Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 18

 

НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧ ЭВЛЭРСНИЙГ БАТАЛЖ,

      ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам би Х.П-ийн Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай "Ажлаас  чөлөөлөх тухай" тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн аваад

                                                                                                                                                                         

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Х.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: X.П би Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай захирамжаар Сумын Иргэдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан 2013 оны 12 дугаар сарын 25-нд удирдах ажилтаны сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн

2014 оны 11 дүгээр сарын 26-нд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Төрийн жинхэнэ албан хаагч.

Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай тогтоолоор намайг ажлын байрны шаардлага бүрэн хангаж чадахгүй байна гэдэг үндэслэлээр Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22 1.6, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан.

Намайг ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түуний удирдлагын тухай хуулиудыг ноцтой зөрчиж төрийн жинхэнэ албан хаагч миний Үндсэн хуулиар олгодсон хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д: "Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх"-гэж заажээ. Хуулийн энэ заалтыг үндэслэн намайг Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилуулахаар санал оруулсан гэж ойлгож байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалт нь: ‘Хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон"- бол төрийн албанаас түр чөлөөлөхөөр заажээ.

Миний бие ажил үүргээ чанартай сайн гүйцэтгэж байсан ба биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагүй.

Миний бие ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус гэж үзэж 2017 оны 02 -дугаар сарын 23-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл нь хуралдааны ирц бүрдэхгүй байна гэдэг шалтгаанаар миний гомдлыг шийдвэрлээгүй байгаа тул шүүхэд хандан гомдол гаргаж байна.

Намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж миний төрийн албанд ажиллах эрхийг ноцтой зөрчиж байна

Иймд Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай" тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргахыг даалгах, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү" гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээндээ:Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан Х.П, хариуцагч Цэцэг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын дарга бид дараах үндэслэлээр  эвлэрч байна.

1. Хариуцагч талаас: Х.П-д 6 сартай тэнцэх хэмжээний 3982320 /гурван сая есөн зуун наян хоёр мянга гурван зуун хорь/ төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 5859012184 тоот дансанд шилжүүлнэ.

2. Нэхэмжлэгч Х.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

3. Х.П нь энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж, ямар нэгэн асуудал үүсгэхгүй.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээ байгуулахад ямар нэгэн дарамт шахалтгүйгээр, гэрээнээс үүсэн гарсан үр дагаврыг хоёр тал ойлгосны үндсэн дээр сайн дураараа эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.П нь Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн Төлөлөгчдийн хурлын даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай "Ажлаас  чөлөөлөх тухай" тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий  нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  явцад нэхэмжлэгч  Х.П, хариуцагч Г.Н нар хоорондоо тохиролцон, “Хариуцагч Х.П-д 6 сартай тэнцэх хэмжээний 3982320 /гурван сая есөн зуун наян хоёр мянга гурван зуун хорь/ төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 5859012184 тоот дансанд шилжүүлэх, нэхэмжлэгч Х.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах, Х.П нь энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж, ямар нэгэн асуудал үүсгэхгүй”-ээр эвлэрлийн гэрээг бичгээр  байгуулж, гарын үсэг зуран баталгаажуулж, маргаанаа дуусгавар  болгож байгаа  нь хуульд харшлаагүйн дээр бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дахь хэсэгт заасны дагуу Х.П-ийн Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай "Ажлаас  чөлөөлөх тухай" тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч  эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  нь  зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.П-ийн Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн Төлөлөгчдийн хурлын даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай "Ажлаас  чөлөөлөх тухай" тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргуулах” шаардлага бүхий  захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.   

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.  

 

 

ШҮҮГЧ                                      Г.ЯНЖИНДУЛАМ