Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сампилын Уранчимэг |
Хэргийн индекс | 142/2024/00392/И |
Дугаар | 207/ма2024/00079 |
Огноо | 2024-08-12 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 207/ма2024/00079
2024 08 12 207/МА2024/00079
Д.Д нэхэмжлэлтэй, хариуцагч
Х.Б нарт холбогдох иргэний хэргийн тухай
********* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, шүүгч Х.Б, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн *** дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
********* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2024/00836 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.Д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Б нарт холбогдох,
Гэм хорын хохиролд 7.824.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.У илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, хариуцагч Х.Б, нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.Д миний бие 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагийн орчим *********** аймгийн *********** сум *********** багийн нутаг дэвсгэр болох *********** захын хойд талын уулзвар, улсын чанартай А1001 зам дээр явж байгаад Х.Б-ы жолоодож явсан **** улсын дугаартай Приус-11 маркийн машин Б.Б жолоодож явсан **** ОРБ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл нар уулзвар гарч нэвтрэх ба хурд хэтрүүлэн дүрэм зөрчсөн үйлдлээс болж өөрийн эзэмшлийн **** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргүүлж эвдэрсэн юм. Уг ослоос болж миний машин хөдөлгөөнд оролцох болмжгүй болсон ба “*********” ХХК-иар авто засварын үнэлгээ хийлгэсэн засварын 7.486.000 төгрөгийг дээрх жолооч нараас нэхэмжилж байна. Машин засвараас гараад асаахад тос тослох машинерийн үнийн дүнг зарлагын баримтын үнийн дүнгээр нэхэмжилж байна. Иймд миний нэхэмжилж байгаа 7.824.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 14 цаг өнгөрөөгөөд 100 айлаас ертөнцийн зүгээр зүүн тийшээ явж байсан. Дөмөг захын яг арын уулзвар дээр Б Приус 30 маркийн машинтай миний өөдөөс ирж яваад Б *********** худалдааны төв уруудаж яваад энэ хоёр хоорондоо мөргөлдөхгүй гэсэн үүднээс шүргэлцээд Б нь эсрэг урсгал руу орж ирээд миний машиныг мөргөсөн. Миний машины тос масло нь гоожсон, эвдрэл гэмтлийг засаж янзлаагүй, засаж янзлуулъя гэж надад санал хүсэлт тавиагүй, би өөрөө цагдаагийн байгууллагын гэрээтэй ажилладаг, үнэлгээний газруудаар явж үнэлгээ хийлгэсэн байгаа гэв.
Хариуцагч Х.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
********* аймаг ********* сумын ********* багийн ********* захын нутаг дэвсгэрт байрлах ********* захын хойд талын засмал замын гурван замын уулзварт туслах замаас төв замруу хөдөлгөөн хийхээр ****УНВ дугаартай Приус 11 маркын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож, өмнө байгаа хоёр тээврийн хэрэгслийг өнгөрөөж, хөдөлгөөнд оролцох үед төв замаар явж байсан тээврийн хэрэгсэл хурдтай ирж, мөргөж зам тээврийн осол болсон ба миний жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөөд зогсохгүй, улмаар эсрэг урсгалд зогсож байсан тээврийн хэрэгслийг очиж, мөргөсөн үйлдлийг Приус маркын **** ОРБ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь гаргасан ба түүний хурд хэтрүүлж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлээсээ болж, иргэн Д.Д тээврийн хэрэгслийг мөргөсөн. Хэрвээ тухайн жолооч хурдтай яваагүй байсан бол уг осол болохгүй бөгөөд осол боллоо гэхэд зөвхөн миний тээврийн хэрэгсэл гэмтээд осол болсон газар зогсох боломжтой байсан. Гэтэл тээврийн хэрэгслийг зогсох үйлдлийг Б.Б хийгээгүй, улмаар уг тээврийн хэрэгслийг мөргөсөн. Тэрээр тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой байсан. Гэтэл хурд ихтэй байсан учраас хөдөлгөөнд оролцоогүй зогсож байсан тээврийн хэрэгслийг хурдаа хасалгүй, очиж мөргөх үйлдэл хийсэн. Замын уулзварт бүх жолооч нар хурдаа хасдаг байхад уг жолооч хурдаа хасаагүй үйлдлээс болж, би замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэрэгт унаж, улмаар түүний очиж мөргөсөн тээврийн хэрэгслийн хохирлыг хүртэл төлөх үүрэг хүлээлгэж, хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хуулийн дагуу шударгаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. Осол болох үед зогсоох арга хэмжээ авсан бол дахин нэг тээврийн хэрэгсэлд хохирол учрахгүй байх байсан. Тухайн үед Б.Б хэлэхдээ осол болмогц сандрахдаа тоормосоо биш хаазаа гишгээд, тээврийн хэрэгслийг зогсоож чадсангүй гэж хэлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******** тоот шийтгэлийн хуудастай, зөрчлийн хэргийн хавтаст хэргийн материалыг эх хувиар нь хэрэгт нотлох баримтаар судлуулах хүсэлтэй байх тул хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие Д.Д нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие тус зөрчлийн хариуцагч биш харин хохирогч юм. Тухайн зөрчлийг миний буруугаас биш Хишигдорж овогтой Б-ын буруутай үйл ажиллагаанаас гарсан болохыг ********* аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас шалгаж тогтоосон болно. Энэхүү зөрчлийг Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн байцаагч н. Ганзориг шалгаж намайг буруугүй болохыг тогтоосон. Үүнийг Д.Д уг нь ойлгосон л байх учиртай. Тухайн үед миний машиныг нөгөө хоёр машин хоёр талаас мөргөж машины маань 4 хаалга эвдэрсэний улмаас 4 хаалгаа дөрвүүлэнг нь солиулсан юм. Нийтдээ 5 сая төгрөгийн зардал гарсан. Ингэхдээ Х.Б гэдэг хүнийг аав шигээ настай, мөн группд байдаг гэхээр нь өрөвдөөд гомдолгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн бичгийг Цагдаагийн газарт хийж өгсөн юм. Иймээс миний бие энэ зөрчилд ямарч буруугүй, хариуцагч биш тул Д.Д надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
********* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2024/00836 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 499 дүгээр зүйлийн 499.1., 499.4., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч Х.Б-аас 3.912.200 төгрөг, Б.Б-аас 3.912.200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Д-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.141 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-аас 70.071 төгрөг, хариуцагч Б.Б-аас 70.071 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Миний бие ********* аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний 142/ШШ2024/00836 дугаар бүхий шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Иргэн Д.Д нь авто ослын улмаас учирсан хохирлоо гаргуулахаар нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцүүлсэнгүй. Учир нь Хишигдорж овогтой Б нь **** УНВ улсын дугаартай Приус-11 маркийн машиныг жолоодож яваад МУ-ын ЗХД-ийн 15.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөр тухайн зам тээврийн осол гарсан болохыг Замын цагдаагийн тасгаас шалгаж тогтоосон байна. Өөрөөр хэлбэл Х.Б-ы Замын Хөдөлгөөний Дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас авто осол гарч Б.Б жолоодож явсан **** ОРБ Приус-30 маркийн авто машин, Д.Д жолоодож явсан **** ОРБ улсын дугаартай Вонго авто машинуудад гэмтэл учруулсан байна гэдгийг шалгаж тогтоосон байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Зөрчлийн хэргийн нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх ямар ч нотлох баримтгүйгээр замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчихөөр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл мэргэжлийн байцаагчид хэргийн газрын үзлэг хийж нөхцөл байдлыг тогтоон дүгнэлтээ гарган намайг буруугүй болохыг тогтоосоор байхад шүүх нотлох баримтгүй тайлбарт үндэслэн шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Үнэхээр хурд хэтрүүлсэн, зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзсэн бол тухайн үед гомдол гаргах эрх нь Д.Д, Б.Б нарт байсан. Гэтэл гомдол гаргалгүй Зөрчлийн хэргийн шийдвэрийг бүгд хүлээн зөвшөөрцгөөсөн. Харин ч тухайн ослын үед би зохих самбаачлах арга хэмжээ авсанаар л ослын аюулыг багасгасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэхээргүй байх тул хэргийг тал бүрээс нь хянан үзэж, шийдвэрийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулуийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.
Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Х.Б, Б.Б нарт холбогдуулан гэм хорын хохиролд 7.824.400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд ********* аймаг, *********** сумын нутаг дэвсгэр Дөмөг захын ар талын төв зам дээр 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Х.Б нь **** УНВ улсын дугаартай Приус 11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Есөн эрдэнэ захаас уруудаж замын уулзвар руу орж ирэхдээ зүүнээс баруун чиглэлд явж байсан хариуцагч Б.Б жолоодож явсан **** ОРБ улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг мөргөснөөс Б.Б нь нэхэмжлэгч Д.Д жолооны эсрэг урсгалаар явж байсан Киа Бонго-3 маркийн **** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 7.854.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь зөрчлийн материалд авагдсан хэргийн газар хийгдсэн хэмжилтийн бүдүүвч зураг, ослын газар хийгдсэн ослын магадлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Хариуцагч Х.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.9-д “..гол ба туслах замын уулзварт туслах замаас ирж яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэм буруутай үйлдэлдээ 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шийтгэлийн хуудсаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан зэрэг үйл баримт тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүссэн, зам тээврийн осол болж хохирол учирсан талаар маргаангүй, харин хариуцагч нарын хэн алиных нь буруутай эсэх талаар маргасан, эрх бүхий албан тушаалтны 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн магадлагаагаар хариуцагч Б.Б-ынг буруугүй гэж дүгнэсэн хэдий ч түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоогоогүй, Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3-т зааснаар зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна гэсэн дүгнэлт хийж гэм хорын хохирлыг хариуцагч нарт адил хэмжээгээр хариуцуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд нийцжээ.
Хариуцагч Б.Б жолоодож явсан тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлсэн эсэх Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалт зөрчсөн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, замын цагдаагийн эрх бүхий албан тушаалтны буруу байгаа нь зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаас харагдаж байгаа ба хариуцагч Б.Б нь зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүйгээс эсрэг урсгалаас ирж явсан тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан нь тогтоогдож байх тул учирсан хохирлыг хариуцах үндэслэлтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т “..гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсныг хариуцлагаас чөлөөлөгдөх зарчимтай. Хариуцагч Б.Б нь энэ хуульд зааснаар өөрийн гэм буруугүй болохоо нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул хариуцагч Б.Б давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ********* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2024/00836 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Б.Б давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77.545 төгрөгийг хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.