Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2019/0605

 

 

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, Д.Т, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШЗ2019/0526 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ч.Б-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШЗ2019/0526 дугаар шийдвэрээр: 1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 6, 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Б-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргад тус тус холбогдуулан гаргасан Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 437 дугаар шийдвэр, Барилга, хот байгуулалтын яамны 2018 оны 08 дугаар сарын 30-ний 151 дүгээр тушаалын дагуу “Чимэдбавуугийн Бямбаад 2 өрөө нэг айлын орон сууц олгох шийдвэр гаргахыг даалгах тухай” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Б давж заалдах гомдолдоо: “...Тус шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй төдийгүй шүүх шийдвэрийн үндэслэлийг тодорхойлохдоо хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал, үр дагаварт дүгнэлт хийлгүй орхигдуулж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс давж дүгнэлт хийсэн, зарчмын хувьд зөрчилдөөнтэй, хэргийн бодит байдлыг гажуудуулан үндэслэлгүй дүгнэлт хийсэн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь:

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0526 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 1 дэх хэсэгт “... нэхэмжлэгчийн энэхүү эрхийг буюу 1 дүгээр хорооллын 8 дугаар байшинд байрлах 2 өрөө нэг айлын улсын өмчийн орон сууцыг эзэмших эрхийг шүүхээс сэргээн тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна. Гэтэл нэхэмжлэгчээс уг шийдвэрт заасан 1 дүгээр хорооллын 8 дугаар байшинд бус дахин шинээр 2 айлын нэг өрөө орон сууц олгохыг шаардсан агуулга бүхий нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна” гэсэн нь бодит нөхцөл байдал болон үр дагаварт дүгнэлт хийлгүй орхигдуулсан, үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэхээр байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т “Нэхэмжлэгчийн маргаж байгаа социалист улсын өмчийг байгууллагуудад хуваарилах, байгууллагуудаас ажилтнууддаа хуваарилан эзэмшүүлэх шийдвэр гаргах, байгууллагаас ажилтнууддаа хуваарилсан шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас ордер гэрээ хийхтэй холбоотой харилцаа нь Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдаж Монгол Улсын өмчийн харилцаа өөрчлөгдсөнтэй холбоотойгоор болон Орон сууц хувьчлах тухай хууль гарч улсын өмчийн орон сууцыг эзэмшиж байсан иргэдийн хувийн өмчлөлд нэг удаа үнэгүй өмчилснөөр дуусгавар болжээ. Иймээс нэхэмжлэгчийн шаардсаны дагуу хариуцагчаас 2 өрөө нэг айлын орон сууцыг олгох, ордер гэрээ хийх талаарх өмнөх эрх зүйн зохицуулалтыг буцаан хэрэглэх боломжгүй бөгөөд бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байна.” гэж үзсэн нь нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнээс давсан, зарчмын хувьд зөрчилдөөнтэй дүгнэлт хийсэн хэрэг болсон. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 437 дугаар шийдвэр, Барилга, хот байгуулалтын яамны 2018 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 151 дүгээр тушаалын дагуу “Ч-ийн Б-д 2 өрөө нэг айлын орон сууц олгох шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан болохоос 2 өрөө нэг айлын орон сууцыг олгох, ордер гэрээ хийхийг даалгасан шаардлага гаргаагүй. Шүүх шаардлагын талаар дүгнэлт өгөхдөө нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад огт байхгүй зүйлүүд болон шаардлагыг өөрөө гарган ирж, түүндээ тохирсон тайлбар хийх замаар хэргийг шийдвэрлэж байгааг үнэхээр хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т “Хэрэв хариуцагч захиргааны байгууллага нь нь нэхэмжлэгчийн шаардлагын дагуу “2 өрөө нэг айлын орон сууцыг олгох”-той холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх тохиолдолд энэхүү үйл ажиллагаа нь дээр дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан хуульд үндэслэх зарчимд нийцэхгүй, өөрт хуулиар эрх олгогдоогүй, хүлээн зөвшөөрөөгүй үйл ажиллагааг хариуцагч захиргааны байгууллага хэрэгжүүлэх эрх зүйн үр дагаврыг бий болгохоор байна.” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдлыг гажуудуулан дүгнэлт хийсэн асуудал болсон.

Учир нь хариуцагчаас 2 өрөө нэг айлын орон сууцыг олгохтой холбоотой үйл ажиллагааг хэрхэн яаж хэрэгжүүлэх нь шүүхэд хамааралгүй юм. Шүүх энэ асуудлын талаар хариуцагчийн өмнөөс санаа зовох шаардлага огт байхгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т “... маргаан бүхий өргөдөлд дурдсан шийдвэрийг гаргахаас татгалзсан хариуцагчийн үйлдэл нь ... Гомдлыг албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтад нийцээгүй хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэж дүгнэхдээ хариуцагч нарын өөрийн бүрэн эрх гэх ерөнхий ойлголтыг тайлбарлаж, хуулиар тодорхойлон заасан эрх хэмжээг явцууруулан дурдаж, хариуцагч нараас эрх хэмжээнийхээ хүрээнд тус маргааныг шаардлага бүхий асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэхэд бодитой дүгнэлт хийгээгүй шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчээс орон сууц хуваарилах эрх хэмжээтэй гэж хариуцагч нарыг үзээд нэг айлын 2 өрөө орон сууцыг хуваарилах шаардлага огт гаргаагүй. Өмнө орон сууц эзэмшүүлэх шийдвэр гаргаж байсан арга замын хүрээнд, тийм байдлаар орон сууцаа өмчилж авсан айлуудын нэгэн адил, тэдгээр иргэдтэй адил тэгш байдлаар олгогдох ёстой байсан орон сууцыг нь шударгаар, ялгаварлан гадуурхалгүйгээр тэдний нэгэн адил эзэмшүүлэх, өмчлөлдөө шилжүүлэн авах боломжийг нь олгосон шийдвэр гаргахыг л даалгаж өгөөч гэсэн шаардлага гаргасан болно.

Хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага тодорхой байсаар байхад анхан шатны шүүх дээр дурдсан байдлаар үндэслэлгүй дүгнэлт хийж байгааг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0526 дугаар бүхий шийдвэрийг хүчингүй болгож мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

БНМАУ-ын Барилгын хорооны 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 дүгээр “Тус хороонд хуваарилагдсан 1 дүгээр хорооллын 8 дугаар байшинд орох хүмүүсийн нэрсийн жагсаалтыг хавсралтаар гаргаж хүргүүлэн, энэ хуваарийн дагуу гэрээ ордер олгоно уу” хэмээх “Ордер хийлгэх тухай” албан бичгийг Улаанбаатар хотын АДХ-ны гүйцэтгэх захиргаанд хүргүүлэхэд Ч.Б-д Д.С-тай хамт 4 өрөө 1 айлын орон сууц олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна хэмээн үзэж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 437 дугаар шийдвэр гарсан байна.

Үүнийг үндэслэн Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх” 152 дугаар тушаалаар “Улсын барилгын хорооны 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 дугаар “Ордер гэрээ хийлгэх тухай” албан бичгийн хавсралтын “Зургаа”-д “Ч-ийн Б, ХААБЗИ-д техник, 2, 4” гэснийг “Ч-ийн Б-д 2 өрөө нэг айлын орон сууц олгох” гэж өөрчилжээ.

Нэхэмжлэгч Ч.Б “...хариуцагч захиргааны байгууллага энэхүү шүүхийн шийдвэр болон сайдын тушаалын дагуу Ч.Б-д 2 өрөө нэг айлын орон сууц олгох асуудлыг шийдвэрлэхгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна” хэмээн маргаж байна.

Энэхүү нэхэмжлэлийн үндэслэл болгож буй шүүхийн шийдвэр болон 152 дугаар тушаал нь нэхэмжлэгчид 2 өрөө нэг айлын орон сууц олгохыг даалгасан шийдвэр бус байх бөгөөд уг албан бичигт ийнхүү өөрчлөлт оруулснаар буюу хариуцагч захиргааны байгууллага орон сууц олгохыг дахин шийдвэрлэх үүрэг бий болсон гэж үзэхгүй.

Уг орон сууц хуваарилсан 4/2939 дугаар албан бичгээр шийдвэрлэсэн асуудал даруй 30 гаруй жилийн өмнө нэгэнт биелэгдсэн асуудалд өөрчлөлт орсноор тухайн 1 дүгээр хорооллын 8 дугаар байранд болон дахин шинээр 2 өрөө орон сууц олгох нөхцөл байдал бий болохгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Б-ийн “...Улсын төсвөөс мөнгө гаргуулан шинээр орон сууц шаардсан зүйл нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй байхад үндэслэлгүй дүгнэлтийг шүүх хийсэн” гэж давж зааалдах гомдолдоо дудрдсан нь үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн хүн уг эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд захиргааны хэргийн шүүх хариуцагчийн гаргасан захиргааны үйл ажиллагаа хууль бус тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ бодит байдалд нийцсэн, хэрэгжих боломжтой шийдвэр гаргах төдийгүй ийнхүү шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх тухай ойлголт тул тухайн 8 дугаар байранд болон шинээр өөр байрлалд орон сууцны олголтыг шийдвэрлэх үндэсгүй байна.

Анхан шатны шүүх Орон сууц хувьчлах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Орон сууцны тухай, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиудыг тус тус зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагчаас хуулиар хүлээгээгүй эрх, үүргийг биелүүлэхийг шаардах үндэсгүй талаар дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль тогтоомжид нийцжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0526 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                              Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                                   О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                                   Ц.САЙХАНТУЯА