариуцагч “**************” *******омпаниас шүүхэд гаргасан хариу тайлбарын үндэслэлийн талаар:

Ажил олгогч тал болон Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ажлын хэсэг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдаж хамтын гэрээнд хоёр талаас санал бодлоо солилцон хууль зүйн хүрээнд хамтын гэрээ байгуулан ****** аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгүүлэн баталгаажуулсан. “**************” *******-ны зүгээс нийт ажилчдын үндсэн цалинг 30 хувиар нэмэгдүүлэхээр заасны дагуу 2023 оны 11 дүгээр сард 20 хувиар, 2024 оны 01 дүгээр сард 10 хувиар нэмэгдүүлж тооцож олгосон. Нэхэмжлэлийн дагуу бусад мэдээлэл, нотлох баримтыг шүүх хурал дээр гаргаж өгөхийг үүгээр мэдэгдэж байна гэх тайлбар гаргажээ.

****** аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2024/00769 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4., 158 дугаар зүйлийн 158.1.1., 124 дүгээр зүйлийн 124.1. дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан “**************” *******, “**************”-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хооронд хэрэгжих Хамтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2.-т заасны дагуу 465 ажилтанд цалинг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 хувиар нэмэгдүүлэн, нөхөн олгохыг хариуцагч “**************" *******-д даалгаж, 465 ажилтанд цалин хөлсийг олгоогүй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Эрдэнэт дулааны цахилгаан станц” *******-иас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, М.Б, Ш.З, хариуцагчийн өмгөөлөгч М.М нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” заасан шаардлагыг хангахгүй байна. Нэгдүгээрт. Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “ Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ”, 6 дугаар зүйлийн 6.1-д “хууль дээдлэх нь шүүхийн үйл ажилланааны үндсэн зарчим мөн”, 30 дугаар зүйлийн 30.6.1-д “Анхан шатны шүүх хуулиар харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж тус тус шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх зарчим, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх бүрэн эрхийг /эрх хэмжээг/ хуульчилж өгсөн. П.Б нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагааны явцад “шүүх дээр манайх ялах 99 хувийн боломжтой” /хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн/ гэх агуулга бүхий мэдээллийг ажилтнуудад тарааж шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 769 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэхийг урьдаас мэдэж байсан мэтээр хандаж байсан нь бидэнд шүүх хараат бусаар шийдвэр гаргаж чадсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12, 4.1.16-д тус тус зааснаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанаас үүссэн маргааны төрлийг “хөдөлмөрийн сонирхлын маргаан”, “хөдөлмөрийн эрхийн маргаан'’ гэж ангилж өгсөн байна. Хөдөлмөрийн сонирхлын маргааныг шийдвэрлэх журмыг 147 дугаар зүйлээс 153 дугаар зүйл хүртэл шүүхийн бус журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулжээ. Харин хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэх журмыг 154 дүгээр зүйлээс 158 дугаар зүйл хүртэл зарим маргааныг шүүхийн журмаар хөдөлмөрийн сонирхолын маргааны шийдвэрлэх журмаар шийдвэрлэхээр тус тус зохицуулж өгсөн. Тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.10-д “Хамтын гэрээ, салбар, салбар дундын болон улсын хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой хөдөлмөрийн эрхийн маргааныг энэ хуульд заасан хөдөлмөрийн сонирхлын маргаан зохицуулах журмаар шийдвэрлэнэ” гэж ямар нэгэн эргэлзээ төрөхөөргүй, салаа утгагүйгээр хуульчилсан байна. Түүнчлэн Хөдмөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасан Хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрлүүд дотор хамтын гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэх талаар тусгаагүй. Зөвхөн ажилтан болон ажил олгогчийн субьектив эрх хөндөгдсөн тухай маргаануудыг шүүх шийдвэрлэхээр зааж өгсөн байгаа юм. Хоёрдугаарт, ****** аймгийн *********** сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь “**************” *******-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны гомдлыг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байгаа юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.10-д “Хамтын гэрээ, салбар, салбар дундын болон улсын хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой хөдөлмөрийн эрхийн маргааныг энэ хуульд заасан хөдөлмөрийн сонирхлын маргаан зохицуулах журмаар шийдвэрлэнэ” гээд Хөдөлмөрийн сонирхлын маргааныг 147 дугаар зүйлийн 147.2 “Хөдөлмөрийн сонирхлын хамтын маргааныг энэ хуулийн 147.1-д “заасны дагуу харилцан тохиролцож шийдвэрлэж чадаагүй тохиолдолд талууд дараах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ”, 147.2.1-д “хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр маргааныг зохицуулах”, 147.2.2-т “хөдөлмөрийн арбитраар маргааныг шийдвэрлүүлэх” гэж тус тус хуульчилсан. *********** сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь хөдөлмөр зуучлагчийн эрхийг эдлэхгүй бөгөөд хуулиар сонирхлын маргааныг шийдвэрлэх эрх хэмжээ олгогдоогүй байна. Гэтэл анхан шатны шүүх ****** аймгийн *********** сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны маргаан бүхий асуудлыг гомдлоор шийдвэрлэсэн ажиллагаанд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Харин анхан шатны шүүх *********** сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны гомдол шийдвэрлэсэн ажиллагааг хуульд нийцсэн мэт агуулга бүхий дүгнэлт хийсэн нь тухайн харилцааг зохицуулсан хуулийг оновчтой зөв сонгон хэрэглэж чадаагүйг харуулж байна. Гуравдугаарт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Хууль Монгол Улсын олон улсын гэрээнд заасан буюу зохигч хэлэлцэн тохиролцсон бол иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэнэ” гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн сонирхлын маргааныг зохицуулах журмын холбогдох зохицуулалтууд нь Хөдөлмөрийн арбитраар эцэслэн шийдвэрлэхээр заажээ. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэснийг зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаа нь бүхэлдээ хууль бус болсон. Ийнхүү дээрх үндэслэлээр анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авснаас эхлэн шийдвэр гаргах хүртэл үйл ажиллагаа, анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2024/00769 дугаартай шийдвэр зэрэг нь бүхэлдээ хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэх дээрх үндэслэл байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байгааг шийдвэрлэж өгөхийг хүсье. Шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааны товыг хуульд зааснаар мэдэгдэхийг хүсье гэжээ.

                                                           ХЯНАВАЛ :

         1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-д зааснаар хариуцагч “**************” *******омпанид холбогдох хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.

         2.Нэхэмжлэгч “**************”-ын Үйлдвэрчний эвлэлийн хороо нь шүүхэд “...хамтын гэрээний дагуу дутуу нэмэгдүүлсэн цалингийн 10 хувийн нэмэгдэл, ...цалин хөлсийг олгоогүй хугацаа хэтэрсэн хоног тутамд цалин хөлсийг 0.3 хувьтай тэнцэх алданги тооцож нийт 465 ажилтанд нөхөн олгохыг “**************” *******-д даалгах тухай” нэхэмжлэл гаргасныг хариуцагч компаниас  “...нийт ажилтнуудын үндсэн цалинг 30 хувиар нэмэгдүүлэхээр заасны дагуу 2023 оны 11 дүгээр сард 20 хувиар, 2024 оны 1 дүгээр сард 10 хувиар нэмэгдүүлж тооцож олгосон...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

         3.Хэрэгт талуудын хооронд 2023 оноос 2025 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний хуулбар хувь авагдсан, энэхүү гэрээнд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус компанийн нийт ажилтнуудын үндсэн ба цаг зэргийн тарифт цалин хөлсийг 20 хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон боловч тус компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2024 оны 2 сарын сарын 09-ний өдрийн № 01 дүгээр тогтоолоор ажилтнуудын үндсэн болон тарифт цалинг 10 хувиар нэмэгдүүлж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна.

         4.Ажил олгогч нь Хамтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.2-д  “...нийт ажилтнуудын үндсэн ба цаг зэргийн тарифт цалин хөлсийг 2024-01-01-ний өдрөөс 20 хувиар нэмэгдүүлэх”-ээр тохиролцсон заалтыг зөрчиж, хамтын гэрээг бүрэн хэрэгжүүлээгүйгээс үүссэн уг маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16.-т “...бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хэрэгжүүлэх, эсхүл эдгээр хэм хэмжээг тайлбарлахтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн саналын зөрүүг ойлгоно” гэж зааснаар Хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарна.

5.Нэхэмжлэгч “**************”-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга П.Б нь Хамтын гэрээний хэрэгжилтийг бүрэн ханган ажиллахыг шаардсан тухай 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/10 дугаартай албан тоот хүргүүлснийг хариуцагч тал хүлээн авч 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 03/156 тоот албан бичгээр татгалзсаны дараа тэрээр *********** сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан байх ба маргалдагч талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1.-д заасны дагуу Хөдөлмөрийн арбитраар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

          6.Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4.-д “Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй” гэж зааснаар Хамтын гэрээний нөхцлийг талууд дагаж мөрдөх ёстой юм.

7.Хариуцагч “**************” ******* нь 2024 оны 2 дугаар сард нийт ажилтнуудын цалин олговрыг 20 хувиас бага буюу 10 хувиар тооцож олгож шийдвэрлэсэн эдийн засгийн болон бусад нөхцөл байдлын талаарх шалтгаан, үндэслэлээ нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

         8.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, тус компанийн нийт ажилтнуудын үндсэн ба цаг зэргийн тарифт цалин хөлсийг 10 хувиар нэмэгдүүлэн нөхөн олгохыг даалгах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

        9.Харин талууд Хамтын гэрээний нөхцлийг аль нэг тал зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагын талаар хэлэлцэж тодорхойлоогүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.-д “...ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно” гэж заасны дагуу ажил олгогчоос алданги тооцож нөхөн олгох үндэслэлгүй тул шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

         10.Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан “...хэргийн харьяалал зөрчсөн нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаа нь бүхэлдээ хууль бус болсон, хараат бусаар шийдвэр гаргаж чадсан эсэхэд эргэлзээ төрж байна” гэсэн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ****** аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2024/00769 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Ш.З, М.Г, хариуцагчийн өмгөөлөгч М.М нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.У

        ШҮҮГЧИД                                          Х.Б

Б.О