Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буурайн Баттөр |
Хэргийн индекс | 142/2023/01908/И |
Дугаар | 207/ма2024/00061 |
Огноо | 2024-06-10 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 207/ма2024/00061
2024 06 10 207/МА2024/00061
А.О хүсэлттэй
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, шүүгч Б.О, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн *** дугаар танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2024/00660 дугаар шийдвэртэй,
Хүсэлт гаргагч : А.О хүсэлттэй,
“Үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсоны улмаас учирсан гэм хорын хохиролд төрөөс 114.292.820 төгрөг гаргуулах, нэр төр, алдар хүнд сэргээлгэх” тухай хүсэлттэй иргэний хэргийг,
Хүсэлт гаргагч А.О, прокурор Ц.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Н нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Б илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О /цахим/, прокурор Ц.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Х.Н, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.О шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.О намайг Авилгатай тэмцэх газраас 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн баривчилж, цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаад Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу Хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж Орхон аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн ************** дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хурлаар хэлэлцээд надад холбогдох энэхүү хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзээд намайг цагаатгасан. А.О миний бие энэхүү гэмт хэргийг үйлдээгүй, бусдаас хахууль аваагүй гэдгээ анхнаасаа мөрдөгч болон хэрэгт хяналт тавьж байсан прокурорт байнга тогтвортой мэдүүлж байсан ч намайг хууль бусаар 34 хоног цагдан хорьж гэм буруутайд тооцуулахаар шүүхэд шилжүүлж, миний нэр хүндийг гутааж, цалин орлогоор хохироосонд би маш их гомдолтой байна. Миний ажилладаг “***********” **** нь энэ хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд намайг *********** цехийн даргын албан тушаалаас түдгэлзүүлсэн байсан тул миний бие 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс. 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ажилгүй, цалин орлогогүй байлаа. Тиймээс миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасны дагуу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасан хууль бусаар цагдан хоригдсон, хууль бусаар яллагдагчаар татагдсан гэж үзээд төрөөс надад учирсан дараах хохирлыг нэхэмжилж байна. Үүнд: 1.2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн цалин 45 050 000 төгрөг / 5 300 000 х 3 сар=15 900 000 төгрөг,5 830 000 х 5 сар = 29 150 000 төгрөг/ 2. Удаан жилийн нэмэгдэл цалин 1 760 000 төгрөг / 220 000 х 8 сар = 1 760 000/ 3. Хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл цалин 154 560 төгрөг/ 19 320 х 8 сар 154 560/ 4. Ажлын үр дүнгийн урамшуулал 14 400 000 төгрөг / 1 800 000 төгрөг х 8 сар = 14 400 000/. 5. Ур чадварын нэмэгдэл 17 100 000 төгрөг /5 700 000 х 3 удаа= 17 100 000 / 6. 2021, 2022 онуудад цар тахлын хүнд үед ЗГ-ын тогтоолыг биелүүлж ажилласан онцгой амжилт гаргасан гэж ажилтнуудад олгосон нэмэгдэл урамшуулал 6 328 260 төгрөг. 7. Өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлсэний зардалд өмгөөлөгч Д.О12 000 000 төгрөг, өмгөөлөгч М.М 17 500 000 төгрөг, нийт 114 292 820 төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү. ...хэдийгээр шүүхээс намайг хахууль авсан нь нотлогдож тогтоогдоогүй гэж цагаатгасан боловч олны дунд хахууль авсан гэнэ лээ, хэрэгт холбогдоод яаж мултарсан юм бол гэх зэрэг яриа гарч миний нэр хүнд сэвтсэн байна. Энэ явдалд миний бие маш их гомдолтой байна. АТГ-ын мөрдөгч нар надад хахууль өгсөн гэсэн Э.Т, Б.О нараас мэдүүлэг авахдаа тэдэнд нэгнийх нь мэдүүлгийг уншуулж, ингэж ярихгүй бол цагдан хорино гэж айлган сүрдүүлж, худал мэдүүлэг өгөхийг албадаж, миний эсрэг мэдүүлэг өгүүлсэн нь шүүх хурал дээр тодорхой болсон юм. Мөрдөгч нар ийнхүү хууль бусаар нотлох баримт бүрдүүлж улмаар *********** ****-ын Ган бөөрөнцгийн цехийн албан тушаалаас түдгэлзүүлж, удаан хугацаагаар цагдан хорьсон нь хамт олон болон намайг таньдаг олон хүнд миний нэр, төр, алдар хүндийг гутаасан тун таагүй явдал болсон юм. Тийм учраас би миний нэр төр алдар хүндийг сэргээж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна. ...*********** **** нь надад 2023 оны ажлын үр дүнгийн урамшууллын цалин болох 13 дахь сарын цалинг олгоогүй. Уг нь тухайн жилийн ажлын үр дүнг харгалзан бүх ажилчдад олгодог бөгөөд миний бие 2023 онд 34 хоног цагдан хоригдож, 2023 оны 02 дугаар сарын 16-наас 11 сарын 2 хүртэл албан тушаалаас түдгэлзүүлэгдсэн байсан болохоор энэ жилийн 13 дахь сарын цалин олгогдоогүй. Энэ 13 дахь сарын цалинг дараа оны эхний 2 сард багтаан шийдвэрлэдэг тул би анх нэхэмжлэл гаргах үед энэ асуудал тодорхойгүй байсан. Би 2023 онд бүтэн ажилласан бол уг цалин 8,312,097 төгрөг авах боломжтой байлаа. Иймд надад олгогдоогүй 13 дахь сарын цалин болох 8,312,097 төгрөгийг нөхөн олгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. ...***********ээс ирүүлсэн А.О надад олгогдвол зохих 2023 оны жилийн үр дүнгийн урамшууллын тооцоо нь миний шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурьдсан тооцоололтой зөрж байгаа тул дараах байдлаар шаардлага тус бүрийг тодруулж байна. Гэмт хэрэгт шалгагдаж, цагдан хоригдож, шүүхээр цагаатгагдаж эргэж ажилдаа орох хүртэлх хугацааны цалингаа би 45.050.000 төгрөг гэж тооцсон нь буруу байна. Эдийн засагчийн тооцоолсноор би энэ хугацаанд 47.475.180 төгрөгийн цалин авах ёстой байсан юм байна. Аваагүй цалингаа эдийн засагчийн тооцоолсноор нэхэмжилж байна. Удаан жилийн нэмэгдэлийг би 1.760.000 төгрөг гэж тооцоолсон боловч эдийн засагч 1.444.348 гэж тооцсон байх тул энэ шаардлагаа багасгаж 1.444.348 төгрөгийн удаан жилийн нэмэгдлийг гаргуулж өгнө үү гэж тодруулж байна. Хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл цалингаа би 154.560 төгрөг гэж бодсон чинь эдийн засагч 130.640 гэж боджээ. Би түүний зөв гэж бодоод энэ талаархи шаардлагаа багасгаж 130.640 төгрөгийн хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэлийг гаргуулж өгнө үү гэж тодруулж байна. Ажлын үр дүнгийн урамшуулал гэж сар бүр 1.800.000 төгрөг авах ёстой гэж 14.400.000 гэж тооцсон нь буруу болжээ. Эдийн засагч тооцохдоо 11.817.391 төгрөг гэж бодсон байна. Энэ тооцооллоор ажлын үр дүнгийн урамшууллыг тооцоход татгалзах зүйлгүй. Эрдэнэт үйлдэр нь ажилтнууддаа ээлжийн амралт авахад нь ажилтан тус бүрд эмчилгээ сувилгааны зардалд 350.000 төгрөгийг жилд нэг удаа олгодог бөгөөд үүнийг надад 2023 онд олгосонгүй. Үүнийг би нэхэмжлэлдээ орхигдуулжээ. Хэрэв би ингэж хилсээр шалгагдаж цагдан хоригдож ажил албан тушаалаасаа түдгэлзүүлэгдээгүй байсан бол ээлжийн амралтаараа энэ мөнгөөр өөрийн арха гхууч өвчин болох зүрхний хэм алдагдалт, чихрийн шижин өвчнөө эмчлүүлэх байсан юм. Иймд энэ эмчилгээ сувилгааны зардал 350.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Мөн өмгөөлөгч Д.О энэхүү иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа авахдаа төлөх ажлын хөлсний урьдчилгаа болгож төлсөн 500.000 төгрөгийн баримт энэ хэрэгт хавсаргаж өгчээ. Энэ 500.000 төгрөгийг хасч өмгөөлөгч Д.Оэрүүгийн хэрэгт ажилласан ажлын хөлсийг 12.000.000 төгрөг гэж тооцох нь зөв юм. Ингээд миний нэхэмжлэлийн нийт дүн 47.475.180+1.444.348+130.640+11.817.391+17.100.000+6.328.260+8.312.095+350.000+12.000.000+ 17.500.000 бүгд 121.939.914 төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү... гэжээ.
Орхон аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М өмгөөлөгчид төлбөр төлсөн зүйл байна. Үүнийг үндэслээд М өмгөөлөгчид харилцах дансаар буюу О гэдэг хүнээс 11.700.000 төгрөг шилжүүлсэн байна. Шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа боловч гүйлгээний утгыг харах юм бол өмгөөлөгчийн төлбөр, О өмгөөллийн хөлс гэсэн тодорхой гүйлгээний утга нэг ширхэг ч байхгүй. Өмгөөлөгчөөс өмгөөллийн хөлсийг ямар хэрэгт холбогдуулж төлөөд байгаа. Зөвхөн О холбогдох эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан хэрэгт төлсөн төлбөр гэдгийг нотлох хангалттай баримт нь дансны хуулга биш. Гэрээтэйгээ уялдаж байж нотлох баримтын шаардлага хангах ёстой байсан байх. Нөгөөтэйгүүр энэ төлбөрийг О гэх хүн бус О гэдэг хүн төлөөд байхад О үүнийг нэхэмжлэх эрхтэй субъект мөн үү гэдэг асуудал байна. Нэхэмжлэгч талаас өмгөөллийн төлбөрийг төлөх ёстой гэж хэлж байгаа боловч төлсөн баримтыг харахаар 5.000.000 төгрөг төлсөн байна л гэж харагдаж байна. 12.000.000 төгрөгийн гэрээ байгуулагдсан боловч 5.000.000 төгрөгийн баримт байхад 12.000.000 төгрөг нэхэмжлээд байгаа. ... цалин урамшуулал, жилд нэг удаа олгогддог 13 дахь удаагийн цалин, 350.000 төгрөгийн эмчилгээ сувилгааны зардал гэх мэт цалин хөлс, урамшуулалтай холбоотой “***********” ****-аас олгогдох мөнгөн дүнгүүд таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой олгогдоогүй учраас төрөөс гаргуулахаар нэхэмжилж байгааг ойлгож байгаа. 3 дугаарт Тас.мн сайт нэр хүндэд халдсан мэдээлэл тараасан, үүнтэй холбоотойгоор нэр төрөө сэргээлгэх гэж байна. Энэ асуудлаа Тас.мн сайтад холбогдуулж гаргах ёстой, Тас.мн өөрөө залруулга хийхээс биш шүүх даалгах, нөгөөтэйгүүр Тас.мн сайтын 500.000.000 төгрөгийг О гэрт 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр хийсэн нэгжлэгээр хураан авлаа гэсэн мэдээлэл тавигдсан нь хэрэгт авагдсан байгаа. Тэгэхээр нэгжлэгээр 500.000.000 төгрөг илрээгүй болох нь нэгжлэгээр тогтоогдож байгаа. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13, 14-т заасан Тас.мн сайт худал мэдээлэл тарааж гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаад байгаа юм биш үү. Таны гэрээс 500.000.000 төгрөг олдлоо гэх мэдээлэл тараасан үйлдлийг эрүүгийн журмаар шалгуулах ёстой юм биш үү. Нөгөө талаар хариуцагч чинь Тас.мн сайт юм биш үү. Ийм ойлгомжгүй, үндэслэлгүй зүйлийн талаар шаардлага гаргаж байгаа учраас үүнийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Санхүүгийн баримтуудтай холбоотой гэрч маш тодорхой мэдүүлсэн. Би бол гадагшаа чиглэсэн тодорхойлолт гаргаж өгч үзээгүй, тухайн байгууллага хүлээн зөвшөөрөх юм бол гаргаж өгнө гэж хэлж байна. Тэгэхээр А гэж хүний гаргаж байгаа тодорхойлолт нь 1 дүгээрт нотлох баримтын шаардлага хангахгүй байна. 13 дахь сарын цалин, урамшууллыг бодохдоо хамгийн доод хэмжээгээр бодлоо гэж байна. Олгохгүй байж болох уу гэхэд олгохгүй байх боломжтой гэж байна. Тэгвэл О гэж хүн ажиллаж байсан бол үндсэн цалингаа авах боломжтой байсан байна, тэгвэл урамшуулал үр дүнгийн урамшууллыг ажиллаж байсан бол авах боломж нь ямар байсныг энд санхүүгийн мэргэжилтэн орж ирээд тодорхойлоод байгаа нь үндэслэлтэй юм уу, үгүй юм уу гэдэг асуудал нэг талаас яригдаж байна. Б гэж хүн хуулийн хэлтсийн албан бичиг боловсруулаад хуулийн хэлтсээр дамжуулаад үйлдвэрээс гарч байгаа албан бичгүүдийг хүргүүлэх талаар тодорхой дурдагдсан байгаа. Тийм учраас дээрх нэхэмжлэлд бүрдүүлсэн материалууд, анхан шатны тооцооллыг тодорхойлоод байгаа баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч Т.Т шүүх хуралдаанд бичгээр гаргасан дүгнэлтдээ:
Авлигатай тэмцэх газар хахууль авсан гэмт хэрэгтнийг хуулийн дагуу зөв шударга шүүж хариуцлагыг тооцох хэрэгтэй. Хүний эрхийг хүндэлж хуульд заасны дагуу хэргийг шударга зөв зүйтэй шийдэж өгнө үү. Хувь хүний эрүүл мэнд, сэтгэл санаа, цаг хугацаа, нэр хүнд гэх мэт бүх хохирлыг тууштай барагдуулах нь зүйтэй юм гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу Монгол улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байхаар заасан. Бичгээр гардуулсан нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл хууль бусаар цагдан хоригдсон, хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас өөрийн хохирлоо нэхэмжилж байгаа талаар дурджээ. Хавтаст хэргийн баримтаас үзвэл *********** ****-ын захирлын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх тухай Б/1161 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийн албан үүргийг түдгэлзүүлсэн ба 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/040 дугаартай Ажилтан А.О-г ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэх тухай тушаалаар буцаан ажилд нь томилжээ. Өөрөөр хэлбэл албан тушаалын бүрэн эрхийг байгууллагын ерөнхий захирлын тушаалаар албан үүргийг түдгэлзүүлж, түдгэлзүүлсэн эрхийг нь буцаан сэргээсэн байхад Засгийн газрын нөөц сангаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч өмгөөллийн хөлстэй холбоотой тодорхой баримтууд гаргасан боловч тохиролцсон хөлс, түүнийг төлсөн эсэх нь хангалттай нотлосон гэж үзэхээргүй эргэлзээ төрүүлж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2024/00660 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсоны улмаас учирсан гэм хорын хохиролд 109.857.913 / төгрөгийг гаргуулж хүсэлт гаргагч Т овогт А.О олгож, хүсэлтийн шаардлагаас үлдэх 12.082.001 төгрөг гаргуулах, нэр төр, алдар хүндийг сэргээлгэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч А.О шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Өмгөөллийн хөлсний зарим хэсгийг хассанд гомдолтой байна. Тодруулбал Өмгөөлөгч М.М-ын дансанд 17.500.000 төгрөгийг цувуулж шилжүүлсэн. Өмгөөлөгч Д.О Хаан банкны дансанд /**********/ нийт 12.000.000 төгрөг төлсөн. Эдгээр өмгөөллийн хөлс төлсөн баримтууд нь хэргийн 34,35,36 дугаар хуудсанд байгаа. Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Прокурор Ц.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Хүсэлт гаргагч А.О нь ажиллаагүй хугацааны цалин болон нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалин, эмчилгээний сувилгааны зардал нийт 92.957.913 төгрөг, өмгөөлөгч нарт өгсөн нийт 29.500.000 төгрөгийн зардал болон нэр төр сэргээлгэх шаардлагуудыг гаргасан. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт: Хүсэлт гаргагчаас шаардаагүй буюу үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсоны улмаас учирсан гэм хорын хохирол 109,857,913 төгрөг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж А.Од олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт, эмчилгээний сувилгааны зардалд 350,000 төгрөгийг ямар үндэслэл, журмын дагуу олгож байгааг дүгнээгүй, нотлох баримт хэрэгт огт цуглуулаагүй байхад нотлох баримт үндэслэл болголгүйгээр төрөөс мөнгөн хөрөнгө гаргуулж хүсэлт гаргагчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. ...Ажиллаагүй хугацааны цалин болон нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалин нэхэмжилсэн ба эрх бүхий байгууллагын албан бланк, тэмдэг ашиглагдаагүй, тус цехийн хөдөлмөрийн эдийн засагч ажилтай Б.Аээс гаргаж өгсөн “Цалингийн тодорхойлолтдооцооллыг үндэслэсэн нь буруу гэж үзэж байна. Учир нь Б.Аптанцэцэг нь “***********” ****-ыг төлөөлөх бүрэн эрхгүй бөгөөд энэ талаар шүүхэд мэдүүлсэн, мөн А.О шууд удирдлага дор ажилладаг гэрчээр оролцогчийн гаргаж өгсөн тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсгийг зөрчиж, цуглуулсан. “***********” **** нь санхүүгийн албатай, энэ санхүүгийн алба нь яагаад энэ нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд ирүүлэхгүйгээр Ган бөөрөнцгийн цехийн ерөнхий инженер албан бичиг үйлдээд Б.А цалингийн тодорхойлолтыг нь үйлдээд тамга, тэмдгээр баталгаажуулахгүйгээр ирүүлээд байгаа юм. Ийм учраас ерөнхий захирал, эсхүл санхүүгийн алба нь албан бичгээр санхүүгийн баримтуудаа ирүүлж байгаа бол бид нотлох баримтын хэмжээнд авч үнэлэх боломжтой байна. Б.А нь цехийн ажилчдын сарын цалин.хөлсийг бодож Санхүүгийн алба баталгаажуулсны үндсэн дээр олгогддог, мөн арилжааны банканд тодорхойлолт гаргаж өгөх эрхгүй талаар мэдүүлсэн атал тухай гэрчийн үйлдсэн тодорхойлолтыг үндэслэсэн нь буруу гэж дүгнэсэн. А.О-г иргэн Э.Т, Б.О нарын гэрчээр өгсөн мэдүүлэгт үндэслэн эрүүгийн 212500273.0114 дугаар хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хэрэгт холбогдуулан шалгасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад албан үүргээ биелүүлэхийг нь түр түдгэлзүүлсэн. Эрүүгийн 23250042300256 дугаартай хэрэг Э.Т, Б.О нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдаж, улмаар А.О хохирогч, иргэний нэхэмжпэгчээр тогтоогдон шалгагдаж байгааг шүүх үнэлж, дүгнээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч даж заалдах гомдол гаргаж байна. Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.4 дэх заалтад заасны дагуу Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 660 дугаар шийдвэрт гомдол гаргав.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Н шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2024/00660 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч эрх зүйн туслалцаа авсан хөлсөнд 29.500.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны хөлсөнд 84.792.820 төргөг, нийт 114.292.820 төгрөг нэхэмжилжээ. Анхан шатны шүүхээс эрүүгийн хэрэгт хууль бусаар хоригдсон болон цагдан хоригдсоны улмаас учирсан хохиролд 109.857.913 төгрөг хангаж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад хэргийн оролцогчид “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй байхаар заасан. Анхан шатны шүүхээс “***********” ****-ын захирлын 2023 оны 04 дүгзэр сарын 13-ны өдрийн “Ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх тухай” Б/1161 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийн албан үүргийг түдгэлзүүлсэн ба 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/5040 дугаартай “Ажилтан А.О-г ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэх тухай” тушаалаар буцаан ажилд нь томилсон байгааг шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй. Өөрөөр хэлбэл албан тушаалын бүрэн эрхийг байгууллагын ерөнхий захирлын тушаалаар албан үүргийг түдгэлзүүлж, түдгэлзүүлсэн эрхийг нь буцаан сэргээсэн байхад Засгийн газрын нөөц сангаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ." гэж заасан. Иймд Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2024/00660 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хүсэлт гаргагч А.О нь үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсоны улмаас учирсан гэм хорын хохиролд төрөөс 114.292.820 төгрөг гаргуулах, нэр төр, алдар хүнд сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсоны улмаас учирсан гэм хорын хохиролд 109.857.913 төгрөгийг гаргуулж хүсэлт гаргагч Тайж овогт А.О олгож, хүсэлтийн шаардлагаас үлдэх 12.082.001 төгрөг гаргуулах, нэр төр, алдар хүндийг сэргээлгэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Орхон аймгийн Прокурорын газраас хүсэлт гаргагч А.О-г эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү хэргийг шилжүүлж, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 330 дугаар цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокуророос А.О д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж А.О д урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, “***********” ****-ын *********** цехийн даргын албан үүргээ биелүүлэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, А.О нийт 34 хоног цагдан хоригдсоныг дурдаж шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
“***********” ****-ын Ерөнхий захирлын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/1161 дугаар тушаалаар А.О *********** цехийн даргын ажил, албан тушаал эрхлэхийг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс түдгэлзүүлж, “***********” ****-ын Ерөнхий захирлын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/5040 дугаар тушаалаар ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн хугацааг дуусгавар болгож А.О-г Ган бөөрөнцгийн цехийн даргын ажил албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дүгээр зүйлийн 1.-д “Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй.”, 45.2. дугаар зүйлд “Хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл”, 45.2 дугаар зүйлийн 1.-д “Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана”, 45.2 дугаар зүйлийн 2.2.-т “тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан...”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлйн 498.4.-т “...Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана...” гэж зааснаар хүсэлт гаргагч А.О нь эд хөрөнгийн хохирлыг төрөөс шаардах эрхтэй байна.
Анхан шатны шүүхээс хүсэлт гаргагч А.О хэдэн хоног цагдан хоригдсон, түүний ажил албан тушаалыг хэний шийдвэрээр түдгэлзүүлсэнтэй холбоотой асуудлыг дахин нотлох шаардлагагүй, мөн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ажилгүй, орлогогүй, цалин хөлс аваагүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд мөн эрүүгийн гэмт хэрэгт шалгагдсаны улмаас 2 өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хөлс төлснөөр түүнд эд хөрөнгийн хохирол учирсан байна...” гэсэн дүгнэлтийг хийж А.О 2023 оны 3 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сарын хугацааны буюу албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн хугацаанд түүнд олгогдох ёстой байсан цалин, нэмэгдэл, урамшуулал, эмчилгээ сувилгааны олговрыг тооцож гаргасан баримтыг үндэслэн 92.957.913,16 төгрөг, мөн өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд 16.900.000 төгрөг гэм хорын хохиролд нийт 109.857.913 төгрөгийг Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан олгож, хүсэлтийн шаардлагаас үлдэх 12.082.001 төгрөг, нэр төр, алдар хүндийг сэргээлгэх тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцжээ.
Хүсэлт гаргагч А.О, Прокурор Ц.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Н нар шүүхэд давж заалдсан гомдол гаргасан боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх..., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “ өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ тэд биелүүлээгүй байна.
Иргэдийн төлөөлөгч Т.Т ийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт нь үндэслэлтэй болно.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хүсэлт гаргагч А.О, прокурор Ц.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Н нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2024/00660 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч А.О, Прокурор Ц.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Н нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хүсэлт гаргагч А.О, прокурор Ц.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Н нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У
ШҮҮГЧ Б.О
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б