| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 105/2019/1274/Э/ |
| Дугаар | 91 |
| Огноо | 2022-05-04 |
| Зүйл хэсэг | 21.2.1., 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 91
Г.Э, М.Б, А.Ц нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, цагаатгагдсан этгээд Г.Эын өмгөөлөгч О.Санчирбал, цагаатгагдсан этгээд А.Ц, М.Б нарын өмгөөлөгч Н.Болортуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1323 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар магадлалтай, Г.Э, М.Б, А.Ц нарт холбогдох 1806066830407 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, Боржигон овогт Г.Э;
2.Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Сахлагууд овогт М.Б;
3.Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, Баячууд овогт А.Ц.
Шүүгдэгч Г.Э нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч М.Б, А.Ц нар нь Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Эыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж, түүнийг яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтийг тус тус хүчингүй болгон хэргийг прокурорт буцааж,
Прокуророос Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б, А.Ц нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж,
мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа, 3 ширхэг сиди бүхий 1 хавтас 61 хуудас материал, мөн хэрэгт хавсаргасан 1 ширхэг сидиг прокурорт хүргүүлж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц-ийн нэхэмжилсэн оршуулгын зардал 3,263,960 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, нийт 13,263,960 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ
Хяналтын шатны шүүхэд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалан бичсэн эсэргүүцэлдээ “Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганц худгийн задгайд талийгаач Г.У-ийн толгойн тус газар нь гараараа цохиж, санаатай алсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч А.Ц нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын 304 тоот өрөөнд “Г.Э нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ганц худгийн задгайд 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Г.У-ийн толгойн тус газар нь гараараа цохиж алсан” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг мэдсэний дараа, зориуд өөрийн хамаарал бүхий этгээд болох Г.Эыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх, шүүн таслах ажиллагаанд саад учруулах зорилгоор худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч М.Б нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын 304 тоот өрөөнд “Г.Э нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ганц худгийн задгайд 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Г.У-ийн толгойн тус газар нь гараараа цохиж алсан” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг мэдсэний дараа, зориуд өөрийн хамаарал бүхий этгээд болох Г.Эыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх, шүүн таслах ажиллагаанд саад учруулах зорилгоор худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолын Тодорхойлох хэсэгт тусгасан байхаар хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх улсын яллагчийн дүгнэлтэд дурдсан үндэслэлүүдийг няцааж, хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт нотлох баримтыг хэрхэн ойлгох талаар заасан байдаг.
Шүүгдэгч Г.Эаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр авсан мэдүүлгийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүний мэдүүлэг үнэн зөв эсэхийг шалгасан. Шалгалтын явцад гэрч М.Б, А.Ц нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.Эын гэрчээр өгсөн мэдүүлэг нь бусад баримтаар тогтоогдсон юм. Гэвч хэргийн бодит байдлыг мэдсэнийхээ дараа, өөрийн хамаарал бүхий этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх зорилгоор өөрийн өмнө өгсөн мэдүүлгийн он сар, үйл баримтыг илтэд өөрчлөн дахин мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.”, 6 дахь хэсэгт “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэж заасан бөгөөд уг хууль зүйн ойлголт нь өөрийн талаар мэдүүлэг өгөхөөс татгалзах, мэдүүлэг өгөх үйл ажиллагааг дуусгах тухай юм. Гэвч шүүхээс түүний өгсөн мэдүүлгийг цагдаагийн байгууллагын дарамт шахалтад орсны улмаас цагдаагийн алба хаагч нарын үгээр уг мэдүүлгийг өгсөн мэтээр дүгнэж, нотлох баримтаар үнэлэхгүйгээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Уг гэрчийн мэдүүлгийг мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн байж болох хүн тодорхойгүй байгаа үед тухайн хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэж үзэж гэрчийн мэдүүлэг авсныг анхаарч үзэх нь зүйтэй. /Цагдаагийн алба хаагч, уг мэдүүлэгт оролцсон өмгөөлөгч нарыг дарамт шахалт үзүүлсэн, эрүүдэн шүүсэн эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй/
Шүүгдэгч Г.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлгээс үзэхэд гэрчийн мэдүүлгийг өөрөө зохиож ярьсан, гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг өөрөө зохион дүрсэлсэн, цагдаагийн алба хаагч нарыг буруутгасан талаар огт мэдүүлээгүй байгааг анхаарч үзэн нотлох баримтыг үнэлж, дүгнэх нь зүйтэй юм.
Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийг бодит байдалтай нийцээгүй талаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж хуульчилсан бөгөөд дан ганц шүүгдэгч Г.Эын мэдүүлэг бус, тухайн цаг хугацаанд хамт байсан гэх гэрч А.Ц, М.Б нарын мэдүүлэг, мэдүүлэг шалгасан ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэж байна.
Шүүх дүгнэлтдээ Г.Эыг 2018 оны 08 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд гэрч М.Цэрэнжаргал, А.Нямжаргал, Н.Ганзориг, Б.Буянжаргал нартай хамт байсан гэж дээрх гэрч нарын мэдүүлгийг үнэлж, тэдгээр мэдүүлгийн няцаасан баримт болох Б.Буянжаргалын тухайн цаг хугацаанд дэлгүүрээс худалдан авалт хийснийг нотлох дансны хуулга болох нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн талаараа дурдаагүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийг цагаатгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд улсын яллагчийг “халуунтай байна” гэх шалтгааны улмаас байгууллагад нэвтрүүлээгүй, онлайнаар оролцох тухай хүсэлтийг өөрийн биеэр гаргасан байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус зөрчин, шүүх хуралдааныг улсын яллагчийн эзгүйд хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Иймд хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гаргасан Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/1323 дугаартай цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд Г.Эын өмгөөлөгч О.Санчирбал хэлсэн саналдаа “Г.Эыг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ганц худгийн задгайд 2018 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Г.У-ийг алсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Г.Эын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлгийг үндэслэн түүнийг буруутгаж эхэлсэн. Дээрх мэдүүлгийг анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын 17 дугаар талд болон давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой дурдсан байна. Прокурорын эсэргүүцэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан аль үндэслэлд хамаарч буй нь тодорхойгүй. Өмгөөлөгч Н.Болортуул, Б.Зулбаяр, О.Санчирбал миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрсдийн биеэр хүрэлцэн ирсэн. Харин прокурор эсэргүүцэлдээ халуунтай байсан эсэх талаараа хуульч хүний хувьд ташаа зүйл дурдсан байх шиг байна. Прокурор шүүх хуралдаанд Баянзүрх дүүргийн прокурорын газраас цахимаар оролцох хүсэлт гаргасан бөгөөд мөрдөн шалгах нууц ажиллагааны материалтай учир хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзээд оролцуулаагүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оролцох хүсэлт бичгээр гаргаагүй нөхцөл байдал бий. Тийм учраас давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурорыг оролцуулаагүй нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Г.Эын гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлж яллах дүгнэлт үйлдсэн боловч гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд Г.Э тухайн газар байхгүй байсан нь бусад нотлох баримтаар тогтоогддог. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Тус шүүх хуралдаанд А.Ц, М.Б нарын өмгөөлөгч Н.Болортуул хэлсэн саналдаа “Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1323 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөрдөгч нь М.Б, А.Ц нараас 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн талаар асуухад тэд санахгүй, барагцаалсан байдлаар хариулсан бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Мөн өмгөөлөгч н.Гантулгыг худал мэдүүлэг өгөхөд нөлөөлсөн гэх хэргийг шалгаад хэрэгсэхгүй болгосон. Миний хоёр үйлчлүүлэгчид хэн нэгэн нөлөөлөөгүй, бодит байдалд үнэлэлт өгч мэдүүлэг өгсөн байдаг. Амь хохирогчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх гэрчүүд болон цагаатгагдсан этгээдүүдийн өгсөн мэдүүлэг байдаг боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр биеэс нь согтууруулах ундааны зүйл илрээгүй. Нэг үйлчлүүлэгч маань Солонгос улс руу гэрээгээр ажиллах байсан боловч гэрээ нь цуцлагдаж барьцаанд тавьсан мөнгөө авч чадахгүй хохирч явна. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Тус шүүх хуралдаанд прокурор Б.Ууганбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч Г.Э нь хүнийг алах, шүүгдэгч М.Б, А.Ц нар худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэж байна. Гэрч М.Б, А.Ц нараас 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлгүй ба тухайн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Гэрч М.Б, А.Ц нар нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу шүүгдэгчийн өмгөөлөгч болон ээжтэй уулзах хүртэл мэдүүлэгтээ өөрчлөлт оруулах, он, сар өдрийг андуурсан талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгөөгүй. Хүний өдөр тутам худалдан авдаг хүнсний бүтээгдэхүүний баримтаар гэрч нарын өгсөн худал мэдүүлгийг үнэн гэж үнэлэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1323 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч нарыг эрүүдэн шүүсэн асуудлыг шалгахад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан буюу эрүүдэн шүүсэн асуудал тогтоогдоогүй гэх хариу өгсөн болохыг дурдах нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Г.Э, М.Б, А.Ц нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Эд холбогдох Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалт, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” үндэслэлээр прокурорт буцааж, Г.Эыг цагаатгаж,
шүүгдэгч М.Б, А.Ц нарт холбогдох Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатган шийдвэрлэжээ.
Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх талаар хуулиар тогтоосон журмыг чанд мөрдөж, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг баталгаатай эдлүүлэх үүрэгтэй билээ.
Гэтэл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч Г.Э, М.Б, А.Ц нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг ноцтой зөрчиж, яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокурорын давж заалдах шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан гэж үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлд “Шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна. Шүүгдэгч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор болон бусад оролцогчийг шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангана”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, хэмжээ хязгаар, шүүх хуралдаанд прокурор, оролцогчийн эдлэх эрх, үүрэг, талуудын мэтгэлцэх журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулжээ.
Гэтэл давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу хэргийг хянан хэлэлцэхдээ тухайн хэрэгт хийгдсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны нууцлалыг хамгаалах зорилгоор уг шүүх хуралдаанд онлайнаар оролцож байсан прокурорыг шүүх хуралдаанд үргэлжлүүлэн оролцуулах боломжгүй гэж шийдвэрлэсэн нь прокурорын зүгээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн эсэргүүцэл, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг шүүхэд танилцуулж, хууль зүйн дүгнэлт гаргах, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар өмгөөлөх талтай эрх тэгш мэтгэлцэх боломжийг үндэслэлгүйгээр хязгаарласан байна.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд онлайнаар оролцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “прокурор шүүх хуралдаанд ирээгүй” гэх үндэслэлд хамаарахгүй болно.
Ийнхүү Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлд заасан шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэх журмыг зөрчиж, Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйл, мөн хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу прокурорын шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж гаргасан шийдвэрийг хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй юм.
Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн эсэргүүцлээс “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд улсын яллагчийг “халуунтай байна” гэх шалтгааны улмаас байгууллагад нэвтрүүлээгүй, онлайнаар оролцох тухай хүсэлтийг өөрийн биеэр гаргасан байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус зөрчин, шүүх хуралдааныг улсын яллагчийн эзгүйд хянан хэлэлцэж шийдвэрлэсэн” гэсэн хэсгийг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, шүүгдэгч Г.Э, М.Б, А.Ц нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх талаар прокурорын бичсэн эсэргүүцлийн хэсэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцон үнэлэх замаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон эсэх талаар дүгнэлт хийх эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Э, М.Б, А.Ц нарт холбогдох хэргийг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэхээр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2.Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.Э, М.Б, А.Ц нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН