Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сампилын Уранчимэг |
Хэргийн индекс | 142/2023/01579/И |
Дугаар | 207/ма2024/00082 |
Огноо | 2024-08-29 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 207/ма2024/00082
2024 08 29 207/МА2024/00082
Б.Г нарын нэхэмжлэлтэй,
хариуцагч Ж.М нарт холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн *** дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2024/00908 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Г нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.М нарт холбогдох,
Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутааж, худал, мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр хэрэгсэл, арга замаар няцаах үүргийг Ж.М-д даалгах, ************-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Хяналтын зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 07 тоот дүгнэлт болон ************-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Тэргүүлэгчдийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 49 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ган бөөрөнцгийн цехийн хорооны даргыг сонгох ээлжит бус сонгуулийг болон 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Ус хангамжийн цехийн хорооны даргыг сонгох ээлжит бус сонгуулийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.О шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.У илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.О, нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“*************” *************-ын Барилга засварын цехийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Г миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаасан нийт ажилтнууд буюу гишүүдийн хурал нь 2023 оны 08 сарын 07-ны 17 цаг 00 минутад "*************” *************-ын Ерөнхий захиргааны нэгдүгээр байр буюу нийтэд нэрлэж заншсанаар АБК 6 давхарт “*************” *************-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн хооронд байгуулах 2024 онд хэрэгжүүлэх хамтын гэрээнд санал авах зорилготой байсан. Гэтэл уг хуралд холбооны дарга нийтэд хамтын гэрээний саналын талаар мэдээлэл өгсний дараа шууд цехийн хорооны дансанд байгаа 25.000.000 төгрөгийг идэж шамшигдуулсан мэтээр уг хуралд ирсэн 125 үйлдвэрчний хорооны гишүүдэд ойлгуулж, тухайн мөнгө нь хорооны дансанд байхгүй төдийгүй холбооны данснаас 660.000.000 төгрөг байхгүй болсон талаар мэдэгдэж, түүнд намайг оролцож авсан мэтээр ярьсан. Мөн орон тооны бус гишүүдийн хаалттай группт орж өөрийгөө тэргүүлэгч болгох гэсэн мэтээр уг хуралд ярьж, гишүүдэд тийм ойлголтыг төрүүлсэн төдийгүй түүнд нь хариуцлага тооцож байгаа хяналтын зөвлөлөөс тогтоол гарсан гэж танилцуулсан. Уг тогтоолын хүрээнд тухайн хуралд ирсэн гишүүдийн дунд сонгууль явуулах гэж улайран дайрсан. Тухайн хуралд нийт 125 гишүүн ирсэн бөгөөд энэ нь олон нийтэд тараасан хэлбэр гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 21-р зүйлийн 21.2 дүгээр зүйлд заасны дагуу Б.Г миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, худал мэдээлэл тараасан гэдгийг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгсэл арга замаараа няцаах үүргийг Ж.М-д даалгах нэхэмжлэлийг гаргаж байна. Б.Г намайг олон нийтийг хамарсан хурал цуглаанд гишүүдийн өмнө худал гүтгэх, мөнгө идсэн мэтээр бусдад ойлгуулах, хаалттай групп чатад тэргүүлэгч болохоор орсон, холбооны 660.000.000 төгрөг авахад оролцож гарын үсэг зурсан гэж нийт гишүүдэд ойлгуулах нь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээс тэс ондоо ойлголт гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 21-р зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутааж худал мэдээлэл тараасан гэдгийг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр хэрэгсэл, арга замаараа няцаах үүргийг Ж.М-д даалгах нэхэмжлэлийг гаргаж байгааг минь шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“*************” *************-ын Барилга засварын цехийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Г-ын нэхэмжлэлтэй, “*************” *************-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.М-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбар гаргаж байна. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд өөрийн татгалзал болон нотлох баримтаа шүүх хуралдааны явцад гаргаж өгөх болно. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тул бүхэлд нь эс зөвшөөрч байгаа болно гэжээ.
Хариуцагч Л.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд өөрийн татгалзалыг шүүх хуралдааны явцад гаргаж өгөх болно гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2024/00881 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 497 дугаар зүйлийн 497.1., 511 дүгээр зүйлийн 511.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г, Х.А, Н.А, Г.Б, Ц.Б, Н.Б, Г.Х, Д.Ц, Б.Э нарын хариуцагч “*************” *************-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.М, “*************” *************-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны хяналтын зөвлөлийн дарга Л.Э нарт холбогдуулан гаргасан Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутааж, худал, мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр хэрэгсэл, арга замаар няцаах үүргийг Ж.М-д даалгах, “*************” *************-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Хяналтын зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 07 тоот дүгнэлт болон “*************” *************-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Тэргүүлэгчдийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 49 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ган бөөрөнцгийн цехийн хорооны даргыг сонгох ээлжит бус сонгуулийг болон 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Ус хангамжийн цехийн хорооны даргыг сонгох ээлжит бус сонгуулийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын өмгөөлөгч Х.О шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийж, хэрэгт авагдсан баримтуудад огт дүгнэлт хийгээгүй нь хуульд нийцээгүй. Нэхэмжпэгч нар нь хэд хэдэн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлага тус бүрт хамаарах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байхад баримт ирүүлээгүй мэт дүгнэж ирүүлсэн баримт нь хэрэгт хамааралтай эсэхэд огт дүгнэлт хийгээгүй байна. ************-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Хяналтын зөвлөлийн 2023.06.13 -ны өдрийн /116 хх / дүгнэлтээр: 18 хороо, ялангуяа нэхэмжлэгч нарыг
-Мөнгөншагайн үг хэлэх эрхийг зохион байгуулалтайгаар хязгаарлах үйлдлийг гаргасан
-Хурлыг үймүүлэх оролдлого хийсэн,
-Орон тооны бус хороодын дарга нарыг тулган үг хэлүүлсэн,
-Ажилчдыг өөрсдийн үзэл баримтлалыг тулган хүлээлгэж дарамталсан,
-Өөрсдийн талд санал өгөх зорилгоор өөрсдийн төлөөлөгч нарыг сонгон оруулсан гэх үйлдлүүдийг гаргасан гэж үзэж, дүгнэлт гаргасан. Дүгнэхдээ ямар ч баримтгүйгээр дүгнэлт гаргасан болох нь хариуцагч нарын тайлбар, хэрэгт энэ талаарх баримт ирүүлээгүй зэргээр нотлогдох бөгөөд “чат” гэх 2-3 хүний харьцсан баримтыг зөвхөн хариуцагч тал “заах” боловч уг баримтаас дээрх үйлдлүүдийг нэхэмжпэгч нар гаргасан гэж үзэх баримт мөн эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй атлаа хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. …Ямар үйлдэл гаргасныг хуйвалдсан гэж үзсэн болох, ялангуяа буруутгаж байгаа ёс зүйн дүрмийн заалтуудад хуйвалдах гэх нэр томьёололтой заалт байхгүй байдаг. Мөн албан тушаалын байдлаа урвуулсан гэж үзэх заалтуудад буруутгаж буй заалтууд хамааралгүй болох нь дүрмийн заалтаас харагдана. Ямар үйлдэл гаргасныг сонгогч, гишүүдийнхээ эрх ашгийн эсрэг гаргасан гэж үзэх талаар дүрмийн заалтуудад байхгүй байхад дээрх заалтуудыг хэрэглэж, улмаар “*************” *************-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 9- р зүйлийн 9.3.5-р зүйл заалтаар нэхэмжпэгч нарыг ёс зүйн хэм хэмжээг “ноцтой” зөрчсөн гэж үндэслэлгүй баримтгүй шийдвэрлэснийг шүүх анхаараагүй. “*************” *************-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 9-р зүйлийн 9.1-р заалтад сонгуульт ажилтнуудыг ялангуяа Хорооны даргыг хугацаанаас өмнө чөлөөлж, огцруулах талаар бичгээр шаардсан тохиолдолд уг асуудлыг сонгосон хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан. Нэхэмжлэгч нарыг ажпаас огцруулах талаар бичгийн шаардлага хэн нэгэн гаргаагүй, энэ талаар хариуцагч нотлоогүй. Харин хорооны даргыг өөрчлөх шаардлагатай гэж Хороодын хуралд болгон дээр хариуцагч Мөнгөншагай хэлж, тухайн хуралд нь нөлөөлж, сонгуульт ажпаас нь огцруулж байсан талаарх баримт хэрэгт авагдсан бөгөөд Хороодын хурал дээр нэхэмжлэгч нарыг хуйвалдсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутган хэлж, нэр төрд нь халдаж байсан нь хэрэгт авагдсан хурлын тэмдэглэл, камерын бичлэгүүдээр нотолсон. Өөрөөр хэлбэл “*************” *************-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Тэргүүлэгчдийн 2023.06.28 ын өдрийн 49 тоот тогтоол нь “*************” *************-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 9-р зүйлийн 9.1 -р заалтыг баримтлаагүй, баримталсан гэх заалтууд нь үйлдэлд огт тохироогүй, үндэслэлгүйгээр бусдыг буруутгаж шийдвэрлэсэн болох нь нотлогдож байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.13-ны өдрийн 142/ШШ2024/00908 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хянав.
Анхан шатны шүүх хэрэглэвэл зорхих хуулийг зөв хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Б.Г нь “*************” *************-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ж.М-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаасан худал мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр, арга хэрэгслээр няцаах үүргийг Ж.М-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.А, Н.А, Г.Б, Ц.Б, Н.Б, Г.Х, Б.Э, Д.Ц нар хамтран нэхэмжлэгчээр оролцуулсан. Мөн Х.А, Б.Э, Д.Ц нар өөр өөрсдийн ҮЭХ-ны нэрээр “*************” *************-ын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны дарга Ж.М-д холбогдуулан Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны тэргүүлэгчдийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 49 тоот тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага, мөн Х.А, Г.Х нар 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ган бөмбөрцөгийн цехийн хорооны даргыг сонгох ээлжит бус сонгуулийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Хариуцагч “*************” *************-ын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны дарга Ж.М, хяналтын зөвлөлийн дарга Л.Э нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд “*************” *************-ын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны бүх гишүүдийн хурал 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 17 цагт хуралдахаар зарлагдаж “*************” *************-ын захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны хооронд 2024 онд хэрэгжүүлэх хамтын гэрээнд санал авах зорилготой хуралдсан байна.Тухайн хуралд нийт 125 гишүүн ирсэн бөгөөд саналын талаар мэдэгдэл өгсний дараа Ж.М нь Г намайг цехийн хорооны дансанд байсан 25.000.000 төгрөгийг идэж шамшигдуулсан мэтээр уг хуралд оролцсон 125 гишүүдэд ойлгуулж, тухайн мөнгө хорооны дансанд байхгүй төдийгүй холбооны данснаас 660.000.000 төгрөг байхгүй болсон талаар мэдэгдэж, түүнд намайг оролцсон мэтээр ярьсан, мөн хаалттай группт орж өөрийгөө тэргүүлэгч болгох гэсэн мэтээр хуралд ярьж гишүүдэд тийм ойлголт төрүүлж олон нийтэд худал мэдээлэл тараасан, нэр хүндэд халдсан гэсэн тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, нэр бүхий хороодын дарга нар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны хянан шалгах хороонд гомдол, “*************” *************-ын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны хяналтын зөвлөлийн дарга Л.Э болон гишүүдэд хандаж хүсэлт гаргасан, үүний дагуу хяналтын зөвлөлийн дарга Л.Э 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны Тэргүүлэгчдийн 49 дүгээр тогтоолын дагуу холбогдох шалгалтыг хийж 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дүгнэлт, зөвлөмж гаргаж хүргүүлсэн /хх-77-79/, “*************” *************-ын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны Тэргүүлэгчдийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор “*************” *************-ын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр болсон ээлжит бус ХV бага хуралд нэр бүхий 12 Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны дарга нар үгсэн хуйвалдаж, албан тушаалын байдлаа урвуулан сонгогч гишүүдийн эрх ашгийн эсрэг үйлдэл гаргасан тул хариуцлага хүлээлгэж, арга хэмжээ тооцохоор болсон /хх-208-209/, “*************” *************-ын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны хянан шалгах зөвлөл 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хяналт шалгалт явуулсан тухай дүгнэлт гаргасан зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг нэгтгэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-д заасан үүргээ биелүүлээгүй, нотлох баримтаар нотлогдохгүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй байна.
Энэ нь шаардлага тус бүрээр дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэлүүдийг тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ямар нотлох баримт гаргасан, тэр нь ямар үндэслэлээр няцаагдаж байгаа талаар тодорхой заагаагүй, нэхэмжлэгч нарын шаардлагаа нотлохоор гаргасан нотлох баримтууд болон хариуцагч талаас нэхэмжлэгч нарын гаргасан нотлох баримтыг няцаах ямар нотлох баримт гаргасан талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан “хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх” заалтыг зөрчсөн, шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүд нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх явдал бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нарийвчлан заасан.
Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг зөвхөн зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчийн маргааны зүйлд шүүхээс үйл баримт, хууль зүйн талаар дүгнэлт хийснээр мэтгэлцэх зарчим хэрэгжих учиртай.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нараас /Х.А, Г.Б, Б.Э, Г.Х, Н.Б, Ц.Б, Д.Ц/ нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж хариуцагчаар “*************” *************-ын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны хяналтын зөвлөлийн дарга Л.Эийг хариуцагчаар нэмж татаж Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны Тэргүүлэгчдийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 49 дүгээр тогтоол, Хяналтын зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 07 тоот дүгнэлтүүд Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны Хяналтын зөвлөлийн дүрмийн зохих заалтуудыг, мөн *************-ын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны дүрмийн заалтыг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч Х.А, Г.Х нар *************-ын Ган бөмбөрцөгийн цехийн хорооны даргыг сонгох ээлжит бус сонгуулийг хүчингүй болгох, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Ус хангамжийн цехийн хорооны даргыг сонгох ээлжит бус сонгуулийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Мөн Н.Б, Д.Б, Д.Ц нар хороон даргынхаа нэрээр нэхэмжлэл гаргаж “*************” *************-ын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны Тэргүүлэгчдийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 49 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагуудыг тодруулж нэхэмжлэгчээс юу шаардаад байгаа, шаардлага нь ямар үндэслэлээр нотлогдохгүй байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтуудад ямар дүгнэлт хийж байгаа нь тодорхойгүй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, татгалзал бодит байдалтай нийцэж байгаа эсэхэд тухайлбал “*************” *************-ын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны Тэргүүлэгчдийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 49 дугаар тогтоол, Үйлдвэрчний Эвлэлийн хорооны хянан шалгах зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 7 дугаар дүгнэлт зэрэг нь Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны дүрэм болон хяналтын зөвлөлийн дүрмийн зохих зүйл заалт зөрчсөн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Н.Б, Д.Б, Д.Ц нар нь бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл, эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргаж буй нэхэмжлэл аль нь болохыг тодруулж иргэний хэрэг үүсгэх үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэгч хэнээс гаргасан ямар шаардлагатай нэхэмжлэлийг гардуулж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл гардуулсан тухай баримт авагдсан /хх-148-153/, эрх үүрэг тайлбарласан баримт нэг хүнд тайлбарласан баримт авагдсан /хх-152/ хэн нь тодорхойгүй байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2024/00908 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.О давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.800 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А
ШҮҮГЧ С.У