Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 696

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, улсын яллагч /томилолтоор/ Т.М, хохирогч Д.О, шүүгдэгч Ш.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Ш.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01804 0647 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Ш.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2019 оны 03 дугаар сарын 08-ны орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелын 33-61 тоот гэртээ эхнэр Д.Отэй маргалдан зүүн даланд нь хутгалж, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.М мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.  

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.О мэдүүлэхдээ: “...Манай нөхөр хааяа л архи уудаг. Манай нөхөр түрээсийн машин барьдаг болохоор хааяа л архи уудаг. Уул нь манай нөхөр гайгүй. Тэр үед л тийм юм болсон. Надад гомдол, санал байхгүй.” гэв

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 3-6/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 7-11/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Оээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 14-20/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Маас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 21-23/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3186 дугаартай дүгнэлт /хх-н 26/, мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 50-51/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 37/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 38/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагаас Ш.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2019 оны 03 дугаар сарын 08-ны орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелын 33-61 тоот гэртээ эхнэр Д.Отэй маргалдан зүүн даланд нь хутгалж, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.      

            Шүүхээс шүүгдэгч Ш.Мыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ эхнэр Д.Отэй маргалдан зүүн даланд нь хутгалж, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.Оийн өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 11 цагийн үед нөхөр Мөнхжаргал бид хоёр 0.75 граммын шилтэй сархад гэдэг архи хувааж уусан. Тэгээд дараа нь 0.75 грамм ерөөл нэртэй архи авч уусан. Тэгээд бид 2 хоорондоо бага зэрэг маргалдсан. Тэгээд нөхөр хутга гаргаад айлгаж байна гэж бодсон чинь миний дал хэсэг рүү дүрчихсэн.” гэх мэдүүлэг /хх-н  14-20/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3186 дугаартай:

1. "...Д.Оийн биед зүүн далны хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно." гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ш.Мын өгсөн: “...Тухайн үед би согтуу байсан. Нэг мэдсэн чинь би гартаа хутга барьчихсан мах огтлоод идээд сууж байсан. Харин дараа нь манай эхнэр чи намайг ингэчихлээ шдээ гэж хэлж байсан. Харсан чинь Оюунцэцэгийн зүүн талын далнаас цус гарч байсан. Би сайн санахгүй байна. Хутгатай гараараа дал руу нь дүрчихсэн юм шиг байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-н 50-51/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.   

            Иймд шүүгдэгч Ш.Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.М нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг хутга хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдав.

Шүүхээс шүүгдэгч Ш.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.