Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 728

 

                  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Баярмаа, иргэдийн төлөөлөгч Б.Б, улсын яллагч П.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С, хохирогчийн өмгөөлөгч О.Б, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.П, Ж.Я, шинжээч эмч Ш.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Б.Гд холбогдох эрүүгийн 1906 00000 0416 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

            Яллагдагч Б.Г нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 81 дүгээр байрны гражид 47 настай эрэгтэй М.Атэй маргалдан түүний толгойн тус газар гараараа цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр яллах болох цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “…2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр эхнэр Сарантуяаг эмнэлэгт хэвтүүлчихээд ирээд гэртээ байсан юм. Үдээс хойш Очирхуяг утасдсан. Очирхуягаас би 20.000 төгрөг авах ёстой байсан юм. Тэгсэн Очирхуяг ирээд авчих гэсэн. Би байранд нь очиход байрныхаа гаражид машинаа угааж байсан. Би цуг машиныг нь угааж дуусаад гаргасан.  Талийгаач тэгэхэд машинтайгаа ирсэн байсан. Дараа нь авгайгийнхаа машиныг угаана гээд дахиад доошоо оруулсан. Тэгсэн талийгаач нэг шил юм ууя гэсэн. Тэгсэн бид хоёр мөнгө байхгүй гэтэл өөрөө яваад нэг шил архи авчирсан. Тэрийг нь ууж дуустал талийгаач та хоёр нэг юм авчихаач гээд байсан. Тэгээд машинд нь суугаад явж байтал ингэж явбал яаж байна гээд урсгал сөрөөд байсан. Тэгээд буцаж Очирхуягийн гадаа ирж архиа ууж дуусгачихаад, машинаа асаагаад явлаа гээд байсан. Тэгэхээр нь би машиных нь түлхүүрийг аваад, маргааш аваарай гээд хойшоо гэр рүүгээ алхаад явж байтал танихгүй дугаараас залгаад байсан. Тэгтэл талийгаач түлхүүр авчирч өг, очиж байгаад ална шүү гээд уурлаад байсан. Тэгтэл эхнэр Сарантуяа залгасан. Тэгээд би эхнэртээ харьж байна гэж хэлсэн. Алтанхуягийн түлхүүрийг авсан чинь авчирч өг гээд уурлаад байна гэж хэлчихээд түлхүүрийг нь өгчихөөд очъё гэсэн. Тэгсэн дараа нь Очирхуяг уурлаад түлхүүрийг нь авчираад өгчихгүй юу даа, гайгүй юм шиг байна гэсэн. Тэгээд би өгсөн чинь машины түлхүүр авч явдаг хэн бэ гээд талийгаач намайг шууд цохисон. Тэгэнгүүт нь би зөрүүлээд нэг цохьсон. Тэгтэл шууд газар унасан. Би найзыгаа алъя гэсэн бодол, сэтгэл байгаагүй. Ийм харамсалтай зүйл болсонд маш их харамсаж байна. Би уг нь найзыгаа согтуу машин бариад аваар осол гаргах вий гэж бодоод л түлхүүрийг нь авсан юм.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Сэрсмаа мэдүүлэхдээ: “...Тэр хэрэг гардаг өдөр талийгаач намайг ажлын газрын эсрэг талд буулгасан юм. 17 цаг өнгөрөөгөөд залгатал талийгаачийн утас холбогдохгүй байсан. 21-нд манай хүүгийн төрсөн өдөр байсан юм. Лизингийн машинтай сарын 114.000 төгрөг төлдөг байсан. Халтууранд яваад бензин, тосоо хийгээд хажуугаар нь зээлээ төлөөд явдаг байсан. 17 цаг өнгөрөөд залгатал утсаа авахгүй болохоор би найз нөхөдтэйгөө уулзаад явж байгаа юм байна гэж бодсон. Гэрт орсон чинь хүү маань “...аав яасан бэ” гэхээр нь утас нь  холбогдохгүй байна гэж хэлсэн. Хэрэг гардаг өдөр бол 5 дахь өдөр байсан. Хагас сайн өдөр жижүүрийн эмч ажилладаг юм чинь амарчихъя, ороод ирэх байлгүй гээд хэвтэж байсан. Тэгтэл хоёр цагдаа хаалга нүдээд “...Алтангэрэлийнх мөн үү” гэсэн. Тэгтэл та биеэ бариарай танай хүн тархиндаа гэмтэл аваад Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон байна гэсэн. Тухайн үед цагдаа “...Ганаа гэдэг хүн мэдэх үү” гэхээр нь мэдэхгүй гэсэн. Би Ган-Өлзий гэж талийгаачаас сонсож байсан юм. Тухайн үед би тэр хүн нь байна гэж бодсон. Тэгээд би эмнэлэгт очсон. Очоод удаагүй байтал найдваргүй ээ орж уулз гэж хэлсэн. Хүн гэж муухай байх юмаа, хүн яая даа гэж байхад эдний талаас хүн ярьсан уу, Очирхуягийн талаас хүн яриагүй. Очирхуяг нь манай байрны тэр хавиар Алтангэрэл өнгөрсөн нь үнэн юм уу гэж яриад явж байна гэсэн. Энэ хэд аль хэдийн мэдсэн л юм байна лээ. Бүхэл бүтэн хүнийг үхлээ гэж худлаа ярьдаг хүн гэж байхгүй ш дээ. Очирхуяг бол загас тэжээдэг, манай хүн бол загас тэжээх хоббитой. Тэр хоббигоороо л уулзсан. Тархи нь тэр чигээрээ боолттой байсан. Ямар ч нэр ус хаяг нь тодорхойгүй байгаа гээд та нэр ус хаягийг нь хэл гэсэн. Одоо хүртэл тархиных нь сиди нь нэр хаяг тодорхойгүй гээд л байгаа. Би хагалгаанд орсных нь дараа шөнийн 01 цагийн үед очсон. Эмчээс нь аврах боломж байхгүй юу гэхэд аврах боломж байхгүй гэсэн. Маш их хэмжээний цус алдалттай байна. Одоо танай хүний уушиг, зүрхийг нь аппаратаар ажиллуулж байна гэж хэлсэн. Манай хүнийг ямар ч боломжгүй гэж хэлсэн. Давхар, давхар гэмтэлтэй байна гэж хэлсэн. Няцарсан, цуурсан ямар хальс нь гэлээ, тэр нь наашаагаа цувж гарсан гэсэн. Надад маш их харамсалтай хэцүү байна. Насаараа байрны зээлтэй л үлдлээ. Залуу хүмүүс амьдрал ахуйгаа сайжруулъя гээд байрны зээл авсан. Саяхан бид хоёр эмээ, өвөө болсон. 03 дугаар сарын 19-нд жаахан маань ой хүрнэ гээд хичнээн сайхан амьдралын ирээдүйтэй юм яриад явж байсан. Энэ айлыг орвонгоор нь эргүүлж байна ш дээ. Ганц хүүтэй, аавтайгаа адилхан гахай жилтэй эрэгтэй хүүхэд, айл гэрт ямар ч инээд хөөр алга. Манай хүү байнга л ууртай, уцаартай, бачимдсан тийм л байна. Өчигдөр манай ажлын газрын хүн манай найзад хэлсэн байсан. Сэрсмаа эгчийн нөхөр нь манай хамт олны нэг шиг л байдаг байсан гэж. Миний нөхөр бол хүнтэй их найрсаг, даанч хорвоод хосгүй гэдэг шиг хүнд их тусламтгай, ээж ,аав гэж байхгүй, надтай анх суухдаа л ээж нь нэгдүгээр ангид байхад нь өнгөрсөн байсан. Би гэртээ хоол хийж ч үзээгүй, болдог бол араас нь үхчихье л гэж бодож байна. Тэгтэл би өнөөдрийн байдлаар байрны зээлтэй үлдлээ. Оршуулгын зардлыг л нэхэмжилсэн. Өнөөдөр шүүх хурлаас өмнө оршуулгын зардлыг хүлээлгэж өгсөн. Хонгорзул байцаагч нь ар гэрийнхэн нь уулзъя гэж байна, ээж нь уучлалт гуйж байна гээд. Тэгэхээр нь би та надаас уучлалт гуйгаад яахав дээ, үхсэн хүн босоод ирэх биш дээ. Танай хүүхэд ялаа эдлээд гараад л ирнэ. Нартад хүний амьдрал үргэлжлээд явна. Шороонд орсон хүн хэзээ ч босч ирэхгүй ш дээ гэсэн. Тэгсэн Хонгорзул байцаагч таньд мөнгө өгөх гээд байх шиг байна гэсэн. Та дансныхаа дугаарыг өг гэсэн. Тэр үед өгөөгүй, сая 10.040.000 төгрөгийг бэлнээр шүүх хурлаас өмнө авсан. Надад байрны зээл байна. Төсвийн цалинтай сувилагч хийдэг. Сарын 600.000-700.000 төгрөгийн л цалин авдаг. Бид хоёр бүхэл 100% гээд л явж байсан бол бүхэл бүтэн 50%-ийг нь аваад хаячихлаа. Ямар ч байсан байрны зээл гээд 40 хэдэн сая төгрөг үлдэж байна. Би байрны зээл, машины зээлээ давхар төлөөд явж байна. Надад үнэхээр хэцүү байна. Хүний амийг өнөөдөр мөнгөөр үнэлэх нь гол нь биш. Ямар ч байсан миний байрны зээлийг төлж өгнө үү. Хэдийгээр миний сэтгэл зүйн байдлыг засахгүй ч, надад амьдрахад үнэхээр хэцүү байна. Автомашины зээл 05 дугаар сарын 22-нд дуусна. Маш их гомдолтой байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ш.Цэцэгмаа мэдүүлэхдээ: “...Энэ гэмтэлд гарах клиник шинж тэмдэг нь хавсарсан олон гэмтэл үүсдэг тул ухаан алдах, хурхирах шинж тэмдэг илэрдэг. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач нь зүүн бөөрний уйланхай өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан. Ийм гэмтэл авсан хүний хувьд толгойд маш хүнд гэмтэл үүссэн тул амь насыг нь аврах боломж байхгүй байсан. Талийгаач нь гэмтлийн эмнэлэгт 22-ны өдөр очоод18 цаг амьдарсан байна. Нэг цохиход толгойдоо гэмтэл аваад унахдаа бас гэмтэл авсан.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Сэрсмаагийн хохирогчоор өгсөн: “...нөхөр Алтангэрэлтэй 11 цаг 40 минутын үед гэрээс гараад намайг ажлын үүдэнд буулгасан. Эмнэлэг дээр ирэхэд манай нөхөр сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан. Эмч нь түргэнээр ирсэн, амь тариа хийгээд 20 цагт хагалгаанд орсон гэж хэлсэн. Хагалгаанд орсон эмч нь гавлын яс цуурсан, няцарсан, их хэмжээний цус харвалттай байсан болохоор хагалгаанд орсон гэж хэлсэн. Эмч хэлэхдээ энэ хүн найдваргүй, бүх арга хэмжээг авсан гэсэн. Хавсарсан гэмтэлтэй болохоор аппаратаар уушгийг нь амьсгалуулж, зүрхийг нь ажиллуулж байна. Цаашдаа найдваргүй, учир ар гэрээс нь хүн дуудаж харуул гэж хэлсэн. Хагалгааны дараанаас өндөр халуурч байгаад 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 1 цаг 55 минутанд нас барсан. Оршуулгын зардал 10.040.940 төгрөгийн зардал гаргасан. Өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөгийн гэрээтэй. Энэ мөнгө оршуулгын зардалд ороогүй байгаа. Талийгаачаас хойш байрны зээл, машины лизингтэй үлдэж байгаа. Оршуулгын зардлыг гаргуулж авмаар байна." гэх мэдүүлэг. /1-хх 17-20/

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Баярмагнайгийн гэрчээр өгсөн: "...Ер нь бол н.Хуягаа байнга шахуу архи уудаг, н.Хуягаа архи уух үед тэр 2 залуу зарим үед хамт явж байдаг юм. Би тэр хоёрын нэрийг нь бол мэдэхгүй, манай байранд амьдардаггүй. Улмаар намайг өрөөндөө байж байхад гаднаас 17 цаг 40 минутанд н.Хуягаа хамт архи ууж байсан нэг залуутай хамт гаднаас орж ирээд 99749713 дугаарын утас руу ярьсан. н.Хуягаа орж ирэхдээ машин аваад явчихлаа, хүнтэй ярих хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэр залуутайгаа утсаар ярьж байхдаа н.Хуягаа “чи машин авчираад өгчих” гэж гуйж байснаа, сүүлдээ муудаад байх шиг байсан. Тэгж байгаад утсаа тасалсан ба 17 цаг 50 минутын үед н.Хуягаа хамт архи ууж байсан өөр нэг залуу болох ноосон малгайтай, хар өнгийн куртиктэй залуу нь орж ирсэн чинь тэр залуугаас Хуягаа болон хамт явж байсан залуу 2 түлхүүр нэхээд байсан. Тэгээд байхаар нь би тэр 3-ыг та нар орилоод байна, энэ гаражаас гар гээд дээшээ нэг давхар руу гаргасан. Улмаар тэр 3 байрнаас гарч ороод л, хоорондоо хэрэлдээд л, чанга, чанга яриад байсан. Хуягаа гаднаас анх манай өрөөнд дагуулж орж ирсэн шар өнгийн өмдтэй залуутай орж ирсэн. Харин ардаас нь ноосон малгайтай залуу 5-аас 6 минутын дараа орж ирсэн ба тэр 3 гаражын нойл орж бие зассан ба одоо гарлаа гэхээр нь эхнэр бид 2 өрөө рүүгээ орсон. Тэгээд хяналтын камер хараад байж байсан чинь Хуягаа тэр хоёроос салаад дээшээ 1 давхар руу гараад шатны дээд талаас тэр 2-ыг хараад зогсож байсан. Тэгтэл Хуягаатай орж ирсэн туранхай биетэй залуу нь ноосон малгайтай залуугаа эхлээд нэг удаа цохиж авсан юм. Тэгсэн чинь нөгөө ноосон малгайтай залуу нь зөрүүлээд нөгөө залуугаа нэг удаа цохисон чинь тэр залуу нь газарт унаад өгсөн. Тэгэж унахдаа аймар чанга чимээ гарсан. Тэгэхээр нь би гүйгээд гартал уг залуу нь газарт өмдөндөө шээчихсэн байдалтай хэвтэж байсан. Би нөгөө залууд нь хандаад “та нар нэгнийгээ аллаа ш дээ” гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. Цохиулсан залуу нь хурхирч байгаа юм шиг чимээ гаргаад байсан ба цохисон залуу нь наадах чинь унтаад өглөө гээд байсан. Дээрээс Хуягаа тэр 2-ыг нэг нэгнийгээ цохиж байгааг хараад бууж ирсэн. Би 18 цаг 22 минутанд дуудлага өгсөн. Мөн 18 цаг 35 минутад түргэн тусламж дуудсан. Удалгүй цагдаа болон түргэний машин ирээд цохиулсан залууг гэмтэл рүү, цохисон залууг эрүүлжүүлэх рүү аваад явсан. Харин Хуягааг болохоор гэр рүү нь оруулсан. Би тэр цохьсон болон цохиулсан залуугийн талаар юу ч мэдэхгүй. Хуягаатай хамт архи ууж байхад нь бол харж байсан. Уг хүмүүс нь архи согтууруулах ундаа нэлээн хэрэглэсэн байдалтай байсан. Өөр зүйл болоогүй." гэх мэдүүлэг. /хх 23-24/

Мөрдөн шалгах ажиллагаанд Р.Очирхуягийн гэрчээр өгсөн: "...2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Алтангэрэл 0.75 литрийн хараа нэртэй архи аваад ирсэн. Бид 3 архиа хувааж уусан. Алтангэрэлийн машинд суусан. Алтангэрэл нь машинаа унаж явна гээд байхаар нь Ган-Өлзий түлхүүрийг нь аваад явсан. Алтангэрэл машин онгорхой хаяж болохгүй, чи Ган-Өлзийг дуудаж өг гэхээр нь би жижүүрийн утсаар Ган-Өлзий рүү залгаад машиных нь түлхүүрийг өг гэж хэлсэн. Удалгүй Ган-Өлзий ирсэн. Машиных нь түлхүүрийг өг гэж хэлэхэд Ган-Өлзий “согтуу хүнд түлхүүр өгөхгүй” гэж байсан. Тэр 2 граш дотор хоорондоо маргалдаад байсан. Би тэр үед гаръя гэж хэлээд түрүүлж гараад шатан дээр гараад нөгөө хоёрыгоо шатнаас харахад нэг нь газар уначихсан байсан. Тэгээд доошоо гүйгээд хартал Алтангэрэл газар уначихсан байсан." гэх мэдүүлэг. /хх 25-26/

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Мөнхцогтын гэрчээр өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 81 дүгээр байрны жижүүр дээр согтуу хүмүүс маргалдаад байна гэх дуудлагын дагуу очиж шалгахад 81 дүгээр байрны граш дотор нэг эрэгтэй хүн газарт хэвтсэн байдалтай, 2 залуу тойроод зогсож байсан. Камерын бичлэгийг шүүж үзэхэд нэг нэг цохилцож байгаа бичлэг байсан. Удалгүй түргэн тусламж ирээд цохиулсан гэх залууг найдваргүй болсон байна гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг. /хх 29-30/

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Сарантуяагийн гэрчээр өгсөн: “...Тэгээд өдөр 16 цагийн үед Өлзий рүү утсаар залгахад хаана байгаа юм гэртээ харь гэж хэлэхэд одоо харьлаа гэж байсан. Тухайн үед цаана нь Алтангэрэл, Хуягаа нар дуугараад байсан. Тэгээд би яах гэж наад хоёртойгоо нийлж байгаа юм, одоо харь гэхэд за одоо харьлаа гэсэн. Тэгээд жоохон байж байгаад залгахад гэр рүүгээ явж байна гэсэн. Тэгээд дахиад залгахад Алтангэрэл ардаас дуудаад байна. Машинаа унаад явах гээд байхаар нь би түлхүүрийг нь аваад гараад ирсэн юм. Түлхүүрээ нэхээд байна, түлхүүрийг нь аваачиж өгөхөөс гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байгаад залгасан чинь цаана нь цагдаагийн машин дугараад байсан ба би яасан бэ гэж асуухад түлхүүрийг нь өгөх гээд очсон чинь түлхүүр авлаа гээд цохиод авдаг байна ш дээ. Тэгэхээр нь би буцаагаад цохиод авсан чинь уначихаад сэрдэггүй ээ гэж байсан. Ер нь энэ 3 нийлэхээрээ дандаа архи уудаг байсан." гэх мэдүүлэг /хх 33-34/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 620 дугаартай дүгнэлт /хх 40-41/,  

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн өгсөн: "...баруун зулай, дух, хоёр тал бөмбөлгийн дотор гадаргуу чамархайн аалзан хальсан доорх цус хуралт зэрэг гэмтлүүд нь толгойн баруун талд буюу нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин 2 тал бөмбөлгийн дух, чамархайн тархины эдийн няцрал нь унах үед үүснэ. Нийт 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь нас аврах боломж багатай." гэх мэдүүлэг./хх 45-46/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 411 дугаартай дүгнэлт /хх 50-51/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 114-127/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 136/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг учралын газрын үзлэгийн үед үйлдсэн гар схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх 12-15/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 54-56/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 57-60/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 62-65/, өвчний түүх /хх 88-100/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:    

Шүүгдэгч Б.Г нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 81 дүгээр байрны гражид 47 настай эрэгтэй М.Атэй маргалдан түүний толгойн тус газар гараараа цохиж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:  

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Сэрсмаагийн хохирогчоор өгсөн: “...нөхөр Алтангэрэлтэй 11 цаг 40 минутын үед гэрээс гараад намайг ажлын үүдэнд буулгасан. Эмнэлэг дээр ирэхэд манай нөхөр сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан. Эмч нь түргэнээр ирсэн, амь тариа хийгээд 20 цагт хагалгаанд орсон гэж хэлсэн. Хагалгаанд орсон эмч нь гавлын яс цуурсан, няцарсан, их хэмжээний цус харвалттай байсан болохоор хагалгаанд орсон гэж хэлсэн. Эмч хэлэхдээ энэ хүн найдваргүй, бүх арга хэмжээг авсан гэсэн. Хавсарсан гэмтэлтэй болохоор аппаратаар уушгийг нь амьсгалуулж, зүрхийг нь ажиллуулж байна. Цаашдаа найдваргүй учир ар гэрээс нь хүн дуудаж харуул гэж хэлсэн. Хагалгааны дараанаас өндөр халуурч байгаад 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 1 цаг 55 минутанд нас барсан. Оршуулгын зардал 10.040.940 төгрөгийн зардал гаргасан. Өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөгийн гэрээтэй. Энэ мөнгө оршуулгын зардалд ороогүй байгаа. Талийгаачаас хойш байрны зээл, машины лизингтэй үлдэж байгаа. Оршуулгын зардлыг гаргуулж авмаар байна." гэх мэдүүлэг /1-хх 17-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Баярмагнайгийн гэрчээр өгсөн: "...Ер нь бол н.Хуягаа байнга шахуу архи уудаг, н.Хуягаа архи уух үед тэр 2 залуу зарим үед хамт явж байдаг юм... Улмаар тэр 3 байрнаас гарч ороод л, хоорондоо хэрэлдээд л, чанга, чанга яриад байсан. Хуягаа гаднаас анх манай өрөөнд дагуулж орж ирсэн шар өнгийн өмдтэй залуутай орж ирсэн. Харин ардаас нь ноосон малгайтай залуу 5-аас 6 минутын дараа орж ирсэн ба тэр 3 гаражын нойл орж бие зассан ба одоо гарлаа гэхээр нь эхнэр бид 2 өрөө рүүгээ орсон. Тэгээд хяналтын камер хараад байж байсан чинь Хуягаа тэр хоёроос салаад дээшээ 1 давхар руу гараад шатны дээд талаас тэр 2-ыг хараад зогсож байсан. Тэгтэл Хуягаатай орж ирсэн туранхай биетэй залуу нь ноосон малгайтай залуугаа эхлээд нэг удаа цохиж авсан юм. Тэгсэн чинь нөгөө ноосон малгайтай залуу нь зөрүүлээд нөгөө залуугаа нэг удаа цохисон чинь тэр залуу нь газарт унаад өгсөн. Тэгэж унахдаа аймар чанга чимээ гарсан. Тэгэхээр нь би гүйгээд гартал уг залуу нь газарт өмдөндөө шээчихсэн байдалтай хэвтэж байсан. Би нөгөө залууд нь хандаад “та нар нэгнийгээ аллаа ш дээ” гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. Цохиулсан залуу нь хурхирч байгаа юм шиг чимээ гаргаад байсан ба цохисон залуу нь наадах чинь унтаад өглөө гээд байсан. Дээрээс Хуягаа тэр 2-ыг нэг нэгнийгээ цохиж байгааг хараад бууж ирсэн. Би 18 цаг 22 минутанд дуудлага өгсөн. ...Уг хүмүүс нь архи согтууруулах ундаа нэлээн хэрэглэсэн байдалтай байсан. Өөр зүйл болоогүй." гэх мэдүүлэг /хх 23-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Р.Очирхуягийн гэрчээр өгсөн: "...2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Алтангэрэл 0.75 литрийн хараа нэртэй архи аваад ирсэн. Бид 3 архиа хувааж уусан. Алтангэрэлийн машинд суусан. Алтангэрэл нь машинаа унаж явна гээд байхаар нь Ган-Өлзий түлхүүрийг нь аваад явсан. Алтангэрэл машин онгорхой, хаяж болохгүй, чи Ган-Өлзийг дуудаж өг гэхээр нь би жижүүрийн утсаар Ган-Өлзий рүү залгаад машиных нь түлхүүрийг өг гэж хэлсэн. Удалгүй Ган-Өлзий ирсэн. Машиных нь түлхүүрийг өг гэж хэлэхэд Ган-Өлзий “согтуу хүнд түлхүүр өгөхгүй” гэж байсан. Тэр 2 граш дотор хоорондоо маргалдаад байсан. Би тэр үед гаръя гэж хэлээд түрүүлж гараад шатан дээр гараад нөгөө хоёрыгоо шатнаас харахад нэг нь газар уначихсан байсан. Тэгээд доошоо гүйгээд хартал Алтангэрэл газар уначихсан байсан." гэх мэдүүлэг /хх 25-26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Мөнхцогтын гэрчээр өгсөн: “...Камерын бичлэгийг шүүж үзэхэд нэг нэг цохилцож байгаа бичлэг байсан. Удалгүй түргэн тусламж ирээд цохиулсан гэх залууг найдваргүй болсон байна гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх 29-30/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Сарантуяагийн гэрчээр өгсөн: “...Тэгээд дахиад залгахад Алтангэрэл ардаас дуудаад байна. Машинаа унаад явах гээд байхаар нь би түлхүүрийг нь аваад гараад ирсэн юм. Түлхүүрээ нэхээд байна, түлхүүрийг нь аваачиж өгөхөөс гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байгаад залгасан чинь цаана нь цагдаагийн машин дугараад байсан ба би яасан бэ гэж асуухад түлхүүрийг нь өгөх гээд очсон чинь түлхүүр авлаа гээд цохиод авдаг байна шдээ. Тэгэхээр нь би буцаагаад цохиод авсан чинь уначихаад сэрдэггүй ээ гэж байсан. Ер нь энэ 3 нийлэхээрээ дандаа архи уудаг байсан." гэх мэдүүлэг /хх 33-34/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 620 дугаартай:

1. М.Аийн цогцост баруун зулай, чамархай ясны шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дух, чамархайн тархины эдийн няцрал, хатуу хальсны урагдал, хоёр талын бөмбөлгийн дотор гадаргуу, дух, зулай, чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, баруун дух, чамархайн хуйхны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

З. Талийгаач нь зүүн бөөрний уйланхай өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна.

4. Талийгаачийн цус нь АВО-н системээр А/2/-р бүлгийн харъяалалтай байна.

6. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт /хх 40-41/,  

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн өгсөн: "...баруун зулай, дух, хоёр тал бөмбөлгийн дотор гадаргуу чамархайн аалзан хальсан доорх цус хуралт зэрэг гэмтлүүд нь толгойн баруун талд буюу нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин 2 тал бөмбөлгийн дух, чамархайн тархины эдийн няцрал нь унах үед үүснэ. Нийт 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь нас аврах боломж багатай." гэх мэдүүлэг /хх45-46/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Ггийн яллагдагчаар өгсөн “...Очирхуяг түлхүүрийг нь авчираад өгчихгүй юу даа гэж ярьсан. Эргэж очиход талийгаач намайг зүүн гараараа баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохьсон. Тэгэхээр нь зөрүүлээд би баруун шанаа хэсэг рүү нь нэг удаа цохьсон. Талийгаач тэр үед газарт унасан, цементэн шал байсан. Талийгаач газарт унаад хөдөлгөөн хийгээгүй, дуу авиа гараагүй. Талийгаач хурхираад байгаа юм шиг чимээ гарсан.” гэх мэдүүлэг /хх 85-87/,  

гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг учралын газрын үзлэгийн үед үйлдсэн гар схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх 12-15/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 54-56/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 57-60/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 62-65/, өвчний түүх /хх 88-100/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тус тус болно.

            Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Гг Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу оршуулгын зардалд 10.040.940 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С нь шүүхийн хэлэлцүүлэгт байрны зээл болон автомашины зээлийг шүүгдэгчээс төлүүлэх талаар нэхэмжлэл гаргасан, хэрэгт Төрийн банкны орлогын мэдүүлэг /хх110, 171/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх158-159/, Фудуцийн гэрээ /хх162-166/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх167/, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хх168/, гэрлэлтийн баталгаа /хх172/, лизингийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээ /хх203-204/, зээлийн дансны хуулга /хх206-212/, Төрийн банкны орон сууцны зээлийн гэрээ /хх213-215/ авагдсан байх боловч амь хохирогч хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, хувь хүний орлогын албан татвар төлж байсан талаарх баримт байхгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

             Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:  

             Шүүхээс шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

             Шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нийт 73 хоног цагдан хоригдсон байх ба уг цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.