| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0794/Э |
| Дугаар | 821 |
| Огноо | 2019-05-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 821
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Хохирогч Л.Энхцэцэг,
Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл /ҮД:0463/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.От холбогдох 1906 00279 0246 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Орхон 3 дугаар баг, 3 дугаар гудамжны 25-20 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 37а байрны 29 тоотод түр оршин суух, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 225 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэн 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, О овогт Бийн О /РД:........../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.О нь 2019 ны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 37а байрны 29 тоот гэртээ өөрийн эхнэр Л.Энхцэцэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Энхцэцэгийн өгсөн: “... 2018 оны 06 дугаар сард зодсон бол биш, бид хоёр хэрэлдэж муудалцахад манай нөхөр охин бид хоёрыг хөөсөн юм. Хөөхөд нь би шилэн хаалгаа өшиглөөд өөрөө хөлөө зүсэж байсан. 2017 оны 09 сард зодсон нь бол үнэн. Би шүүхэд мэдүүлж байсан. Тэрнээс хойш бол зодоогүй. Бид хоёр хамт амьдрах 10 жилийн хугацаанд 2017 оны 09 дүгээр сард л бэртэл гэмтэл авч, анх удаа л албан ёсоор шүүх, цагдаагийн байгууллагад хандаж байсан. Бид хоёрын хувьд ямар нэгэн маягаар муудалцаад ганц хоёр барилцаж авахыг л хүүхэд зоддог гэж ойлгоод байх шиг байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Номингийн өгсөн: “... манай хойд аав О манай ээжийг газар хэвтүүлчихсэн өөрийн гутлын дотуур өмсдөг ороолт болон ээжийн халаадны улаан өнгийн бүсээр хүлчихсэн байж байсан...” гэх мэдүүлэг /хх.15-17, 120/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Энхцэцэгийн өгсөн: “... Би Отай гэрлэлтээ батлуулж 2009 оноос хойш одоог хүртэл хамт амьдарч байна... 2019 оны 01 сарын 04-ний өдөр ... О намайг миний 2 гарыг хойноо хүлж уяад мөн 2 хөлийг маань хүлж уяад хоолой боогоод байсан. Тухайн үед О миний гар хөлийг хүлсэн боловч зодож цохиогүй, хоолойноос боогоод байсан... Тухайн үед би хоолойгоо боолгуулж От алуулах гээд орилж хашгирч байсан, тэр үед манай том охин гаднаас орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх.19-22, 81-83/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Эрдэнэцогтын өгсөн: “... Гэнэт О, Энхцэцэг нар хоорондоо хэрэлдэж орилолдоод эхлэхээр нь босоод очсон чинь О, Энхцэцэгийг шалан дээр гар хөлийг нь хүлчихсэн байсан. Тухайн үед гаднаас Энхцэцэгийн охин нь орж ирсэн. Охин цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.23-25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Ичинхорлоогийн өгсөн: “... 14 цагийн үед эгч амь авар гээд орилохоор нь гарч ирээд харахад хүргэн ах гарыг нь ард нь скочидчихсан хүлэх гэж байхад нь эгч болиулсан, тэгээд би нөхөр лүүгээ яриад цагдаа дуудуулсан. Гаднаас эгчийн том охин орж ирэхээр нь би зөрөөд хүүхдээ аваад гарсан... Энхцэцэг эгчийг гар хөл хоёрыг нь хүлээд доошоо харуулаад дээр нь сууж байсан...” гэх мэдүүлэг /хх.26-28, 122/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1024 дугаартай: “... Л.Энхцэцэгийн биед зүүн бугалга зүүн бугуй, сарвуу, баруун бугалга, шуу, баруун гарын сарвуу, хэвлий, баруун дал, баруун өвдөг, шилбэ, баруун шагай тавхай зүүн өвдөгт цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх.39/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1809 дугаартай шийтгэвэр /хх.90-91/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.О нь 2019 ны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 37а байрны 29 тоот гэртээ өөрийн эхнэр Л.Энхцэцэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Номингийн өгсөн: “... манай хойд аав О манай ээжийг газар хэвтүүлчихсэн өөрийн гутлын дотуур өмсдөг ороолт болон ээжийн халаадны улаан өнгийн бүсээр хүлчихсэн байж байсан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Энхцэцэгийн өгсөн: “... 2019 оны 01 сарын 04-ний өдөр ... О намайг миний 2 гарыг хойноо хүлж уяад мөн 2 хөлийг маань хүлж уяад хоолой боогоод байсан. Тухайн үед О миний гар хөлийг хүлсэн боловч зодож цохиогүй, хоолойноос боогоод байсан...” гэх мэдүүлэг /хх.19-22, 81/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Эрдэнэцогтын өгсөн: “... Гэнэт О, Энхцэцэг нар хоорондоо хэрэлдэж орилолдоод эхлэхээр нь босоод очсон чинь О Энхцэцэгийг шалан дээр гар хөлийг нь хүлчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.23-25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Ичинхорлоогийн өгсөн: “... 14 цагийн үед эгч амь авар гээд орилохоор нь гарч ирээд харахад хүргэн ах гарыг нь ард нь скочидчихсан хүлэх гэж байхад нь эгч болиулсан... Энхцэцэг эгчийг гар хөл хоёрыг нь хүлээд доошоо харуулаад дээр нь сууж байсан...” гэх мэдүүлэг /хх.26-28/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1024 дугаартай: “... Л.Энхцэцэгийн биед зүүн бугалга зүүн бугуй, сарвуу, баруун бугалга, шуу, баруун гарын сарвуу, хэвлий, баруун дал, баруун өвдөг, шилбэ, баруун шагай тавхай зүүн өвдөгт цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгднэ, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх.39/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Энхцэцэгийн өгсөн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Б.Оын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Л.Энхцэцэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Б.Оыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Оын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Б.От торгох ял оногдуулахыг түүний өмгөөлөгч хүсч байх боловч шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй учир түүнд торгох ял оногдуулах боломжгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангах үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.От оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Б.О нь цагдан хоридсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О овогт Бийн Оыг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.От сануулсугай.
4. Хохирогч Л.Энхцэцэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР