| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/07269/и |
| Дугаар | 5749 |
| Огноо | 2016-09-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 5749
| 2016 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 101/ШШ2016/05749 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: О ББСБ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.У
Хариуцагч: Н.Н
Хариуцагч: Н.Мнарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 9,534,755 төгрөг, зээлийн хүү 2,821,870 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 453,330 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 12,825,955 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, Э.*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ББСБ, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, Э.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“*******” Банк бус санхүүгийн байгууллага нь Н.*******, Н.*******, Ч.******* нартай 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ЗГ15/031 тоот зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 /арван таван сая/ төгрөгийн зээлийг сарын 3.9 хувийн хүүтэй, 181 хоногийн хугацаатай олгосон бөгөөд зээлийг гурван хариуцагчид хүлээлгэн өгсөн. Зээлийн барьцаанд зээлдэгч Ч.*******гийн өмчлөлийн Ү-******* улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн *******,, тоот хаягт байрлалтай 209 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах Г- улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалан барьцааны гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Зээлдэгч Н.*******, Н.*******, Ч.******* нар нь зээлийн гэрээний хугацаанд зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлгүй гэрээний үүргийг удаа дараа зөрчиж байгаа бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахад зээл, зээлийн хүүний төлбөрөө өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Хариуцагч нар нь үндсэн зээлд 5,465,244.50 төгрөг, хүүд 5,536,949.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 512,911.56 төгрөг, нийт 11,515,105.6 төгрөгийг төлсөн байна. Зээлийг 3 хариуцагч авсан бөгөөд хэн нэгнийг нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй юм.
Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 9,534,755 төгрөг, зээлийн хүү 2,821,870 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 453,330 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 12,825,955 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Хариуцагч Н.*******, Н.*******, Ч.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нэхэмжлэгч “*******” ББСБ-ын нэхэмжлэлтэй танилцаад хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгчийн хариуцагч Н.*******, Н.*******, Ч.******* нарт хариуцуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хариуцагч Н.*******, Н.******* нарт 15,000,000 төгрөгийг хүлээлгэж өгөөгүй тул зээлийг төлөх үүрэг үүсэх хариуцлага бий болоогүй гэж үзнэ. Харин Ч.******* нь 15,000,000 төгрөг хүлээн авч зарцуулсан тул зээл төлөх үүрэг хүлээнэ. Зээлдэгчтэй уулзсан тэмдэглэлээс харахад зөвхөн Ч.*******тай уулзсан байдаг. Нэмэгдүүлсэн хүүг төлсөн баримт нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтаар нотлогдож байна. 2 удаа нэмэгдүүлсэн хүү төлөх хуулийн зохицууулалт Иргэний хуульд байхгүй тул энэ талаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нотариатын үйлчилгээний зардлыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, энэ нь гэм хорын хохирол бөгөөд зээлийн маргаантай хэрэгтэй хамт шийдэхгүй юм. Үндсэн зээлийн үлдэгдэл 9,534,755 төгрөгийг бол зөвшөөрч байгаа, харин миний тооцоололоор хүүгийн төлбөрт 2,100,000 төгрөг гарч байна. Иймд энэ талаар гаргасан шаардлага үндэслэлгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ББСБ нь хариуцагч Н.*******, Н.*******, Ч.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 9,534,755 төгрөг, зээлийн хүү 2,821,870 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 453,330 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 12,825,955 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Н.*******, Н.*******, Ч.******* нар гэрээ байгуулж, гарын үсэг зурсан боловч зээлийг зөвхөн Ч.*******д хүлээлгэн өгсөн тул Н.*******, Н.******* нар зээлийг хариуцахгүй, мөн хүүгийн тооцоолол буруу байна, нэмэгдүүлсэн хүүг дахин тооцож авах үндэслэлгүй гэж маргаж байна.
“*******” ББСБ нь Ч.*******, Н.*******, Н.******* нартай 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ЗГ15/031 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, 15,000,000 төгрөгийг 181 хоногийн хугацаатай, 30 хоногийн 3.9 хувийн хүүтэй, бизнесийн зориулалтаар зээл олгогдсон, үндсэн зээлээс 5,465,244.50 төгрөг, хүүд 5,536,949.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 512,911.56 төгрөг, нийт 11,515,105.6 төгрөг төлөгдсөн болох нь “Зээлийн гэрээ”, “Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт”, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 9,534,755 төгрөг байгаа талаар зохигчид маргаагүй болно.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох “*******” ББСБ нь 15,000,000 төгрөгийн зээлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу 181 хоногийн хугацаатайгаар зээлдэгч Ч.*******, Н.*******, Н.******* нарт шилжүүлсэн болох нь “*******” ББСБ-ын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Кассын зарлагын ордер”, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Н.*******, Н.******* нарт зээлийг хүлээлгэн өгөөгүй, гарын үсэг зураагүй тул зээлийг хариуцах үндэслэлгүй гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна.
Учир нь “*******” ББСБ-ын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Кассын зарлагын ордер”-ын “хүлээн авсан” хэсэгт Ч.*******, Н.*******, Н.******* нар нь гарын үсэг зурсан, уг нотлох баримтыг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг үнэлсэн болно.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг “Кассын зарлагын ордер”-т зурагдсан Н.*******, Н.******* нарын гарын үсгийн бичвэр мөн эсэх талаар тодорхой санал, хүсэлт гараагүйг дурьдах нь зүйтэй юм.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Ч.*******, Н.*******, Н.******* нар нь нэхэмжлэгч “*******” ББСБ-ын өмнө гэрээнд заасан хугацаанд 15,000,000 төгрөг, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх бөгөөд зээлийн гэрээний үүргээс Н.*******, Н.******* нарыг чөлөөлөх үндэслэлгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүүгийн тооцоолол буруу байна, миний тооцоогоор 2,100,000 төгрөг гарч байна гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусгавар болж, нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хэтэрсэн хугацааны хүүд 2,821,870 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно…”, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.4-т нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохиролцжээ.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний үндсэн хугацаа 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон бөгөөд дээрх хуулийн зохицуулалтын дагуу хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл, гэрээний үндсэн хугацааны хүү болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хууль болон гэрээгээр хүлээсэн байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл 9,534,755 төгрөг, хүү 2,821,870 төгрөг байх бөгөөд үлдэгдэл зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүд 453,330 төгрөгийг тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.
“*******” ББСБ, хариуцагч Ч.*******, Н.*******, Н.******* нарын хооронд байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ15/031 дугаартай “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрийн Ч.*******тай байгуулсан “Барьцааны гэрээ”-гээр Ч.*******гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, *******,ны тоотод байрлалтай, нэгж талбарын дугаартай, 700 мкв талбайтай, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлалтай, 209 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, хувийн сууц гаражийн зориуцлалтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалжээ.
Дээрх Барьцааны гэрээнүүд нь зохих этгээдийн зөвшөөрлийг авсан, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангажээ.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч нар нь гэрээний үүргээ зөрчсөнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал буюу нотариатын хөлс 16,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй бөгөөд энэхүү зээлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж буй нь хууль зөрчөөгүй болно.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 9,534,755 төгрөг, зээлийн хүү 2,821,870 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 453,330 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 12,825,955 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ч.*******, Н.*******, Н.******* нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 9,534,755 төгрөг, зээлийн хүү 2,821,870 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 453,330 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 12,825,955 /арван хоёр сая найман зуун хорин таван мянга есөн зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ББСБ-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ч.*******, Н.*******, Н.******* нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Ч.*******гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, *******,ны тоотод байрлалтай, нэгж талбарын дугаартай, 700 мкв талбайтай, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлалтай, 209 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, хувийн сууц гаражийн зориуцлалтай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ББСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220,170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******, Н.*******, Н.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 220,170 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ББСБ-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ