Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 207/ма2024/00085

 

 

 

 

 

 

 

 

2024     08         29                                          207/МА2024/00085

       

 

    “*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч “*********” *********-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн *** дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2024/00966 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*********” *********-т холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2.576.340.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, Г.Л нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.У илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л, нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*********” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь 2023 сарын 01 сарын 05-ны ********* *********-тай 21004-23 тоот худалдах худалдан авах гэрээ байгуулан хүнд даацын өөрөө буулгагч автомашины жолоочийн аюулгүй ажиллагааны иж бүрдэл нийлүүлэхээр гэрээ байгуулсан. Бид бараа бүтээгдэхүүнийг 2023 оны 03 дугаар сарын 03-нд 10 ширхэгийг, 2023 оны 05-р сарын 03-нд үлдэгдэл 20 ширхэгийг бүрэн нийлүүлж, техникийн тодорхойлолтод заасан чанар үзүүлэлтийн шаардлага 100 хувь хангасан бараа бүтээгдэхүүн, хүнд даацын аюулгүй ажиллагааны иж бүрдэл тоног төхөөрөмж системийг нийлүүлж, 2 сарын хугацаанд туршиж, *********ийн чанарын хяналтын хэлсээс №662 дугаартай хяналтын актаар баталгаажсан. Мөн гэрээний 6.2.2-т Барааг бүрэн хүлээн авч акт үйлдэх гэж заасны дагуу талууд 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 2023/02-20-004 дугаар худалдах худалдан авах гэрээг дүгнэж АКТ-ХА-23/785 үйлдсэн байдаг.

Гэвч Худалдан авагч тал гэрээ дүгнэх акт үйлдэснээс хойш гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө төлөөгүй тул манай компанийн зүгээс 2023.08.23-ний өдрийн 23/220 дугаартай албан бичиг, 2023.09.11 оны 23/225 дугаар албан бичгээр гэрээний төлбөр болон алдангийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөх ёстой төлбөрийг төлөхгүй манай компанийг их хэмжээгээр хохирч байна. Худалдах худалдан авах гэрээний 4.1-т гэрээ дүгнэх акт үйлдсэнээс хойш 30 хоногт багтаан гэрээний төлбөрийг шилжүүлэх ёстой. Худалдан авах гэрээний 9.2-т Худалдан авагч нь гэрээнд заагдсан барааны төлбөрийг шилжүүлэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацааг хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлөх гэж зааснаар худалдан авагч “*********” ********* нь 2023.08.04-ний өдрөөс эхлэн төлбөрийг шилжүүлэх хугацааг хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үний дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг манай компанид төлөх ёстой байна. Манай компани нь худалдан авагч “*********” *********-аас 2023.08.04-ний өдрөөс 2023.10.06-ны өдрийг хүртлэх алданги төлөх хугацаа 67 хоног, 1 хоногт төлөх алданги 10.734.750 төгрөг, нийт 62 хоногийн алданги 719.228.250 төгрөгийг шаардах эрхтэй боловч гэрээний 9.2-т алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу алдангид 429.390.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд манай компани болох “*********” ХХК болон “*********” *********-тай 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/02-20-004 дугаартай Худалдах худалдан авах гэрээний үндсэн төлбөр 2.146.950.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 429.390.000 төгрөг, нийт 2.576.340.000 (хоёр тэрбум таван зуун далан зургаан сая гурван зуун дөчин мянга) төгрөгийг ********* *********-аас гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

"*********" ХХК нь ********* *********-аас зарласан ЭҮ*********/202201223 тоот "Хүнд даацын өөрөө буулгагч автомашины жолоочийн аюулгүй ажиллагааны иж бүрдэл" нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан тул талуудын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2023/02-20-004 тоот Худалдах-Худалдан авах гэрээ байгуулсан. "*********" ХХК нь тендер сонгон шалгаруулалтад оролцохдоо ОХУ-ын "Инновационные Ресурсосберегающие технологий" компанийн үйлдвэрлэдэг Панорама жолоочийн аюулгүй байдлын системыг нийлүүлэхээр санал болгосон ба тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 он/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт "Хамгийн сайн үнэлэгдсэн тендер болон тендерийн баримт бичигт захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно" гэж заасны дагуу энэхүү бүтээгдэхүүн нь гэрээний зүйл болсон. Гэтэл "*********" ХХК нь "SOWA" компанийн барааг нийлүүлсэн тул "*********" ********* нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ТБ-********* тоот албан бичгээр тухайн барааг хүлээн авах, гэрээ дүгнэсэн акт үйлдэх боломжгүй болохоо мэдэгдсэн. Түүнчлэн "*********" ХХК-аас үйлдэгдсэн гэж мэдэгдээд буй 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн "гэрээ дүгнэсэн акт" нь "********* *********-ийн Ерөнхий захирлын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/210 дугаар тушаалаар батлагдсан журмын Хавсралт №8 тоот маягтыг үндэслэн үйлдэгдсэн болно. Гэтэл энэхүү А/210 дугаар тушаал нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хүчингүй болж гэрээ дүгнэх актад шинэ журам ашиглах болсон. ... Ийнхүү "*********" ХХК нь ********* *********-тай 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан 2023/02-20-004 тоот Худалдах-Худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй /тендерийн баримт бичигт заасан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй/ тул "*********” *********-т төлбөр төлөх үүрэг үүсээгүй болно. Иймд "*********" ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2024/00966 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “*********” *********азраас 2.576.340.000 /Хоёр тэрбум таван зуун далан зургаан сая гурван зуун дөчин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*********” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.039.650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “*********” *********-аас 6.519.825 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*********” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, Г.Л нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

 

Анхан шатны шүүхээс “********* ХХК нь тендер шалгаруулалтад оролцохдоо ирүүлсэн ОХУ-ын “Инновационные Ресурсосберегающие технологий” компанийн үйлдвэрлэдэг Панорама жолоочийн аюулгүй байдлын системыг нийлүүлэх ёстой байсан боловч SOWA компанийн барааг нийлүүлсэн байна. Гэвч хариуцагч “*********” ********* нь барааг хүлээж авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тул шаардлага гаргах эрхээ алдсан” гэжээ. Гэтэл “*********” ********* нь “*********” ХХК-аас нийлүүлсэн SOWA компанид үйлдвэрлэсэн барааг хүлээн зөвшөөрөөгүй /хүлээн аваагүй/ ба энэ тухайгаа “*********” *********-аас “*********” ХХК-д явуулсан 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ТБ-********* тоот албан бичгээр хангалттай тодорхой илэрхийлсэн байхад пгүүхээс доголдолтой барааг хүлээн авсан /хүлээн зөвшөөрсөн/ гэж илэрхий алдаатай шийдвэрлэжээ. ...Түүнчлэн анхан шатны шүүхээс “2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн гэрээ дүгнэсэн акт нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/210 тоот тушаалаар батлагдсан ...журмын хавсралт бөгөөд энэхүү журам нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хүчингүй болж шинэ журам ашиглах болсон байна. Гэхдээ Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан гэрээг хуучин журам хүчингүй болж гэрээ дүгнэх актад шинэ журам үйлчлэх болсон гэдгээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн байна. Гэтэл “*********” ********* нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/210 тоот тушаал хүчингүй болсон гэдгээр шалтаглаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзээгүй болно. Харин А/210 тоот тушаал 2023 оны 07 дугаар сарын 31 -ний өдрөөс хүчин төгөлдөр бус болсон тул уг тушаалд үндэслэсэн баримт /акт/ нь түүнээс хойш үйлдэгдсэн тул хүчин төгөлдөр бус гэж маргасан. Өөрөөр хэлбэл холбогдох журам нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хүчин төгөлдөр бус болсон байхад түүнд үндэслэж гарсан гэрээ дүгнэсэн акт нь 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн тул хүчин төгөлдөр бус юм. “*********” ********* нь энэ тухай 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 131/712 тоот албан бичгээр “*********” ХХК-д хүргүүлсэн бөгөөд “*********” ХХК нь уг асуудлыг хүлээн зөвшөөрч дараагийн актыг баталгаажуулан үйлдвэрийн газарт ирүүлсэнболно. Гэтэл шүүхээс энэ тухай огт дүгнэлт хийлгүй Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг удирдлага болгосон нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн алдаатай шийдвэр болжээ. Ийнхүү “*********” ХХК 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “*********” *********-тай байгуулсан 2023/02-20-004 тоот Худалдах-Худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй /гэрээгээр нийлүүлэхээр тохиролцсон барааг нийлүүлээгүй/, гэрээний гүйцэтгэлийг захиалагч “*********” хүлээн аваагүй байхад буруу шийдвэр гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч “*********” ХХК нь хариуцагч “*********” *********-т холбогдуулан гэрээний үүрэгт 2.576.340.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч “*********” ********* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч “*********” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “*********” *********-тай 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд үндэслэн тодорхойлсон байна.

Хариуцагч “*********” ********* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан үндэслэлээ нэхэмжлэгч “*********” ХХК нь “*********” *********-аас зарласан ҮЭ*********/202201223 тоот “хүнд даацын өөрөө буулгагч автомашины жолоочийн аюулгүй ажиллагааны иж бүрдэл” нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтанд оролцож шалгарсан тул талуудын хооронд 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Тендер шалгаруулалтанд оролцохдоо ОХУ-ын “Инновационные Ресурсосберегающие технологий” компанийн үйлдвэрлэдэг панарома системийн жолоочийн аюулгүй байдлын системийг нийлүүлэхээр санал болгосон ажлаа “SOWA” компанийн барааг нийлүүлсэн тул “*********” ********* нь 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ТБ-********* тоот албан бичгээр тухайн барааг хүлээн авах, гэрээ дүгнэсэн акт үйлдэх боломжгүй болохоо мэдэгдсэн гэсэн татгалзсан тайлбарт үндэслэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд талуудын хооронд 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж “хүнд даацын өөрөө буулгагч автомашины жолоочийн аюулгүй ажиллагааны иж бүрдэл нийлүүлэх”-ээр харилцан тохиролцсон гэрээгээр нийт үнэ 2.146.950.000 төгрөг байх, 60 хоногийн хугацаатай, гэрээг худалдан авагч талын хуулийн хэлтэст бүртгүүлснээр барааг нийлүүлэх хугацааг тоолох, барааны төлбөрийг худалдан авагч тал бараагаа бүрэн хүлээн авч гэрээ дүгнэх акт үйлдсэний дараа нэхэмжлэлийн дагуу 30 хоногт багтаан шилжүүлэх, худалдагч нь гэрээнд заасан бараа нийлүүлэх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алдангийг худалдан авагчид төлөх, худалдан авагч гэрээнд заасан барааны төлбөрийг шилжүүлэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлөх ба алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20%-иас хэтрэхгүй байхаар тус тус тохиролцсон, нэхэмжлэгч “*********” ХХК нь гэрээний үүргийн дагуу 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 10 ширхэг, 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 20 ширхэг нийлүүлсэн ба 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр барааг бүрэн хүлээн авч акт үйлдэж, худалдах, худалдан авах гэрээгээ талууд дүгнэсэн, тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2.146.950.000 төгрөг байгааг харилцан баталсан, нэхэмжлэгч “*********” ХХК-иас хариуцагч “*********” *********-ыг төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан албан бичгүүд хүргүүлж байсан зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхийн хариуцагч нь нэхэмжлэгч “*********” ХХК тендер шалгаруулалтанд оролцохдоо ирүүлсэн үйлдвэрлэгч буюу “Иновационные Ресурсосберегающие технологий” компанийн үйлдвэрлэдэг Панарома системийн жолоочийн аюулгүй байдлын системийг эрхийн зөрчилгүй биет байдлын доголдолгүй нийлүүлэх ёстой байсан боловч “SOWA” компанийн барааг нийлүүлсэн тул төлбөр төлөх үүрэг үүсэхгүй гэж тайлбарласан байгаа боловч хариуцагч “*********” ********* нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.-д заасан “Эд хөрөнгө хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасны дагуу шаардлага гаргах эрхээ алдсан, тухайн үед “SOWA” компанийн бараа нийлүүлсэн гэдгийг мэдэж байсан боловч гомдлын шаардлага гаргаагүй, бараа бүтээгдэхүүн хүлээн авсны дараа хожим нь хүлээн авах боломжгүй гэж татгалзах эрхгүй, 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт хүчингүй болсон журмын дагуу хийгдсэн тул хүчин төгөлдөр бус гэрээ дүгнэх актад шинэ журам үйлчлэх болсон гэдгээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй гэсэн дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэгч “*********” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 255, 243 дугаар зүйлд нийцсэн байна.

Хариуцагч “*********” ********* нь 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 2023/02-20-004 дугаар худалдах худалдан авах гэрээ дүгнэсэн акт үйлдэж гэрээнд заасан хугацаанд 2.146.950.000 төгрөгөөр гэрээний үүрэг биелэгдсэн, гэрээний гүйцэтгэлийг ямарваа нэгэн зөрчилгүй, бүрэн биелэгдсэн гэж дүгнэн акт үйлдэж бараа материалыг хүлээн авсан атлаа тендерээр сонгосон компаниас бүтээгдэхүүнээ аваагүй, өөр компанийн бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж гэрээний үнийг төлөхгүй татгалзах эрхгүй бөгөөд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*********” ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж үүрэг дуусгавар болсон. Харин үүрэг гүйцэтгүүлэгч “*********” ********* нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-т заасан “үүрэг гүйцэтгүүлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй /төлбөр төлөх/ хугацаа хэтрүүлсэн” гэж үзнэ. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1.-д зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй.

Хариуцагч “*********” ********* нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6. дугаар зүйл, талуудын хооронд байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар гэрээний үүргээ биелүүлээгүй хариуцагч алданги төлөх үндэслэлэй.

Хариуцагч “*********” ********* нь нэхэмжлэгч “*********” ХХК-ийг тендерт шалгаруулахдаа сонгосон үйлдвэрлэгчээс өөр үйлдвэрлэгчийн бараа нийлүүлсэн гэж гэрээний үүргээс татгалзаж байгаа бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээнд ОХУ-ын “Иновационные Ресурсосберегающие технологий” компанийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тухай заагаагүй, харин гэрээний хавсралтанд Панарома системийн бараа нийлүүлэхээр тусгасан байх ба “SOWA” компанийн Панарома системийн иж бүрдэл нийлүүлэгдсэн байна. Нөгөө талаар тухайн хариуцагч байгууллагын хүчингүй болсон журмаар 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн акт үйлдэгдсэн тул хүчингүй гэсэн татгалзсан тайлбар үндэслэлгүй. Тухайн үед хүчингүй болсон журмын дагуу гэрээ дүгнэсэн акт үйлдсэн нь хариуцагч байгууллагын буруу тул нэхэмжлэгчид хамааралгүй, хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2024/00966 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, Г.Л нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, Г.Л нарын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.039.650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.Б

 

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.А

 

                                                                       ШҮҮГЧ                         С.У