| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/06284/и |
| Дугаар | 5743 |
| Огноо | 2016-09-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 5743
2016 оны 9 сарын 9 өдөр Дугаар 101/ШШ2016/05743 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т ББСБ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.О холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 2,887,449 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, хариуцагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ББСБ, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“*******” ББСБ нь С.*******тэй 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 081410090477 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 2,703,699 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлсэн. 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 081410090477 дугаар барьцааны гэрээний дагуу зээлийн барьцаанд *******ын *******ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******,*******,******* тоот хаягт байршилтай 32 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай объект /Ү-*******/-ыг, нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч С.******* нь зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон графикийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой байсан ч авсан зээлээ графикийн дагуу төлөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн болно. Бидний зүгээс С.*******ээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зээлийн гэрээний хавсралтад заасан зээл төлөх графикийг зөрчиж өнөөдрийг хүрлээ. С.******* нь 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 2,554,931 төгрөг, хүү 113,973 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,795 төгрөг, авлага 12,000 төгрөг, нийт 2,703,699 төгрөгийн төлбөртэй байна. “*******” ББСБ нь С.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоог 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар тооцож нийт 2,703,699 төгрөгийг нэхэмжилсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь үргэлжлэн тооцогдож байгаа бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 2,887,449 төгрөг болсон байна.
Иймд зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 2,554,931 төгрөг, хүү 267,099 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,420 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 2,887,449 төгрөгийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагчаас гаргуулж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие “*******” ББСБ-аас авсан зээлээ эгчдээ авч өгсөн бөгөөд одоо би эгчийнхээ өмнөөс мөнгө төлөх гэж байгаа учраас үндсэн зээлийн үлдэгдэл 2,554,931 төгрөгийг хугацаа зааж төлөхийг зөвшөөрч байна, харин хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ББСБ нь хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн үндсэн төлбөрт 2,554,931 төгрөг, хүүд 113,973 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 22,795 төгрөг, нотариатын зардалд 22,795 төгрөг, нийт 2,703,699 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 2,554,931 төгрөг, хүү 267,099 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,420 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 2,887,449 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Хариуцагч С.******* нь “*******” ББСБ-аас 4,000,000 төгрөгийг зээлж авч, эгчдээ өгсөн, одоо би эгчийнхээ өмнөөс төлөх гэж байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 2,554,931 төгрөгийг хугацаа зааж төлөх боломжтой, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй гэж маргаж байна.
“*******” ББСБ нь С.*******,С.******* нартай 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 081410090477 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, 4,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл олгогдсон, үндсэн зээлээс 1,445,069 төгрөг, хүүд 1,631,632 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 195,299 төгрөг, нийт 3,272,000 төгрөг төлөгдсөн, 2015 оны 9 дүгээр сараас хойш төлөлт хийгдээгүй болох нь “Зээлийн гэрээ”, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар байгуулагдсан байх бөгөөд зээлдүүлэгч “*******” ББСБ нь зээлийг хуульд заасан журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгч С.*******, С.******* нарт шилжүүлж, зээлдэгч нь дээрх гэрээнд заасан хугацаа, хуваарийн дагуу зээл, түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээжээ.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд С.******* нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон, үндсэн зээлдэгч С.*******ийг үлдэгдэл зээлээ төлөх талаар удаа дараа “*******” ББСБ-ын зүгээс шаардсан болох нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16/043 дугаартай “Мэдэгдэх хуудас”, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16/0329 дугаартай “Шаардах хуудас”, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16/0 “Шаардах хуудас”, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 16/568 дугаартай “Мэдэгдэх хуудас” зэрэг баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар нэхэмжлэгч нь үндсэн зээлдэгч С.*******ээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байх бөгөөд үүрэг гүйцэтгэгдэж дуусах хүртэл хамтран зээлдэгч С.*******ийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.
Энэхүү гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болох байсан бөгөөд зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гэрээгээ цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан зохицуулалтад нийцэж байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно…”, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд дээрх гэрээний 3.1.7-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохиролцжээ.
Нэмэгдүүлсэн хүү нь зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэр бөгөөд үндсэн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад нэмэгдүүлсэн хүүд 195,299 төгрөгийг нэхэмжлэгч нь тооцож авсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжилсэн хүү 267,099 төгрөгөөс хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.
Харин 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гэрээгээ цуцалсан байх тул энэхүү хугацаанаас хойш нэмэгдүүлсэн хүүд 53,420 төгрөг тооцсон нь үндэслэлтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн зарим шаардлагыг буюу хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох ёсгүй, илүү мөнгө төлж чадахгүй гэсэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй, өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
“*******” ББСБ нь 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 081410090477 дугаартай “Зээлийн гэрээ”-ний үүргийг хангах зорилгоор хамтран зээлдэгч С.*******тэй мөн өдөр “Баталгаат ипотекийн гэрээ” байгуулж, С.*******ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, *******,*******ны******* тоотод байрлах, 32 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, мөн хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, 233 мкв талбайтай, улсын бүртгэлийн Г-2204022283 дугаарт бүртгэгдсэн газрыг тус тус барьцаалжээ.
Дээрх баталгаат ипотекийн гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрлийг авсан, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангажээ.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал буюу нотариатын хөлс 12,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй боловч Монголын нотариатчдын танхимын 000898 дугаартай мөнгөний тасалбар нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2,554,931 төгрөг, зээлийн хүү 71,800 /267,099-195,299/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,420 төгрөг, нийт 2,680,151 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч С.*******ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2,554,931 төгрөг, зээлийн хүү 71,800 /267,099-195,299/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,420 төгрөг, нийт 2,680,151 /хоёр сая зургаан зуун наян мянга нэг зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ББСБ-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 207,298 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С.******* нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох С.*******ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, *******,*******ны******* тоотод байрлах, 32 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, мөн хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, 233 мкв талбайтай, улсын бүртгэлийн Г-2204022283 дугаарт бүртгэгдсэн газрын үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ББСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,209 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 57,832 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ББСБ-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ