Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 879

 

                        

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Өсвөр насны шүүгдэгч А.Д, түүний хууль ёсны төлөөлөгч А.Ариунболд, өмгөөлөгч С.Соронзонболд /ҮД:2741/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч А.Дд холбогдох 1906 02749 1022 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Цэцэрлэг суманд 2001 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, 17 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Аварга” дээд сургуульд 1 дүгээр курсд суралцдаг, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Архангай аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар баг, Их булаг гэх газар оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Саруул тэнгэр хотхоны 47 дугаар байрны 129 тоотод түр оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Аын Д /РД:........./,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Өсвөр насны шүүгдэгч А.Д нь 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийг нь түлхсэн хүнтэй андуурч Б.Эрдэнэбатын нүүрэнд 2 удаа цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч А.Дийн өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Нас тоолсон тэмдэглэл /хх.6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эрдэнэбатын өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 05-ны орой ... Сансарын буудлын ойролцоо зам дугуу такси барих гээд зогсож байсан чинь нэг залуу ирээд миний араас баруун талын хацар хэсэг рүү нэг удаа цохисон, би эргэж хартал дахин уг баруун талын хацар луу нэг удаа цохиод зугтаачихсан. Тэр залуу бол надаас өндөр, ойролцоогоор 180 см гаруй нуруутай, бор царайтай залуу байсан. Би араас нь хөөж явтал 2-3 залуутай нийлээд зогсчихсон байсан, би нэг залуутай нь маргалдахад манай найз Тэнгисболд ирээд салгасан... тэр залуу надаас уучлалт гуйгаад хүнтэй андуурсан байна гэж хэлээд бид нар салцгаасан...” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Үүрцайхын өгсөн: “... хоёр залуутай манай найз Д мөрлөөд, мөрлөсөн залуугаа цохиж харагдсан, би яг хаана нь цохисныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Тэнгисболдын өгсөн: “... Эрдэнэбатын араас нь нэг бор царайтай өндөр залуу ирээд 2-3 удаа цохисон, нүүрний хэсэг рүү нь цохих шиг харагдсан... Надад гар хүрсэн хүн байхгүй... Бүлэглэж зодсон зүйл байхгүй, манай найзыг нэг залуу нь л цохисон...” гэх мэдүүлэг /хх.17-18/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 5573 дугаартай:

“1. Б.Эрдэнэбатын биед 1 шүдний сулрал, завьжинд шарх, зүүн шагайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч А.Дийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би тунель дээр гараад зогсож байтал нөгөө хоёр залуутай ижилхэн хоёр залуу явж байхад очоод “яахлаараа намайг түлхэж унагаадаг юм бэ?” гэж хэлээд саравчтай малгайтай залуугийн мөр хэсэг рүү шиг санаж байна, нэг удаа баруун гараараа цохисон. ...Би саравчтай малгайтай залууг цохисноо хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.13-14, 29-30/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.39/,

Хохирогч Б.Эрдэнэбатын эвлэрсэн тухай хүсэлт /хх.43/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн өсвөр насны шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч А.Д нь 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийг нь түлхсэн хүнтэй андуурч Б.Эрдэнэбатын нүүрэнд 2 удаа цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Нас тоолсон тэмдэглэл /хх.6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эрдэнэбатын өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 05-ны орой ... Сансарын буудлын ойролцоо зам дугуу такси барих гээд зогсож байсан чинь нэг залуу ирээд миний араас баруун талын хацар хэсэг рүү нэг удаа цохисон, би эргэж хартал дахин уг баруун талын хацар луу нэг удаа цохиод зугтаачихсан...” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Үүрцайхын өгсөн: “... хоёр залуутай манай найз Д мөрлөөд, мөрлөсөн залуугаа цохиж харагдсан, би яг хаана нь цохисныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Тэнгисболдын өгсөн: “... Эрдэнэбатын араас нь нэг бор царайтай өндөр залуу ирээд 2-3 удаа цохисон, нүүрний хэсэг рүү нь цохих шиг харагдсан...” гэх мэдүүлэг /хх.17-18/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормагийн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 5573 дугаартай:

“1. Б.Эрдэнэбатын биед 1 шүдний сулрал, завьжинд шарх, зүүн шагайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч А.Дийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... саравчтай малгайтай залуугийн мөр хэсэг рүү шиг санаж байна, нэг удаа баруун гараараа цохисон... Би саравчтай малгайтай залууг цохисноо хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.29-30/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч А.Дийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч А.Дийг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь өсвөр насны шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Өсвөр насны шүүгдэгч А.Дийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өсвөр насны шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Б.Эрдэнэбат нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир өсвөр насны шүүгдэгч А.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Өсвөр насны шүүгдэгч А.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өсвөр насны шүүгдэгч А.Дийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон түүний өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж өсвөр насны шүүгдэгч А.Дд ял оногдуулахыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч А.Дд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ялтан шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч А.Дд сануулах нь зүйтэй.

Өсвөр насны шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Аын Дийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Дд ял оногдуулахыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, өсвөр насны шүүгдэгч А.Дд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, ялтан тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч А.Дд сануулсугай.

5. Хохирогч Б.Эрдэнэбат нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, өсвөр насны шүүгдэгч А.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч А.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                              С.ӨСӨХБАЯР