Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 688

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, улсын яллагч М.Ү, шүүгдэгч Г.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч овогт Г.Лд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 09492 0678 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Г.Л нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “1000 оюутны байр” нэртэй зочид буудлаас иргэн Б.Оийн эзэмшлийн “Самсунг галакси эс-9 палас” маркийн гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч аван залилах гэмт хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Л мэдүүлэхдээ: “…2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зочид буудалд манай найз нэг эмэгтэй дагуулж орж ирсэн. Би тэр эмэгтэйн утсыг нь аваад ганц ээж рүүгээ ярьчихъя гээд аваад гарсан.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-6/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Б.Оээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 8-10/, мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр Ө.Анхбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 13/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.Батсарнайгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 16/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.Тэнгисээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 17-18/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.Дөлгөөнөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 19/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 21-22/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 32/, мөнгө хүлээгэн өгсөн тухай баримт /хх-н 57/, хураан авсан эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 58/, мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 59/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.Лгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 78-79/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяагаас шүүгдэгч Г.Л нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “1000 оюутны байр” нэртэй зочид буудлаас иргэн Б.Оийн эзэмшлийн “Самсунг галакси эс-9 палас” маркийн гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч аван залилах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.      

Шүүхээс шүүгдэгч Г.Л нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “1000 оюутны байр” нэртэй зочид буудлаас иргэн Б.Оийн эзэмшлийн “Самсунг галакси эс-9 палас” маркийн гар утсыг хууран авч залилсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Оийн өгсөн: “...хамт хоносон залуус болох Лхагвасүрэн, нөгөөх нь нэрийг санахгүй байна бид 3 дундаа 1 савтай пиво хуваан уусан. Тэгээд сууж байхад Лхагвасүрэн нь утсаар чинь ээжтэйгээ яриад өгье гэж гуйгаад утас аваад өрөөнөөс гарсан. Харин би найзтай нь өрөөнд үлдсэн. Тэгээд хүлээгээд сууж байтал орж ирэхгүй байсан. Тэгээд байж байгаад өөрийнхөө гар утас руу залгахад Лхагвасүрэн миний утсыг аваад "найз нь хүнээс мөнгө олох гэж байна, та 2 Цайз дээр очоод байж бай" гэж хэлсэн. Тэгээд тэр залуу бид 2 өдөржин Цайз дээр Лхагвасүрэнг хүлээгээд ирээгүй. Тэгээд сүүлдээ миний утас холбогдохоо байсан." гэх мэдүүлэг /хх-н 8-10/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Ө.Анхбаярын өгсөн: "...Би өөртөө гар утас худалдаж авах гээд фэйсбүүкийн гар утас зарна, авна гэсэн группээс зар харж байгаад 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зарын дагуу нэг утсаар ярьж байгаад үл таних залуутай уулзаж Самсунг галакси эс 9 плас маркийн чирнээлэн өнгийн гар утсыг 1.050.000 төгрөгөөр худалдан авах болж би тэр залуугийн Хаан банкны данс руу би өөрийн эзэмшлийн 5002395411 тоот Хас банкны данснаас бэлэн 800.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд дээр нь нэмээд би өөрийн барьж байсан ай-фоне 6 маркийн цагаан өнгийн гар утсыг өгч, би тэр залуугийн Самсунг галакси эс 9 плас гэдэг утсыг худалдан авсан юм. Би гомдолтой байна." гэх мэдүүлэг /хх-н 13/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Тэнгисийн өгсөн: "...Би 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ байж байтал миний төрсөн ах Наранцэцэг овогтой Дөлгөөн гаднаас орж ирээд нэг хүн самсунг галакси эс 9 маркийн утсыг хямдхан зарна гэж байна, би өөрийнхөө самсунг эс 8 утсыг барьцаанд тавиад түр мөнгө өгчих гэсэн юм. Тэгэхээр нь би өөрийн ах Дөлгөөнд зөвшөөрч түүнтэй хамт гарч "Цасан бороо" нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт очиж өөрийн барьж байсан самсунг галакси эс-8 маркийн гар устыг 400.000 төгрөгийн барьцаанд тавьж мөнгийг нь өөрийн ах Дөлгөөнд өгсөн юм. Тэгээд Дөлгөөн ах надаас авсан 400.000 төгрөгөө хажуудаа байсан залууд өгөөд түүнээс ягаан өнгийн самсунг галакси эс-9 маркийн гар утсыг нь худалдан авсан юм. Тэгээд Дөлгөөн ах нөгөө залуудаа мөнгө өгч явуулчихаад тэр өдөртөө нөгөө худалдан авсан самсунг галакси эс-9 маркийн гар утсаа буцааж барьцаанд тавиад миний самсунг эс-8 утсыг барьцаанаас чөлөөлж өгч байсан юм" гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Дөлгөөний өгсөн: "...Энэ Лхагвасүрэн гэх үл таних залуу гар өргөж такси барьсан юм. Тэгээд хаана очих гэж байгааг нь асуухад монтел орно гэсэн юм. Тэгээд Монтел гар утас худалдааны төв рүү явж байтал тэр залуу замаараа ломбард орж барьж байсан самсунг галакси эс-9 плас маркийн гар утсаа барьцаанд тавих гэтэл ломбард аваагүй юм. Гэтэл тэр залуу би энэ утсыг зармаар байна гэсэн. Тэгэхээр нь би өө ахаа наад утсаа хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм бэ хямдхан зарвал би худалдаж авъя гэж хэлсэн юм. 400.000 төгрөг өгөөд түүнээс самсунг эс-9 плас маркийн утсыг авахаар болсон юм. Тэр үед надад бэлэн мөнгө байгаагүй учир би хороололд байх гэртээ очиж өөрийн төрсөн дүү Тэнгисийг гуйж түүний самсунг маркийн гар утсыг нь 400.000 төгрөгийн барьцаанд тавиулж мөнгийг нь энэ Лхагвасүрэн гэх залууд өгсөн ба дээр нь нэмж би өөртөө байсан самсунг А-7 маркийн утсыг түүнд өгч түүнээс самсунг галакси эс-9 плас утсыг нь авсан юм. Хэд хоногийн дараа фэйсбүүкт зар тавьж байгаад Анхбаяр гэдэг хүнд утсыг зарсан юм. Би тэр Анхбаяр гэх хүнээс бэлэн 800.000 төгрөг авч дээр нь голд өнгийн ай-фоне 6 маркийн гар утсыг 200.000 төгрөгөөр бодож авч байсан юм. Ингээд би хэргийн оролцогч нартай нүүр тулж уулзаад Лхагвасүрэн гэх хүнд өгсөн 400.000 төгрөгөө Лхагвасүрэнгээс дансаар буцаан авсан бөгөөд иргэн Анхбаяраас авсан 800.000 төгрөг дээр ай-фоне 6 утасны оронд 200.000 төгрөг нэмж нийлүүлээд 1.000.000 төгрөгийг би Анхбаяр гэх хүний 5002395411 тоот данс руу шилжүүлээд аль аль талдаа хохиролгүй болоод байна." гэх мэдүүлэг /хх-н 19/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Г.Лгийн өгсөн: "..Би Сэвжээ, Оюунбилэг хоёрыг бэлгийн харьцаанд орж байхаар нь санаа зовсондоо Оюунбилэгийг утсаа өгч бай нэг яриадъя гэж хэлээд түүний утсыг авч өрөөнөөс гарсан. Тэгээд би буцаж оролгүйгээр Оюунбилэгийн утсыг авч такси бариад утсыг нь ломбардад тавих гэтэл ломбардын хүн уг утсыг авахгүй гэсэн юм. Гэтэл таксины жолооч залуу намайг утсаа зарах уу гэхээр нь би зарна гэж хэлээд утсыг 400.000 төгрөгөөр зарчихсан юм. Тэгээд сүүлд цагдаад баригдаж шалгагдаж байх хугацаандаа нөгөө таксины жолоочтойгоо уулзаж би түүнээс авсан 400.000 төгрөгөө буцааж өгсөн ба таксины жолооч залуу надаас авсан утсыг эргүүлэн өгч хохирогч Оюунбилэгийг гомдолгүй болгосон. Би тэр хүүхний утсаар нь яриад өгье гэж хэлээд л утсыг нь аваад эргүүлж өгөлгүй явчихсан юм." гэх мэдүүлэг /хх-н 78-79/,

 шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Л нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “1000 оюутны байр” нэртэй зочид буудлаас иргэн Б.Оийн эзэмшлийн “Самсунг галакси эс-9 палас” маркийн гар утсыг “...утсаар яриад өгье” гэж хуурч аван залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул /хх-н 57-59/ шүүгдэгч Г.Лг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.     

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.