Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 5760

 

 

 

 

 

   2016 оны 09 сарын 09 өдөр

      Дугаар 101/ШШ2016/05760

Улаанбаатар хот

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Г

Хариуцагч: Л.Э нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг 59,420 ам доллар буюу 118,579,740 төгрөг, нотариатын зардал 10,500 төгрөг, нийт 118,590,240 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, Т.*******, хариуцагч Д.*******, Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

                   

Нэхэмжлэгч *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, Т.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч *******ын ******* нь 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1370002519 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 55,120 /тавин таван мянга нэг зуун хорин/ ам.долларын зээлийг 360 хоногийн суурь хүү+3.45%/Хувьсах/-ийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Энэхүү гэрээнд Лувсанпүрэвийн ******* нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлийн барьцаанд Баталгаат ипотекийн 1370002519-01 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, 2 өрөө орон сууцыг барьцаалсан болно. ******* нь Д.*******, Л.******* нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй 320 хоног хугацаа хэтрүүлэн, дээрх гэрээний хавсралт 1-д заасан үүргээ ноцтойгоор зөрчиж байгаа тул 1370002519 дугаар зээлийн гэрээний 3.3.1-д заасныг үндэслэн банк 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөр гэрээгээ нэг талын санаачилгаар цуцалсан.

Валютын зохицуулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д тус тус зааснаар ам.доллараар зээл олгогдсон тул нэхэмжлэлээ зөвхөн ам.доллараар гаргуулах хүсэлтэй байна. Гэрээ байгуулах үеийн ханшаар долларыг тооцно гэвэл долларын зээл олгох шаардлагагүй юм. Инфляцад мэдрэмжгүй валют бол доллар бөгөөд төгрөг нь инфляцад мэдрэмжтэй байдаг тул хүү нь өндөр байдаг. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх зохицуулалт нь тухайн мөнгөний үнэ цэнэд өөрчлөлт оруулах зохицуулалт юм.

Иймд үндсэн зээлийн төлбөр 52,467 ам.доллар, зээлийн хүү 6943 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 10 ам.доллар, нийт 59,420 ам.долларыг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1 ам.доллар 1995.62 төгрөгтэй харьцах албан ханшаар тооцож хөрвүүлж  118,579,740 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байсан бөгөөд ам.долларыг төгрөгт шилжүүлэлгүй, зөвхөн ам.доллараар буюу 59,420 ам.доллар, нотариатын үйлчилгээний хөлс 10,500 төгрөгийг Д.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.******* нараас гаргуулж, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд мөн зээлийн гэрээний 3.5, баталгаат ипотекийн гэрээний 2.7, 3.1.4-т тус тус заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг барагдуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.*******, Д.******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлд шаардсан зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 59,420 ам.доллар буюу 118,579,240 төгрөгийн төлбөрийг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан байна. Мөн өнгөрсөн хугацаанд *******инд удаа дараа зээлийг төгрөгийн зээл болгож өгөх хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл уг асуудлыг шийдвэрлэж өгөлгүй байсаар ам.долларын ханшийн өсөлтөөс гарах аргагүй байдалд хүргэсэн. Анх зээлийн гэрээг байгуулахдаа бидний зээлийн тухай мэдлэггүй байдлыг ашиглан валютын зээл шахсан гэж үзэж байгаа тул уг зээлийн гэрээг хүчингүйд тооцож, төлбөрийг тухайн өдрийн ханшаар тооцох ёстой. Зээл авсан 2011 оны 9 дүгээр сарын *******-ны өдрөөс хойш бид нийт 30,168.68 ам.доллар, 5,314,400 төгрөг төлснийг мөн тухайн үеийн ханшаар тооцож зээлээсээ хасуулахыг хүсч байна. Мөн бид өнгөрсөн хугацаанд төгрөгийн дансанд өдөр тутмын орлогоосоо хийж байсан төлбөрийг тухайн өдөрт нь биш хоцроож татаж байсан нь ханшийн зөрүүтэй тооцоо гарсан гэж үзэж байгааг шүүх анхаарч үзнэ үү. Шүүхийн байгууллагаас биднийг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл буюу улс үндэстэн дамнасан эдийн засгийн хямралтай байдалд өртсөн байгааг анхаарна уу гэв.

 

           Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Л.*******, Д.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 52,467 ам.доллар, зээлийн хүү 6943 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 10 ам.доллар, нийт 59,420 ам доллар буюу 118,579,740 төгрөг, нотариатын зардал 10,500 төгрөг, нийт 118,590,240 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд ам.долларын зээл олгосон тул 59,420 ам.долларыг доллараар, нотариатын зардалд 10,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч нар “Барьцаат зээлийн гэрээ”-ний үлдэгдэл төлбөрийн хувьд маргаагүй, харин ам.долларын зээлийн гэрээний хувьд үүрэг үүсэх үеийн ханш буюу зээлийн гэрээ байгуулагдах үеийн ханшаар бодогдох ёстой, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар ******* болон Д.*******, Л.******* нарын хооронд 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1370002519 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулагдаж, 55,120 ам.долларыг, ам.долларын жилийн суурь хүү дээр 3.45 хувийг нэмсэнтэй тэнцүү байхаар олгох бөгөөд 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мөрдөх жилийн буюу 360 хоногийн суурь хүүгийн хэмжээ нь 10.5 хувь, энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хүүгийн хувь, хэмжээ 13,95 хувь, 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 14,45 хувь болж өссөн, 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээл олгогдсон болох нь “Барьцаат зээлийн гэрээ”, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно…”, 453 дугаар зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд дээрх гэрээний 3.1-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохиролцжээ.

 

Зохигчид уг гэрээний үлдэгдэл төлбөр 52,467 ам.доллар, зээлийн хүү 6943 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 10 ам.доллар, нийт 59,420 ам долларын хувьд маргаагүй бөгөөд хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь хуульд нийцэж байна. 

 

Хариуцагч нар нь 2015 оны 9 дүгээр сараас эхлэн сард төлөх төлбөрийг бүрэн төлөөгүй, энэхүү нөхцөл байдал нь зээлдэгч нарын төлбөрийн чадвар тодорхой хэмжээнд буурч зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж эхэлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч ******* 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гэрээгээ цуцалсан нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн ******* нь зээлийг төлөх талаар удаа дараа зээлдэгч нарт мэдэгдэл хүргүүлж байжээ.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан зохицуулалтад нийцэж байх бөгөөд хариуцагч нар банкны өмнө хүлээсэн үүргээ мөн хуулийн 225.4.1-д зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна. 

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханшаар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар ...хэмжээгээр ...тооцно” гэж зааснаар нэхэмжлэл гаргах үеийн буюу 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Монгол банкны ханшаар буюу ам.долларыг 1,995.62 төгрөгөөр тооцож /59,420 ам.долларыг/ 118,579,740 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх бөгөөд ам.долларын зээл олгосон тул шүүх шийдвэр гаргахдаа ам.долларыг монгол төгрөгт шилжүүлэхгүй гаргаж өгнө үү гэх хүсэлт, шаардлага нь үндэслэлгүй юм.

 

Харин хариуцагч Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж зааснаар зээл байгуулагдсан 2011 оны Монгол банкны ханшаар тооцох нь зүйтэй гэж маргаж байгаа бөгөөд энэ нь үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх заалт нь монгол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид хамааралгүй, харин төгрөгийн өөрийнх нь худалдан авах чадварын өсөлт, бууралттай холбоотой зохицуулалт юм. 

 

Хариуцагч нар нь бидний орлого багассан, түрээсийн төлбөр өндөр байсан буюу санхүүгийн хямралтай холбогдуулан зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гаргасан зардал болох нотариатын зардалд 10,500 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлтэй юм.

 

Нэхэмжлэгч *******, хариуцагч Б.*******, Л.******* нарын хооронд байгуулсан 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1370002519 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр 1370002519-01 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”-г байгуулж, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Баянмонгол хороолол /13311/, Их Монгол Улсын гудамж, 416 дугаар байрны 116 тоотод байрлах, 63.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.  

 

Дээрх Баталгаат ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан байна.    

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Иймд зээлийн гэрээний үүрэг 52,467 ам.доллар, зээлийн хүү 6943 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 10 ам.доллар, нийт 59,420 ам доллар буюу 118,579,740 төгрөг, нотариатын зардал 10,500 төгрөг, нийт 118,590,240 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.*******, Л.******* нараас зээлийн гэрээний үүрэг 52,467 ам.доллар, зээлийн хүү 6943 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 10 ам.доллар, нийт 59,420 ам доллар буюу 118,579,740 төгрөг, нотариатын зардал 10,500 төгрөг, нийт 118,590,240 /нэг зуун арван найман сая таван зуун ерэн мянга хоёр зуун дөч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******инд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.*******, Л.******* нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Баянмонгол хороолол /13311/, Их Монгол Улсын гудамж, 416 дугаар байрны 116 тоотод байрлах, 63.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 750,901.20 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******, Л.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 750,901.20 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******инд олгосугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2016/25552 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ