Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 865

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

Улсын яллагч И.Ариунсанаа,

Шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ад холбогдох 1906 02425 1041 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1969 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Төгөл хус хотхоны 11 дүгээр байрны 2 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Лын А /РД:........../,

Л.А нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 696 дугаар байрны 44 тоотод оршин суух иргэн Л.Гантөмөрийн гэрээс алтан нуух, халбагатай, цэцэгт манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Агийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Гантөмөрийн өгсөн: “... Түүнээс хойш Аг би хараагүй ба өчигдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр орой над руу залгаад “Ганаа ахаа, намайг ёстой уучлаарай. Би таны хөөргийг аваад нэг газар тавьчихсан байсан юм. Тэгээд мөнгийг нь үрчихсэн болохоор нөхрийнхөө мөнгөн бүсийг тавиад мөнгөтэй болоод таны хөөргийг авч өгөх гэсэн боловч болсонгүй” гээд зөндөө уучлал гуйсан...” гэх мэдүүлэг /хх.10/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Оюунцэцэгийн өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр манай лангуу руу урьд орж ирж байгаагүй эмэгтэй ирсэн ба гартаа хөөрөг барьчихсан байсан. Тэгээд гартаа барьсан хөөргөө хүмүүст хямдхан зарах гээд байхаар нь би шууд авчихсан юм. Тэгээд би таньдаг цагдаа руугаа залгаж хэлтэл сургалттай байсан ба ямартай ч эхний ээлжинд авъя маргааш ахиад ирвэл бариад авч болох байх гэж бодсон юм. Тэгээд маргааш нь нөгөө эмэгтэй мөнгөн бүс барьчихсан ахин ирээд зарах гээд байсан ба түүний араас манай энэ хавийн архичин согтуу хүмүүс дагаад яваад байсан юм...” гэх мэдүүлэг /хх.11-12/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Луйдагвын өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би гэрийнхээ ойролцоо явж байгаад Гантөмөр гэх зүс таних хүнтэй тааралдсан.... Гэрт нь орох үед нэг хүн засвар хийж байсан ба А хоол хийгээд байж байсан. Гантөмөр ах архиа задалж байхдаа цайвар өнгийн чулуун хөөрөг гаргаж ирээд бид нартай тамхилаад байхаар нь би цагаан сар биш хөөргөө цаашаа хийгээрэй гэж хэлчихээд Батнасан бид 2 гарч явсан. Гантөмөр, А засвар хийж байсан залуу гурав үлдсэн. Тэрнээс хойш маргааш нь байх Гантөмөр ах хөөргөө алдчихсан гээд явж байсан...” гэх мэдүүлэг /хх.21/,

          “Дамно” ХХК-й гаргасан 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б31-19-239 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.31-32/,

Мөрдан шалгах ажиллагаанд Л.Агийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Урт цагааны замын цаана нэрийг нь сайн мэдэхгүй байна, үнэт эдлэлийн дэлгүүр лүү ороод буурал үстэй эмэгтэйд 200.000 төгрөгөөр алтан нуух, халбагатай цэцэгт манан хөөргөө зарж, архи, хоол аваад Б.Гантөмөр ахын гэрт нь очиж хамт байсан хүмүүстэйгээ нийлж үргэлжлүүлэн ууж байгаад тэр өдрөө нэлээн орой гэртээ харьсан... Ууж байсан архи, мөнгө ч дуусч байсан болохоор би Б.Гантөмөр ахын хөөргийг аваад ганцаараа хотын төв рүү явж 200.000 төгрөгөөр зарсан юм... Хөөрөг авч гарах үед Одко, Гантөмөр нар байсан бөгөөд дээрх 2 хүнээс гадна танихгүй согтуу 2 хүн байсан. Согтуу танихгүй 2 хүн нь намайг хөөрөг авч явахыг хараагүй. Би хөөрөг авч явсан талаар ямар ч хүнд хэлээгүй. Гантөмөр сүүлд чи авч явсан байна гэж тулгахаар нь авч явсан гэдгээ хэлсэн... Тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Бүх хохиролоо барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх.13-15, 45/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Л.А нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 696 дугаар байрны 44 тоотод оршин суух иргэн Л.Гантөмөрийн гэрээс алтан нуух, халбагатай цэцэгт манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Гантөмөрийн өгсөн: “... Түүнээс хойш Аг би хараагүй ба өчигдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр орой над руу залгаад “Ганаа ахаа, намайг ёстой уучлаарай. Би таны хөөргийг аваад нэг газар тавьчихсан байсан юм. Тэгээд мөнгийг нь үрчихсэн болохоор нөхрийнхөө мөнгөн бүсийг тавиад мөнгөтэй болоод таны хөөргийг авч өгөх гэсэн боловч болсонгүй” гээд зөндөө уучлал гуйсан...” гэх мэдүүлэг /хх.10/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Оюунцэцэгийн өгсөн: “... 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр манай лангуу руу урьд орж ирж байгаагүй эмэгтэй ирсэн ба гартаа хөөрөг барьчихсан байсан. Тэгээд гартаа барьсан хөөргөө хүмүүст хямдхан зарах гээд байхаар нь би шууд авчихсан юм...” гэх мэдүүлэг /хх.12/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Луйдагвын өгсөн: “... Гантөмөр ах архиа задалж байхдаа цайвар өнгийн чулуун хөөрөг гаргаж ирээд бид нартай тамхилаад байхаар нь би цагаан сар биш хөөргөө цаашаа хийгээрэй гэж хэлчихээд Батнасан бид 2 гарч явсан. Гантөмөр, А засвар хийж байсан залуу гурав үлдсэн. Тэрнээс хойш маргааш нь байх Гантөмөр ах хөөргөө алдчихсан гээд явж байсан...” гэх мэдүүлэг /хх.21/,

          “Дамно” ХХК-й гаргасан 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б31-19-239 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.31-32/,

Мөрдан шалгах ажиллагаанд Л.Агийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... би Б.Гантөмөр ахын хөөргийг аваад ганцаараа хотын төв рүү явж 200.000 төгрөгөөр зарсан юм...” гэх мэдүүлэг хх/13-15, 45/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Агийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Л.Агийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Л.Гантөмөр нь алдсан эд зүйлээ буцаан авсан, гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Л.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Л.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Л.Агийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Л.Ад оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хуруусан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Лын Аг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ад 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.Ад сануулсугай.

          4. Хохирогч Л.Гантөмөр нь алдсан эд зүйлээ буцаан авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, Л.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                             С.ӨСӨХБАЯР