Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 822

 

                        

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мд холбогдох 1906 00944 0907 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Хангай суманд 1993 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ОСНААГ-ын харъяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 4-т засварчин ажилтай, ам бүл 2 эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 64 дүгээр гудамжны 916 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Эийн М /РД: ........../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Э.М нь 2019 оны 01 сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн гадна иргэн Э.Тамирыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Тамирын өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз Уянгыг гэрт нь оруулах гэтэл орцны чип нь сольчихсон онгойхгүй байхаар нь уг байрны орон сууц нийтийн аж ахуйн байр луу орж учир байдлыг хэлтэл манай хариуцах асуудал биш СӨХ мэднэ гэж хэлээд надтай маргалдсан, тэгтэл хамт ажилладаг бололтой залуу нь гарч ирээд шууд миний нүүрэн тус газар гараараа нилээн хэдэн удаа цохисон. Тэр үед манай эхнэр, найз хоёр салгах гэтэл манай эхнэрийг түлхэж унагаасан, тэгээд салсан, хэсэг хугацааны дараа чи яахаараа эмэгтэй хүн түлхэж унагаадаг юм гэж хэлтэл дахиж миний нүүрэн тус газар цохисон, би хойшоо унасан, унахдаа гараа гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Уянгын өгсөн: “... Тамир дахин орж гуйхаар болоод ганцаараа орсон. Тэгсэн буцаад Тамирыг 2 залуу түлхээд гаргаад ирсэн. Тэр залуучуудын нэг нь Тамирын нүүр лүү цохихыг харсан. Тамир нүүр лүүгээ цохиулсныхаа дараа газар унасан. Газар унахдаа гараараа тулаад унасан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Эрдэнэчимэгийн өгсөн: “... СӨХ-ийн ажилчид бололтой 3-4 эрэгтэй хүмүүс гарч ирээд махлагдуу намхан залуу нь манай нөхрийг шууд барьж аваад нүүр лүү нь 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.20-21/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ундармаагийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1469 дугаартай: “... Э.Тамирын биед зүүн гарын богтос ясны сэлтэрсэн хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, хамрын нурууны зулгаралт /нөсөө/, 1 шүдний эмтрэл, зүүн гарын бугуйны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэвтэр гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх.37/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Мийн яллагдагчаар өгсөн: “... Миний нуруу луу өшиглөөд, хазахаар нь би эргэж хараад уг залуугийн нүүр рүү гараараа 1 удаа цохисон... хохирогч Э.Тамирын хамарнаас цус гарсан... Би хохирлыг барагдуулна. Гэм буруугийн тал дээр надад ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг /хх.60/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Э.М нь 2019 оны 01 сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн гадна иргэн Э.Тамирыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Тамирын өгсөн: “... тэгтэл хамт ажилладаг бололтой залуу нь гарч ирээд шууд миний нүүрэн тус газар гараараа нилээн хэдэн удаа цохисон... дахиж миний нүүрэн тус газар цохисон, би хойшоо унасан, унахдаа гараа гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Уянгын өгсөн: “... Тэгсэн буцаад Тамирыг 2 залуу түлхээд гаргаад ирсэн. Тэр залуучуудын нэг нь Тамирын нүүр лүү цохихыг харсан. Тамир нүүр лүүгээ цохиулсныхаа дараа газар унасан. Газар унахдаа гараараа тулаад унасан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Эрдэнэчимэгийн өгсөн: “... СӨХ-ийн ажилчид бололтой 3-4 эрэгтэй хүмүүс гарч ирээд махлагдуу намхан залуу нь манай нөхрийг шууд барьж аваад нүүр лүү нь 2-3 удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх.20-21/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ундармаагийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1469 дугаартай: “... Э.Тамирын биед зүүн гарын богтос ясны сэлтэрсэн хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, хамрын нурууны зулгаралт /нөсөө/, 1 шүдний эмтрэл, зүүн гарын бугуйны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэвтэр гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх.37/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Мийн яллагдагчаар өгсөн: “... Миний нуруу луу өшиглөөд, хазахаар нь би эргэж хараад уг залуугийн нүүр лүү гараараа 1 удаа цохисон... хохирогч Э.Тамирын хамарнаас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.60/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Мийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Э.Мийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Э.Тамир нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Э.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Мийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Э.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.Мд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Эийн Мийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Э.Мд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Мд сануулсугай.

5. Хохирогч Э.Тамир нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, Э.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

                                           ШҮҮГЧ                   С.ӨСӨХБАЯР