Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 773

 

                        

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

Хохирогч Я.Сүхээ,

Шүүгдэгч Д, түүний өмгөөлөгч Н.Баатардорж /ҮД:1001/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэд холбогдох 1806 06641 1667 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Оросын Холбооны Улсын иргэн, Улаанбаатар хотод 1997 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 8 дугаар байрны 43 тоотод оршин суух, Д /РД:........../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Оросын Холбооны Улсын иргэн Д нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 8 дугаар байрны гадна иргэн Я.Сүхээгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж хамар ясны хугарал, эрүү, доод уруулын дотор салстад цус хуралт, баруун тохойд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Дийн өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өглөө би машинаа тавьж байхад хохирогч согтуу ирээд эхэлж над руу элдэв үгээр хэлсэн. Тэгэхээр нь би ойлгосон гэсэн чинь өөрөө түрүүлээд намайг хог түүдэг хайчаар цохисон. Намайг хоёр, гурван удаа цохисон. Дараа нь машин цохихоор нь би өөрөө түрүүлж босч ирээд, цохисон нь үнэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Сүхээгийн өгсөн: “... Шүүгдэгчийн машиныг би цохиогүй. Эхэлж намайг доромжилсон бичлэг хийсэн чинь үнэн биз дээ. 12 удаа намайг цохисон. Би энэ байранд цэвэрлэгч, жижүүр хийдэг. Тэр өглөө би машинаа холдуул гэхэд надад салаавч өгсөн. Тэгээд би зураг авсан. Хэрэг болсны дараа машиндаа суусан. Миний хамраас цус гараад байж байхад хэргийн газраас зугтах үйлдэл хийсэн. Тэгэхээр нь би машины ард нь очин хааж зогстол ухраад намайг түлхэж унагасан. Би өөрөө цагдаад дуудлага өгсөн бөгөөд цагдаа нэг цагийн дараа ирсэн. Хэргийн газраас зугтах гэсэн үйлдэл, мөн бусадтай нийлж үгсэн хуйвалдсан үйлдэл энэ бүх баримтууд надад бүгдээрээ байгаа. Энэ шүүгдэгчийг би зодоод байгаа юм шиг мэдүүлэг өгсөн байна. Харин Марина гэгч эмэгтэй гал зуухныхаа өрөөнд сууж байхдаа харагдах орчин хязгаарлагдмал байхад яаж хардаг юм бэ? Марина мэдүүлэгтээ бетонон ханыг нэвт харсан юм шиг юм хэлээд байна. Би худлаа мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээнэ. Тэгээд намайг мөнгө нэхсэн гэж шуум дэгдээсэн байсан. Өөрийн эрхгүй би 03 сарын 11-нд эмнэлэгт хэвтээд 21-нд эмнэлгээс гараад дахин очер дугаар олдохгүй болохоор Шар хадны эмнэлэгт хэвтсэн. Гэтэл шүүгдэгч чөлөөтэй явж байна. Намайг эрүүл байсныг гэрч Марина нотолсон байгаа. Миний гарыг ард барьчихаад миний нүүр лүү олон удаа цохисон. Нийтдээ 15.479.565 төгрөг нэхэмжилж байна. Би энэ мөнгийг тэтгэвэрийн зээл авч, өөрийнхөө биеийг эмчлүүлж байна. Хавтаст хэрэгт эмчилгээний баримт байхгүй байгаа. 08 дугаар сарын 03-наас би ажил хийх боломжгүй болсон. 4.910.815 төгрөг эндээс тэтгэвэрийн зээлээ хасаж тооцоход ийм дүн гарч байгаа. Баярмагнай гэж шүүгдэгчийн аав шинэ жолооч байгаа юм. Машинаа унаж яваад машиныхаа цонхныхоо шил, хаалгыг гэмтээсэн гэж сонсогдсон. Миний 3 жилийн ажлын тэмдэглэл байгаа. Намайг гүтгэн доромжилсон. Миний эрүүл мэнд үнэхээр дордсон. Би байнга эм ууж байна. Намайг гүтгэн доромжилсон. Би энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.Сүхээгийн өгсөн: “... Долгион гэх залуу тус байрны машин тавихыг хориглосон газар 7 хоногийн турш машин байрлуулж байгаад тус байрны хашаанаас машинаа гаргачихаад хаалгаа хаагаагүй явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа тэр Долгион гэх залуу машинтайгаа буцаж ирээд хашаа руу орох гэхээр нь би тэр залууд хандан энэ хашаанд машин тавиулахгүй гэж хэлтэл тэр Долгион гэх залуу би машинаа гражиндаа оруулна гээд орох гэж зүтгээд байсан. Тэгээд тэр Долгион гэх залуу машинаараа хаалга таглаад зогсоод байсан учир би цонхыг тогштол тэр Долгион гэх залуу машинаасаа бууж ирээд миний зүүн гарыг мушгиж өчөөд миний нүүр лүү гараараа 7-8 удаа цохисон. Мөн намайг машинаараа мөргөж унагаасан... Хэрэг явдал 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр болсон. Миний өмнө өгсөн эмчилгээний зардалын 273.448 төгрөгийн баримт дээр нэмээд нийт 305.503 төгрөгийн эмчилгээний зардалын баримтыг хавсаргуулах шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /хх.14-15, 128/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Лийнаагийн өгсөн: “... уг хэрэг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр болоогүй, харин 2018 оны 08 дугаар сарын 02-ны өглөө үүрээр болсон...” гэх мэдүүлэг /хх.136/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Оюунжаргалын өгсөн: “... Намайг тухайн үед цонхоор харахад тэр Сүхээ гэх өвгөн Долгионы улаан өнгийн приус машиныг хог түүдэг төмрөөр машин руу нь цохиод, дугуй хэсэг рүү нь өшиглөөд, цонх руу нь нулимаад байсан. Тэгээд тухайн үед миний нялх хүүхэд уйлаад байсан учир хүүхдээ өөр өрөөнд оруулж унтуулчихаад эргэж цонхоор хартал тэр Сүхээ гэх өвгөн Долгион гэх залууг машинаас нь гаргаад ирчихсэн заамдаад, хэл амаар доромжлоод дайрч давшлаад байсан. Тухайн үед Долгион, Сүхээ гэх 2 хүн машины зогсоолын асуудлаас болж маргалдсан байсан. Сүхээ гэх өвгөн Долгион гэх залуугийн машиныг цохиж байгаад тэр машины цонхны борооны хаалтыг хагалж байхыг харсан... Хуанли харахаар 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр пүрэв гараг байгаа учир энэ өдөр гарсан байх...” гэх мэдүүлэг /хх.18-20, 140/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Маринагийн өгсөн: “... Манай байрны жижүүр Сүхээ өвгөн тэр Долгион гэх залуугийн машиныг төмөр хайчаар цохиод байсан. Долгион гэх залуу Сүхээ гэх өвгөнийг өөрийн машинаас холдуулах гэтэл тэр Сүхээ гэх өвгөн Долгион гэх залууг гартаа барьсан төмөр хайчаар цохиод байсан. Долгион гэх залуу тэр Сүхээ гэх өвгөнд цохиулсаныхаа дараа зөрүүлээд тэр Сүхээ гэх өвгөний нүүрэн хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Тэгтэл тэр Сүхээ гэх өвгөн зөрүүлээд Долгионы гар болон нуруу хэсэгт гартаа барьсан төмрөөр 4-5 удаа цохисон. Тухайн үед цонхоор харахад байрны гадаа Долгион гэх залуу жижүүр Сүхээ гэх өвгөнтэй маргалдаж байсан, харин одоо бодоход 2018 оны 08 дугаар сарын 02-ны өглөө байсан юм шиг байна. Сүхээ гуайн хамарнаас нь цус гарсан байсан, уг цусаа Долгионы машинд нялаад байсан...” гэх мэдүүлэг /хх.21-23, 142/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2018 оны 08 дугаар сарын 13 ны өдрийн 9710 дугаартай:

“1. Я.Сүхээгийн биед хамар ясны хугарал, эрүү, доод уруулын дотор салстад цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх.25/,

Сувилуулагчийн түүх болон эмчилгээний зардалын баримт /хх.39-50/,

Гадаадын иргэн харьяатын газрын албан тоот /хх.161/,

Шинжээчийн дүгнэлт /хх.28/,

Төлбөрийн баримт /хх.29/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.31/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Оросын Холбооны Улсын иргэн Д нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 8 дугаар байрны гадна иргэн Я.Сүхээгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж хамар ясны хугарал, эрүү, доод уруулын дотор салстад цус хуралт, баруун тохойд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.Сүхээгийн өгсөн: “... Долгион гэх залуу машинаасаа бууж ирээд миний зүүн гарыг мушгиж өчөөд миний нүүр лүү гараараа 7-8 удаа цохисон. Мөн намайг машинаараа мөргөж унагаасан...” гэх мэдүүлэг /хх.14-15, 128/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Лийнаагийн өгсөн: “... уг хэрэг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр болоогүй, харин 2018 оны 08 дугаар сарын 02-ны өглөө үүрээр болсон...” гэх мэдүүлэг /хх.136/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Оюунжаргалын өгсөн: “... Тухайн үед Долгион, Сүхээ гэх 2 хүн машины зогсоолын асуудлаас болж маргалдсан байсан... Хуанли харахаар 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр пүрэв гараг байгаа учир энэ өдөр гарсан байх...” гэх мэдүүлэг /хх.18-20, 140/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Маринагийн өгсөн: “... Долгион гэх залуу тэр Сүхээ гэх өвгөнд цохиулсаныхаа дараа зөрүүлээд тэр Сүхээ гэх өвгөний нүүрэн хэсэгт гараараа 2-3 удаа цохисон... Сүхээ гуайн хамарнаас нь цус гарсан байсан, уг цусаа Долгионы машинд нялаад байсан...” гэх мэдүүлэг /хх.21-23. 142/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2018 оны 08 дугаар сарын 13 ны өдрийн 9710 дугаартай:

“1. Я.Сүхээгийн биед хамар ясны хугарал, эрүү, доод уруулын дотор салстад цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх.25/,

Сувилуулагчийн түүх болон эмчилгээний зардалын баримт /хх.39-50/,

Гадаадын иргэн харьяатын газрын албан тоот /хх.161/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Сүхээгийн өгсөн: “... 12 удаа намайг цохисон... би машиных нь ард очиж хааж зогстол ухраад намайг түлхэж унагасан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Дийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Дийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Дийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Я.Сүхээ нь тэтгэврийн зээлийн 12.463.160 төгрөг, эмчилгээний төлбөр 545.924 төгрөг /хх.44-51/, цалин, унаа, эмчилгээний зардал 1.650.000 төгрөг /хх.62/, эм тариа, эмчилгээний үнэ 350.000 төгрөг /хх.82/, ор хоногийн төлбөр 305.503 /хх.113/ төгрөг /хх.110-116/, эм тарианы үнэ 165.000 төгрөг болон 327.654 төгрөг /хх.128-132/, сэргээн засах эмчилгээ 45.000 төгрөг /хх.166/ нийт 15.479.567 төгрөг нэхэмжилсэн боловч тэтгэврийн зээлийн 12.463.160 төгрөг, цалин, унаа, эмчилгээний зардал 1.650.000 төгрөг, нийт 14.113.160 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Доос эмчилгээний төлбөр 545.924 төгрөгөөс баримттай 273.448 төгрөг, эмчилгээний үнэ 350.000 төгрөг, ор хоногийн төлбөр 305.503 төгрөг, эм тарианы үнэ 165.000 төгрөг болон 327.654 төгрөг, сэргээн засах эмчилгээ 45.000 төгрөг, нийт 1.466.605 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Хохирогч Я.Сүхээ нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Доос жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Дийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Дид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Дид торгох ял оногдуулахыг шүүгдэгчийн өмгөөлөгч хүсч байх боловч шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй учир түүнд торгох ял оногдуулах боломжгүй юм.

Дид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс цагдан хоригдсон 9 хоногийг 72 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд тооцон эдлэх ялаас хасах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Дид оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулвал зохино.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.11 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дид 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Дид сануулсугай.

4. Дид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Дийн урьд нь цагдан хоригдсон 9 хоногийг 72 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд тооцон эдлэх ялаас хассугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Доос 1.466.605 төгрөг гаргуулж хохирогч Я.Сүхээд олгосугай.

8. Хохирогч Я.Сүхээ нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Доос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

                       ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР