Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2019/0678

 

Х.Д, Х.С, Т.Б,

М.Бк, А.Б нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч А.Б-ы өмгөөлөгч А.Б, цахимаар нэхэмжлэгч А.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Н нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0064 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Х.Д, Х.С, Т.Б, М.Б, А.Б нарын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0064 дүгээр шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-ы “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/120 дугаар “Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын бүтэц, орон тоог шинэчлэх батлах тухай” захирамжийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

        Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8, 14 дүгээр зүйлийн 14.2.12, 16 дугаар зүйлийн 16.5.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Д, Х.С, М.Б, А.Б нарын “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/120 дугаар “Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын бүтэц, орон тоог шинэчлэх батлах тухай” захирамжийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Н давж заалдах гомдолдоо: “... Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаас 2018 онд Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын төсвийг батлан ирүүлсний дагуу тус газарт төрийн захиргааны албан хаагч 15, төрийн үйлчилгээний 10 албан хаагч ажиллаж ажиллаж байснаас гадна тус газрын даргын 2018 оны Б/20 дугаар тушаалаар бага боловсрол, бага боловсролын аймгийн дэд хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр З.М, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар монгол хэл, уран зохиолын боловсрол, аймгийн дэд хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр С.Г, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар үндэслэн соёлын өвийн бодлого хариуцсан мэргэжилтнээр Т.Е-ийг томилон нийтдээ 28 орон тоогоор ажиллаж байсан.

        Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга 2019 оны Б/01 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар төрийн захиргааны 15, төрийн үйлчилгээний10, нийт үндсэн 25 орон тоо, мөн тушаалын 2 дугаар хавсралтаар аймгийн дэд хөтөлбөр, соёлын өвийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнүүдийн нэмэлт 3 орон тоо бүхий ажил, албан тушаалын жагсаалтыг тус тус баталсан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2019 оны батлагдсан төсөв, санхүүжилтийн хуваарийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1а/490 дүгээр албан бичгээр ирүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын орон тооны хязгаарыг 22 /удирдах ажилтан 1, гүйцэтгэх 18, үйлчлэх ажилтан 3/ гэж тогтоож, төсвийг баталсан байсан.

        ... Шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтын талаар ургуулан бодож, таамаглаж энэ тухайгаа шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгох эрхгүй.

        ... Нэр томъёоны хувьд “үйлчлэх” болон “Төрийн үйлчилгээний албан тушаал” 2 ялгаатай гэдгийг анзаараагүй, гүйцэтгэх ажилтан 18 болгон баталсан нь 25 орон тоо байсныг 22 болгон цөөрүүлсний дагуу аймгийн Засаг даргаас 2019 оны А/120 дугаар захирамжаар зарим нэгэн орон тоог бүрэн мөсөн хасаж, 5 орон тоог нэмж баталсан нь бүтэц, орон тоогүй, цалин хөлсгүй, илүү орон тоонд ажиллаж байсан 3 хүнийг багтаахыг тулд бүтцийг батлуулсан.

        ... Засаг дарга Боловсрол, соёл, урлагийн газрын бүтцэд дээрх орон тоонуудыг нэмж баталсан 3 ажилтан цалинжаагүй гэж байгаа бол түүнийгээ нотлон тогтоох үүрэгтэй. 3 ажилтан яамнаас баталсан төсвөөс цалинжиж байгаа. Шүүх үүнийг шалгахгүйгээр хийсвэр дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

        ... Чиг үүрэг нь давхардсан гэсэн үндэслэлээр тухайн орон тоог хасах үндэслэл болохгүй. Манаачийн ажлын чиг үүргийг бусдаар гүйцэтгүүлэх боломжтой гэсэн дүгнэлтийг Боловсрол, соёл, урлагийн газрын дарга өөрөө үгүйсгэж манаач бол зайлшгүй шаардлагатай гэж удаа дараа яам руу албан бичиг явуулж байжээ.

        ... Мөн яамнаас баталсан бүтцэд Энэхүү үйлчлэх ажилтнуудад манаач, үйлчлэгч нар заавал багтах ёстой.

        ... Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.9-д зааснаар төсвийн шууд захирагч болох газрын дарга эдэлдэг байна. Түүнээс биш аймгийн Засаг дарга нэг бүтэц баталж, яамнаас нэг бүтэц баталж, газрын дарга дахиад бүтэц батлах асуудал байж болохгүй. Бүтэц, орон тоог шинэчлэн тогтоохдоо дээд шатны төсвийн захирагчтай зөвшилцөөгүй нь Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, байгууллагын бүтцийг шинэчлэн тогтоох хэрэгцээ, шаардлага үүссэн талаар хариуцагч нотолж чадаагүй. Бүтцийг батлахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдүүдийг сонсох ажиллагаа явуулаагүй.

        Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн учраас тухайн захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

        Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Нэхэмжлэгч Х.Д, Х.С, М.Б, А.Б нарын “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын бүтэц, орон тоог шинэчлэх батлах тухай” А/120 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

        Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д заасан бүрэн эрхийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/315 дугаар тушаалаар баталсан “Аймаг, нийслэлийн Боловсролын газрын үлгэрчилсэн журам”-ын 3.1-д “Газар нь энэхүү журамд заасан бүрэн эрх, мэргэжил, арга зүйн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөлийг хангасан зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй байна. Зохион байгуулалтын бүтцийн нэгжийг аймаг, нийслэлийн Засаг дарга батална”,

        3.2-т “Газарт эрх бүхий байгууллагаас баталсан орон тооны хязгаарт багтсан дарга, мэргэжилтэн, үйлчилгээний ажилтан ажиллана. Газрын орон тоог Төсвийн тухай хуульд зааснаар тогтооно” гэх заалтуудаас үзвэл аймгийн Засаг даргад Боловсролын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийг батлах эрх олгогджээ.

        Аймгийн Засаг дарга Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12 /эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох/-т заасны дагуу эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох үүрэгтэй.

        Баян-Өлгий аймгийн Засаг дарга дээрх хууль тогтоомжид нийцүүлж, аймгийн Боловсрол, соёлын болон Боловсрол, соёл, урлагийн газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийг тогтоосоор ирсэн бөгөөд хамгийн сүүлд Монгол Улсын 2019 оны төсөв батлагдаж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1а/490 дүгээр албан бичгээр[1] Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын бүтэц, орон тоог төрийн захиргааны 19, төрийн үйлчилгээний 3 албан хаагчидтай ажиллахаар тогтоосонтой холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/120 дугаар захирамжаар тус газрын зохион байгуулалтын бүтцийг, байгууллагын саналыг үндэслэн ажиллах хүний нөөцийн орон тоог баталсан нь дээр дурдсан хууль тогтоомж болон Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 /тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах/-д нийцжээ.

        Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаас Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах бүрэн эрхийг Баян-Өлгий аймгийн Засаг даргад олгоогүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

        Үүнээс гадна Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 30 дугаар тогтоолоор Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх, Бага боловсрол, эх хэл, монгол хэлний сургалтын чанарыг сайжруулах аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор гурван мэргэжилтний орон тоог тус газрын бүтэц орон тоонд нэмсэн хэдий ч тухайн мэргэжилтнүүдийн цалин сан нь Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын төсвөөс бус аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс санхүүжүүлсэн нь тогтоогдсон, мөн тухайн байгууллагын бүтцэд төрийн тодорхой чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн захиргааны албан хаагчдыг үлдээж, төрийн үйлчилгээний албан хаагчдын үүргийг зохицуулах байдлаар шийдвэрлэсэн хариуцагчийн маргаан бүхий акт үндэслэлтэй тул нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн “илүү орон тоонд ажиллаж байсан гурван мэргэжилтнийг багтаахын тулд бүтцийг батлуулсан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

        Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 233 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэл”-ийн 4.3-д “Төсвийн байгууллагад ажиллаж байгаа малчин, моторчин, жолооч, слесарь, жижүүр, харуул, манаач, сахиул, худагчин зэрэг бусад төрлийн туслах чанарын болон хугацаа зааж ажиллуулдаг ажилтныг мөн адил гэрээгээр ажиллуулах ажлыг зохион байгуулах”-аас зааснаар үзвэл хариуцагч албан тушаалтан Боловсрол, соёл, урлагийн газрын туслах чанарын ажилтнуудын үүргийг бусад ажилтнуудын үүрэгт хамааруулсан, мөн өдрийн жижүүрийг гэрээгээр ажиллуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

        Анхан шатны шүүх эдгээр байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Х.Д, Х.С, М.Б, А.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

        Нэхэмжлэгч М.Б давж заалдах гомдол гаргаагүй талаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0064 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Д, Х.С, А.Б нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                        ШҮҮГЧ                                                                          О.НОМУУЛИН

                                        ШҮҮГЧ                                                                          Ц.САЙХАНТУЯА

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                        Д.БАТБААТАР

 

 


[1] 1 дэх хавтсын 54 дэх тал.