Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 862

 

                    

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уранбилэг,

Улсын яллагч Б.Ганбулган,

Шүүгдэгч Б.Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Еад холбогдох 1906 02493 1076 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Их-Уул суманд 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 38-3 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Бийн Е /РД:.........../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Е нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн гудамжны 2 дугаар байранд оршин суух иргэн Н.Баярсайханы гэрт байсан алтан нуухтай, шүрэн толгойтой, халтар манан хөөрөг, Самсунг Нөүт-2 маркийн гар утас, биет 460.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн гудамжны 2 дугаар байранд оршин суух иргэн Ц.Цэрэндашийн гэрт байсан Самсунг А-6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, нийт 13.370.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Еын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Баярсайханы өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 14-нд би Еийг манайхаас 40.000 төгрөг аваад ир гээд гэрийн түлхүүрээ өгөөд, мөнгө хаана байгаа газрыг зааж явуулсан. Тэгээд над дээр ирээд 40.000 төгрөг өгсөн, боодолтой мөнгө байна уу гээд асуусан, байна гэж надад хэлсэн. Би маргааш нь мөнгө байгаа газрыг үзэхэд мөнгө байхгүй байсан. Еөөс мөнгө яасан талаар асуухад мэдэхгүй гэсэн, тэгээд цагийн дараа манай гэрт орж ирээд би таны мөнгийг хэрэглэчихсэн, одоо тал мөнгийг өгье гээд надад 240.000 төгрөг буцааж өгсөн. Мөнгөний хажууд байсан хөөрөг хаана байна гэсэн чинь нүүр царай нь сонин болж, дүүд нь мөнгө хэрэг болоод ашиглачихсан, ойрын хугацаанд өгнө гэж хэлсэн. Би нөүт-2 гар утас хаана байна гэж асуухад би мөнгө хэрэг болоод барьцаанд тавьчихсан, хөдөөнөөс ноос ноолуур орж ирнэ, тэгээд таны мөнгийг өгнө гэсэн. Тэгээд хамт амьдардаг Ц.Цэрэндаш хүүгийн шинэ гар утсыг бас аваад явсан байна лээ. Тэр өдрөөс хойш сураггүй алга болсон, хайгаад олоогүй цагдаад хандсан юмаа... Е гэдэг хүүхдийг сайн танихгүй, миний байр түрээсэлдэг Ц.Цэрэндашаар дамжуулж танилцсан... Би алтан нуухтай, шүрэн толгой, мөнгөн халбагатай, халтар манан хөөрөг, Нөүт-2 гар утас, бэлнээр 580.000 төгрөг алдсан сүүлд буцаагаад 240.000 өгсөн, дүү Ц.Цэрэндашийн Самсунг А-6 маркийн гар утас алга болсон... Алтан нуухтай, шүрэн толгой, мөнгөн халбагатай, халтар манан хөөргөө зах зээлийн ханшаар 19.000.000 төгрөгөөр, Нөүт-2 гар утас 60.000 төгрөгөөр, Еаас 200.000 төгрөг авна... Ц.Цэрэндаш чатаар Баяраа ахын мөнгө, чиний утсыг удаахгүй өгнө гэсэн чат бичсэн гэсэн өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.7/,

“... Хөөрөг, мөнгө хоёр цуг байсан юм. Гэхдээ манай гэрээс надаас авсан зүйлээ Е бүгдийг барагдуулсан. Миний хөөргийг зарсан хүнээсээ буцааж авч өгсөн ба надад өгөх ёстой бэлэн мөнгө болох 200.000 төгрөгийг надад дансаар шилжүүлж өгснөөс гадна үнэлгээ хийлгэсэн 40.000 төгрөгийг бас барагдуулсан. Надтай цуг гомдол гаргасан Цэрэндашийн гар утасны мөнгө болох 940.000 төгрөгийг бас миний хажууд нүүр нүүрэн дээрээ өгсөн байгаа... Нөүт-2 гар утасны мөнгө гэж 50.000 төгрөг надад өнөөдөр өгсөн... Одоо надад санал гомдол байхгүй, тийм ч учраас энэ хүүхэд манай гэрээс авсан эд зүйлээ өгсөн ба өмнө надаас мөнгө зээлсэн байсан мөнгө төгрөгөө бас өгнө гэсэн хугацаандаа өгсөн... 2019 оны 05 сарын 10-ны өдөр буюу дөнгөж сая хохирлыг минь барагдуулаад би энд ирж танд бас мэдэгдэж байна...” гэх мэдүүлэг /хх.10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Цэрэндашийн өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 14-нд ...манай ахын гэрээс алтан нуухтай, шүрэн толгой, мөнгөн халбагатай, халтар манан хөөрөг, Нөүт-2 гар утас, бэлнээр 580.000 төгрөг алдсан. Би Етэй хамт нийтийн байр түрээслэн ажилладаг. 2019 оны 04 дүгээр сарын 16-нд миний Самсунг А-6 маркийн гар утсыг аваад явсан, тэгээд хайгаад олдохгүй болохоор цагдаад хандсан... Самсунг А-6 гар утсаа 889.999 төгрөгөөр үнэлж байна. 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сайн компьютероос худалдаж авсан... Миний чатаар Баяраа ахын мөнгө, чиний утсыг удаахгүй өгнө гэсэн чат бичсэн...” гэх мэдүүлэг /хх.12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Сэрсмаагийн өгсөн: “... Е бол миний хамгийн том хүү маань байгаа юм. Том хүүгээ хулгайн хэргээр цагдаад шалгагдаж байгааг 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр над руу утсаар залгаж хэлэхэд мэдсэн. Тэгээд би Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас Улаанбаатар хотод ирсэн юм. Тэгээд би хүү болох Еаас яагаад хулгай хийж байгаа юм бэ? гэж асуухаар би өвчин тусаад тэгээд эмчилгээ хийх мөнгө олдохгүй байсан болохоор хулгай хийсэн гэж хэлсэн өөр зүйл ярихгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх.18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Еын яллагдагчаар өгсөн: “... Яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа, надад тогтоолтой холбогдуулж гаргах санал хүсэлт байхгүй... 2019 оны 04 сарын 14-ны өдөр Баяраа буюу Баярсайхан ах намайг найзындаа байсан чинь дуудаад машин бариад өгөөч гэж гуйхаар нь би тусалсан юм. Тэгээд ойрхон караокед хүргэж өгөөд байж байгаад гарах болтол тооцооны мөнгөнөөс нь 40.000 төгрөг дутсан чинь Баяраа ах намайг гэр лүүгээ яваад ир гээд мөнгө байгаа газраа зааж өгсөн юм. Тэгээд гэрт ороод зааж өгсөн газарт нь мөнгө, хөөрөг хоёр байхаар нь бүгдийг нь аваад гараад дээд давхар буюу хоёр давхраас нь найзынхаа өрөө лүү ороод манай найзын гар утас орон дээр нь харин найз маань унтаж байхаар нь хажуунаас гар утсыг нь аваад гараад явсан. Баяраа ах дээр очоод 40.000 төгрөгийг өгөөд гэрт нь хүргэж өгөөд дээшээ найзындаа ороод унтсан юм. Тэгээд өглөө нь найз Цэрэндаш, Баяраа ах хоёрыг унтаж байхаар нь 08 цаг өнгөрч байхад гараад явсан... Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ 2019 оны 04 сарын 16 гэж мэдүүлсэн нь өдрөө андуурсан байна лээ. Би 2019 оны 04 сарын 14-ны өдөр Баяраа ахын гэрээс хөөрөг, гар утас 200 гаран мянган төгрөг авсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 04 сарын 15-ны өдөр Гурвалжингийн гүүрний цаана Тэнүүн Өлзий спорт зааланд тэмцээнд орсон, тэгэхээр өдрөө андуурсан байна... Хөөргийг Хархорин зах дээр 200.000 төгрөгөөр зарсан. Харин гар утсыг Тэди төв дээр 200.000 төгрөгөөр танихгүй хүнд зарсан. Би бэлгийн замын өвчин авсан байсан, тэр эмчилгээндээ зарцуулсан... Би хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна... Ийм зүйл хийсэндээ гэмшиж байна. Би хохирогч Баярсайхан, найз Цэрэндашаас уучлалт гуйж Баярсайхан ахын хөөргийг зарсан хүнээсээ авч буцааж өгсөн. Харин найз Цэрэндашид гар утасны мөнгө болох 920.000 төгрөгийг нь дансаар шилжүүлсэн, уучлалт гуйсан, мөн учирсан хохирол болох 280.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан ахиж ийм зүйл хийхгүй...” гэх мэдүүлэг /хх.30-31/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Е нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн гудамжны 2 дугаар байранд оршин суух иргэн Н.Баярсайханы гэрт байсан 12.000.000 төгрөгийн үнэтэй, алтан нуухтай, шүрэн толгойтой, халтар манан хөөрөг, 30.000 төгрөгийн үнэтэй Самсунг Нөүт-2 маркийн гар утас, бэлэн 580.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 12.610.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн гудамжны 2 дугаар байранд оршин суух иргэн Ц.Цэрэндашийн гэрт байсан 880.000 төгрөгийн үнэтэй Самсунг А-6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бүгд 13.490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Баярсайханы өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 14-нд ... Би алтан нуухтай, шүрэн толгой, мөнгөн халбагатай, халтар манан хөөрөг, Нөүт-2 гар утас, бэлнээр 580.000 төгрөг алдсан сүүлд буцаагаад 240.000 өгсөн, дүү Ц.Цэрэндашийн Самсунг А-6 маркийн гар утас алга болсон...” гэх мэдүүлгүүд /хх.7, 10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Цэрэндашийн өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 14-нд ... Манай ахын гэрээс алтан нуухтай, шүрэн толгой, мөнгөн халбагатай, халтар манан хөөрөг, Нөүт-2 гар утас, бэлнээр 580.000 төгрөг алдсан, 2019 оны 04 дүгээр сарын 16-нд миний Самсунг А-6 маркийн гар утас аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Сэрсмаагийн өгсөн: “... би өвчин тусаад эмчилгээ хийх мөнгө олдохгүй байсан болохоор хулгай хийсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Еын яллагдагчаар өгсөн: “... Тэгээд гэрт ороод зааж өгсөн газарт нь мөнгө, хөөрөг хоёр байхаар нь бүгдийг нь аваад гараад, дээд давхар буюу хоёр давхраас найзынхаа өрөө лүү ороод манай найзын гар утас орон дээр нь харин найз маань унтаж байхаар нь хажуунаас нь гар утсыг нь аваад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх.30-31/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Еын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Еад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Б.Еын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Н.Баярсайхан, Ц.Цэрэндаш нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Б.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Б.Еын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Н.Баярсайхан, Ц.Цэрэндаш нар нь алдсан эд зүйлс, мөнгөө буцаан авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Б.Еыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Б.Еад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.         

   Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Еын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Б.Еад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Еад оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Б.Е нь цагдан хоридсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Бийн Еыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Еад 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Еад сануулсугай.

4. Хохирогч Н.Баярсайхан, Ц.Цэрэндаш нар нь алдсан эд зүйлс, мөнгөө буцаан авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Б.Е нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Еад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

          ШҮҮГЧ                      С.ӨСӨХБАЯР