Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 477

 

                      

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:156/2016/00492/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, “Сариг”-ийн A-38 байрны 11 тоотод оршин суух, Доржийн Сарантуяад (РД: СЮ 60071662) холбогдох, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  
"төлбөр болон нотариатын үйлчилгээний 391 500 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гурван талт гэрээг байгуулж, ажилчдаа хамруулан гар утас зээлээр худалдан авсан юм. Энэхүү гэрээнд Д.Сарантуяа нь хамрагдаж 12 сарын хугацаатай, сард 55 000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр нийт 660 000 төгрөгийн гар утас худалдан авсан юм. Д.Сарантуяа нь гэрээний үүргээ үл биелүүлэн үлдэгдэл 385 000 төгрөгийг төлөөгүй биднийг хохироож байна. Иймд Д.Сарантуяагаас төлбөрийн үлдэгдэл болох 385 000 төгрөг, нотариатын зардал 6 500 төгрөг нийт 391 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү  гэжээ. (хх-ийн 1 тал)

 Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Олзвой шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Скайтел” ХХК нь Д.Сарантуяагаас гар утасны төлбөрийн үлдэгдэл болох 391 500 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хариуцагч Д.Сарантуяа нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө уг төлбөрийг төлсөн байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. (хх-ийн 19 тал)

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Д.Сарантуяагаас “төлбөр болон нотариатын үйлчилгээний 391 500 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Хариуцагч Д.Сарантуяа нь нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн нэхэмжилсэн төлбөр болон нотариатын үйлчилгээний 391 500 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлсөн болох нь нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Олзвойн шүүхэд гаргасан хүсэлт (хх-ийн 19 тал), төлбөр төлсөн баримт (хх-ийн 15-18 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь " төлбөр болон нотариатын үйлчилгээний 391 500 төгрөгийг гаргуулах "-аар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Д.Сарантуяагаас “төлбөр болон нотариатын үйлчилгээний 391 500 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 395 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 6 197 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6 197 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ““Скайтел”” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    

 


ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ