Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 798

 

                        

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

Улсын яллагч Э.Гэрэлмаа,

Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч М.Баасанбат /ҮД:0941/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Бэд холбогдох 1906 02455 0973 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1989 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, “Баялаг энержи ресурс” ХХК-д геологич ажилтай, ам бүл 2 эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн 13 дугаар баг, 1 дүгээр хорооллын 28 дугаар байрны 47 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүрэг 7 дугаар хороо, Нарлаг хотхоны 103 дугаар байрны 49 тоотод түр оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Пын Б /РД: ........../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

П.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Туул голын эрэг дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Шижирбаттай маргалдан улмаар түүнийг өргөж авч шидэн, нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь эгэм ясны хугарал, эрүүний зүүн титэм сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, зүүн 2 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Бийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Шижирбатын өгсөн: “... Б намайг барьж аваад ноцолдож байгаад шидэхэд би газар унаад зүгээр босоод ирэхэд дахиад намайг барьж аваад дахин шидэхэд газар унах үедээ зүүн талын эгэм талаараа газар унахад миний зүүн талын эгэм эвгүй болоод газраас босож чадахаа больсон. Тэгээд би машины хажууд босож чадахгүй сууж байтал Б намайг битгий худлаа баашлаад бай гэсэн... тэгээд сууж байхдаа Б зүүн гараараа эрүү лүү сулхан 3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.8-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Энх-Амгалангийн өгсөн: “... Б ах Шижирбат ахыг цээж рүү нь гараараа түлхээд газарт унагаасан... машины хажууд бид гурав сууж байхад Б ах Шижирээ ахын нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.19-21/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4964 дугаартай: “... Б.Шижирбатын биед эгэм ясны хугарал, эрүүний зүүн титэм сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, зүүн 2-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.31-32/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Бийн яллагдагчаар өгсөн: “... Шижирбатын биед учирсан эгэм ясны хугарал, эрүүний зүүн титэм сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, зүүн 2-р хавирганы хугарал гэмтлийг би Шижирбатыг өргөж, газар чулуудаж, нүүрэн тус газар нь 2 удаа цохиж учруулсан. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.52-54/,

П.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.36/,

П.Бийн хувийн байдлын талаарх баримтууд /хх.45-49/,

Хохирогч Б.Шижирбатын гаргасан хүсэлтүүд /хх.59, 62/,

“Баялаг энержи ресурс” ХХК-й тодорхойлолт /хх.63/,

Хохирол төлсөн, зээлийн гэрээ зэрэг шинээр гаргасан 16 хуудас баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

П.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Туул голын эрэг дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Шижирбаттай маргалдан улмаар түүнийг өргөж авч шидэн, нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь эгэм ясны хугарал, эрүүний зүүн титэм сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, зүүн 2 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Шижирбатын өгсөн: “... дахиад намайг барьж аваад дахиад шидэхэд газар унах үедээ зүүн талын эгэм... тэгээд сууж байхдаа Б зүүн гараараа эрүү лүү сулхан 3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.8-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Энх-Амгалангийн өгсөн: “... Б ах Шижирбат ахыг цээж рүү нь гараараа түлхээд газарт унагаасан... машины хажууд бид гурав сууж байхад Б ах Шижирээ ахын нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.19-21/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4964 дугаартай: “... Б.Шижирбатын биед эгэм ясны хугарал, эрүүний зүүн титэм сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, зүүн 2-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.31-32/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Бэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч П.Бийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

П.Б нь хохиролд 8.130.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Б.Шижирбат нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

П.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ П.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

П.Бэд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч П.Бэд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Пын Бийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бэд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, П.Бэд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг П.Бэд сануулсугай.

5. П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 8.130.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Б.Шижирбат нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Хохирогч Б.Шижирбат нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

                                           ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР