| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0849/Э |
| Дугаар | 876 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 876
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Хохирогч У.Одончимэг,
Шүүгдэгч Л.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ут холбогдох 1910 00442 1048 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Идэр суманд 1986 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны 962 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Лийн У /РД:.........../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Л.У нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эхнэр У.Одончимэгийн биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Уын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Одончимэгийн өгсөн: “...Цагаан сарын шинийн 4-н буюу 02 дугаар сарын 09-нд манай нөхрийн их сургуулийнх нь найзууд бид хоёрыг урихаар нь хүүхэдтэйгээ хамт очсон. Тэр айл хоол цай хийж бид хоёрыг дайлсан. Айлд байхдаа виски уусан ч бид хоёр ямар нэгэн маргаан үүсгээгүй. Тэр айлаас гараад гэр лүүгээ харих замдаа ойр зуурын юм яриад явж байтал манай нөхөр миний үснээс зулгаагаад гараараа нэг цохисон. Би томограф, болон эмнэлэгт үзүүлэхэд гэмтэл гараагүй. Хацрын доор хэсэг хөхрөлттэй, үснээс зулгаасан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй. Манай нөхөр архи уугаад гэр бүлээ зовоогоод байдаггүй, манайх тайван гэр бүл...” гэх мэдүүлэг,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх.12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Одончимэгийн өгсөн: “... У тухайн үед жаахан архи уусан байсан бөгөөд замдаа над руу үг хаяад машины руль булаах гээд байсан. Тэгээд би машинаа замын хажуу руу зогсоогоод бид хоёр хоорондоо машин дотор маргалдсан бөгөөд У миний үснээс зулгааж доошоо дараад миний толгой руу гараараа нэг удаа цохисон... У урьд нь намайг цохиж зодож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.15-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Мөнхзаяагийн өгсөн: “... удалгүй У.Одончимэг миний гар утас руу залгаж “Л.У намайг цохиод авлаа, тэгээд машинаас буугаад явчихлаа” гэсэн ба намайг “Гэр лүү нь дөхүүлээд өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн машинтайгаа явж байхад найз У нь Маршалын гүүрний зам дагаад алхаж байсан... У.Одончимэгийн хацар нь хөхөрсөн, үс нь халцарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.22/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2019 оны 02 дугаар сарын 13 ны өдрийн 2162 дугаартай:
“1. У.Одончимэгийн биед зүүн зовхи, хацарт цус хуралт, баруун зовхинд зулгаралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Уын яллагдагчаар өгсөн: “... Би 2019 оны 02 дугаар сарын 9-ний өдөр эхнэр хүүхдийнхээ хамтаар найз Энхшинэжилийнд сар шинэ хийж очсон. Тэгэхэд найз Энхшинэжил нь 1 литрийн виски гаргаж ирсэн ба бид хоёр хувааж уугаад би согтсон ба маргааш нь эрүүлжүүлэх байранд сэрсэн. Тэгээд найз Мөнхзаяа надад “чи эхнэрээ зодсон” гэж хэлсэн. У.Одончимэгийн биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.31/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Л.У нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эхнэр У.Одончимэгийн биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх.12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Одончимэгийн өгсөн: “... У тухайн үед жаахан архи уусан байсан бөгөөд замдаа над руу үг хаяад машины руль булаах гээд байсан. Тэгээд би машинаа замын хажуу руу зогсоогоод бид хоёр хоорондоо машин дотор маргалдсан бөгөөд У миний үснээс зулгааж доошоо дараад миний толгой руу гараараа нэг удаа цохисон... У урьд нь намайг цохиж зодож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.15-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Мөнхзаяагийн өгсөн: “... удалгүй У.Одончимэг миний гар утас руу залгаж “Л.У намайг цохиод авлаа, тэгээд машинаас буугаад явчихлаа” гэсэн... У.Одончимэгийн хацар нь хөхөрсөн, үс нь халцарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.22/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2019 оны 02 дугаар сарын 13 ны өдрийн 2162 дугаартай:
“1. У.Одончимэгийн биед зүүн зовхи, хацарт цус хуралт, баруун зовхинд зулгаралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Уын яллагдагчаар өгсөн: “... У.Одончимэгийн биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.31/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Одончимэгийн өгсөн: “... Айлд байхдаа виски уусан ч бид хоёр ямар нэгэн маргаан үүсгээгүй. Тэр айлаас гараад гэр рүүгээ харих замдаа ойр зуурын юм яриад явж байтал манай нөхөр миний үснээс зулгаагаад гараараа нэг цохисон... Манай нөхөр архи уугаад гэр бүлээ зовоогоод байдаггүй, манайх тайван гэр бүл...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Уын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Хэдийгээр Л.У нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу өөрийн эхнэр У.Одончимэгийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн боловч энэ нь гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Уыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Л.Уын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч У.Одончимэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Л.Уыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Л.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Л.Уын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, ажил орлоготой, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Л.Ут эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Л.Ут оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Л.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Лийн Уыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ут 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Л.Ут оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.Ут сануулсугай.
5. Хохирогч У.Одончимэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, Л.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР