Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 838

 

                    

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

Улсын яллагч П.Болормаа,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Бд холбогдох 1906 00931 1086 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Увс аймагт 1993 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эвсэг” ХХК-д тоологч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 889-б тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Гын Б /РД:............/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Г.Б нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө иргэн Б.Өлзийбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Өлзийбаярын өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 26-ны орой ... нэг караокед орж суусан... гэр лүүгээ зам дагаад алхаж байгаад Хас гэх захын хажууд нэг залуутай таарсан. Тэр залуу бид хоёроос гал асуухад гал өгсөн ба “баярлалаа” гэж хэлэхэд би “зүгээр хөгшөөн” гэхэд “чи хаана хөгшин болтлоо амьдарсан юм” гээд намайг мангасдсан. Намайг нүүр хэсэг рүү цохисон... Баруун хөмсөг оёдолтой, хүзүүнд цус хуралттай, зүүн гар зүсэгдсэн байна... шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа. Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дарь-Эхийн дунд буудлын орчим Г.Б гэгч үл таних залууд зодуулсны улмаас уг гэмтэл надад учирсан...” гэх мэдүүлэг /хх.7-9, 14-15/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ундармаагийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1794 дугаартай:

“... 1. Б.Өлзийбаярын биед баруун хөмсөгний язарсан шарх, зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар, уруулын хажуу хэсэг, зүүн далны зулгаралт, баруун эгэмний цус хуралт, зүүн бугалганы зүсэгдсэн шарх, зүүн шууны шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо ба ир, ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чавдарыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх.20/,

Цагдаагийн байгууллагад Б.Өлзийбаярын гаргасан гомдол /хх.5-6/,

Захиргааны зөрчлийн баримтууд /хх.12-13/,

Г.Бын иргэний үнэмлэх болон ял шалгасан лавлагаа /хх.22-23/,

Г.Бын ажлын байрны тодорхойлолт болон оршин суух хаягийн тодорхойлолт /хх.37-38/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Бын яллагдагчаар өгсөн: “... Би хүлээн зөвшөөрч байна... үл таних залуу намайг эхэлж өшиглөөд зугтаасан учраас би гарт баригдсанаар нь Б.Өлзийбаярын нүүрэн тус газар нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.24-25, 52-53/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.Б нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө иргэн Б.Өлзийбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Цагдаагийн байгууллагад Б.Өлзийбаярын гаргасан гомдол /хх.5-6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Өлзийбаярын өгсөн: “... Намайг нүүр хэсэг рүү цохисон... Баруун хөмсөг оёдолтой, хүзүүнд цус хуралттай, зүүн гар зүсэгдсэн байна... Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дарь-Эхийн дунд буудлын орчим Г.Б гэгч үл таних залууд зодуулсны улмаас уг гэмтэл надад учирсан...” гэх мэдүүлэг /хх.7-9, 14-15/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ундармаагийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1794 дугаартай:

“... 1. Б.Өлзийбаярын биед баруун хөмсөгний язарсан шарх, зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар, уруулын хажуу хэсэг, зүүн далны зулгаралт, баруун эгэмний цус хуралт, зүүн бугалганы зүсэгдсэн шарх, зүүн шууны шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо ба ир, ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чавдарыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх.20/,

Г.Бын ажлын байрны тодорхойлолт болон оршин суух хаягийн тодорхойлолт /хх.37-38/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Бын яллагдагчаар өгсөн: “... үл таних залуу намайг эхэлж өшиглөөд зугтаасан учраас би гарт баригдсанаар нь Б.Өлзийбаярын нүүрэн тус газар нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.24-25, 52-53/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Г.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Б.Өлзийбаяр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Г.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Б.Өлзийбаяр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Г.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.         

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Г.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Гын Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Г.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Бд сануулсугай.

          5. Хохирогч Б.Өлзийбаяр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                              С.ӨСӨХБАЯР