| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0597/Э |
| Дугаар | 679 |
| Огноо | 2019-04-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 679
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, улсын яллагч Ба.Э, хохирогч В.Н, шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ба.Эрдэнэбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О овогт Э.Тт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00620 0566 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Э.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 айлын 21б тоотод оршин суух иргэн В.Нгийн зуслангийн байшинд шат хийж өгнө гээд 2.400.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Миний буруу. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч В.Н мэдүүлэхдээ: “…Одоо надад гомдол санал байхгүй. 2.400.000 төгрөгийг хохирол учирсан байсан хохирлоо барагдуулж авсан.” гэв.
Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-3/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор В.Нгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 7-9/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 10-12/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.Таас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 15-16/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.Түмэндэмбэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 17-18/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Э.Таас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 24/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 26/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 27/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ба.Эрдэнэбаатараас шүүгдэгч Э.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 айлын 21б тоотод оршин суух иргэн В.Нгийн зуслангийн байшинд шат хийж өгнө гээд 2.400.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Э.Тыг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн В.Нгийн зуслангийн байшинд шат хийж өгнө гэж 2.400.000 төгрөгийг авч залилсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч В.Нгийн өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 10-нд фейсбүүк дээр 3 хаусны 1-2 давхар модон шат хийлгэнэ гэсэн зар тавьсан зарын дагуу 6-н хүн ирж уулзсан. Э.Т нь эгчээ залуу хүнийг дэмжээч гээд гуйгаад байхаар нь хийлгэхээр болж 5.500.000 төгрөгөөр тохиролцсон. Надтай анх уулзахдаа “Эс Ти” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь гэж танилцуулсан. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр над руу яриад би ажил дээр чииь очиж урьдчилгаагаа авмаар байна гэхээр нь би гэртээ байна гэхэд надад хаан банкны 5166017996 гэсэн данс өгсөн. Уг данс руу нь би мобайл банкаар 2.400.000 төгрөг шилжүүлсэн. Э.Тын 86497949 гэсэн дугаар руу залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь эхнэрийнх нь 89792120 гэсэн дугаар руу залгахад нэг хүүхэн утсыг нь аваад энэ хүн гэртээ ирж хонохгүй байгаа шоронд орно уу, шороонд булагдана уу надад хамаагүй гээд хэл амаар доромжлоод байхаар нь утсаа тасалсан. Э.Тын ээж нь гээд эмэгтэй манай нөхөр рүү залгаад удахгүй хийж өгнө гэсэн боловч одоог хүртэл сураггүй байгаа. Би шатаа өөр хүнээр хийлгэсэн. Дараа нь ах Түмэндэмбэрэлтэй нь 95729848 дугаар руу ярихад би хамтарч ажилладаг ах нь байгаа юм удахгүй хийж өгнө гэсэн боловч шат хийж өгөөгүй. Надад 2.400.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-н 7-8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.Түмэндэмбэрэлийн өгсөн: “...Гачууртад байшингийн шат хийх ажил байна гэсэн. Тэгээд хамт очиж хэмжээ авсан. Э.Т нь ажлын хөлсний урьдчилгаа мөнгийг авсан. Анх 14 хоногт шатыг хийж өгөхөөр тохирсон байсан. Урьдчилгаанд хэдэн төгрөг авсаныг би мэдэхгүй байна. Миний мэдэхээр 700.000 төгрөгөөр материал авсан. Үлдсэн мөнгийг хэрхэн яасан талаар би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-н 18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Э.Тын өгсөн: "…найз Наранбаатар 2018 оны 11 дүгээр сарын эхээр миний гар утас руу залгаж яриад “Монголын барилгачдын групп” гэсэн хаяган дээр байшингийн шат хийлгэнэ гэсэн зар байна чи энэ ажлыг хийхгүй юм уу гэж асуухаар нь би байшингийн шат хийлгэнэ гэсэн зарыг олж уншаад холбоо барих утас руу нь залгаж ярьтал нэг эмэгтэй хүн надтай ярьсан. Тэгээд нөгөө эмэгтэй хийсэн бүтээгдэхүүнийхээ зургийг чат руу явуул гэхээр нь би евро хийсэн тавилга болон шатны зургийг Нарантуяа гэх эмэгтэйн нөхрийнх нь чат руу явуулаад хэд хоногийн дараа нөгөө эмэгтэйн Баянзүрх дүүргийн Гачууртад байх байшинд нь очиж хийх шатныхаа хэмжээг авсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нөгөө эмэгтэйн ажил дээр очиж байшингийн шат хийх гэрээ хийгээд тэдний байшинд нийт 4.700.000 төгрөгөөр шат хийж өгөхөөр тохиролцсон. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Нарантуяа гэх эмэгтэй миний гар утас руу залгаж яриад хэзээ ажлаа эхлүүлэх вэ урьдчилгаа мөнгөө данс руу чинь хийе гээд миний 5166017996 дугаартай Хаан банкны дансанд 2.400.000 төгрөг шилжүүлсэн. Би бусдын итгэлийг эвдэж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх-н 15-16/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Э.Тыг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн В.Нгийн зуслангийн байшинд шат хийж өгнө гэж 2.400.000 төгрөгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирогч В.Нд 2.400.000 төгрөгийг хохирол учирсныг шүүгдэгч төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Э.Тт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжтой гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс нийт 6 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.